Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 154/2022/00005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг 

Шүүгдэгч Х.Эрханат нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  эрүүгийн 2237000000004 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7,  эхнэр 5 хүүхдийн  хамт Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, ******* овогт*******н Эрханат.*******

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

          Шүүгдэгч Х.Эрханат нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна С.Саяабектэй маргалдаж улмаар биед нь халдаж 2 нүдний зовхинд цус хуралт, 2 нүдний алимны дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Эрханат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой би гэртээ зурагт үзээд хэвтэж байтал нэг дугаар 4 удаа залгасан. Дахиад залгаад байхаар нь авахад С.Саяабек би жаахан согтуу байна. Ирээд аваадах гэхээр нь очиж авахад 1 ширхэг пиво аваад манайд ирсэн. Задлах гэхэд манай эхнэр гэрт уулгахгүй та нарын пиво  уудаг газар биш гээд уурлаад гаргасан. Гэтэл надад агсам тавиад байхаар нь би 2 удаа цохьсон нь үнэн. Та нарыг би худалдаж авах чадалтай хүн гээд байхаар нь миний уур хүрээд цохьсон. Гэрт нь хүргэж өгье гэхээр пивоо заавал ууж байж явна гээд байсан. Манай эхнэрийг доромжилсон” гэх мэдүүлэг,

             Шүүгдэгч Х.Эрханатын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой би гэртээ байхад 21 цаг Х.Саяабек 95817024 дугаарын утсаар залгахад би аваагүй, 99433022 дугаарыг залгахад авахад Баяисудал багийн төвд байна хөлдөж үхэх гээд байна ирж аваач гэхээр явж очиж авахад согтуу байсан ба надад 10.000 төгрөг байна ганц пиво аваад явмаар байна гэхээр сумын төв орж ирээд 2.5 литрийн 1 пиво авч буцаад манайд очсон юм. Манайд очиж пиво уух гэхэд манай эхнэр Р.Алтнай Х.Саяабект архи уудаг газар чинь энд биш гараад өөр газар уу гэж хэлсэн юм. Тэгтэл манай эхнэрийг та нар шиг гуйлгачинг худалдаж авна, би баян хүн гээд хэл амаар доромжилсон юм. Манай гэрээс түлхэж гаргасан. Гадаа гарчихаад явахгүй байхаар би гараад нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиод хөөгөөд явуулсан юм. Тэгтэл хамраас нь цус гарчихсан юм. Араас эхнэр гарч ирээд намайг гэрт оруулуулсан. Х.Саяабек намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг,

              Хохирогч Х.Саяабекын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 00 цагийн үед би архи уусан явж байхад Х.Эрханат ах Баянсудал багийн төвд ирэхэд тааралдаж бид хоёр сумын төв орж ирээд надад байсан 10.000 төгрөгөөр пиво аваад  буцаад Х.Эрханатын гэрт очиж архи уух гэж байхад Х.Эрханатын эхнэр Аптнай бид нарын пивийг цохиж асгачихсан юм. Би Х.Эрханатын эхнэрт бэргэн эгч учир тоглоод худалдаад авчихна гэж хэлчихсэн юм. Тэгтэл Х.Эрханат намайг гэрээс чирч гаргаад намайг толгой, нүүр, хамарлуу цохиж зодчихсон юм. Тэгээд гэртээ очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг,

               Гэрч Р.Алтанайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхөр Х.Эрханат гэрт сууж байхад хадамын талын залуу Х.Саяабек утасдаж Баянсудал багийн төв дээр  байна хөлдөж үхэх гээд байна ирээд ав гэж хэлээ гээд нөхөр Х.Эрханат очиж авч ирсэн. Х.Саяабек манайд 21 цагийн орчим гартаа 2.5 литрийн пиво барьсан орж ирсэн юм. Манайд пиво ууна гэхээр би уулгаагүй, тэгтэл надад чи пиво уулгадаггүй хэн бэ? би баян хүн та нар шиг гуйлгачинг худалдаж авна гэж хэл амаар доромжилхоор би гэрээс гар гээд хойноос нь түлхээд хөөгөөд гаргасан юм. Манай нөхөр араас нь гараад явсан, удалгүй би гэрээс гарахад манай нөхөр Х.Эрханаттай зодолдсон Х.Саяабекийн нүүр нь цус болсон байсан. Би нөхрөө татаж гэртээ оруулж, Х.Саяабек пиво аваад алхаад явсан юм. Би Х.Саяабекийн пиво асгасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х.Саяабекийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 92 дугаартай дүгнэлтэд:

1. Х.Саяабекийн биед 2 нүдний зовхинд цус хуралт, 2 нүдний алимны дотор салстад цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Х.Саябекийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2015 оны “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Х.Эрханат нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ гадна С.Саяабектэй маргалдаж улмаар биед нь халдаж 2 нүдний зовхинд цус хуралт, 2 нүдний алимны дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон, түүний үйлдсэн гэмт үйлдэл нь хохирогч С.Саяабекийн мэдүүлэг, зодоон болох үед хажууд нь байсан Р.Алтнай  нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 92 дугаартай гэх дүгнэлт, шинжээч Т.Энэбишийн мэдүүлэг, шүүгдэгч Х.Эрханатын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

             Шүүгдэгч Х.Эрханат хохирогч С.Саяабектэй маргалдаж улмаар биед нь халдаж 2 нүдний зовхинд цус хуралт, 2 нүдний алимны дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Х.Эрханат нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч С.Саяабекын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Х.Эрханатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Х.Эрханат нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 03 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 217ны өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч Х.Эрханат нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Шүүгдэгч Х.Эрханат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Х.Эрханатад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт*******н Эрханатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Эрханатыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эрханатад оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Эрханат нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Х.Эрханатад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

          6. Шүүгдэгч Х.Эрханат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эрханатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Л.ТҮВШИНЖАРГАЛ