| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0390/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/349 |
| Огноо | 2017-08-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун би Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чангас овгийн Л.Д-д холбогдох эрүүгийн 201725030889 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чангас овгийн Л.Д, 1962 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1142 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОЙ62111311.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 2-544 тоотод С.Ц хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Л.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тэр хохирогч гэх хүүг танихгүй, намайг тэдний хашааны урдуур охиноо тосох гээд явах үед Мөнхбат нэг хүнтэй шал согтуу байсан. Миний хувьд хэнийг ч цохиогүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч С.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би хадам аав Дагвадоржийн хашаанд жорлон барьж байхад орой 19-20 цагийн үед хашааны хаалга дуугараад хүн орж ирэх шиг болсон. Тэгээд би жорлон дотроос гарахад халзан толгойтой хүн аавын гэрийн хаалгыг онгойлгох гээд зогсож байхаар нь би та хөгшин хүн унтуулж амраагаач гээд тэр хүний ард очсон чинь чи муу хэн бэ гээд тэр хүн баруун гартаа барьсан тоосгоор миний зүүн эрүү рүү цохиод миний эрүүг хугалсан. Тэр үед би цохиулаад арагшаа саваад унасан...” гэжээ /хх-14/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5196 дугаар дүгнэлтэд:
“1. С.Ц биед эрүү ясны хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-22/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35, 37/, хохирогч С.Ц эмчилгээний зардлын баримтууд /хх-45/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Днь 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 2-544 тоотод С.Ц хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Цмэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 5196 дугаар дүгнэлтэд зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Дхувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах боломжтой байна гэж дүгнэв.
Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдав.
Хохирогч С.Ц нь баримтаар 124.080 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулан олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чангас овгийн Л.Д г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Дг 420 (дөрвөн зуун хорь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Дгээс 124.080 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ц-ад олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН