Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 88

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 156/2016/0101/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                        Б.Алтансувд   
Улсын яллагч                      Я.Сансар 
Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Оюунцэцэг
Шүүгдэгч                                               Ж.Баатарцогт нарыг оролцуулан
     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жамъяаншаравын Баатарцогтод холбогдох эрүүгийн 201623000143 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. 
 
 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
 Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1972 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл-1, Хэнтий аймгийн Баянхутаг сум 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэл үгүй, Боржигон овогт Жамьяншаравын Баатарцогт /РД: СЕ72030213/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 
Шүүгдэгч Ж.Баатарцогт нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Адгийн мөргөцөг” гэх газар татсан тамхиа унтраалгүй хаясаны улмаас Хэнтий аймгийн Баянхутаг сумын бэлчээрийн 18058,08 га газар шатан 68.927.691 төгрөгийн экологийн хохирол, Баянхутаг сумын иргэн Г.Алтансаруулын гэр, хашааны шургааг, морь шатаж 2.450.000 төгрөгийн хохирол, Ж.Ганзоригийн малын саравч шатаж 850.000 төгрөгийн хохирол, Б.Батсайханы малын саравч шатаж 1.416.000 төгрөгийн хохирол, Г.Алтанхуягийн малын саравч шатаж 2.100.000 төгрөгийн хохирол, Г.Үүрмандахын нүүр болон 2 гар нь түлэгдэж хөнгөн гэмтэл учруулж нийт 75.743.691 төгрөгийн буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
    
ТОДОРХОЙЛОХ НЬ: 
Шүүгдэгч Ж.Баатарцогт нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Адгийн мөргөцөг” гэх газар татсан тамхиа унтраалгүй хаясны улмаас Хэнтий аймгийн Баянхутаг сумын бэлчээрийн 18058,08 га газар шатан 68.927.691 төгрөгийн экологийн хохирол, Баянхутаг сумын иргэн Г.Алтансаруулын гэр, хашааны шургааг, морь шатаж 2.450.000 төгрөгийн хохирол, Ж.Ганзоригийн малын саравч шатаж 850.000 төгрөгийн хохирол, Б.Батсайханы малын саравч шатаж 1.416.000 төгрөгийн хохирол, Г.Алтанхуягийн малын саравч шатаж 2.100.000 төгрөгийн хохирол нийт 75.743.691 төгрөгийн буюу бусдад онц их хэмжээний хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Байгальмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энэ түймэрийн талаар бол сайн мэдэх зүйл бол байхгүй. Гэхдээ энэ түймрийн улмаас манай Жаргалант багийн нутаг бэлчээр хөдлөнгийн талбай шатсан яг хэдэн га газар шатсан гэдгийг экологи эдийн засгийн үнэлгээ дээр тодорхой байгаа. Мөн учирсан хохирол нь тодорхой байгаа. Гэм буруутай этгээдээр багийн айл өрх болон сум орон нутагт учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Түймрийн талаар бол өөр надад хэлж мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч гэсэн Чулуунхүүгийн гэрийн гаднаас гал гарсан байсан. Би Баатарцогттой таараад “хэн түймэр тавьчихваа, Чулуунхүүгийн гэрт чамайг ганцаараа үлдсэн гэсэн” гэж асуухад Баатарцогт “би түймэр тавиагүй, Чулуунхүүгийн эхнэр нь үнсээ асгаад явчихсан” гэж хэлж байсан. Гэхдээ түймэр Чулуунхүүгийн гэрийн гаднаас гарсан гэдэг тодорхой байсан, ердөө гэрийнх нь үүднээс шахуу гарсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40-41 хуудас/
Хохирогч Г.Алтансаруулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн нутагт Адгийн мөргөцөг гэдэг газар 2016 оны 04 дүгээр сарын сүүоээр хаваржиж байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би хөдөө гэртээ нөхрийн хамт 2-лаа байж байтал үдийн үеэр шиг санаж байна хойноосоо гэнэт улаан гал авалзаад манайхыг чиглээд ирсэн, энэ үед салхи хойноосоо байсан болохоор яг түймэр манайхыг дайрсан, түймэр ирж байгааг мэдээд манай нөхөр Гантулга гэртээ үлдэж гэрээ галаас хамгаалж үлдсэн, харин би малаа туугаад түймрээс зайдуу гарсан. Тэгээд түймэр өнгөрсөн хойно гэртээ ирэхэд манай нөхөр галаас өөрийн амьдарч байсан 4 ханатай гэрээ авч үлдсэн байсан, харин малын хашаа болон 4 ханатай илүү гэртээ тэр чигт бүгдийг нь түймэрт шатаасан байсан. Мөн унлаганы 1 морь галд шатсан. Тэгээд түймэр манайхаас урагшаа нилээн явсан байсан, галыг маргааш өдөр нь унтраасан гэж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 46 хуудас/
Хохирогч Ж.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манайх гал түймэр гардаг тэр үед буюу 2016 оны 04 сраын 21-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн Адгийн мөргөцөг гэх газар хаваржиж байсан юм. Тэр өдөр үдийн өмнө худаг дээрээ малаа услаж байтал Чулуунхүүгийн хавиас утаа гарч байсан, тэгээд төд удалгүй манай брауун хойноос гал түймэр гарсан. Энэ гал түймэрт Дүгэргийн баруун хонхор гэдэг газар байдаг манай өвөлжөө тэр чигтээ шатсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ / 50-р хуудас/
Хохирогч Б.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “... Яг түймэр гарах үеэр бол манайх хүнгүй байсан. Энэ түймэрт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Гутлын-уул гэх газарт байсан манай өвөлжөөний хашаа саравч шатсан. Манай өвөлжөө энэ түймрийн зүүн захад нь байсан юм....” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 52-52 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 54-р хуудас/
Хохирогч Г.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх тухайн үед Баянхутаг сумын 1-р багийн нутаг Баянхүрээ уулын зүүн хойд хөндийд хаваржаандаа байсан юм. Тэгээд би Баянхутаг сумын 1-р багийн нутаг ар булаг гэдэг газар байдаг өвөлжөө рүүгээ очсон намайг очиход манай өвөлжөөнөөсөө тойруулж гаргах гээд цохиж эхэлсэн боловч хойноосоо их салхитай байсан учир дийлэхгүй өвөлжөө рүүгээ алдсан. Тэгээд түймэр манай өвөлжөөний үхрийн хашаа, морьны хашаатай саравч шатсан, үхрийн хашаа саравч нь тэр чигтээ юу ч үлдэлгүй шатсан. Харин морьны хашаагаа шатаж байхад машинаараа троссоор татаж арай гэж буулгаж авсан. Өвөлжөөний хашаа саравчны хувьд 90 ширхэг 1 төө орчим зузаантай хар модон шургааг болон 150 орчим банзаар барьсан байсан юм. ... гэсэн мэдүүлэг  /хх-ийн 56-57 хуудас/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58-р хуудас/
Хохирогч Г.Үүрдмандахын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Гал түймэр гарах үеэр манайх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2-р багийн нутаг Улаан дэл гэр газар хаваржиж байсан юм. Тэр өдөр үдийн үеэр малдаа явж байтал хойноосоо түймэр орж ирсэн. Тэгээд гэрээ галаас гаргах гээд түймэр цохиж байгаад би нүүр болон гараа галд түлсэн. Галд шатсан эд зүйл мал бол байхгүй. Тэр өдөр хойноосоо их салхитай байсан болохоор гал их хурдан тархсан. Манай тэр хавиар нутагладаг Ганзориг, Алтанхуяг, Батсайхан, Гантулга нарын өвөлжөөний хашаа саравч тэр чигтээ юу ч үлдээгүй шатсан байсан. Тэр гал түймэр манайхаас 500 метр хэртэй зайтай өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/
Гэрч Г.Долгормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Манайх тэр түймрийн үеэр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн нутагт Адгийн мөргөцөг гэдэг газар өвөлжөөндөө байсан юм. Нөхөр Чулуунхүүгийн хамт хот явах ажил гараад нөхрийн найз Баатарцогтыг гуйж малаа харуулахаар болсон. Баатарцогт гал түймэр гардаг өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өглөө 07 цагийн үед манайд ирсэн юм. Манайд ирэх үед нөхөр бид 2 аймаг руу явах гээд эрт босчихсон байсан юм. Тэгээд явах болсон манай мотоцикль асахгүй байхаар нь манай нөхөр севчээг нь аваад зуухандаа жоохон аргал ноцоож байгаад севчээгээ цэвэрлээд мотоциклио асаасан. Тэгээд нөхөр бид хоёр 07 цаг 30 минутын үед гэрээсээ хөдөлсөн. Тэгээд аймгийн төв дээр ирээд Улаанбаатар явах унаанлаа суучихаад байтал 12 цагийн үед түймэр гарсан талаар хожуу мэдээд нөхөр бид 2 буцсан. Өвөлжөөндөө 13 цагийн үед очсон. Тэгэхэд гал нилээн явчихсан манай урд уулыг даваад нилээн хол явчихсан байсан. Нөхөр бид 2-г очиход Баатарцогт, Гомбожав нар манай гадаа байж байсан. Тэгээд болсон асуудлын талаар Баатарцогтоос асуухад “ хонио хариулж байгаад наашлаж байтал гэрийн урдаас утаа гарсан, тэгсэн нэг мотоциклтэй хүн гэрийн гаднаас хөдлөөд баруун хойшоо явж байсан нөхөр бид хоёрт хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 хуудас/
Гэрч Д.Чулуунхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “....Манайх тухайн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1-р багийн Адгийн мөргөцөг гэх газар өвөлжөөндөө байсан юм. Тэгээд эхнэрийн хамт Улаанбаатар хот руу явах ажил гараад өөрийн танил Баянхутаг сумын харьяат Баатарцогт гэдэг хүнийг гуйж байгаад малаа харуулахаар болсон юм. Баатарцогт тэр гал түймэр гардаг өдөр буюу 2016 оны 04 сарын 21-ний өглөө эрт 07 цагийн үед мотоциклтэй ирсэн юм. Манайд ирэх үед нь эхнэр бид 2 аймагруу явах гээд босчихсон байсан юм. Тэгээд явах болсон мийний мотоцикль асахгүй байхаар нь би севчээг нь авч зуухандаа 2 аргал ноцоож байгаад жоохон шатааж цэвэрлээд мотоциклоо асаасан. Тэгээд эхнэр бид хоёр 07 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан. Тэгээд аймгийн төв дээр ирээд Улаанбаатар явах унаандаа суучихаад байж байтал 12 цагийн үед түймэр гарсан талаар мэдэж буцаж явсан. Тэгээд өвөлжөөн дэрээ 13 цагийн үед очсон. Тэгэхэд гал манай урд уулыг даваад нилээн хол явчихсан байсан. Бид 2-г очиход Баатарцогт, Гомбожав нар байсан тэгээд болсон асуудлын талаар Баатарцогтоос асуухад “хонио хариулж байгаад наашлаж байтал гэрийн урдаас утаа гарсан, тэгсэн нэг мотоциклтэй хүн хөдлөөд баруун хойшоо явж байсан” гэж эхнэр бид 2-т хэлсэн. Энэ гал түймрийн улмаас манайд учирсан хохирол байхгүй..... Гал манай гэрийн урдаас ойролцоогоор 10 гаран метрийн зайтай газраас гарсан байсан. Энэ гал гарсан газар нь манай үнсээ асгадаг газраас баруун урагш 5-6 метрийн зайтай газар байдаг юм. Анх гал гарсан газар болон манай үнсээ асгадаг газар 2-н хооронд үхрийн хуучин баас хэвтэр байсан юм. Тэр үед бол салхи баруун хойноосоо зүүн урагшаа дуу чигтэй их хүчтэй байсан юм. Тэгэхээр тэр гал анх гарсан газар нь манай үнсний баруун урд байгаа юм. Хэрвээ үнснээс гарсан бол салхины уруу буюу манай үнс асгадаг газрын зүүн урд талаас нь гармаар нь юм. Гэхдээ манай үнснээс гал гарсан байх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67 хуудас/
Гэрч Б.Нямтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 сарын 21-ний өдөр ямаагаа эргүүлэх гээд нөхрийн хамт машинтайгаа уулруу гартал Чулуунхүү ахын өвөлжөөний урдаас их утаа гарч байсан. Тэгээд нөхөр бид 2 ямаагаа уулнаас буулгачихаад гэрээс очиж ээжийг аваад Чулуунхүү ахын өвөлжөө рүү яваад очтол гэрийнх нь урдаас ойролцоогоор 10 орчим метр зайтай газраас урагшаа чигтэй гал гарч байсан, тэнд Баатарцогт гэдэг хүн дээл барьчихсан гал цохиод байж байсан. Тэгээд тэндээ нөхрөө үлдээгээд нөгөө Баатарцогтын гар утсыг нь аваад, ээжтэй хамт сүлжээтэй газар очиж онцгой байдал руу дуудлага өгөхөөр явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/
Гэрч Д.Гомбожавын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...2016 оны 04 сарын 21-ний өдөр 11 цагийн үед манай ишиглэсэн ямаанууд өндөр толной өөд гарчихаад эхнэрийн хамт машинтай өндөр толгой руу гарч буулгахаар очтол Чулуунхүү ахын өвөлжөөнөөс утаа гарч байсан., Би тухайн үед Чулуунхүү ахын гэр нь шатаж байна гэж харсан, галын утаа гэрийнх нь ердөө урдаас гарч байсан юм. Тэгээд гэрээр орж ээжийг аваад Чулуунхүү ахын өвөлжөө яваад очтол Баатарцогт ганцаараа дээл барьчихсан гал цохиод байж байсан би тэнд үлдээд Баатарцогттой хамт гал цохисон, харин манай эхнэр ээж 2 утас аваад дуудлага өгөхөөр явсан. Бид нарыг очиход бол гал гэрийн урдхан талд асаж байсан,  жалга руу ороогүй байсан. Тэр үед хойноосоо их салхитай байсан болохоор гал урагшаа их хурдан явсан. Баатарцогт бид 2 дийлээгүй алдсан. Тэгээд удалгүй хүмүүс ирцгээсэн. Гал анх гарсан цэг нь бол Чулуунхүү ахын гэрээс урагшаа 10 гаран метрийн зайтай газраас харлаад урагшаа явсан болох нь харагдаж байсан. Гал яагаад гарсан талаар Баатарцогтоос асуухад мотоциклтой хүн гэрийн үүднээс баруун хойшоо явж байсан, би хонио хариулж яваад урд дээрээс харсан юм гэж хэлж байсан. Баатарцогт их л сандарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэг зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17 хуудас/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн №131 дугаартай дүгнэлт /хх-ийн 96 хуудас/
Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын  байцаагч Ө.Ганзоригийн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №08/03 дугаартай гал гарсан талаарх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 98-99 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн №3754 дугаартай дүгнэлтээр “...эд мөрийн баримтаар хураагдсан ороодог тамхи ишэн дээрх шүлсний ДНХ-ийн тогтоцтой тохирсон...” гэх дүгнэлт    /хх-ийн 102-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Баатарцогтын татсан тамхиа унтраалгүй хаясны улмаас хээрийн түймэр гарч бэлчээрийн газар болон  иргэдийн эд хөрөнгө шатаж бусдад онц их хэмжээний хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. 
Аймгийн Прокурорын газраас Ж.Баатарцогтыг татсан тамхиа унтраалгүй хаясны улмаас Г.Үүрдмандахын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан байх ба хохирогч нарт учирсан хохиролыг шүүгдэгчээр төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Баатарцогтыг татсан тамхиа унтраалгүй хаясны улмаас Г.Үүрдмандахын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Жамъяаншаравын Баатарцогтыг хээрийн түймэр тавьж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жамъяаншаравын Баатарцогтыг 01 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баатарцогтод оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баатарцогтын цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн хуванцар савтай дүнсэн тамхи, 6х6,5 см хэмжээтэй сонингийн цаас, ороодог тамхины иш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баатарцогтоос 68.927.691 төгрөгийг гаргуулан Хэнтий аймгийн Баянхутаг сумын Засаг даргын тамгын газарт, 2.450.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Алтансаруулд, 850.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Ганзоригт, 1.416.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батсайханд, 2.100.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Алтанхуягт тус тус олгосугай.

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй ба Планет-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

    9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

    10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Баатарцогтод авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ