Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/892

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Отгонжаргал хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч *******-

хохирогч Э.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1905034681001 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******-  2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити” караокед иргэн Э.Г- хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож улмаа баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чихний дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт, хамрын нурууны зулгаралт буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Э.Г- ах согтуу дайраад байсан.  Уг нь би хохирогчийг цохиогүй, харин салгасан юм. Тэр караокеог манай аавын дүү ажиллуулдаг. Би тэнд ажилладаггүй. Хохирогч Э.Г-ын мэдүүлж байгаа мэдүүлэг үнэн зөв байна гэв.

       Хохирогч Э.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: Батсүх миний баруун шанаа хэсэг рүү цохисон. *******- миний баруун чих рүү хоёр удаа гараараа цохисон. Миний биед учирсан гэмтлийг *******- учруулсан. Одоогийн байдлаар надаас бодит 108.100 төгрөгийн эмчилгээтэй холбоотой зардал гарсан. Цаашид хагалгаанд ороход 1.630.000 төгрөг шаардлагатай байгаа. Дээрхи асуудал болсны дараа *******- намайг шүүх эмнэлэгт үзүүлэлгүй байж байгаач би хохирол төлбөрийг чинь төлье гэж хэлж байсан. Харин Батсүх бол шүүхээрээ явъя гэж хэлсэн. Надад гомдол байхгүй гэв.

        Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Г- мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 8 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед өөрийн эхнэр Лхамжав найз Баяраа нарын хамтаар Модны хоёрын “Сити" нэртэй караокед орж үйлчлүүлэхээр орсон. Бид нар караокед орохоос өмнө 2 шил 0.75 литрийн архи уусан байсан. Тухайн үед манай эхнэр, найз хоёр түрүүлээд өрөөнд орсон байсан. Би 00-н өрөө рүү араас нь орох гээд текен дээр очоод цагаа хийгээд өгчих гээд хэлж байхад ногоон куртиктэй залуу, бас нэг эмэгтэйтэй хамт сууж байсан. Тэгэхэд тэр залуу чадахгүй үгүй гээд байх шиг байсан. Тэрнээс болж тэр залуутай маргалдаад барьцалдаад авахад өрөөнөөс манай эхнэр, найз хоёр гарч ирээд зууралдаад дээшээ шатаар гараад паб руу нь орсон. Намайг эхлээд ногоон куртиктэй залуу гараараа хоёр удаа нүүр рүү, дараа нь хажуунаас цагаан сорочкон цамцтай залуу баруун чих рүү нэг удаа цохисон. Тэгээд хэрэлдээд байж байхад хар цамцтай зөөгч нь бололтой залуу гарч ирээд паб дотор баруун чих рүү гараараа цохисон. Би өөдөөс нь эсэргүүцэж харилцан зодоон хийх гэж оролдсон боловч хүмүүс дундуур орж ирж хориод би гар хүрч чадаагүй. Тэгэхэд ногоон куртиктэй залуу миний нүүр рүү 2-3 удаа цохихоор нь би урдаас нь барьцалдаж авахад баарны  хүмүүс ирээд салгасан. /хх-ийн 4-5, 22-23/ гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 10526 тоот дүгнэлтэнд” Э.Г-ын биед баруун чихний хэнгэрэг хапьсны цооролт, баруун чихний дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 47/ гэжээ.

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед манай аавын дүү Батсайхан ах залгаад ажил дээр ирээд бараа зөөгөөд өг гэхээр нь Модны хоёрын “Сити” нэртэй пабад ирж тусалсан. Тэгээд намайг үүдний 1 давхарт ресепшн дээр түр сууж бай, ах нь хаяг хадчихаад ирье гээд дээшээ гараад явсан. Тэгээд би ресепшн дээр сууж байхад караокеноос 1 залуу туслаарай гээд орилж гарч ирээд араас нь 2 эрэгтэй буюу 40 орчим насны согтуу хүмүүс гарч ирээд нөгөө залуу руу дайраад байсан. Тэгэхэд араас нь 1 согтуу эмэгтэй гарч ирээд нөгөө залуу руу гурвуулаа дайраад байсан. Тэгээд би дундуур нь ороод салгах гэхэд тэр хоёр согтуу эрэгтэй намайг түлхээд улаан цамцтай эрэгтэй нь намайг түлхээд хараагаад байсан. Хажуунаас нь саарал цамцтай нь цээж рүү цохиж аваад байсан. Тэгэхээр нь би улаан цамцтай ахыг түлхээд холдуулсан. Тэгэхэд Батсайхан ах бууж ирээд намайг салгаж аваад 00-н өрөө рүү дагуулж орсон. Тэгээд тэнд хүлээж байхад удалгүй цагдаа ирээд би гараад хамт явсан. Тухайн үед би эрүүл байсан. Нөгөө хүмүүс согтуу харагдсан. /хх-ийн 24-25/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Батсүх мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед таньдаг хуурай ах Батсайханы караоке болох Модны хоёрын “Сити” нэртэй  караокены текен дээр сууж байхад гаднаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй гурав согтуу хүн орж ирээд 5 номерын өрөө рүү орсон. Тэгээд нэг залуу гарч ирээд манай хоёр найз хаачив гэхээр нь би мэдэхгүй та гурав хамт орсон биз дээ гэхэд тэр залуу буцаад өрөө рүүгээ орсон. Тэгэхэд удалгүй нөгөө залуу гарч ирээд караокены цаг хийгээдэх гэхээр нь би мэдэхгүй цаг хийдэг хүн байхгүй байна та түр хүлээж байхгүй юу гэхэд чи үйлчилгээний байгууллагад ажилладаг байж ямар харилцаа муутай юм бэ, мэдэхгүй бол наанаасаа зайл гэхэд цаанаас нь нөгөө эрэгтэй, эмэгтэй гарч ирээд над руу дайраад байсан. Тэгэхэд гаднаас караокены зөөгч эгч Анхзаяа орж ирээд юу болсон талаар асуухад танайх харьцаа муутай газар байна гээд упаан цамцтай залуу нь чи ямар овоо бацаан вэ гээд намайг хоёр удаа мөргөсөн. Тэгэхээр нь би биеэ хамгаалах зорилгоор баруун шанаа руу нь нэг удаа цохиод дээшээ гараад гүйхэд араас нөгөө залуу нь татаж аваад нуруу руу хоёр удаа цохисон. Тэгээд буудлын ресепшний үүдэнд зогсож байхад буудлын ресепшн, *******- нар гарч ирээд дундуур салгасан. Тэгэхэд нөгөө улаан цамцтай залуу *******-г чи мангар бацаан зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд дээд давхараас Батсайхан ах бууж ирээд юу болоод байна гэхэд нөгөө улаан цамцтай залуу Батсайхан ах руу дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд Батсайхан ахын эхнэр Нарантуяа, Анхзаяа, манай хүргэн ах Баянжаргал нар ирээд салгасан. Улаан цамцтай залуу *******- Батсайхан ах руу дайрч цээж рүү нь түлхээд байсан. Тэгээд хажуу талын паб руу ороод намайг үзье гээд дайраад байсан. Тэгэхэд нөгөө найз залуу нь хажууд ирээд тэр хоёр нийлээд намайг зодох гэж дайраад хажуунаас манай хүргэн ах Баянжаргал салгасан. Тэгэхэд тэр ах намайг цээж рүү цохихоор нь би зөрүүлээд эрүү рүү нь цохисон. Миний толгойг уургалж аваад нүүр рүү цoxисон. Батсайхан ахын эхнэр Нарантуяа ирж салгахад нүүр рүү нь нэг удаа мангасдаж түлхсэн. Тэгээд Нарантуяа эгч цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирсэн. /хх-ийн 26-27/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Лхамжав мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн нөхөр Э.Г-, найз Баяраа нарын хамт Бэлхэд зуслан дээр байж байгаад орой 20 цагийн үед Модны хоёрын “Сити” нэртэй караокед орохоор болсон. Тэгээд Баяраа бид 2 түрүүлж караокены өрөөнд ороход ард бие засчихаад орьё гээд үлдсэн. Тэгээд 10-20 орчим минут хүлээгээд орж ирэхгүй болохоор нь гараад очиход манай нөхөр текний ард зогсож байсан ногоон куртиктэй залуутай барьцалдаад хэрүүл хийгээд зогсож байсан. Би салгах гэхэд нөгөө залуу нь манай нөхрийн өөдөөс хэрэлдээд заамдалцаад дээшээ шатаар гарсан. Тэгээд араас нь дээшээ шатаар гарахад хажуу талын пабаас хар цамцтай нэг залуу гарч ирээд манай нөхрийг салгах гэснээ хажуунаас нь заамдаад авсан. Тэгээд зууралдаад хажуу талын паб руу орцгоогоод араас нь бид хоёр орсон. Тэгэхэд хар цамцтай залуу манай нөхрийн толгой руу хоёр удаа гараараа цохихоор нь би очоод салгаад нөхрөө аваад холдуулсан. Тэгэхэд манай нөхөр буцаж очоод дахиад зууралдаад хэрүүл хийгээд байсан. Тэгэхэд нөгөө хар цамцтай залуу манай нөхрийн баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд зууралдаад байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд салгаад тэр хар цамцтай залуу манай нөхөр бид гурвыг аваад гарсан. Бид нар урьд өдөр нь уусан байсан. Тэгээд манай нөхөр найзуудтайгаа дахиж уугаад бид гурав караоке орсон. Тухайн үед манай нөхөр Э.Г- дунд зэргийн согтолттой, Баяраа бид хоёр гайгүй согтолттой байсан. Нөгөө залуучууд эрүүл байсан. Манай нөхрийг доод давхарт караокены коридорт байхад ногоон куртиктэй залуу 1-2 удаа манай нөхрийг цохисон. Тэгээд дээшээ гараад паб дотор хар цамцтай залуу 2-3 удаа толгой нүүр рүү нь гараараа цохисон. Манай нөхөр Э.Г- хар цамцтай залууг нэг удаа мөргөх гэхэд нөгөө залуу арагшаа зугатсан. Өөр зодоон хийгээгүй. /хх-ийн 38-39/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Баяраа мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 8 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед өөрийн найз Э.Г-, түүний эхнэр Лхамаа нарын хамтаар лагераас орж ирээд Модны хоёрын “Сити” нэртэй караоекед орсон. Тэгээд бид гурав дотогшоо ороод Э.Г- 00-ын өрөө ороод Лхамаа бид хоёр өрөөнд ороод хүлээгээд сууж байсан. Тэгээд коридорт хүмуүс маргалдаад байх шиг байхаар нь бид хоёр гараад очиход Э.Г- текен дээр нэг залуутай маргалдаад зогсож байсан. Тэгээд яасан талаар асуухад цагаа хийгээд өгчих гэхэд чадахгүй гээд байна гээд маргалдаад байхаар нь миний дүү цагаа хийгээд өгчих гэхэд тэр залуу чадахгүй гээд байсан. Тэгэхэд нөгөө залуу текний ардаас гарч ирээд Э.Г- тэр хоёр барьцалдаж аваад Э.Г-ыг нэг удаа шанаадаад дээшээ гараад гүйсэн. Тэгэхэд Э.Г- араас нь гараад бид хэд бас араас нь гарсан. Тэгэхэд нөгөө залуу пабын үүдэнд ороод зогсож байхад Э.Г- очоод тэр залуутай зууралдаад цаана пабаас 2-3 хүн гарч ирсэн. Тэгээд би Э.Г- нөгөө залуу хоёрыг зууралдаад байхаар нь дундуур нь орж салгахад над руу дайраад цохиод байсан. Тэгэхэд хажуунаас нь нэг туранхай хар цамцтай залуу ирээд Э.Г-ын толгой руу 2-3 удаа цохиод авсан. Тэгээд бужигнаан болоод нөгөө туранхай хар цамцтай залуу байхгүй болсон байсан цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд нөгөө туранхай залууг цагдаа нар текний хойд талын өрөөнөөс гаргаж ирж байсан. Тэгээд аваад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. /хх-ийн 42-43/ гэх мэдүүлэг, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор *******-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 65/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

*******-  2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сити” караокед иргэн Э.Г-н баруун чих рүү гараараа цохиж баруун чихний хэнгэрэг хальсны цооролт, баруун чихний дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт  бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

        хохирогч Э.Г-ын“...тэгээд хэрэлдээд байж байхад хар цамцтай зөөгч нь бололтой залуу гарч ирээд паб дотор баруун чих рүү гараараа цохисон...” /хх-ийн 22/, гэрч Д.Лхамжавын”...хар цамцтай залуу манай нөхрийн толгой руу хоёр удаа гараараа цохихоор нь би очоод салгаад нөхрөө аваад холдуулсан...хар цамцтай залуу манай нөхрийн баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа цохиод авсан...” /хх-ийн 38-39/, гэрч Э.Баяраагийн”...тэгэхэд хажуунаас нь нэг туранхай хар цамцтай залуу ирээд Э.Г-ын толгой руу 2-3 удаа цохиод авсан...нөгөө туранхай хар цамцтай залуу байхгүй болсон байсан...”/хх-ийн 42-43/ гэж мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10526 дугаартай дүгнэлт /хх-ийн 47/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 

Шүүгдэгч *******- нь Э.Г-ын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч *******-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Э.Г- шүүх хуралдаан дээр гаргасан эмчилгээний 102.000 төгрөгийн баримт болон хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд төлсөн 8000 төгрөгийн баримт нь тус тус хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай байх тул *******-гээс 110.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Г-од олгохоор шүүх шийдвэрлэлээ.  

 

Хохирогч Э.Г- цаашид шаардагдах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******-г Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

*******-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт хураагдсан нэг  ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

        3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         4.*******- цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт хураагдсан нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

         5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар *******-гээс 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөг гаргуулж Э.Г-од олгосугай.

 

         6.Хохирогч Э.Г- цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

   

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ