| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00943/И |
| Дугаар | 01029 |
| Огноо | 2017-10-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 01029
| 2017 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2017/01029 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Г /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Г.Э холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2017/00943/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Х.Г, хариуцагч Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Х.Г нь Г.Этай 2007 онд танилцаж үерхээд 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Г.Хм 2008 оны 01 дүгээр сарын 28-нд, хүү Х 2009 оны 04 дүгээр сарын 22-нд төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдаж, хэрэлдэх болсон. Байнга хардаж, удаа дараа биед хүнд гэмтэл учруулж байсан. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учир цаашид хамтран амьдрах ямарч боломжгүй боллоо. Иймд 2008 оны 02 дугаар сарын 10-ны 00/005066 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Эд хөрөнгийн маргаангүй. Охин Э.Х аав Г.Э, хүү Э.Хг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2007 онд танилцаж үерхэж байгаад 2008 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтын амьдралын явцад 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин Э.Х, 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүү Э.Х нар төрсөн. Анх би 17 настайдаа Г.Этай гэр бүл болж байсан бид 10 жил хамт амьдарсан байна. Амьдрал эхэн үедээ сайхан л байдаг байсан боловч намайг ажилд орсноос хойш байнгын хэрүүл маргаан тасрахаа байж биенд маань үе үе гар хүрдэг болсон. Энэ үйлдэл нь хоёр гурав биш, олон удаа давтагдаж байна. Хоёр хүүхдийнхээ амгалан тайван байдлыг бодсон ч салах нь зүйтэй юм байна гэж үзээд өргөдлөө гаргасан. Би гэр бүлээ болоод хийж байгаа ажлаа хүндэтгэж нөхрийнхөө хардаж сэрдэх, муухай ааш авирыг нь олон удаа тэвчиж ирсэн боловч энэ байдал улам гүнзгийрсэн. Хоёр хүүхдээ хэдийгээр би өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй ч ажлынхаа хажуугаар хүүхдээ сургуульд нь зөөх, байнга цаг зав гаргаад анхаарал халамж тавиад явж чадахгүй, Чандмань-Өндөр сумын төвд би ганцаараа л амьдарч байгаа учир хүүхдүүдээ аавынх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Г.Этай цаашид эвлэрч хамт амьдрах ямар ч боломжгүй учир гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суудаг. Одоогоор хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Эхнэр Т нь сүүлийн жилүүдэд ажлаасаа тараад гэртээ ирэхгүй, гэр орон үр хүүхдээ хайхрахгүй, жилийн өмнө Эрдэнэт рүү сургуульд явснаасаа хойш гэртээ ирэхгүй өдий хүрсэн. Намайг хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй амьдрахгүй гэх мэтээр хүмүүст муугаар яриад явдаг гэсэн. Сураг сонсоход тус сумын Лх гэдэг хүнтэй хамт амьдарч байгаа гэсэн. Ийм байж сална гээд өргөдөл бичээд явааг ойлгохгүй байна. Өргөдлийн дагуу салахаар болвол би хоёр хүүхдээ салгахгүй, хоёуланг нь өөр дээрээ авч өсгөж хүмүүжүүлнэ. Т ер нь хоёр хүүхдээ хар нялхаас нь тоодоггүй, хайрлаж халамжилдаггүй, санаа тавьж байгаагүй. Иймд 2 хүүхдээ өнчрүүлж салах хүсэлтгүй байна гэжээ.
Хариуцагч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Г бид хоёр 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болсон. Анх 500.000 төгрөг авахын тулд гэрлэлтээ батлуулаад, 2008 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хуримаа хийж албан ёсны гэр бүл болсон. Бидний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин Э.Х, 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүү Э.Х нар төрсөн. Х.Г ажилд ороод ааш зан нь өөрчлөгдсөн. Хэрвээ надад ажилтай гэдгээ ойлгуулж хэлдэг бол би ойлгоно. Гэтэл ажилтай талаараа хэлдэггүй байсан. Эхний үед ажилдаа орсны дараа эрт харьдаг байсан ч сүүлдээ оройтох болсон зэргээс би харддаг байсан. Олон удаа уучлалт гуйж гэртээ аваачиж байсан. Гэвч гэртээ хариад байнгын уур, уцаартай, надтай эв зүйгээ олдоггүй байсан. Би эвтэй амьдаръя, хоёр хүүхдээ бодъё гэж байсан. Амьдралд хэрүүл маргаан гарна, тэр бүгдэд хүлээцтэй байх хэрэгтэй л дээ. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвөшөөрч байна. Хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжинд авмаар байна. Учир нь хоёр хүүхдийг маань миний эцэг, эх 2 нас хүртэл нь өсгөж өгсөн. Охин маань одоо ч миний ээжтэй хамт амьдардаг, хүү маань надтай байгаа. Хэрвээ хоёр хүүхдийг миний асрамжинд үлдээвэл би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Г.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2008 онд гэр бүл болж, 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин Э.Х төрсөн болох нь 0049747 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүү Э.Х төрсөн болох нь 0267813 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2017 оны 03 сараас тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Э.Х, 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Х нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан эцэг Г.Э асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Г.Э нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Э.Х, хүү Н.Х нарыг эцэг Г.Э асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Х.Гийн эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Г.Эас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Г.Э, Х.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Э.Х, 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Э.Х нарыг эцэг Г.Э асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч Г.Э нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Х.Гт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Г.Эд тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Гт олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН