Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч Б.Мөнгөншагай

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903002320191 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 06 настай хүүхдийн хамт ....... дүүргийн ....... дүгээр хороо, ............... тоотод оршин суух, ялгүй, .......... дугаарын регистртэй, Б овогт Оийн Б

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч О.Б 2019 оны 3 дугаар сарын 5-ны шөнө 01 цаг 28 минутын орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, "Гранд плаза” худалдааны төвийн урд замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.4-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан үедээ "Мерседэс Бенз” маркийн ............ улсын дугаартай ээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хашлага давж, зорчигч Н.Хгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд нотлох баримтын дагуу 1.150.000 төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөг нийт 3.150.000 төгрөг өгсөн. Одоо нэмж 6 дугаар сарын 23 гэхэд 1.200.000 төгрөг өгөхөөр тохиролцоод байгаа.

Би 6 настай охиныхоо хамт амьдардаг. Ээж нь АНУ руу явчихаад ирэхгүй байгаа юм. Надад хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Нийн Х би найз Солонгын гэрт нь хонож байсан.

Тухайн өдөр 22 цагийн үед Солонгын гэрээс гараад хүнтэй уулзахаар "Чил” гэдэг паб руу орсон. Гэтэл Энхүүш гэдэг залуу хаана байгаа юм бэ гэж асуухаар нь байгаа газраа хэлтэл би яваад очих уу гэхээр нь зөвшөөрсөн. Удалгүй гадаа ирсэн байна, чи гараад ир гэж хэлэхээр нь Солонго бид хоёр өнөөх пабнаасаа гараад ирэхэд Энхүүш цагаан өнгийн машин дотор 2 найзынхаа хамт сууж байсан. Бид нар уулзаад Хүүхдийн 100 орж нэг газар суухаар болоод тэндээсээ хөдөлсөн. Машин дотор ороод Энхүүштэй уулзахад уучихсан байхаар нь асуусан чинь бид нар сая 1 шил юм уучихаад явж байна гэсэн. Тэгэхээр нь би машин барьж байгаа залууд чи зүгээр юм уу, машин барьж болж байгаа юм уу? гэж асуухад би зүгээр ээ, машин барьж болно гэж хэлээд хөдөлсөн. Явж байтал Гранд плаза дэлгүүрийн урд талын тойрогтой замд машин бараг 100 км цагийн хурдтай явсан байх, жолоог нь хажуу тийшээ дараад багтахгүй замын хашлага даваад зогссон. Машины урд талаас хар утаа гараад зогссон бөгөөд тухайн үед би тэр машины ард талын гол хэсэгт сууж байсан болохоор гэнэт хашлага мөргөх үед урагшаагаа шидэгдээд нүүрээрэй машины урд талын салон хэсгийг мөргөсөн. Осол болсны дараа миний эрүү сонин болсон бөгөөд юм ярьж болохгүй байхаар нь шууд Гэмтлийн эмнэлэгт очин үзүүлсэн. Миний баруун талын эрүү, баруун хойд талын шүднүүд хугарсан байна. Өнөөдөр эрүү мэс заслын хагалгаанд орно. Баруун хөлний өвдөг шилбэ хэсгээр хөхөрсөн байгаа. Хугарсан шүднүүдийг хагалгаанд ороод авна гэж байсан. Би Энхүүштэй 2018 оны 9 сард анх танилцаж байсан. Танилцаж байхдаа уулзаж байсан бөгөөд тэрнээс хойш дахин уулзаагүй. Түүний жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Тухайн өдөр нь ^асеЬоок-ээр харилцаад уулзахаар болоод уулзаж байна. Харин түүний хамт машинд нь байсан залуу болон машин барьж байсан залууг урьд өмнө харж байгаагүй, танихгүй хүмүүс байсан. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Яг хэдэн төгрөг гарах нь тодорхойгүй байгаа” /хх-н 62-65/ гэж,

гэрч Энхтуяагийн Солонго "... 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр манай найз Х бид хоёр манай гэрт хонох гээд байж байсан чинь орой 23 цагийн үед байх, Хгийн найз нь уулзах уу гэж дуудахаар нь зөвшөөрөөд 25 дугаар эмийн сангийн тэнд байрлах Чил нэртэй пабад орсон. Пабад суугаад бид хоёр нэг нэг пиво аваад уугаад сууж байтал Хгийн найз Энхүүш гэж дууддаг /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ залуу Х руу захидал бичээд хаана байгаа юм бэ гэж асуухаар нь 25 дугаар эмийн сангийн энд байна гэж хэлсэн чинь ойрхон байгаа юм байна, 5-10 минутын дараа яваад очино гэж хэлсэн. Удалгүй нөгөө залуу чинь хүрээд гараад ир гэхэд нь бид хоёр нөгөө пабаас гарсан. Гадаа гарахад цагаан өнгийн машин дотор 3 эрэгтэй хүн сууж байсан бөгөөд Энхүүш гээд байгаа залуу нь жолоочийн эсрэг талд сууж байсан. Машинд суух гэтэл машин барьж байсан залуу нь архи үнэртүүлсэн халамцуу байсан бөгөөд Х тэр залууд чи согтуу машин барьж явж болж байгаа юм уу гэж асуухад нөгөө залуу дуудлагын жолооч дуудсан чинь ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр юу ч бодоогүй тухайн машинд суусан бөгөөд би ард талын баруун талд нь суусан бөгөөд Х миний хажууд голд суусан. Тэндээсээ хөдлөөд явж байсан чинь нөгөө жолооч Гранд плазагийн урд талд ирэхэд аймар их хурдаа нэмсэн бөгөөд гэнэт машинтайгаа замын хажуу руу хашлага даваад зогссон. Хашлага давахад маш хүчтэй донсолсон бөгөөд машиных нь дэр гараад ирсэн. Машины урд талаас утаа гараад байсан ба Х амаа бариад суухаар нь би зүгээр үү гэж асуусан чинь миний шүд сонин болчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэмтэл орж үзүүлье гээд Энхүүш Х бид гурав Гэмтлийн эмнэлэг орсон. Үзүүлэхэд Хгийн эрүү нь хугарсан юм шиг байна рентгин зураг авахуулаарай гэсэн.

Миний хувьд биеийн байдал зүгээр, надад шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Харин манай найз Х л гэмтсэн” /хх-н 71-72/ гэж,

гэрч Эрдэнэхүүгийн Маргад 2019 оны 3 дугаар сарын 4-ний орой 21 цагийн үед найз Б, Энхтүвшин нарын хамт Хан-Уул дүүргийн нутагт байрлах Миоз!асИе нэртэй пабад уулзсан. Пабад ороод 1 литрийн Жек данель виски аваад хувааж уусан. Тэндээсээ 23 цагийн үед гарсан бөгөөд Энхтүвшин хоёр охинтой уулзана гээд 25 дугаар эмийн сангийн тэнд байрлах паб руу явсан.

Миоз!асИе пабаас гараад Б өөрийнхөө 06-67 УБА улсын дугаартай Бенз маркийн автомашинаа жолоодоод 25 дугаар эмийн сангийн тэнд байрлах пабын гадаа очсон. Тэнд очоод би машинд нь унтаад үлдсэн бөгөөд Энхтүвшин, Б хоёр өнөөх паб руу орсон. Пабад ороод удалгүй гарч ирсэн ба тухайн үед хажууд хоёр эмэгтэй орж ирээд суусан ба Энхтүвшин жолоочийн хажуу талд суугаад Б машинаа жолоодож явсан.

Тэндээсээ гараад Хүүхдийн 100 орж нэг газар суухаар болоод хөдөлсөн бөгөөд нэг мэдсэн чинь машины дэр задраад хажууд явсан охидууд орлилдоод байсан. Энэ үед би сэрээд хартал машин замаас гараад зогссон байсан. Машинаас буугаад харсан чинь Гранд плаза дэлгүүрийн урд талын замын хажууд зогсож байсан. Тэгсэн тэнд хамт явж байсан нэг охин нь амаа дараад суугаад байсан бөгөөд такси дуудаад Энхтүвшингийн хамт нөгөө 2 охиныг Гэмтлийн эмнэлэг рүү явуулсан. Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэх гэтэл тэнд баахан хүмүүс байсан бөгөөд намайг үзэх шинжгүй болохоор үзүүлээгүй шууд явсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” /хх-н 73-74/ гэж,

гэрч Балжаагийн Энхтүвшин "... 3 дугаар сарын 4-ний орой 21 цагийн үед найз Б, Маргад, Цээгий нарын хамт Хан-Уул дүүргийн нутагт байрлах Миоз!асИе нэртэй пабад уулзсан. Пабад ороод 1 литрийн виски аваад хувааж уусан. Цээгий тэндээсээ гараад шууд явсан бөгөөд би 2018 оны 9 дүгээр сард танилцаж байсан Х гэх охинтой ^асеЬоок чатаар захидал бичсэн чинь хаана байгаа юм гэхээр нь гадуур явж байна гээд уулзахаар болсон. 25 дугаар эмийн сангийн тэнд байрлах Кокүшү цамхагийн хажууд нэг газар сууж байна гэхээр нь очиж уулзахаар явсан. Ингээд явах гэтэл Б машинаа барих гэхээр нь Маргад бид хоёр согтуу машин бариад хэрэггүй гэж зөндөө хэлсэн чинь хүний үг тоохгүй зүгээрээ гээд зөрүүдлээд машинаа барьсан. 25 дугаар эмийн сангийн тэнд байрлах Кокүшү цамхагийн хажууд байрлах пабын гадаа очсон чинь Х гэдэг охин нь өөрөөсөө гадна бас нэг охин дагуулаад гараад ирсэн. Ингээд бид нар уулзаад Хүүхдийн 100 руу орж нэг газарт суухаар болоод тэндээсээ хөдөлсөн. Тухайн үед Б өөрийнхөө цагаан өнгийн 06-67 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ жолоодоод би хажуу талд нь суусан ба Маргад болон нөгөө хоёр охин машины ард талын суудал дээр суусан.

Ингээд хөдлөөд явж байтал Гранд плаза дэлгүүрийн урд талд зам дээр ирэхэд машин их хурдтай явсан бөгөөд би наана чинь тойрог байдаг юм зөөлөн яваач гэж хэлтэл замын хашлага даваад зогссон. Тухайн үед Б 60-70км цагийн хурдтай явж байсан байх, ямар ч байсан их хурдан явж байсан. Ингээд машин нь зогссон ба машины урд талаас хар өнгийн утаа гараад байсан. Тухайн үед би урд талын салхины шилийг толгойгоороо мөргөөд зогссон бөгөөд машинаасаа гараад хэсэг суугаад босох гэтэл босч чадахгүй шоконд ороод байсан. Тэгсэн Х нь амаа бариад ам сонин болчихлоо гээд байсан. Хг нөгөө найзын хамт аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд хүлээн авах тасагт Хг үзүүлсэн чинь маргааш өглөө ирээд үзүүл гээд явуулсан. Миний биеийн байдал хэвийн байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй” /хх-н 75-76/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Н.Хгийн гэмтэлтэй холбоотойгоор “Н.Хгийн биед эрүү ясны хугарал, зүүн доод 7 дугаар шүдний мултрал, булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид нэг шүдний булгарал мултрал нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна” гэсэн 3050 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 22-23/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч О.Бг "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, жолооны эрхгүй үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Бд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, шүүгдэгчийн хувийн байдал үүнд: үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа байдал, түүний ар гэрийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршигийг арилгах тал дээр санаачлага гаргаж байгаа байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзсан болно.

Хохирогч Н.Х "... хохиролд баримтаар 1.200.000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардал 3.200.000 төгрөг болсноос 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 1.200.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Хожим ямар нэгэн гомдол маргаан гаргахгүй. Гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтийг нотариатаар баталгаажуулж шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг, шүүгдэгч О.Б цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б овогт Оийн Бг "Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан, жолооны эрхгүй үедээ үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд

тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч О.Бд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дугаар заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч О.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хассугай.
  3. Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассан нэмэгдэл ялыг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
  4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Бгийн согтууруулах ундаа хэрэглэхэд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар хязгаарлалт тогтоосугай.
  5. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүгдэгч О.Бд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгож,

шүүгдэгч О.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

  1. Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

  1. Шүүгдэгч О.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Х гомдолгүй гэснийг, шүүгдэгч, хохирогч нар нь үлдэгдэл мөнгө болох 1.200.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болохыг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
     
  2. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Бд урьд авсан "хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

О.ЖАНЧИВНЯМБУУ

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ