Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2017/00115

 

    С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч  Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 365 дугаар шийдвэртэй, С-ийн  нэхэмжлэлтэй, Т-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэСнээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагч Т, хариуцагчийн өмгөөлөгч Я.С, орчуулагч А.Е, нарийн бичгийн дарга Б.А  нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Микро автобусны үнэ 2200000 төгрөг, нэг үхэр, 6 хонины үнэ 820000 төгрөг, нийт 3020000 төгрөг гаргуулах тухай. 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд; “Т нь надтай тохиролцсоны үндсэн дээр хөлсөөр ажилладаг нэгэн байсан. 2016 оны 4 дүгээр сараас миний эзэмшлийн  микро автобусыг 2200000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг нь өөрийнхөө хөлснөөс суутгаж өгөхөөр болсон. Гэтэл Т нь надад өртэй болсны дараа цаашид танд ажиллаж чадахгүй хэмээн зугтсан тул түүнд худалдсан микро автобусыг буцаан авах гэсэн боловч тэрээр бусдад задлан зарж, борлуулан буцаан хэвэнд нь  оруулах боломжгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл миний эд хөрөнгийг үрэн таран хийж гэм хор учруулсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч А нь миний микроавтобусны моторыг Тилейханаас худалдан авсан байна. Иймд Таас өөрт учирсан гэм хор болох микро автобусны үнэ 2200000 төгрөг, надаас худалдан авсан нэг үхэр, 6 хонины мөнгө болох 820000 төгрөг нийт  3020000 (гурван сая хорин мянган) төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 2013 оноос С-ийн микро хоршоонд гэрийн унь, хана хийдэг норомчноор ажилласан. Материалаа Булган аймгаас 1 сар  тэдэнтэй хамт явж, нэг машин мод бэлтгэж ирсэн. Би 2 жилд 6000 унь, 30 гэрийн хана хийж өгсөн. Нэг ширхэг унийг 1500 төгрөгөөр үнэлээд 1000 төгрөгийг өгөөд 500 төгрөгийг зарагдсаны дараа авна гэдэг байсан. Удалгүй сая төгрөгийн бэлэг өгнө гэдэг байсан. Эцэст нь 2015 оны 4 дүгээр сард явахгүй тоногдсон микро автобусыг надад бэлэглэж байна гээд өөрөө жолоон дээр нь сууж, хүү н.Тилеубек нь Истана машинаар чирч авчирч өгсөн. Урьд талын 2 сандал л байсан. Бусад сандлууд нь жанам, кольцо байхгүй, мотор нь ч ажиллахгүй олон жил хашаанд нь эвдэрхий хэвтэж байсан машин байсан. Машинаа угаа гэхээр нь би 2 шил архи хийхэд манай хөршүүд Б, Х нар ч хамт байсан. Тэр үед С ерөөл хэлэхдээ манай ажилтан Т гарын дүйтэй хүн, над дээр сайн ажиллаж унь, гэрийн хана чанартай хийсэн. Тийм учраас би энэ машинаа Тд үнэ төлбөргүй бэлэглэж байна гэж хэлсэн. Тэд гэрчлэх байх. Авчирсны дараа нэг дугуйг тайлаад өөрөө аваад явсан. Миний микро автобусны үнэ 2200000 төгрөг гэж худлаа бичсэн байна. Би тэнэг хүн биш эвдэрхий микро автобусыг 2200000 төгрөгөөр авахгүй. С надад “би микро автобусыг чинь зарж өгнө” гэдэг байсан. Тэгээд 2016 онд А болон бас нэг хүнийг “эд нар чиний микро автобусыг 500000 төгрөгөөр авна гэнэ” гэж явуулсан байсан. Тэд ирж үзээд “их муу юм байна, яаж 500000 төгрөгөөр авах юм бэ” гээд аваагүй. Сарлаг үхрийг 400000 төгрөгөөр, 6 хонийг тус бүрийг нь 70000 төгрөгөөр авсан. 2016 оны 10 дугаар сард С “Булган аймаг руу гэрийн модонд явна, чи надад мөнгө өг” гэсэн. С Капитрон банкны ня-бо Р-ийг сайн таньдаг учраас миний 10 сарын группийн мөнгийг намайг дагуулан очиж урьдчилан тус банкнаас зээлээр авсан. Надаас 950000 төгрөг аваад буцааж өгөөгүй. Материалаа Булган аймгаас 1 сар явж авах үеэр надад “чамд өдөрт 30000 төгрөг өгнө” гэж хэлэлцэн тохироод явсан боловч материалаа бэлдэж ачиж авчирсны дараа өдрийг нь 20000 төгрөгөөр тохиръё гэчихээд 600000 төгрөгийг 2-3 тасалж байж өгсөн. Ийнхүү миний хөдөлмөрийн хөлсийг зөв олгохгүй болохоор нь гаръя гэж бодоод би өөрөө хувиараа гэрийн унь, хана хийдэг болсон чинь “чи надаас бултлаа” гэж ад үзэж ийнхүү надаас үндэслэлгүй нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 365 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Т-аас микро автобусны үнийг 1100000 төгрөгөөр, сарлаг үхэр, 6 хонины үнэ бүгд 820000 төгрөг бүгд 1920000 (нэг сая есөн зуун хорин мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1100000 (нэг сая нэг зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Т би 2013 оноос эхлэн С-ийн модон материалаар эсгий гэр хийдэг микро хоршоонд гэрийн унь, хана хийдэг норомчноор ажилладаг байсан. Модон материалыг Булган аймгаас 1 сар гаруй явж Баян-Өлгий аймагт татаж ирдэг. Бид хоёрын дунд бичгээр байгуулсан гэрээ байхгүй ба ажлын хөлсийг тухайн үед амаар тохиролцон явдаг байсан. Т би нэг жилдээ 6000 унь, 30 гэрийн ханыг С-д хийж өгдөг байсан. Нэг ширхэг унь хийсний хөлсийг нийт 1500 төгрөгөөр тохирч эхлээд 1000 төгрөг өгөөд үлдсэн 500 төгрөгийг унь зарагдсаны дараа өгдөг байсан. Ингээд С эвдэрсэн буюу огт явдаггүй байсан “Истана” маркийн микро автомашиныг өөрөө жолоонд нь сууж манай хашаанд чирж очиж надад бэлэглэж байсан. Гэтэл тэрээр автомашины үнийг 2200000 төгрөг гэж худлаа үнэ бичсэн байна. Ер нь хүмүүс тухайн “Истана” маркийн автомашиныг 500000 төгрөгөөр ч авахгүй байсан. Бодит байдалд микро автобус нь өөрөө явдаггүй, өөр машинаар чирч Т миний хашаанд аваачиж тавьсан, микро автобусны сандлууд нь дутуу, жанам, кольцо байхгүй зэрэг эд ангийн доголдолтой. С нь яг 1100000 төгрөгөөр ч худалдсан гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж байна. С-ийн микро автобусны үнийг хэдэн төгрөг байсныг эхнэр нь А хүртэл мэдэхгүй байна. Уг микро автобус нь одоо манай хашаанд төмрийн хог болж хэвтэж байна. Гэтэл анхан шатны шүүх Истана маркийн автомашиныг 1100000 төгрөгөөр үнэлж надаар төлүүлж байгаа явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн зарчимтай харшилж байна.

Анхан шатны шүүх нь сарлаг үхэр, 6 хонины үнэ бүгд 820000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Энэ бол Т миний С-ийн хоршоонд ажиллаж байгаа үед надад ажлын хөлсөнд өвлийн идшинд өгсөн мал байсан. Хэрвээ С надтай тооцоотой байвал уг малыг өмнө яагаад нэхээгүй байсан вэ. Иймд С-ийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг мөн хэрэгсэхгүй болох ёстой байсан. Т би 2017 оны хавар С-ийн хоршооноос ажлаас гарсан ба С миний ажлаас гарсан явдалд өширхөж, худлаа эд зүйлийн үнийг нэхэмжилж байгаа явдалд гомдолтой байна. 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 365 дугаар шийдвэр нь зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалсан, алдаатай, нэг талыг барьсан, үндэслэл муутай шийдвэр учраас түүнийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгч С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч давж заалдах гомдолдоо С надад микро автобусыг бэлгэнд өгсөн. Харин нэг үхэр 6 хонины үнийг ажлын хөлсөнд тооцох ёстой гэж маргасан байна. Гэтэл С нь Т-д микро автобусыг ямар нэгэн хариу төлбөргүйгээр бэлэглэсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байна. Харин ч Т нь С-ийн микро автобусыг худалдан авна гэж авсны дараа түүнийг задалж бусдад хэсэгчлэн зарж ашиг олсон нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба үүнийг Т өөрөө үгүйсгээгүй. Т нь С-аас авах авлагатай буюу ажлын хөлсөө авах ёстой гэдгээ нотолж чадаагүй. Зохигчдын анхан шатны шүүхэд гаргасан тайлбараар С нь Т-д ажлын хөлсөө тухай бүрт нь өгдөг болохоо илэрхийлсэн. Харин Т нь идшинд зориулж С-аас мал авсан ба оронд нь Т тааруулж ажил гүйцэтгэж өгөхөөр болсон байдаг боловч Т нь С-д ажиллахаас татгалзаж хувиараа ажиллахаар болсон байна. Үүнээс болж С хохирч үлдсэний дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан ч гэсэн зөвшөөрч байгаа тул хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Нэхэмжлэгч С хариуцагч Т-д холбогдуулан микро автобусны үнэ 2200000 төгрөг, нэг үхэр, 6 хонины үнэ 820000 төгрөг, нийт 3020000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хариуцагч  нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж эс зөвшөөрөн маргасан байна.

Нэхэмжлэгч С нь Т-д өөрийн эзэмшлийн ***** БӨА улсын дугаартай микро автобусыг 2200000 төгрөгөөр, нэг үхэр, 6 хонийг 820000 төгрөгөөр тус тус худалдаж авсан боловч мөнгийг төлөхгүй байна. Хариуцагч Т “микро автобусыг С нь надад сайн ажилласан гэж бэлэглэсэн, тэр машин нь эвдэрхий машин байсан. Нэг үхэр 6 хонь авсан, С нь надаас 950000 төгрөг зээлж авсан байсан” гэж тайлбарлажээ. 

Нэхэмжлэгч  С нь микро автобусаа хэдэн төгрөгөөр үнэлж худалдсан талаар нотлох баримт байхгүй, уг микро автобус нь өөрөө явдаггүй, машинаар чирч Тд хүргэж өгсөн, зарим эд анги нь дутуу, ажиллагаагүй, эвдэрхий байсан гэдэгт зохигчид маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаа тул үнэлгээний комиссын уг тээврийн хэрэгслийг 2300000 төгрөгөөр үнэлсэн нь эргэлзээтэй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн  нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч Т нь “С нь уг микро автобусыг бэлэглэсэн” гэх боловч энэ талаар нотлох баримтаар нотолж чадаагүй. Ажил сайн хийсэн гэж шагналд микро автобусыг бэлэглэсэн гэх хариуцагчийн тайлбараас үзэхэд бэлэг биш болох нь тогтоогдсон байна. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д  зааснаар бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй байдаг тул зохигчдын хороонд бэлэглэлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй байна.

Хариуцагч Т нь сарлаг үхрийг 400000 төгрөгөөр, 6 хонийг тус бүр 70000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа ба үнийг нь төлсөн,  С-ийн нь надаас 2016 оны 10 дугаар сард Булган аймгаас гэрийн мод авчрахаар явахдаа 950000 төгрөгийг зээлж авч явсан гэж тайлбарлах боловч С-д зээлсэн мөнгөний оронд мал авсан талаар нотлох баримтаар нотолж чадаагүй  байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч С-ийн “микро автобусны үнэ ямар ч байсан 1 сая төгрөгөөс буухгүй” гэх мэдүүлгийг үндэслэн микро автобусны үнийг 1100000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэгч авто машинаа 1 сая төгрөгөөр үнэлсэн байхад анхан шатны шүүх 1100000 төгрөгөөр үнэлсэн нь буруу болжээ. Нэхэмжлэгч микро автобусаа доод үнэ нь 1 сая төгрөг гэж үнэлсэн байх тул уг авто машины үнийг 1100000 төгрөгөөр биш 1000000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хариуцагч Т-аас 1.820.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “45670 төгрөгийг” гэснийг “44070 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45670 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 365 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.2, 243 дугаар зүйлийн 243.1.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Таас 1.820.000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “45670 (дөчин таван мянга зургаан зуун далан) төгрөгийг” гэснийг “44070 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45670 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ