| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0391/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/354 |
| Огноо | 2017-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч Д.Энх-Оргил,
шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигон овгийн С.С, Сугар овгийн Д.Г, Хайлааст овгийн Б.Гнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 201725030935 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Боржигон овгийн С.С, 1981 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, 234 дүгээр цэцэрлэгт туслах багш ажилтай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон нуурын 502-38 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УШ81021401.
2. Сугар овгийн Д.Г, 1986 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-408 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХИ86031709.
3. Хайлааст овгийн Б.Г, 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Проекбатад ХХК-нд тогооч ажилтай, 234 дүгээр цэцэрлэгт туслах багш ажилтай, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 21-349 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УХ90022381.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нар нь 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөхийн дуулга баарны зөөгч Ё.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бүлэглэн зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, маш их харамсаж байна. Хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, мөн торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү…” гэв.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна, торгох ялыг хэсэгчлэн төлүүлж өгнө үү…” гэв.
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, нэмж ярих зүйлгүй, ийм байдалд орсондоо их харамсаж байна, торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа олгож өгнө үү…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ё.Гнь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Одоо өөрийгөө Сгэж хэлсэн эмэгтэй намайг хөлөөрөө миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгэхэд нь би ухрах гэхэд жижиг Г гэх эмэгтэй миний үснээс зулгаасан. Тэр үед нөгөө Г нь миний дээрээс өгшиглөсөн. Тэр үед манай караоке баарны дарга Мягмар салгасан юм. Тэгээд манайхаар үйлчлүүлж байсан хоёр эмэгтэй цагдаа дуудсан. Миний баруун нүдний дор, духан дээр болон хөмсөгний дор маажсан байгаа. Баруун бөөрний хажууд хөхөрсөн, баруун хөлийн дотор талд, зүүн хөлийн гадна талд хөхөрсөн, толгой хөдөлсөн байна гэсэн. Мөн миний үс дээрээсээ халцарсан, зүүн гарын ядам хуруунд шалбарсан, ЭХО-д харуулсан сав доргилттой, саван дотор цус нөжирсөн байсан гэсэн...” гэжээ /хх-22-23/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5565 дугаар дүгнэлтэд:
“1. Ё.Гийн биед тархи доргилт, дуг хөмсөг хооронд, баруун хацар, зүүн сарвуунд гүн зулгаралт, баруун зүүн бугалга, баруун зүүн гуя, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-37/.
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75-81/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-96-98/, хохирогч Ё.Гийн “...С.С, Д.Г, Б.Г нараас хохирлыг 9 дүгээр сарын дотор барагдуулж авахаар болсон тул гомдол, саналгүй...” гэх хүсэлт /хх-95/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нар нь хохирогч Ё.Гийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв
Хохирогч Ё.Гнь шүүгдэгч нараас нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн С.С, Сугар овгийн Д.Г, Хайлааст овгийн Б.Гнарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нарыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нарт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С, Д.Г, Б.Г нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН