Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 153/2018/00747/И |
Дугаар | 001/ХТ2020/00473 |
Огноо | 2020-09-08 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2020/00473
Б.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2019/00167 дугаар шийдвэртэй,
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 206/МА2019/00052 дугаар магадлалтай,
Б.А-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Ховд сумын Х Цт холбогдох
Ховд аймгийн Ховд сумын Х Цийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А- /онлайн/, гуравдагч этгээд И.Ж- /онлайн/, түүний өмгөөлөгч Н.О- /онлайн/, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие Ховд аймгийн Ховд сумын Х Цийн сахиулаар 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Б/09 тоот тушаалын хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Гэтэл 2017 оны 01 сарын 12-ны өдрийн цэцэрлэгийн эрхлэгчийн Б/03 тоот тушаал гарч Х Цийн харуулаар давхар томилж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240.000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулах болсон. Цэцэрлэгийн эрхлэгчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан бөгөөд 2018 оны 02 сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 150 дугаартай шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 6 сарын 18-ны өдрийн Б/04 дугаартай цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилох тухай тушаал гарч миний бие цэцэрлэгийн сахиулын ажилд томилогдон ТҮ1/1 шатлалаар цалинжин ажиллаж зөрчигдсөн эрх сэргэсэн билээ. Гэтэл Ховд аймгийн Ховд сумын Х Цийн эрхлэгчийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн Б/12 тоот тушаал гарч харуулын ажилд томилогдон цалингийн доод хэмжээгээр цалинжуулахаар болсон нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Цэцэрлэгийн бүтэц орон тоонд харуул гэсэн орон тоо байхгүй бөгөөд сахиулын нэг орон тоон дээр миний бие ажиллаж байхад шүүхийн 560 дугаартай шийдвэрийг үндэслэн харуулын ажилд томилсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Цэцэрлэг нь сахиулын ганц орон тоогоор ажилладаг. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэнэт харуул гэсэн орон тоог сумын Засаг дарга, эрхлэгчийн албан тушаал хашиж байсан Т.Айхашхан хоёр тохиролцон И.Ж-ийг харуулаар томилон ажиллуулсан байдаг Б.А- нь шүүхэд хандснаар ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарсан. Иймд шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.А- нь энэ хугацаанд ажиллаж байсан. Цалингийн зөрүүг нөхөн гаргаж өгөх боломжгүй гэжээ.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2019/00167 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд аймгийн Ховд сумын Х Цийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, Шещруши байгелд овогт Бердитилеугийн Ауганбекийг Ховд аймгийн Ховд сумын Х Цийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймгийн Ховд сумын Х Цээс цалингийн зөрүүтэй тэнцэх олговор 1,297,058 /нэг сая хоёр зуун ерөн долоон мянга тавин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн өөр ажилд буруу шилжүүлсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Х Цт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Ховд аймгийн Ховд сумын Х Цээс улсын тэмдэгтийн хураамжид 35679 /гучин таван мянга зургаан зуун далан ес/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 206/МА2019/00052 дугаар магадлалаар Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2019/00167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд И.Ж-, өмгөөлөгч Н.О- нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч Б.А- нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ховд аймгийн Ховд сумын Х Цийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг эх хувиар биш скайнердсан хувийг нотлох баримтаар үнэлүүлэхээр гаргаж өгсөн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй учир гуравдагч этгээдийн талаас шүүхэд “Ховд аймгийн Ховд сумын Х Цээс 2016, 2017, 2018 оны тушаалуудыг эх хувиар нь гаргуулах, Ховд аймгийн Ховд сумын Төрийн сангаас Б.А-ийг 2016 оны 10 дугаар сард ажилд томилсон тушаалыг гаргуулах” хүсэлтүүдийг удаа дараа гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Х Цийн эрхлэгчийн 2016 оны тушаалуудын 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Б/09 дүгээр тушаал нь Б.А-ийг ажилд авсан тушаал биш, өөр хүний хөдөлмөрийн харилцааг зохицуулсан тушаал байгаа болно. Мөн Ховд аймгийн Ховд сумын Төрийн сангаас Ховд аймгийн Ховд сумын Х Цийн эрхлэгчийн 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Б/08 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар Б.А-ийг ажилд томилсон баримтыг ирүүлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Б/09 дүгээр тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, төрийн байгууллагаас гаргуулж авсан бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн журмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт нь эргэлзээтэй байх тул гуравдагч этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт заасан эрхийн дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хангахаас татгалзаж байсан. Ингэснээр гуравдагч этгээдийн хуульд заасан эрхийг хязгаарлаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж оролцох эрхээр хангаагүй. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 сарын 14- ний өдрийн шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд нь “Бие даасан шаардлага” гаргасныг тус шүүхийн шүүгчийн 154/Ш32019/00541 дүгээр “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Захирамжид “гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь нэхэмжлэлийн бүх шаардлагыг хангасан байвал зохино” гэж дүгнэжээ. Бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах нэг үндэслэл болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй” гэсэн үндэслэл нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт зааснаар “шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө" гэсэн үүргийг хуульчлан зохицуулсан. Гэтэл шүүгчийн 154/Ш32019/00541 дүгээр “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжид дээрх хуулийн заалтыг тусгаагүй байх бөгөөд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй” байхаар зохицуулагдсан болно. Гэтэл шүүгчийн 154/Ш32019/00541 дүгээр “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай" захирамж нь гомдол гаргах эрхгүй байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан хзрэглэж, гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон болно. Нэхэмжлэгч Б.А-, И.Ж- нар нь Ховд аймгийн Ховд сумын Х Цийн эрхлэгчийн хөдөлмөрийн харилцааг зөрчсөн хууль бус тушаалуудаас болж удаа дараа шүүхэд хандаж байгаа болно. Иймд шийдвэр, магадлалыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн’ “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.А-, Ховд аймгийн Ховд сумын Х Цт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, дутуу төлөгдсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Гуравдагч этгээд И.Ж-, өмгөөлөгч Н.О- нарын гомдолд дурдсан агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдоогүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, эрхэлж байсан ажлаас чөлөөлж, өөр ажилд томилж, цалин хөлсийг бууруулсан маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийжээ.
Б.А- анх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хөдөлмөрийн хугацаагүй гэрээний үндсэн дээр тус цэцэрлэгт сахиулаар ажилд орсон бөгөөд ажил олгогч И.Ж-ийг ажилд авсантай холбоотой нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр буюу сахиулын гүйцэтгэх үүргийг хувааж, цалин хөлсийг багасган харуулаар томилсон нь түүний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж сахиулын ажилд томилсон шүүхийн шийдвэр өмнө гарч хуулийн хүчин төгөлдөр болжээ. Шүүхийн уг шийдвэрийн дагуу ажил олгогч Б.А-ийг сахиулаар ажилд томилсон атлаа 2018.10.18-ны өдрийн Б/12 тоот тушаалаар дахин харуулаар томилсон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй болохыг шүүх дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И.Ж- бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож тайлбар гаргасан ба түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж, “...нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн хэргийн 4,5-р талд байгаа Б.А-ийг анх ажилд томилсон 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/09 тоот тушаал, мөн харуулаар томилсон 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/03 тоот тушаалууд нь эх хувь мөн эсэх, түүнд зурагдсан гарын үсэг, дарагдсан тамга тэмдэг нь хуурамч эсэхэд шинжээч томилуулахыг хүссэнийг шүүгч 2019.06.14-ний өдрийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсныг буруутгах боломжгүй байна. Эдгээр тушаалын үндэслэлд шүүхийн өмнөх шийдвэрээр дүгнэлт хийсэн тул хүсэлт нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой биш байна.
Хэргийг хэлэлцсэн 2019.08.14-ний өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд И.Ж- “ сахиулын ажилд тогтоолгох” бие даасан шаардлага гаргаж буйгаа илэрхийлж шүүхэд бичгээр хандсаныг шүүгчийн 2019.08.14-ний өдрийн 154/ШЗ2019/00541 тоот захирамжаар шийдвэрлэжээ. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй, тухайлбал хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотолсон баримтыг гаргаагүй, дурдаагүй тул хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль зөрчөөгүй байна. Эдгээр байдлын талаар давж заалдах шатны шүүх магадлалдаа тодорхой тусгажээ.
Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 154/ШШ2019/00167 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 206/МА2019/00052 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд И.Ж-, түүний өмгөөлөгч Н.О- нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гуравдагч этгээд нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ