Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

М.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Амгаланбаатар,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 791 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлээр М.М-д холбогдох 1809037850881 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М, 2000 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө Аж Ахуйн Их сургуульд суралцдаг, Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......../;

 

М.М нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бадрахын гээгдүүлсэн “Ай-фоне 7 плас” загварын гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн үүрэн телефоны операторын дугаарыг хийн ашиглаж, Б.Бадрахад 1.305.000 төгрөгийн хохирол учруулан, гээгдэл хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бовогт М-ы М-ийг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.М 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч М.М оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаарын зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөх талаар дурдаагүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэсэн заалтыг тусгаагүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 791 дүгээр шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

М.М нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Бадрахын гээгдүүлсэн “Ай-фоне 7 плас” загварын гар утсыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрийн үүрэн телефоны операторын дугаарыг хийн ашиглаж Б.Бадрахад 1.305.000 төгрөгийн хохирол учруулан, гээгдэл хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Бадрахын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр...нилээн согтолттой байсан тул утсаа гээсэн. ...” гэх мэдүүлэг /хх 10/,

гэрч Б.Оюун-Эрдэнийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...гар утас олсноосоо болж эрүүгийн хэрэгт холбогдож байгаад үнэхээр харамсалтай байна. Гар утас олчихлоо, кодгүй юм байна гээд баярлаад надад хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

шүүгдэгч М.М 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн “...Би 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 08 цагийн үед Сүхбаатар дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин тээврийн товчооны ойролцоо байрлах автобусны буудлын тэнд “Iphone 7 plus” загварын хар өнгийн гар утас газар хэвтэж байхад нь олж авсан. ...Би дотор нь байсан зураг болон мессеж зурвасуудыг нь устгаад өөрийн 98293203 дугаарын сим картыг хийж барьж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-18/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 6-8/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

М.М холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд  тухайн зүйлд заасан торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх тогтоолдоо “Ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн хуулийн заалтыг шүүгдэгчид анхааруулан мэдэгдэх байдлаар оруулах байсан байх тул давж заалдах шатны шүүхээс нөхөн оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн эсэргүүцлээс “...гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөх талаар дурдаагүй...” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэсэн нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд шүүх заавал хугацаа тогтооно гэсэн ойлголт биш юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ...биелүүлэх үүрэгтэй.” гэж нарийвчлан хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй. ...” гэдгийг дээрх “хуульд заасан хугацааны дотор биелүүлээгүй” гэж ойлговол зохино.

 

Иймд прокурор Ц.Амгаланбаатарын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 791 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.М нь торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН