Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/363

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Д.Цолмон,

            шүүгдэгч  Г.А, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их мэргэд овогт Ганболдын Ариунболдод холбогдох 1808006790257 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэггэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Фүжи холдинг” ХХК-нд арьс шир боловсруулагч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 21-8 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 4-3 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Их мэргэд овгийн Ганболдын Ариунболд, Регистрийн дугаар: /РЭ-88081619/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 23-24 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” нэртэй караокед хохирогч Б.Мөнхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Г.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Тодруулбал, Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 23-24 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Титэм” нэртэй караокед хохирогч Б.Мөнхбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

                  Хохирогч Б.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 5 шарын урд таксинд явдаг жолооч нар нийлж шинэ жил тэмдэглэж 12-уулаа 1 дүгээр хорооллын Цамбагаравын арын “Титэм” төвийн караоке орж сууцгаасан юм. Тэгээд бид нар тэндээ ууж идэж дуулж сууцгааж байгаад шөнө 00 цаг болж байхад дуусч гарцгаах гэж байтал Ариунболд сууж байснаа босож ирээд над дээр хүрч ирснээ үгийн зөрүүгүй шууд л миний хамар луу 1 удаа цохисон. Тэгэхэд нь миний хамарнаас цус гоожоод хамраа дарахад цуг байсан хүмүүс Ариунболдыг салгаж бөөндөө цугтаа 5 шар орцгоож би гэр лүүгээ оччихоод буцаж гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн.  Г.А нь надад 180.000 төгрөг өгсөн. Өөр мөнгө өгөөгүй. Би хамрын хагалгаанд орж тэгшлүүлэх шаардлагатай байгаа. Намайг 2 удаа хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Энэ зардлаа нэхэмжилнэ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/

 

                  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1298 дүгнэлтэд: “...Б.Мөнхбатын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 29х/

 

                  Гэрч Ш.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би таксинд явдаг найз нөхдийн хамт шинэ жил тэмдэглэж бид нар Цамбагаравын арын “Титэм” караокед орж ууж идэж сууцгааж байгаад орой уг караоке хаах дөхчихсөн авсан юмнууд ч гэсэн дуусч эхнээсээ гарцгааж байсан ба би бас гарч тамхи татчихаад хувцсаа авах гээд караоке руу ортол Мөнхбатын хамарнаас цус гоожчихсон, Ариунболд хажууд нь зогсож байхаар нь би яаж байгаа юм гэж Ариунболдод хэлээд цааш нь холдуулж салгаад гараад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/

 

Гэрч Б.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 23 цагийн орчимд байх бид нар ууж идэх юмаа дуусгаад тарцгааж байсан ба ихэнх хүмүүс гарчихсан байсан ба караокений өрөөнд Жак бид 2 дуу дуулаад Ариунболд, Мөнхбат хоёр сууцгааж байсан ба юу болсныг сайн анзаараагүй гэнэт л Ариунболд Мөнхбатын нүүр лүү мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/

 

                  Шүүгдэгч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 5-н шарын урд таксинд явдаг хүмүүстэй нийлж Цамбагаравын Титэм төвийн караокед 22 цаг болж байхад орцгоосон. Тэнд дандаа таксинд явдаг 10 гаруй хүмүүс цуглацгаасан байсан ба бид нар бөөндөө архи пиво ууцгаасан ба орой гарцгаахаар болоод ихэнх нь тамхи татацгаахаар гараад явцгаасан ба караокены өрөөнд Мөнхбат, Аюуш ах, өшөө нэг нь байсан хэн байсан гэдгийг нь одоо санахгүй байна, тэгээд сууж байгаад би Мөнхбатад хандаж адилхан жолооч байж нэгнийгээ тэгж хэлж яадаг юм гээд над руу дайраад байсан. Бид хоёр суудлаасаа босоод өөд өөдөөсөө харж маргалдаж байгаад би толгойгоороо Мөнхбатын нүүр хэсэг рүү нэг удаа мөргөтөл хамарнаас нь цус гоожсон. Тэгтэл Энхбаатар орж ирснээ намайг барьж авч салгаад тэгээд тараад явцгаасан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Г.А нь хохирогч Б.Мөнхбатын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №1298 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон тул шүүгдэгч Г.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч Б.М, шүүгдэгч Г.А нар нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байдал  нь хэн нэгэндээ гэмтэл учруулахад нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Г.А-ын хувийн байдлын талаар:

Гэрч Г.Анхболдын мэдүүлэг /хх-ийн 26-27х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Б.Мөнхбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эрүүл мэндийн төлбөр гэж нэхэмжилж 120.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч Б.Мөнхбатад 180.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 68/ зэргээр тогтоогдсон,  хохирогч Б.Мөнхбат нь цаашид эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай гэх тул шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Аын анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.А-ын үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, Г.А нь “Фүжи холдинг” ХХК-д арьс шир боловсруулагчаар ажилладаг, эзэн нь хятад хүн учир тамга тэмдэгээ аваад явчихдаг, энэ байдлаас болж тодорхойлолтыг авч чадаагүй, сард 700,000 төгрөгөөс 1 сая төгрөг хүртэл авдаг, мөн амралтын өдрөөр ахынхаа машинаар таксины үйлчилгээ эрхэлдэг, торгуулыг ялыг бүрэн биелүүлэх боломжтой, иймд энэ байдлыг харгалзаж өгнө үү гэх шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөн  шүүгдэгч Г.Аын хувийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нь баримтын хүрээнд гарсан зардлыг хохирогчид төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал  зэргийг харгалзан Г.Аод 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж,  Г.А-од оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч Г.А-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Их мэргэд овогт Ганболдын Ариунболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-од оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй Г.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүгдэгч  Г.А-оос хохирогч Б.Мөнхбатад 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, хохирогч Б.Мөнхбат  нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарсан зардал, цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг  дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ