| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2019/0931/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/894 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Энхболд |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн
улсын яллагч Н.Энхболд
шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1905000001038 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
*******- нь “Хуурч, эд зүйл, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэн О.У- 700.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг ноте-8” загварын гар утсыг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би өөрийн бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид утсыг нь буцааж өгөөд хохирогчтой эвлэрсэн. Прокурортой ял тохирсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч О.У- мөрдөн байцаалтанд: 2019 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Таац нэртэй дэлгүүрийн орчим ардаас нэг үл таних эрэгтэй хүн дөхүүлээд өгөх үү орой юу хийж яваа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм дуугараагүй, намайг дагаж явсаар байгаад Өргөөгийн ард байдаг game arina писи тоглоомын газарт ирсэн. Тэгээд намайг наад писи рүүгээ орж яах гэж байгаа юм наад писи тоглоомын газар чинь одоо онгойхгүй гэж хэлэхээр нь би тэр үл таних эрэгтэйгээс энэ хавьд өөр писи тоглоомын газар байгаа юу гэж асуухад, хорооллын эцэс явах зам руу хэд хэдэн писи тоглоомын газар байгаа хамт явах уу гэхээр нь би тэр үл таних эрэгтэйг дагаж явсан. Дагаж явж байхад тэр үл таних эрэгтэй чи яагаад писи тоглоомын газраар ингэж явж байгаа юм бэ гэж асуухад би найз залуугаа хайж явж байна гэж хэлээд бид хоёр нэг писи тоглоомын газар руу орох гэсэн боловч хаалттай байсан. Тэгэхээр нь бид хоёр хамт манай найз залуугийн гэр болох бичилийн 19 дүгээр байр руу хамт явсан. 19 дүгээр байрны 2 дугаар орцны 7 давхарт бид хоёр манай найз залууг ирэхийг хүлээж бид хоёр ойр зуурын юм ярьсан. Юм ярьж байх хугацаанд тэр үл таних эрэгтэй чи надаас айлтгүй, би муу хүн биш, найз залуу чинь ирэхээр би явна гэж хэлж байсан. Тэгээд 04 цагийн үед миний гар утсаар яръя гэж хэлж авсан. Тэгээд яриагүй, миний гар утсаар фэйсбүүк орж надад хуучин найз охиныхоо зургийг харуулсан. Тэгээд надаас чи инстаграмтай юу гэж асуухаар нь байгаа гэхдээ би хаяггүй гэж хэлэхэд, тэр эрэгтэй би нээгээд өгье гэж хэлээд барьж сууж байгаад уучлаарай гэж хэлээд гүйгээд зугатаагаад яваад өгсөн. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,
Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд: 2019 оны 9 дүгээр сарын 19-ний шөнийн 02 цагийн үед Таац дэлгүүрийн орчим үл таних эмэгтэйтэй танилцсан. Тэгээд тэр үл таних эмэгтэйгээс юу хийж байгаа юм бэ гэж асуухад тэр эмэгтэй найз залуугаа хайж байна гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр хамт Өргөөгийн ард байрлах game arina писи тоглоомын газар, хорооллын эцсийн Голомт банкны байранд байдаг писи тоглоомын газар руу орж найз залууг нь хайж байгаад найз залуугийнх нь байр болох 19 дүгээр байр руу хамт явсан. Тэгээд бид хоёр тус байрны орцонд найз залууг нь ирэхийг хүлээж 2 цаг гаруй юм ярьсан. Тэр ярилцаж байх хугацаанд би гэрт нь хүргээд өгье, одоо ингэж хүлээгээд нэмэргүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмэгтэй би харихгүй найз залуутайгаа заавал уулзана гэж хүлээгээд байсан. Тэгээд 04 цагийн үед тэр эмэгтэй намайг фэйсбүүк хаягаа өгчих гэж хэлэхээр нь надад фэйсбүүк хаяг байхгүй. Инстаграмд найз болъё гэж хэлсэн. Тэр эмэгтэй надад өөрийн утсаа өгөөд би утсыг нь 5 минут орчим оролдсон. Тэгээд найз руугаа нэг залгачих уу гэж хэлээд босоод намайг уучлаарай гэж хэлээд гүйгээд явсан. Би тухайн гар утсыг гар утас авна гэж явж байсан хүнд 250.000 төгрөгөөр зарсан. Би одоо хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Сумьяабазар мөрдөн байцаалтанд: 2019 оны 9 дүгээр сарын 19-ны 04 цагийн үед манай найз охин болох О.У- чамайг манай гэрийн үүдэнд үл таних залуутай хүлээж байхад үл таних залуу утсаар чинь яриад өгье гэж хэлээд “Самсунг ноте-8” загварын гар утсыг залилан авч зугатаасан талаар хэлсэн. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг
Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ны 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-719/275 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг ноте-8” загварын гар утсыг 700.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 34-36/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 21-26/,
*******-ын “...хохиролын 700.000 төгрөгийг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 67/, хохирогч О.У- “...сайн дураараа эвлэрч хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 66/,
шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотойгоор түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******- 2019 оны 9 дүгээр сарын 19-нд Баянгол дүүргийн нутаг дэсвгэрт иргэн О.Уянгыг “гар утсаар чинь яриад өгье” гэж худал хэлж хуурч “Самсунг ноте-8” загварын гар утсыг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч О.У-”...04 цагийн үед миний гар утсаар яръя гэж хэлж авсан. Тэгээд яриагүй, миний гар утсаар фэйсбүүк орж надад хуучин найз охиныхоо зургийг харуулсан. Тэгээд надаас чи инстаграмтай юу гэж асуухаар нь байгаа гэхдээ би хаяггүй гэж хэлэхэд, тэр эрэгтэй би нээгээд өгье гэж хэлээд барьж сууж байгаад уучлаарай гэж хэлээд гүйгээд зугатаагаад яваад өгсөн...” /хх-ийн 10/, гэрч Б.Сумьяабазарын”... манай найз охин болох О.У-...үл таних залуу утсаар чинь яриад өгье гэж хэлээд “Самсунг ноте-8” загварын гар утсыг залилан авч зугатаасан талаар хэлсэн...” /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг, *******-ын “...би утсыг нь 5 минут орчим оролдсон. Тэгээд найз руугаа нэг залгачих уу гэж хэлээд босоод намайг уучлаарай гэж хэлээд гүйгээд явсан...” /хх-ийн 30/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 21-26/, *******-ын “...хохиролын 700.000 төгрөгийг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 67/, хохирогч О.У- “...сайн дураараа эвлэрч хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 66/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Улсын яллагчаас *******-ыг Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.
Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******-ыг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.
Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг *******-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ