Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0474

 

А.Назымын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, А.Назымын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсэгт заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч А.Назымын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож А.Назымыг Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохыг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Нямдэмбэрэлд даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Гуравдагч этгээд Х.Дүйсенбек нь Төрийн албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Энэ хүртэлх хугацаанд нэхэмжлэгч А.Назым нь ажилд орохоор хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, маргаан үүсгээгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Назым нь Төрийн албаны төв зөвлөлд хандаж маргааныг эхэлж шийдвэрлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Нэхэмжлэгч А.Назым нь Ховд аймгийн Ховд сумын Нийгмийн даатгалын байцаагчийн Төрийн албаны мэргэжлийн шалгалтад 2015 оны 11 сард орж тэнцэн, улмаар төрийн албаны салбар зөвлөлөөс Нийгмийн даатгалын хэлтэст санал хүргүүлсэн байдаг. Энэ үеэс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл өөрийн эрхээ зөрчигдөж байгааг мэдсэн эсэхийг нэхэмжлэгчийн тайлбарыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. А.Назым нь тухайн албан тушаалд ажиллах хүсэл зоригоо илэрхийлж Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Ховд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсан эсэхийг тодруулаагүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Эс үйлдэхүйд хуульд заасан гомдол гаргах хугацаа хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд шийдвэрийг “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” “нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх” зарчмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Ховд сум хариуцсан нийгмийн даатгалын улсын байцаагчийн сул орон тоонд захиалга өгсний дагуу тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч А.Назым оролцож хамгийн өндөр оноо авсан тул Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 209 дүгээр тогтоолоор А.Назымыг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, тухайн өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

Гэвч хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга түүнийг ажилд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасныг зөрчсөн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан дараахь маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гээд 39.1.1-д “энэ хуулийн 17.2, 19.2, 23, 25, 26 дугаар зүйлд заасан асуудлаар төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн өөрийнх нь гаргасан маргаан” гэж зааснаас үзвэл мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д зааснаар захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай маргаан нь төрийн албаны төв байгууллагын урьдчилан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /хуучнаар/ 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана”, 12 дугаар зүйлийн 12.2-т “Харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1.8-д “энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” гэж тус тус зааснаар ямар нэгэн шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийг ажилд томилохгүй байгаа шалтгаанаа цаг хугацааны болон ажлын дотоод зохион байгуулалтын тухайд тодорхой цаг хугацаа шаардлагатай байгаагаас томилгоо хойшлогдсон талаар мэдэгдсэн байх ба энэхүү тайлбар нэхэмжлэлд дурдсан 2016 оны 3 дугаар сарын 01-нд А.Назымыг ажилд томилох шийдвэр гаргана гэж итгэл төрүүлэн хүлээлт үүсгэсэн болохыг нотолж байна.

 Иймд хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэлд дурдсан 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс тооцох бөгөөд мөн хугацаанаас тооцоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “хэргийг урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн, шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэх зарчмыг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                             

                                 ШҮҮГЧ                                          Н.ХОНИНХҮҮ

                                 ШҮҮГЧ                                          Ц.ЦОГТ  

                                 ШҮҮГЧ                                          О.НОМУУЛИН