Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн улсын яллагч Г.Ганхөлөг шүүгдэгч М.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805056160686 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 18-нд Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7; эцэг, эх, эгч, дүү нарын хамт ......... аймаг ..... сум ...... дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ганцаараа ..... дүүргийн ....... дүгээр хороо "......” авто угаалгын газарт ажиллаж, тэндээ амьдардаг гэх, ялгүй, ............... дугаарын регистртэй, Ш овогт Мын А

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.А 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Кристалл” бааранд хохирогч С.Ттой маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалт дээр би хэргийн талаар ярьсан. Одоо дахиж ярихгүй. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа. Хохирогчид 100.000 төгрөг өгсөн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Сийн Т "... 2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнө 00 цаг өнгөрч байхад Кристал бааранд Бат-Эрдэнэ, Очир нарын хамт орсон. Уг бааранд ороод манай 2 найз уух зүйл захиалаад би бие засах өрөө рүү ороод бие засаад гараад иртэл нэг залуу намайг мөрөлсөн. Тэгээд би тэр залуутай маргалдах үед миний зүүн хөмсөгний орчим гараараа цохьсон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Цагдааг би найз Очирын гар утсаар дуудсан. Цагдаа нар ирээд намайг цохьсон залууг эрүүлжүүлэхээр авч явсан ба намайг өргөдөл гаргахыг зөвлөсөн боловч би мөнгө байхгүй учир гэртээ харихаар явсан. Цагдаа нар маргааш уг хүнийг эрүүлжүүлэхээс гаргахаас өмнө өргөдөл гаргаж болно гэсэн боловч миний зав болоогүй учир би очоогүй. Ингээд 2 хоногийн дараа би цагдаад гомдол гаргаж өгсөн” /хх-н 14-15/, "... надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл алга байна. Миний хувьд намайг бие засах өрөөнд бие засаад гарч ирээд коридор руу нь гарах үед нэг согтуу өндөр казак залуу хажуугаар гарах үедээ мөрлөөд яаж байна гэхэд яасан гэж хэлээд бид хоёр маргалдахад шууд баруун гараараа миний зүүн хөмсөг рүү гараараа цохиход миний зүүн хөмсөгнөөс цус гарсан. Ингээд би цусаа угаасан тэр үед нөгөө казак залуу бие засах өрөөнөөс гараад явсан. Би араас нь гараад иртэл баарны үүдэнд бас хүмүүстэй маргалдаж байхад нь би дэргэд нь харж зогсож байгаад цагдаа дуудаж өгсөн. Надад үзүүлсэн таньж олуулах зураг дээр 2 дугаарт байсан залуу мөн байсан. Би царай болон ерөнхий байдлыг хараад шууд таньсан. Өнөөдөр харин А нь надтай уулзаж өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйж эмчилгээний зардалд 100.000 төгрөгийг гаргаж өгсөн. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал алга байна. Цаашид надад шалгуулах зүйл байхгүй тул хэргийг хөнгөн байдлаар хялбаршуулан шийдэж өгнө үү” /хх-н 16-18/ гэж,

яллагдагч Мын А "... би урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээр тодорхой ярьсан байгаа уг мэдүүлэг дээр нэмж хэлэхэд 2019.10.22-ноос 23-нд шилжих шөнө Кар ваш гэх машин угаалгын газарт ажиллаж байсан Өнөрөө Улаанбаатар хотын баарыг үзүүлнэ гээд бид хоёр хамт 00 цагийн орчим хороололд “Кристал” нэртэй диско бааранд орсон. Ингээд тус бүр 2 шил Сэнгүүр 0,5 граммтай пиво уусан. Би архи пиво уудаггүй учир тухайн үедээ их согтсон ба би тэр өдөр л анх удаа пиво ууж үзсэн юм. Ингээд Өнөрөө бид хоёр хамт пиво ууж байхдаа бүжгийн талбай руу гараад бүжиглэсэн. Тухайн үедээ би согтож байгаагаа мэдээгүй нэг мэдэхэд хөл гуйваад байсан бүжиглэж байхдаа ганцаараа бие засах өрөө рүү явсан. Ингээд явж байхдаа бие засах өрөөний коридорт хөл гуйваад хажуугаар гарч байсан залууг би мөрөөрөө мөргөсөн тэгтэл тэр залуу яаж байна зүгээр байгаарай гээд уурлахаар нь би санаандгүй мөрлөчихлөө гэж хэлээд бид хоёр маргалдсан. Ингээд маргалдаж байхдаа би уурлаад тэр залуугийн хөмсөг орчимд нэг удаа гараараа цохих үед уг залуугийн баруун талын хөмсөгнөөс цус гарсан. Тэгээд маргалдаж байхдаа би тэр залуугийн нүүр хэсэгт баруун гараараа зүүн хөмсөг хэсэгт цохьсон. Тэгтэл тэр залуугийн хөмсөгнөөс цус гарсан. Нөгөө залуу цусаа бие засах газар руу орж угаачихаад гарч ирээд намайг чи яахаараа хүн цохьдог юм бэ, хүлээж бай цагдаа дуудсан гээд байсан ингээд цагдаа нар ирээд уг залуугийн хамт би явсан ба тэр үед надтай хамт явж байсан Өнөрөө алга болчихсон байсан. Нөгөө залуугийн хамт Гэмтлийн эмнэлэг ороод уг залуу хөмсөг дээрээ оёдол тавиулсан, намайг эрүүлжүүлэхэд хонуулсан. Би тэр залуугаас уучлалт гуйсан байсан учир тэр залуу цагдаад гомдол гаргаагүй байсан. Гэтэл уг өдрөөс хойш цагдаад гомдол гаргаж өгсөн байсан” /хх-н 79/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “...С.Тийн биед зүүн хөмсөгний шарх бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн 13464 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 22/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч М.Аг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч М.Ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч М.А бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч С.Т “... би эмчилгээний зардал болох 100.000 төгрөгийг Агаас авсан нь үнэн болно. ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг прокурорт хүргүүлсэн байна. /хх-н 81, 82/

Шүүгдэгч М.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ш овогт Мын Аг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. М.А торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  4. М.А цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

 

О.ЖАНЧИВНЯМБУУ