Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0115

 

2019 оны 02 сарын 20 өдөр  Дугаар 128/ШШ2019/0115               Улаанбаатар хот         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: СА ХХК

Хариуцагч: Үндэсний аудитын газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн СА ХХК-ийн өртөг нөхөгдөх зардлыг хассан хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, С.Ж, Е.Гр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.А, гэрч Д.Д, Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч СА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч СА компани нь Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийг 2018 оны 7 сарын 05-ны өдөр гардаж авсан болно. /Дээрх дүгнэлтүүдийг са компанийн ахлах нягтлан бодогч Б.О гардан авсан бөгөөд тус баримтыг нэхэмжлэлд хавсаргав/ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу 01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтүүдийг гардаж авсан 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэгч С А компани нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаандаа буюу 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно.

 

Нэхэмжлэлийн үндэслэл нь СА ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газар нь 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Б******* болон О******* /хамтдаа Гэрээт талбай гэх/ талбайд тус тус бүтээгдэхүүн хуваах гэрээ /цаашид БХГ гэх/ байгуулж, гэрээлэгч тал болсон.

 

Гэрээлэгчийн хувьд тухайн жилийн газрын тосны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарах зардлууд, үүнд өртөг нөхөгдөх зардлаа төсөвлөж, тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүрэгтэй байдаг. Улмаар тус байгууллагаас баталгаажуулснаар хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлуудаа өртөг нөхөхөөр буцаан авах эрхтэй болдог.

 

Компанийн зүгээс гэрээт талбайд 2015, 2016 онд үйл ажиллагаа явуулахдаа зарцуулсан зардлуудаас өртөг нөхөгдөх зардлын тайланг Газрын тосны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт зэрэгт нийцүүлэн үйлдэж, Ашигт малтмал, газрын тосны газарт тайлагнасан болно.

 

Гэвч Үндэсний аудитын газраас дээрх тайланг хянаж үзээд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтүүдээр компанийн өртөг нөхөгдөх зардлын хэмжээг дараах байдлаар хасаж тооцсон байна. Үүнд,

 

-   01/1477 тоот дүгнэлт Б******* талбайн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардал:

 

Огноо

 

Тайлагнасан өртөг нөхөгдөх зардлын хэмжээ

 

/ам.доллар/

 

Дүгнэлтээр өртөг нөхөгдөх зардлаас хасагдсан хэмжээ

 

/ам.доллар/

 

Дүгнэлтээр баталгаажуулсан өртөг нөхөгдөх зардлын хэмжээ

 

/ам.доллар/

 

2015

 

7,283,836

 

2,159,967

 

5,123,869

 

2016

 

2,759,881

671,938

2,087,943

-   01/1478 тоот дүгнэлт О******* талбайн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардал:

Огноо

Тайлагнасан өртөг нөхөгдөх зардлын хэмжээ

 

/ам.доллар/

 

Дүгнэлтээр өртөг нөхөгдөх зардлаас хасагдсан хэмжээ

 

/ам.доллар/

 

Дүгнэлтээр баталгаажуулсан өртөг нөхөгдөх зардлын хэмжээ

 

/ам.доллар/

 

2015

 

1,584,882

 

605,068

 

979,814

 

2016

 

3,007,578

 

443,481

 

2,564,097

 

 

 

Үндэсний аудитын газрын 01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтэд компанийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардлаас зарим зардлыг хасаж, тэдгээрийг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй байх үндэслэлээ Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана гэж заасны дагуу компанийн толгой компани болох п компаниас шууд шилжүүлсэн зардлыг хасаж тооцов гэж тайлбарлажээ.

 

Энэхүү бодит байдлаас зөрүүтэй дээрх дүгнэлтүүдийн улмаас компани нь холбогдох хууль тогтоомж болоод бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлаа нөхөн авах боломжгүй болоход хүрээд байна.

 

01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтүүдээс харахад Үндэсний аудитын газар нь хууль тогтоомж, бүтээгдэхүүн хуваах гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэгжүүлж, компанийн өртөг нөхөгдөх зардлыг хассан байдаг. Тодруулбал,

 

Нэгт, СА компаниас шууд шилжүүлсэн зардал нь хуульд болон Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр тогтоосон өртөг нөхөгдөх зардлаас хасагдаж тооцох үндэслэлгүй тухайд:

 

Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д өртөг нөхөгдөх зардал гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг хэлнэ гэж заасан. Улмаар хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлыг тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-4.1.30 дахь заалтуудад тодорхойлсон байдаг бөгөөд Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1 дэх хэсэгт ямар зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцох талаар нарийвчлан заасан. Гэтэл Үндэсний аудитын газрын дүгнэлтүүдэд дараах зардлуудыг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй гэж үзсэн. Үүнд,

 

-   Гэрээт талбайн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлын тайлангаас хасагдсан зардлын задаргаа:

 

 

 

 

 

Талбай

 

Он

 

Өртөг нөхөгдөх зардлаас хасагдсан зардал

 

Хасагдсан дүн /ам.доллар/

 

Б*******

 

2015

 

1

 

Бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгааны ажлын зардал

 

1,857,492

 

2

 

2 хэмжээст чичирхийллийн мэдээлэл боловсруулах ажлын зардал

 

168,287

 

3

 

Олон улсын нислэгийн зочид буудлын төлбөр

 

31,333

 

4

 

Нөхөгдөх зардлын 5 хувь

 

102,855

 

2016

 

1

 

2 хэмжээст чичирхийллийн мэдээлэл боловсруулах ажлын зардал

 

293,651

 

2

 

Үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал

 

346,290

 

3

 

Нөхөгдөх зардлын 5 хувь

 

31,977

 

Бүгд

 

2,831,905

 

О*******

 

2015

 

1

 

Бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгааны ажлын зардал

 

560,589

 

2

 

Гадаад томилолтын зардал

 

15,667

 

3

 

Нөхөгдөх зардлын 5 хувь

 

28,812

 

2016

 

1

 

2 хэмжээст чичирхийллийн мэдээлэл боловсруулах ажлын зардал

 

91,504

 

2

 

Геологи, геохимийн ажлын зардал

 

17,745

 

3

 

Үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал

 

313,114

 

4

 

Нөхөгдөх зардлын 5 хувь

 

21,118

 

Бүгд

 

1,048,549

 

Нийт

 

3,880,454

 

 

 

Дээрх хүснэгтэд харуулсан бүх зардлууд нь хууль тогтоомж болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1 дэх хэсэгт заасан өртөг нөхөгдөх зардалд хамаарч байна. Харин өртөг нөхөгдөх зардалд хамаарахгүй байх үндэслэлийг зөвхөн Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний Хавсралт Г-ийн 2.5 дахь хэсэгт заасан.

 

Үндэсний аудитын газраас гагцхүү энэ 2 үндэслэлээр компанийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардлыг хасах боломжтой байдаг. Гэвч Үндэсний аудитын газраас хасаж тооцсон зардлууд нь Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний Хавсралт Г-ийн 2.5 дахь хэсэгт тодорхойлсон өртөг нөхөн төлөгдөхгүй зардлуудад хамаарахгүй байна. Иймд өртөг нөхөгдөх зардлыг хасаж тооцох хууль болон гэрээнд заасан үндэслэл байхгүй тул Үндэсний аудитын газрын дүгнэлт хууль бус болсон.

 

Хоёрт, Компанийг Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн тухайд:

 

Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлд компанийн хүлээх эрх, үүргийг тодорхойлсон бөгөөд 11.2.6-д хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах үүрэгтэй байхаар заасан байна.

 

Үүний дагуу компани нь нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, хоёрдугаарт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах үүрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль зэргээс харахад хөрөнгө оруулалт гэж Монгол улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан биет болон биет бус хөрөнгө байх бол борлуулалтын орлого гэж аливаа бараа, ажил үйлчилгээг бусдад төлбөртэйгөөр шилжүүлсний хариуд оруулсан хөрөнгө гэж ойлгогдохоор байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан хязгаарлалт нь компанийн хувьд зөвхөн орж ирэх /мөнгөн/ урсгалд хамааралтай. Гэтэл Үндэсний аудитын газраас компанийн зардлын гүйлгээг энэ хязгаарлалтад хамруулан дүгнэсэн нь хууль тогтоогчийн үзэл баримтлалыг гуйвуулан тайлбарлаж, хуулиас давсан шаардлага тавьсан гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн компани нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу хилийн чанадад гадаадын банкнуудад валютын данс нээлгэж, гүйлгээ хийх эрхтэй ба энэ эрхийнхээ хүрээнд хуулиар хориглоогүй гүйлгээ /зардлын гүйлгээ/-г гадаадын банкаар дамжуулан гүйцэтгэснийг Үндэсний аудитын газраас хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого хийсэн мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай.

 

Иймд компанийг Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасныг зөрчсөн гэж үзэж, энэ шалгуураар компанийн өртөг нөхөгдөх зардлыг хассан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Хэрэв Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж холбогдох захиргааны байгууллагаас дүгнэсэн тохиолдолд тус зөрчилд оногдуулах хуулийн хариуцлага нь зөвхөн Газрын тосны тухай хуулийн 44.1.10-д /энэ заалт нь Зөрчлийн хууль батлагдсанаар өөрчлөгдсөн буюу Зөрчлийн тухай хуулийн 7.13 дугаар зүйлийн 7.13.9.2 дахь хэсэг/ заасан торгох арга хэмжээ байна. Харин тус үүргээ зөрчсөн нь өртөг нөхөгдөх зардлыг хасаж тооцох, түүнийг нөхөн олгохоос татгалзах үндэслэл болохгүй юм.

 

Гуравт, Компанийг хөрөнгө оруулалтын гүйлгээгээ санхүүгийн тайланд ил тод, нээлттэй тусгаагүй гэж үзсэн тухайд:

 

Компанийн толгой компани болох П компани нь хөрөнгийн биржид бүртгэлтэй /нээлттэй/ компани болохын хувьд хөрөнгийн зах зээлийн нийтлэг зарчим, биржийн ил тод нээлттэй байх шаардлагын хүрээнд санхүүгийн тайлангаа олон улсын стандартад нийцүүлэн тогтмол тайлагнаж, олон нийтэд нээлттэй байршуулдаг.

 

Өөрөөр хэлбэл, компанийн 2015, 2016 онд гадаад улсын банкаар гүйцэтгэсэн бүх гүйлгээ компанийн санхүүгийн тайланд бүрэн тусч баталгаажиж олон нийтэд нээлттэй болсон. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиас гадна санхүүгийн тайлангийн олон улсын стандарт 10-д заасны дагуу компани нь өөрийн санхүүгийн тайлангаа дотооддоо болон толгой компанийн санхүүгийн тайлантай нэгтгэсэн хэлбэрээр гаргадаг. Харин Үндэсний аудитын газрын дүгнэж байгаагаар са Лимитед компани болон толгой компанийн санхүүгийн тайланг түүний Монгол Улс дахь охин компанийн санхүүгийн тайланд тусгах шаардлага Монгол Улсын хууль тогтоомжоор ч, санхүүгийн тайлангийн олон улсын стандартаар ч тавигдаагүй билээ.

 

Гэвч Үндэсний аудитын газраас СА компанийн санхүүгийн тайланг авч үзээгүй /зөвхөн охин компанийн санхүүгийн тайлан болон өртөг нөхөгдөх зардлын тайланг авч үзсэн/ атлаа санхүүгийн тайланд ил тод, нээлттэй тусгаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, компанийн 2015, 2016 онд гадаадын банкаар дамжуулан гүйцэтгэсэн хайгуулын зардалтай холбоотой гүйлгээнүүд нь Монгол Улсын хууль тогтоомж болоод Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад заасны дагуу компанид оруулсан хөрөнгө оруулалт биш. Иймд компанийн зарлагатай холбоотой гүйлгээг хөрөнгө оруулалтын гүйлгээ болгон санхүүгийн тайланд тусгах боломжгүй ба Үндэсний аудитын газраас ийм шаардлага тавих нь хуульд үл нийцнэ.

 

Дөрөвт, Үндэсний аудитын газраас компанийн өртөг нөхөгдөх зардлыг дангаар хасаж дүгнэх эрх хэмжээтэй эсэх тухайд:

 

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21, Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар компанийн өртөг нөхөгдөх зардлын тайланг хянан шалгаж, баталгаажуулах эрхтэй.

 

Гэвч өртөг нөхөгдөх зардлын тайланг хянан шалгаж, баталгаажуулах үйл ажиллагааг Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ёстой. Харин Үндэсний аудитын газрын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр компанид ирүүлсэн 01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтүүдээс харахад тус дүгнэлтүүдийг гаргахдаа Ашигт малтмал, газрын тосны газрын оролцоог хангаагүй гэж үзэх боломжтой байна.

 

Ийнхүү Үндэсний аудитын газраас нэхэмжлэгчийг Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэж, компанийн өртөг нөхөгдөх зардлыг хасаж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй, хууль бус байх тул компанийн эрх, ашгийг ноцтойгоор хохироож байгаа Үндэсний аудитын газрын дүгнэлтүүдийн холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагатай байна.

 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасны дагуу Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн нэхэмжлэгч компанийн өртөг нөхөгдөх зардлыг хассан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үндэсний аудитын газраас Газрын тосны өртөг нөхөгдөх зардлын баталгаажуулалт-ын аудитыг Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21-д тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу хийж гүйцэтгэсэн.

 

Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчийн 2015, 2016 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлын хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үнэн зөв бүртгэж, тайлагнасныг шалган баталгаажуулж, дүнг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилт чиглэсэн бөгөөд энэхүү зорилтыг хангахын тулд Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгч 2015, 2016 онд батлагдсан төлөвлөгөө, төсвийг бодитой төлөвлөж, хууль, журамд заасны дагуу гүйцэтгэж, хийсэн ажлын хөрөнгө оруулалт, өртөг нөхөгдөх зардлыг үнэн зөв бүртгэж тайлагнасан эсэхэд аудит хийсэн.

 

Аудитаар газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа гэрээлэгчдийн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлыг баталгаажуулахаар бэлтгэсэн тайлан нь алдаагүй илэрхийлэгдсэн талаарх үндэслэлтэй нотолгоо олж авахын тулд Газрын тосны газраар /хуучнаар/ баталгаажуулсан тухайн жилийн хайгуулын ажлын хөтөлбөр, төсөв, гүйцэтгэсэн ажлын тайланг ажил, гүйлгээ тус бүрээр нь анхан шатны баримттай тулган баталгаажуулах, давтан тооцоолох зэргээр аудитыг хэрэгжүүлсэн.

 

Аудитын явцад СА ХХК нь П ХХК-ийн бусдад шилжүүлсэн зардлыг өртөг нөхөгдөх зардалд хамааруулсан нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана гэсэн заалтыг тус тус зөрчсөн тул гэрээлэгчийн О******* болон Б******* талбайн хайгуулын ажлын өртөг нөхөгдөх зардлаас П ХХК-аас шууд шилжүүлсэн 2015 онд О******* талбайн 605,068 ам.доллар, Б******* талбайн 2,159,967 ам.долларыг, 2016 онд О******* талбайн 443,481 ам.доллар, Б******* талбайн 671,938 ам.доллар, нийт 3,880,454 ам.долларыг тус тус өртөг нөхөгдөх зардлаас хассан.

 

Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д Гэрээлэгчийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардал санхүүгийн баримтаар нотлогдоогүй тохиолдолд өртөг нөхөгдөх зардалд тооцогдохгүй гэж заасныг болон бусад холбогдох зохицуулалтыг зөрчсөн тул өртөг нөхөгдөх зардлаас дээрх зардлыг хасаж баталгаажуулсан болно.

 

Иймд СА ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СА ХХК нь Үндэсний аудитын газарт холбогдуулан Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477 болон 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлтүүдийн  СА компанийн өртөг нөхөгдөх зардлыг хассан хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

СА ХХК болон Ашигт малтмал, газрын тосны газар нь 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Б******* болон О******* талбайд тус тус Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, улмаар нэхэмжлэгч нь гэрээлэгч тал болсон байна.

 

Гэрээлэгчийн хувьд тухайн жилийн газрын тосны хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарах зардлууд, өртөг нөхөгдөх зардлаа төсөвлөж, тайлангаа Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүрэгтэй ба тус байгууллагаас баталгаажуулснаар хайгуулын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлуудаа өртөг нөхөхөөр буцаан авах эрхтэй байхаар дээрх гэрээнд тусгасан байна.

 

Нэхэмжлэгч компани нь гэрээт талбайд 2015, 2016 онд үйл ажиллагаа явуулахад зарцуулсан зардлуудаас өртөг нөхөгдөх зардлын тайланг Газрын тосны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газарт тайлагнасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Гэтэл хариуцагчаас 01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтэд компанийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардлаас зарим зардлыг хасаж, тэдгээрийг өртөг нөхөгдөх зардалд тооцохгүй байх үндэслэлээ Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д Гэрээлэгч нь тусгай зөвшөөрөлтэй талбайд хийгдэж байгаа газрын тостой холбогдсон бүх үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлд бүрэн тусгаж, тайлагнана гэж заасны дагуу компанийн толгой компани болох П компаниас шууд шилжүүлсэн зардлыг хасаж тооцсон гэж тайлбарладаг ч дээрх дүгнэлт нь бодит байдлаас зөрүүтэй төдийгүй нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна.

 

Учир нь Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д өртөг нөхөгдөх зардал гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг хэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д хайгуулын ажлын зардал гэж энэ хуулийн 4.1.8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, 4.1.28-д бүтээн байгуулалтын зардал гэж энэ хуулийн 4.1.17-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, 4.1.29-д үйл ажиллагааны зардал гэж ашиглалтын талбайд бүтээн байгуулалтын болон татан буулгалттай холбогдон гарсан зардлаас бусад газрын тос олборлохтой холбогдон гарах зардлыг, 4.1.30-д татан буулгалтын зардал гэж бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээлэгчээс байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, олборлолтын цооногийг хаах, барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хэлнэ гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1 дэх хэсэгт ямар зардлыг өртөг нөхөгдөх зардалд тооцох талаар нарийвчлан тусгаж өгсөн байна.

 

Гэтэл Үндэсний аудитын газараас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй Б*******, О******* нэртэй тайлбайн 2015, 2016 оны өртөг нөхөгдөх зардлын тайлангаас хасагдсан зардлын задаргааг,

 

Б******* талбай 2015 оны хувьд:

 

-   Бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгаа 1,854,492 ам.доллар

 

-   2 хэмжээст чичирхийллийн мэдээлэл боловсруулах 168,287 ам.доллар

 

-   Олон улсын нислэг болон зочид буудлын төлбөрт 31,333 ам.доллар

 

-   Нөхөгдөх зардлын 5 хувь 102,855 ам.доллар, Нийт 2,159,967 ам.доллар;

 

2016     хувьд:

 

-   2 хэмжээст чичирхийллийн судалгааны болон боловсруулалтын ажлын зардал 293,651 ам.доллар

 

-   Үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал 346,290 ам.доллар

 

-   Нөхөгдөх зардлын 5 хувь 31,997 ам.доллар, Нийт 671,938 ам.доллар;

 

О******* талбай 2015 оны хувьд:

 

-   Бүрэн хэмжээст агаарын градиометрийн судалгааны ажлын зардалд шилжүүлсэн 560,589 ам.доллар

 

-   Гадаад, дотоод томилолтын зардал 15,667 ам.доллар

 

-   Нөхөгдөх зардлын 5 хувь 28,812 ам.доллар, Нийт 605,068 ам.доллар;

 

2016 оны хувьд:

 

-   2 хэмжээст чичирхийллийн судалгааны болон боловсруулалтын ажлын зардал 91,504 ам.доллар

 

-   Геологи, геохимийн ажлын зардалд 17,745 ам.доллар

 

-   Үйлчилгээний хөлс болон гадаад, дотоод томилолтын зардал 313,114 ам.доллар

 

-   Нөхөгдөх зардлын 5 хувь 21,118 ам.доллар, Нийт 443,481 ам.доллар гэж гаргасан байх бөгөөд эдгээр зардлууд нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний 2.1 дэх хэсэгт заасан өртөг нөхөгдөх зардалд хамаарч байна.

 

Харин өртөг нөхөгдөх зардалд хамаарахгүй байх үндэслэлүүдийг Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д болон Бүтээгдэхүүн хуваах гэрээний Хавсралт Г-ийн 2.5 дахь хэсэгт нарийвчлан зохицуулж өгсөн бөгөөд Үндэсний аудитын газраас зөвхөн энэ хоёр үндэслэлээр компанийн тайлагнасан өртөг нөхөгдөх зардлыг хасах боломжтой байхад хариуцагч нь Газрын тосны тухай хууль болон Бүтээгдэхүүн хуваах гэрээ, санхүүгийн тайланг бүрэн судалж нягтлалгүйгээр дүгнэлт гаргасан нь хууль бус болсон байна.

 

Түүнчлэн Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлд Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын үндсэн чиг үүргийг хуульчилж өгсөн ба мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын ажлын жилийн төлөвлөгөө, төсвийг батлах, түүний гүйцэтгэлд хяналт тавих үүргийг зааж өгсөн байна.

 

Үүний дагуу нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газарт 2015, 2016 оны хайгуулын төсөв, төлөвлөгөөгөө өгч хянуулж, батлуулсан байх бөгөөд үүнд хэргийн оролцогчид маргаагүй болно.

 

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч компанийн санхүүгийн хяналт шалгалтыг хийж баталгаажуулахдаа Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн аудитын байгууллага холбогдох байгууллагатай хамтран гэрээлэгчийн батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөрөнгө оруулалтын болон санхүүгийн тайланд жил бүр хяналт шалгалт хийнэ гэх хуулийн зохицуулалтыг зөрчиж, дээрх хяналт шалгалтыг хийхдээ Үндэсний аудитын газар нь дангаар шалгалт явуулж, улмаар Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар 3,880,454 ам.долларыг өртөг нөхөгдөх зардлаас хасаж дүгнэлт гаргасан нь Газрын тосны тухай хуульд заасантай нийцээгүй байна.

 

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21, Газрын тосны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Өртөг нөхөгдөх зардлыг төрийн аудитын байгууллагаар баталгаажуулж, бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан өртөгт газрын тосны хувиар нөхнө гэж заасны дагуу компанийн өртөг нөхөгдөх зардлын тайланг хянан шалгаж, баталгаажуулах эрхтэй хэдий ч өртөг нөхөгдөх зардлын тайланг хянан шалгаж, баталгаажуулах үйл ажиллагааг Газрын тосны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ёстой байжээ.

 

Гэтэл дээрх хуульд заасны дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газартай хамтарч 01/1477 болон 01/1478 тоот дүгнэлтүүдийг гаргаагүй болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 9/2645 дугаар ...хууль зүйн тодорхой үндэслэлгүйгээр өртөг нөхөгдөх зардлаас хассан...тул аудитын тайланг бүрэн зөвшөөрөх боломжгүй гэсэн албан бичгүүдээр нотлогдож байна.

 

Мөн гэрээлэгч компани нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх бөгөөд уг гүйлгээг санхүүгийн тайланд ил тод, нээлттэй бүрэн тусгах үүрэгтэй байхаар хуульчилжээ.

 

Дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх, уг гүйлгээг санхүүгийн баримтдаа бүрэн тусгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй гэж шүүх үзэх боломжгүй байна.

 

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ гэж заасан бол борлуулалтын орлого гэж аливаа бараа, үйлчилгээг бусдад төлбөртэйгээр шилжүүлсний хариуд оруулсан хөрөнгө гэж үзэхээр заажээ.

 

Өөрөөр хэлбэл, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасан хуулийн хязгаарлалт нь компанийн хувьд зөвхөн орж ирэх /мөнгөн/ урсгалд хамааралтай байна.

 

Бүтээгдэхүүн хуваах гэрээний 17 дугаар зүйлийн 17.2-т Гэрээлэгч Монгол Улсад болон хилийн чанадад гадаадын банкнуудад аливаа валютын данс нээх, гүйлгээ хийх, мөнгөн хөрөнгийг гадаадад гаргах ба чөлөөтэй ашиглах, хадгалах бүрэн эрхтэй болно гэж заасны дагуу зарим зардлуудаа гадаадын банкаар хийж санхүүгийн тайландаа тусгасан болох нь хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд гадаад улсын банкаар гүйлгээ хийхийг хуулиар хориглоогүй байна.

 

Түүнчлэн гэрч Д.Д-ын шүүх хуралдаанд гаргасан ...би энэхүү шалгалтыг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн, миний хувьд бүрэн гүйцэд санхүүгийн баримттай танилцаж амжаагүй, цаг хугацааны хувьд маш олон компани шалгах байсан төдийгүй эдний компанийн санхүүгийн баримт дутуу байсан, би шаардсан боловч санхүүгийн баримт нь ирээгүй, ер нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд гадаадын банкаар гүйлгээ хийх үндэслэлгүй, нэг ёсондоо татвараас зайлсхийх нэг хэлбэр гэж би хувьдаа үзэж, энэхүү дүгнэлтээ гаргасан, гэрч Л.Н*******ийн хяналт, шалгалт явуулахад тухайн компанитай холбоотой санхүүгийн баримт болон улсын бүртгэлийн гэрчилгээг огт үзээгүй гаргасан зөрчлийг нь би сайн мэдэхгүй, зөвхөн Д.Д******* аудиторын дүгнэлтийг уншаад гарын үсгээ хоёр дүгнэлтэн дээр нь зурсан, миний хувьд хууль, эрх зүйн талаас нь харах байсан... гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч компанийг Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

 

Хэрэв нэхэмжлэгчийг Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6-д заасныг зөрчиж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж хариуцагч төрийн захиргааны байгууллагаас дүгнэсэн тохиолдолд Газрын тосны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.10-д зааснаар хариуцлага ногдуулах байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч СА ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн СА  компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.21, Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, 4.1.28, 4.1.29, 4.1.30, 4.1.31, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч СА ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 01/1477, 01/1478 тоот Хязгаарлагдмал баталгаажуулалтын дүгнэлт-үүдийн СА компанид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ