Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1027

 

 

 

 

 

 

 

 

 

2019           12           16                                        2019/ШЦТ/1027

 

 

     

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905045121287 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  Э-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо ... байрны 01 тоотод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий  эхнэр Ц.Бямбааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар нүүрэн тус газарт нь гараараа, хөл орчимд нь сандлаар тус тус цохиж түүний биед доод уруулд шарх, зүүн гуя, шилбэнд цус хуралт, өвдөг шилбэнд зулгаралт үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч М.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо ... байрны 01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий  эхнэр Ц.Бямбааг нүүрэн тус газарт нь гараараа, хөл орчимд нь сандлаар тус тус цохиж түүний биед доод уруулд шарх, зүүн гуя, шилбэнд цус хуралт, өвдөг шилбэнд зулгаралт үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Ц.Бямбаагийн “... 2019 оны 10 дугаар сарын 28-ны өглөө би охин Өлзиймааг цэцэрлэгт хүргэж өгчихөөд гэртээ 09 цагийн үед орж ирсэн. Гэртээ орж ирээд байж байтал манай нөхөр Э- миний гар утсыг үзэж байгаад миний сургалтанд сууж байхдаа хамт байсан хүнтэйгээ селфи хийсэн зургийг харчихаад энэ хүн чинь хэн юм гээд надтай маргалдаж намайг хардаад гэрт байсан жижиг модон сандал аваад миний хөл рүү шидсэн. Сандалаа аваад дахиад сандлаараа миний хөл рүү хоёр удаа цохисон. Би утсаа авъя цагдаа дуудъя гэсэн. Өгөхгүй байхаар нь би цонхоо онгойлгож байгаад туслаарай цагдаа дуудаарай гэж хашгирсан чинь цонх хаангуутаа намайг үсдээд газар унагаасан. Би босож ирээд цагдаа дуудна гэсэн чинь миний гар утсыг болон манай хүү Дэндэвдоржийн гар утастай хамт аваад гараад яваад өгсөн. Би цагдаа дуудаж чадаагүй. Гарч танихгүй хүний  утсаар цагдаа дуудсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. Энэ гэмтлийг манай нөхөр Э- намайг зодсоноос болж үүссэн.

... Гэрлэлтийн баталгаатай. 2006 онд Э-тай танилцаад 2007 онд гэр бүлж амьдарч байна. Дундаасаа хоёр хүүхэдтэй.

... Эмчилгээ хийлгээгүй, эмчилгээний баримт байхгүй. Тухайн үед үүссэн гэмтэл одоо бүгд эдгэсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13282 дугаартай:

“1. Ц.Бямбаагийн биед гэмтэл учирсан байна.

2. Доод уруулд шарх, зүүн гуя, шилбэнд цус хуралт, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 35-36 дугаар хуудас/

 

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа. /хэргийн 51 дүгээр хуудас/

 

М.Э-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 09 цагийн орчим манай эхнэр Бямбаа охин Өлзиймааг цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд гэртээ орж ирсэн. Би Бямбааг гэрт орж ирэхээр нь өчигдөр хаагуур явж байгаад ирсэн бэ гэж асуухад чамд миний хаагуур явах хамаагүй гэж хэлсэн. Би тэгэхээр нь яахаараа хамаагүй байдаг юм бэ гэж хэлээд маргалдсан. ... Би эхнэртэйгээ түлхэлцэж байх үедээ газар байсан модон жижиг сандлыг аваад эхнэр Бямбаагийн хөл рүү цохисон. Тэгээд би эхнэрийнхээ гар утсыг гарнаас нь булаагаад авсан.

... 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэрийн гар утас нь холбогдохгүй өдөржин таг чиг байхгүй байж байгаад орой гэртээ ирэхдээ гадуур хувцас нь шороо болчихсон хувцаснаас нь архи, тамхины үнэр үнэртчихсэн орж ирээд хувцсаа тайлаад шууд усанд орчихоод унтаад өгөхөөр нь би тухайн үед юм хэлээгүй унтсан. Маргааш нь өглөө нь юу хийж явсан талаар асууж хэрүүл маргаан болсон. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43-46 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч М.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч  Ц.Бямбаагийн “...миний бие өөрийн нөхөр М.Э-тай сайн дурын үндсэн  дээр эвлэрсэн. Цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй болно.” гэсэн хүсэлт /хэргийн 65 дугаар хуудас/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Э- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Э-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  М.Э- торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  М.Э- цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ