МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням
Улсын яллагчаар Э.Билгүүн
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Црт холбогдох эрүүгийн 1934010300178 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ц.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Буянтогтохын гэрт еөрийн хадам эгч Д.Сайнхүүтэй маргалдаж, улмаар түүнийг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь цус хуралт бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Цын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Ц.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 26-ны шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Буянтогтохын гэрт еөрийн хадам эгч Д.Сайнхүүтэй маргалдаж, улмаар түүнийг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь цус хуралт бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 31 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 13167 дугаартай “Д.Сайнхүүгийн биед нүүр, цээж, мөчдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээх хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,
- Хохирогч Д.Сайнхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Сөгнөгөрт байх танил дүүгийн Буянаагийнд төрсөн дүү Д.Цэцэгмаа хүргэн Цогтбаярын зээ охины хамт ирж хоол унд идээд амарцгаасан. Маргааш өглөөний 13 цагийн хоорондоо ярилцаж байгаад мөнгөө нийлүүлж байгаад хоёр 0.5 граммын Экс архи авч хувааж ууж идсэн. Тэгээд унтаад нэг сэрсэн чинь хүргэн Цогтбаяр намайг нөхрөө захиалгаар алуулсан гэх юм ярьж байхаар нь чи юу яриад байгаа юм бэ гэтэл тэр алсан хүнтэйгээ унтаж хэвтсэн банзал янхан гээд байхаар нь ус буцлагчыг нь авч хүргэн рүүгээ шидсэн. Дүү Цэцэгмааг дундуур ороод ирэхээр нь үснээс нь зулгаагаад зогсож байхад хүргэн Цогтбаяр гар чийдэнгээр толгойруу цохиж гараараа нүүр нүдгүй цохисон эхнэр нь ч бас намайг зодсон. Миний төрсөн дүү намайг бас нөхөртэйгээ нийлж элдэв 2-иор хэлж харанхуй шөнө хөөж гаргасан. Мөн нялх зээ охиныг маань эмээг маань битгий зодооч та нар болиоч гэсэн түлхэж унагаад л тоохгүй байгаад байсан гэсэн. Би тэгээд харанхуй шөнө гадаа зээ охинтойгоо байж байгаад шөнө нь орж үүдний амбаарт нь хоносон...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7 тал/,
- Хохирогч Д.Сайнхүүгийн дахин өгсөн “...Би баримтаар эмчилгээ хийлгэсэн 133.240 төгрөгний баримт өгсөн түүнийг нэхэмжилж байна..., ...Надад гомдол санал гэх зүйл байхгүй байна. Баримтаар нэхэмжилж байгаа мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
- Гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Маргааш нь 10-р сарын 26-ны өдөр маргааш өглөө нь нөгөөдүүл маань архи уухаар болж дэлгүүрээс 2 шил архи авчирч Буянтогтох, Сайнхүү эгч нар 1 шил архийг нь хувааж уугаад манай нөхөр тал шил архийг нь ганцаараа уусан. Би хүүхэд хараад хоол хийгээд байж байсан. Тэгсэн тэр хоёр дэлгүүр явахдаа Сайнхүү эгч машиныг нь бариад чулуун дээр мордуулсаныг нь бид нар бүгд очиж машинаар татуулж гаргаад Болдоогийн хашаанд чирч авчирч тавиад тэгээд л эгч Сайнхүү учир зүггүй агсан согтуу тавьж эхэлсэн. Тэгээд манай нөхөр тэр хоёр муудалцаад байхаар салгах гэж дундуур нь ороод дийлээгүй хүүхэд уйлаад байхаар нь хүүхэд аваад үүдэн дээр зогсож байтал Сайнхүү эгч ирээд намайг үсдээд тэгээд нөхөр маань араас босч ирээд салгасан. Тэгээд хүүхдээ дагуулаад явна гэхээр нь би явуулаагүй харанхуй шөнө хаачих гээд байгаа юм бэ гээд гаргаагүй. Утсаараа л хүргэн хүүхэдрүүгээ яриад ирж гээд байсан..., ...Би цохиогүй. Харин намайг үсдэж цохисон..., ... Гол үүсвэр нь хадам эгч Сайнхүү Буянаа ахыг аваад дэлгүүр лүү архинд явсан юм шиг байгаа юм. Тэгээд машинаа замын хажуу руу оруулаад хаячихсан. Сайнхүү эгч машиныхаа арын суудал дээр өмдөө хагас тайлчихсан байж байсан юм шиг байгаа юм. Тэрийг нь Буянаа ахын эхнэр хараад Сайнхүү эгчийг янхан гээд хэлчихсэн юм байна лээ. Тэгээд л хэрүүл зодоон эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
- Гэрч П.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Сайнхүү өөрийн хүүхэд болон Цэцэгмаагийн хамтаар араас ирсэн. Тэд нэр хоёр шил архи авчираад бид нар хувааж уугаад амраад өглөө нь Сайнхүү архинд явна гээд байсан. Би тэгэхээр нь Цэцэгмаагаас машины түлхүүр гэсэн чинь надад машины түлхүүр өгөхгүй байсан. Тэгсэн Сайнхүү Цэцэгмаагаас машины түлхүүр гуйж байгаад аваад Сайнхүү машин жолоодоод би хажууд нь суугаад дэлгүүр ороод архи аваад буцаж яваад Сайнхүү машиныг чулуун дээр морьдуулаад машин явахгүй болсон юм. Тэгээд машин гарахгүй байхаар нь Сайнхүү бид хоёр нэг архиа хуваагаад уусан. Тэгээд согтоод унтсан байсан. Тэгсэн хүмүүс ирээд сэр гээд байсан. Тэгээд сэрсэн чинь Мягмарсүрэн, Цогоо нар ирсэн. Сайнхүү бид хоёрыг сэрээж байсан. Тэгээд бид нар нийлээд машнаа гаргах гэсэн боловч машинаа гаргаж чадаагүй. Тэгээд Цогоо Сайнхүүг чи ахын машиныг эвдсэн гаргаж өгөөч гэсэн чинь салаавч өгөөд цаашаа явсан юм. Тэгээд би машин дээрээ ганцаараа үлдээд машинаа хараад байж байхад сааль чинь Ундармаа малчин Ц Баатарсайхан, Цогоо, Мягмарсүрэн нар ирсэн. Бид нар машинаа гаргах гээд чадахгүй байж байхад замаар явж байсан машиныг дуудаж гаргуулаад хашаандаа чирж авчируулсан юм. Тухайн үед гадаа их хүйтэн би хөлдөх гэж гэрт орсон чинь Сайнхүү дулаахан гэх чинь унтаж байсан. Гэрт орж ирээд Цогоо Сайнхүүг чи нөхрөө алсан, хулгай хийдэг, чамд итгээд машины түлхүүрийг өгч явуулж байхад чи хулгай хийдэг машиныг нь эвдээд гэсэн чинь Сайнхүү орноос босож ирээд чи юу гээд байгаа юм гээд Цогоог барьж аваад орон дээр хувцасны захаар нь боогоод толгой тархигүй цохиж зодоод байсан. Би боль гээд байж байсан. Тэгсэн Сайнхүү Цогоог зодож байгаад салаад явсан. Тэгсэн араас нь Цогоо хажууд нь байсан. Гар чийдэнгээр толгой тус газар нь нэг удаа цохиод гараараа шанаа тус газарт нь цохиж зодсон юм. Тэгсэн Сайнхүү эргээд Цогоог барьж аваад мөн газар унагаагаад цохиж зодоод хажуугаас нь Цэцэгмаа салгах гэсэн чинь Цэцэгмааг мөн барьж аваад цохиж зодоод байсан юм..., ...Цогтбаяр Сайнхүүгийн араас толгой тус газарт нь гар чийдэнгээр нэг удаа цохиж гараа шанаа тус газар нь нэг удаа цохиж зодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,
- Гэрч П.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Гэрт орж ирээд Цогоо Сайнхүүг чи нөхөрөө алсан, хулгай хийдэг, чамд итгээд машины түлхүүрийг өгч явуулж байхад чи хүлгай хийдэг машиныг нь эвдээд гэсэн чинь Сайнхүү орноос босож ирээд чи юу гээд байгаа юм гээд Цогоог барьж аваад орон дээр хувцасны захаар нь боогоод толгой тархигүй цохиж зодоод байсан..., ...Тэгсэн араас нь Цогоо хажууд нь байсан гар чийдэнгээр толгой тус газар нь нэг удаа цохиод гараараа шанаа тус газарт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
- Шүүгдэгч Ц.Цын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хэргийн талаар үнэн зөвөөр бүгдийг өгсөн бөгөөд нэмж ярих зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Ц нь 2020 оны 3 сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 34, 66-67 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 сарын 08-ны өдөр 52 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-69, 74 тал/ 2020 оны 5 сарын 08-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ц.Ц нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүсэн байна.
Ц.Цт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Цыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Цт холбогдох хэрэгт бичгийн баримтаар болон эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Ц.Црыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Ц.Црыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Цыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА