Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0164 |
Огноо | 2014-04-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2014/0164
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ
ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ
2014 оны 04 дүгээр сарын 24 өдөр дугаар 164 Улаанбаатар хот
О.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, О.Б-ийн нэхэмжлэлтэй, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл- Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/103 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны А/754 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Засгийн газрын тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” гэсэн заалтыг үндэслэн тушаал гаргаж, О.Б-г холбогдох албан тушаалд томилох асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн гэжээ.
Захиргааны хэргийн анхан 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас давж заалдах гомдолдоо:
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан
О.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм. Мөн Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон албан тушаалтныг чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс дүгнэлт гаргуулдаг эсэхийг лавлахад Төрийн албаны тухай хуульд энэ талаарх зохицуулалт байхгүй, ийм практик өнөөдрийг хүртэл байхгүй байна гэж тайлбарлаж байгаа болно.
Иймд шүүх Төрийн албаны тухай хуульд албан тушаалтныг чөлөөлөхөд дүгнэлт гаргадаг заалт байхгүй байхад байгаа мэтээр тайлбарлан шийдвэр гаргасан.
О.Б-г Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг үндэслэн чөлөөлсөн байх боловч уг хуулийн заалтыг хэрэглэх нөхцөл хангагдаагүй байна. "гэжээ.
Шүүх дээрх заалтын "...төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно." гэснийг бус "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн.." гэдэгт илүү ач холбогдол өгч тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл зайлшгүй шаардлага үүсээгүй байхад О.Б-г ажлаас чөлөөлсөн нь буруу гэжээ.
"Зайлшгүй шаардлага" гэдэг нь харьцангуй ойлголт юм. Жишээ нь шүүх ямар, ямар зайлшгүй шаардлага үүссэн бэ гэдгийг хариуцагчаас нотлохыг шаардаж байхад маргаан бүхий шийдвэр /Сайдын А/103 тоот тушаал/ нь ажлын зайлшгүй шаардлагын улмаас л гарсан.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын асуудал хариуцсан сайд Нийгмийн даатгалын салбарын үйл ажиллагааг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийцүүлэн удирдахдаа Нийгмийн даатгалын байгууллагын удирдлагатай нягт хамтран ажилладаг болно. Энэ хүрээнд сайд томилох эрх бүхий албан тушаалтны ур чадвар, ажлын туршлага, мэргэшсэн байдал зэргийг харгалзан хуулиар зөвшөөрсөн эрх хэмжээнийхээ хүрээнд өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах бүрэн эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхдээ тухайн албан тушаалтантай зөвшилцөнө. Сайд хуулиар зөвшөөрсөн, хуульд нийцсэн үйлдэл хийсэн байхад шүүх "Танд ийм эрх байхгүй" гэсэн агуулгатай нэг ёсондоо байгууллагын удирдан зохион байгуулах, хуулиар зөвшөөрсөн эрхийг/сайдын/ хаасан шийдвэрийг гаргаж байна.
Хариуцагч талаас энэ талаар хангалттай тайлбарыг шүүхэд удаа дараа хүргүүлсэн, сайд О.Б-тай зөвшилцөх явцад уг асуудлыг сайн мэдэх яаманд ажилд томилохоор О.Б-г удаа дараа дуудах зэргийг сайн мэдэж байгаа холбогдох албан тушаалтнаас тайлбар гаргуулах, мэдүүлэг авах, шүүх хуралдаан дээр гэрчээр оролцуулах боломжтой гэж хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй болно.
Дээрх хүсэлтийг хариуцагч талаас тавьсаар байтал шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт "О.Б-г яаманд ямар ажил, албан тушаалд тавих гэж байгаа нь тодорхойгүй, түүнтэй тохиролцохдоо ажлыг нь өөрчлөх талаар бус Австрали улсад тэтгэлэгт сургалтад явах талаар тохиролцсон болох нь тогтоогдлоо." гэжээ.
2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр сайд О.Б-г дуудаж ажлыг нь өөрчлөх талаар ярихад О.Б нь "хамтарч ажилласан явдалд баярлалаа" "та ингэж шийдэж байгаа бол надад татгалзах зүйлгүй" "харин та намайг Австралийн тэтгэлэгт сургалтад хамруулж өгнө үү" гэх мэт үгүүдийг хэлснээрээ Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтад нийцсэн. Мөн түүнчлэн О.Б-ийн "Австралийн тэтгэлэгт сургалтад хамруулж өгнө үү" гэсэн хүсэлт өөрөө ажлаас чөлөөлж яаманд ажилд томилохыг зөвшөөрснийг харуулж байна.
Шүүх илтэд нэхэмжлэгч талын хүсэлтийг хангаж шийдвэрлэхийг эрмэлзэж хариуцагч талаас тавьж байгаа хүсэлтийн дагуу яамны холбогдох ажилтнуудаас тайлбар гаргуулаагүй, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулаагүй, энэ талаараа яагаад хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаагүй талаар шийдвэр гаргаагүй байж шүүх хуралдаан дээр О.Б-ийн хэлсэн ярьсанд тулгуурлан "сайд Б хоёр ажил өөрчлөх талаар бус Австрали улсад сургуульд явах талаар тохиролцсон нь тогтоогдлоо" гэж худлаа шийдвэр гаргаж байгааг ойлгохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасны дагуу, мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг үндэслэн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу дуусгавар болсон гэж үзсэн. Засгийн газрын гишүүний гаргасан аливаа шийдвэрт /энэ нь ажлаас чөлөөлсөн, бусад асуудлаар гарсан бүх шийдвэр хамаарна./ гомдол гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийг баримтлах ёстой. Гэтэл О.Б нь Төрийн албаны зөвлөлд хандсанаараа шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн О.Бд өгсөн 898 тоот албан бичигт "Та манайд биш Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байжээ" гэсэн агуулга бүхий хариуг өгснөөр нотлогдоно.
Гэтэл шүүх О.Б-ийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх хариуцагчийн тайлбарыг буруу ойлгосон, эсвэл зориуд мушгин гуйвуулж тайлбарлаж байна. Хариуцагч тал нэхэмжлэгчийг яахаараа заавал 30, 30 хоногоор цаг хожих мэт, зориуд ийм хугацаанд гомдол гаргаад яваад байгааг нь ойлгохгүй байна гэсэн болохоос бус тушаалаа авангуут 30 хонож байгаад Төрийн албаны зөвлөл рүү, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг 30 хоногийн дараа аваад, дахиад 30 хоног болж байгаад Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгааг хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбож үзээгүй, тайлбарлаагүй.
О.Б нь Төрийн албаны зөвлөлд хандсан, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой.
Гэтэл Захиргааны хэргийн шүүхэд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч биш Сайдын А/103 тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл шинээр гаргаж байгаа нь Захиргааны хэргийн шүүхэд хандах хугацаа 3 сараар буюу 90 хоногоор хэтэрсэн байна.
О.Б нь өмнө нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлыг хийж байсан төрийн жинхэнэ албан хаагч байж Төрийн албаны тухай хуулийг судалж мэдэх ёстой байсан, хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл хууль зүйн туслалцаа авах эрх нь нээлттэй байсан гэх эрх үүргээ хэрэгжүүлээгүй нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймээс Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгч О.Б нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/103 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Маргаан бүхий тушаалаар О.Б-г Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Хариуцагчаас “О.Б-тай зөвшилцөж, сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн” гэж, нэхэмжлэгчээс “надтай зөвшилцөөгүй” хэмээн маргаж байна.
Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэх ажиллуулах харилцааг зохицуулсан байх ба хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн байх бөгөөд шүүхэд тайлбар гаргахдаа мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг болох сэлгүүлэн ажиллуулах зохицуулалтыг хэрэглэсэн хэмээжээ.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэж ажиллуулах шийдвэр гаргахдаа дараах нөхцөлийг хангасан байхыг шаарджээ.
Үүнд, нэгдүгээрт төрийн албан хаагч өөрөө зөвшөөрсөн байх, хоёрдугаарт төрийн байгууллага хооронд, тэдгээрийн удирдлага харилцан тохиролцсон байх, гуравдугаарт ажлын тодорхой чиглэл байх гэсэн нөхцөлийг заажээ. Гэтэл хариуцагчаас хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.
Учир нь О.Б нь ямар ажил, албан тушаал эрхлэх гэж байгаа, энэ нь өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц эсэх, цалин хөлс өөрчлөгдөх эсэх нь тодорхой байж, “зөвшилцөх” гэдэг шаардлагыг хангасан гэж үзнэ. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар нь энэ асуудлаар харилцан тохиролцоогүй, нэхэмжлэгч ямар албан тушаал эрхлэх гэж байгаагаа мэдээгүй байжээ.
Хариуцагчийн “сургалтад хамруулж өгнө үү гэсэн О.Б-ийн хүсэлт нь өөрөө сэлгэн ажиллуулахыг зөвшөөрч байгаа юм биш үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Ү зааснаар сэлгэж очих албан тушаалын талаар талууд зөвшилцөх ёстой.
Мөн сэлгэж ажиллуулах тохиолдолд сэлгэн ажиллах албан хаагчийн үндсэн болон хүлээн авагч байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсон байх шаардлага хангагдаагүй буюу энэ үйл ажиллагаа хийгдээгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 253 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчийг сэлгэн ажиллуулах журамд зааснаар сэлгэн ажиллуулах арга хэмжээний зорилго нь ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшихэд орших ба энэ тохиолдолд ажлын чиглэл тодорхойгүй байх тул сэлгэж ажиллуулах зорилго нь тодорхойгүй байна.
Хариуцагчийн “нэхэмжлэл гаргах хугацаа 2013-8-2-нд дууссан, цаг хожих мэт зориуд 30 хоногт гомдол гаргаж байгааг ойлгохгүй байна” гэх гомдлын тухайд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор гомдол гаргах эрхийг нэхэмжлэгчид олгосон, нэхэмжлэгч энэ эрхийн хүрээнд 30 хоногт багтаан гомдол гаргасныг буруутгах үндэслэлгүй.
Мөн хариуцагчийн “гэрч асуулгах хүсэлтийг шийдээгүй, гэрчээр асуугаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Дээр дурдсанаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь сэлгэн очиж ажиллах албан тушаалын талаар зөвшилцөөгүй болох нь тогтоогдсон тул гэрчийн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдолгүй.
Иймд, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.