Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2016/0058/З/ |
Дугаар | 70 |
Огноо | 2017-03-06 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 70
Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 002 дугаар магадлалтай, Н.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 3.1.3, 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус заасныг баримтлан Н.Оюунбилэгийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжийн Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Л.Туяажаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 002 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд болох Л.Туяажаргалд анх эзэмшүүлэхээр олгосон газар, улмаар Л.Туяажаргалаас Г.Ганцэцэгт шилжүүлсэн дараа нь түүнд өмчлүүлсэн газар нь нэхэмжлэгч Н.Оюунбилэгт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 396 дугаартай захирамжаар олгосон газартай давхацсан байна гэдэг дүгнэлтийг хийгээд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн шаардлагыг зөрчжээ гэж буруу хууль хэрэглэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Н.Оюунбилэгт маргаан бүхий газрыг шилжүүлсэн гэх Д.Болортуяа Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 0151 дүгээр ангийн агуулахын хойно 1170 м.кв талбай бүхий газрыг эзэмшиж байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан олон баримтаар тогтоогдоно. Иймээс Л.Туяажаргал анх эзэмшиж байсан дараа нь Г.Ганцэцэгт шилжүүлсэн газар нь бусдын эзэмшлийн газартай давхцаагүй болно. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх Н.Оюунбилэгт эзэмшиж байсан газраа шилжүүлсэн гэх Д.Болортуяа 36 айлын орон сууцны хажууд 7000 м.кв газар, 0151 дүгээр ангийн агуулахын хойно 7000 м.кв газар, нийт 1.4 буюу 14000 м.кв газрыг эзэмшиж байсан гэсэн дүгнэлтийг хийж Н.Оюунбилэгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр миний бие 0151 дүгээр ангийн хойно 7000 м.кв газар байгаагүй, одоо ч байхгүй үүнийг шүүхээс үзлэг хийж тогтоож өгөхийг хүсэхэд хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Миний бие анхан шатны шүүх дээр гаргаж байсан хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхэд тайлбарласныг анхаараагүй орхисонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож Н.Оюунбилэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хянавал:
Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 238 дугаар захирамжийн Ч.Баасансүрэн, Л.Туяажаргал нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг захирамжийн Ч.Баасансүрэнд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж, мөн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 395 дугаар, нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/474 дүгээр захирамжуудын Г.Ганцэцэгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагыг нэмэгдүүлж, “2007 онд хууль ёсоор эзэмшсэн миний газрыг бусдад давхцуулан эзэмшүүлсэн байна” гэж маргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Иргэний амины хашааны газар эзэмших эрх олгох,... тухай” 238 дугаар захирамжаар Л.Туяажаргалд Хилчин 9-15 тоотын 700 м.кв газрыг эзэмшүүлсэн, Л.Туяажаргал, Г.Ганцэцэг нарын байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн мөн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Иргэний амины хашааны газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх,... тухай” 395 дугаар захирамжаар “Хилчин 9-15 тоот”-ын 577 м.кв газрыг Г.Ганцэцэгт шилжүүлэн эзэмшүүлсэн, уг газрыг өмчилж авах тухай хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/474 дүгээр захирамжаар түүнд 577 м.кв газрыг өмчлүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, иргэн Л.Туяажаргал нь 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөлдөө “Хилчин 9-15 тоотын хашааны газарт амьдардаг” гэж дурдан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүссэн нь дүүргийн Засаг даргын гаргасан 2008 оны 238 дугаар захирамжийн үндэслэл болсон, энэ шийдвэрийг үндэслэн Л.Туяажаргалд олгогдсон /гар бичмэл бүхий/ 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 0199631 дугаартай “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-нд 577 м.кв, нөхөж олгосон 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 000466683 дугаартай гэрчилгээнд “700 м.кв” гэсэн гэж зөрүүтэй бичигдсэн, Л.Туяажаргал нь маргаан бүхий газарт амьдарч, эзэмшиж байгаагүй ба энэ талаар маргаагүй, Л.Туяажаргалаас 577 м.кв газрыг шилжүүлэн авсан Г.Ганцэцэг нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр уг газрыг өмчлөн авч, 2015 оны 9 дүгээр сараас гэр барьж амьдарч байгаа зэрэг үйл баримтууд тогтоогджээ.
Нэхэмжлэгч Н.Оюунбилэг нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 0151 дүгээр ангийн агуулахын хойд талд байрших 1170 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Болортуяагаас шилжүүлэн авсныг мөн дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх,... тухай” 396 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар шийдвэрлэсэн, уг газрыг эзэмших эрх нь 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ”-гээр баталгаажсан, тэрээр уг газрыг эзэмшиж, эзэмшилдээ байлгаж байгаа нь тогтоогдсон байна.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь гуравдагч этгээд Л.Туяажаргалын “оршин сууж буй хашааны газраа эзэмших эрхийн гэрчилгээ авах тухай” өргөдөлд хавсаргасан газрын байршлын кадастрын зургийг “уншигдахгүй байна” гэж үзсэн атлаа өргөдөлд дурдсан хаяг бүхий газрыг эзэмшүүлснээр нэхэмжлэгч Н.Оюунбилэгийн эзэмшлийн газрын зарим хэсэгт давхцуулжээ.
Түүнчлэн Л.Туяажаргал нь маргаан бүхий газарт амьдарч байгаагүй, түүний нэрийн өмнөөс “9-15 тоот хашааны газар”-ын гэрчилгээ авах хүсэлтийг эгч Л.Гантуяа нь гаргасан, хүсэлт гарах үед тухайн газар нь блокоор хашаалагдсан, бусдын эзэмшилд байгаа нь түүнд тодорхой байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Дээрх байдлаас үзвэл, иргэн Л.Туяажаргал нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газарт “газар эзэмших” хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлагад нийцээгүй, өмнө нь Н.Оюунбилэгийн эзэмшсэн газрыг “давхцуулан” алдаатай шийдвэр гаргасан, уг шийдвэрт үндэслэн тухайн газрыг өмчлүүлсэн нь буруу болсон талаар хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудын талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд “нэхэмжлэгч Н.Оюунбилэгт маргаан бүхий газрыг шилжүүлсэн гэх Д.Болортуяа нь тухайн газрыг эзэмшиж байгаагүй” гэсэн үндэслэл дурдагдсан боловч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 396 дугаар захирамжийн Н.Оюунбилэгт холбогдох хэсэг хүчин төгөлдөр байгаа, гуравдагч этгээд Л.Туяажаргал нь газар эзэмших эрхээ зөрчигдсөн гэж үзэж эрх бүхий байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй нь тогтоогдсон, хяналтын шатны шүүх энэ маргаанд холбогдуулан Д.Болортуяагийн газар эзэмших эрхийн талаар дүгнэлт хийх боломжгүй.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 722 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 002 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ