Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/899

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Отгонжаргал хөтлөн,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогч М.Т-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Д.Гомбо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

 

Монгол Улсын иргэн, холбогдох эрүүгийн 1903007090403 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- 2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөөний 7 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” сауны хойд замд “Хюндай аванте” маркийн 00-00 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч М.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-: Мөрдөн байцаалтанд би мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохиролд  2.933.930  төгрөг төлсөн гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  М.Т-:  Би хувиараа бизнес эрхэлж хувцасны хоёр лангуу ажиллуулж нэг сард ойролцоогоор 6.500.000 төгрөгийн орлого олдог байсан. Үүний тал хувь нь ашиг болдог юм. Энэ осолд орсны улмаас би ажлаа хийж чадахгүй байна. Би 2019 оны 8 дугаар сарын 02-нд хагалгаанд орсноос хойш ЭМЖЖ эмнэлэгт өдөр бүр эмчилгээ хийлгэж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол бүрэн төлөгдсөн. Цаашид миний дахиад хамрын хагалгаанд орох зардлыг болон лангууны түрээсийн зардал, олох ёстой байсан орлогыг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

         Хавтаст хэргээс:

Хохирогч М.Т- мөрдөн байцаалтанд: 2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөөний 07 цаг 50 минутийн үед би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Говь” сауны хойд талын замын баруунаасаа зүүн тийш явдаг урсгалын урд талын явган хүний замаар зүүнээсээ баруун тийш чиглэлтэй алхаж явж байхад гэнэт миний хажуу тал буюу баруун гар талаас саарал өнгийн суудлын машин над руу чиглээд ирэхээр нь би зүүн тийш зайлтал нөгөө машин хашлага давж орж ирээд намайг мөргөсөн. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь би явган хүний зам дээр доошоо харчихсан хэвтэж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь би гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Харин намайг мөргөсөн машины жолооч тэр үед байхгүй байсан. Намайг мөргөснөөс хойш бараг 2 цагийн дараа гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Би намайг мөргөсөн машины жолоочийг намайг мөргөөд ослын газраас зугатсан байсан гэж үзэж байна. Би машин замын урд талын явган хүний замаар баруунаасаа зүүн тийш чиглэлтэй алхаж явж байхад намайг мөргөсөн машин замын хашлага давж орж ирж мөргөсөн. Энэ ослоос болж миний зүүн мөрний атгаал яс хугарсан. Мөн тархи доргиж хамар хугараад хамрын гадна талдаа зургаан оёдол тавиулсан байгаа. Би энэ ослоос болж эрүүл мэнд, гоо сайхан эдийн засгийн хувьд маш их хохирол хүлээсэн тул гомдолтой байна. Энэ жолоочоос хохиролоо хурдан барагдуулж авмаар байна.  /хх-ийн 16-17/ гэх мэдүүлэг,

 

*******- мөрдөн байцаалтанд: 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 07 цаг 50 минутын үед би Аванте маркийн 00-00 УНП улсын дугаартай автомашинаа бариад 21 дүгээр хороололоос 3 дугаар хороолол орохоор явж байсан. Тэгээд “Говь” сауны хойд талын замаар баруунаасаа зүүн тийш чиглэлтэй замынхаа 1 дүгээр эгнээгээр 40-50 километр цагийн хурдтай явж байхад гэнэт зүүн гар талын туслах замаас Альпард маркийн машин гэнэт өмнүүр хөндлөн орж ирэнгүүт нь тоормоз гишгээд рулиэ баруун гар тийш дартал миний машин замын хашлага даваад явган хүний замаар явж байсан эмэгтэй хүнийг машиныхаа баруун урд крылогоор мөргөж зогссон. Тэгээд машинаасаа гараад харахад нөгөө хүн явган хүний замын хажууд хэвтэж байхаар нь босгоод миний машины урдуур дайрсан Альпард маркийн машинд суулгаж өгөөд гэмтлийн эмнэлэг явуулсан...надтай замаас суусан нэг зорчигч хамт явсан.  /хх-ийн 41/ гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Б.Мөнгөнбагана мөрдөн байцаалтанд: Хюндай Аванте 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 жилийн өмнө эзэмшигч нь манай “УБТ” ХХК-ний авто ломбарданд барьцаанд тавьж байсан. 2017 онд зээл нь дуусаад манайхаас чөлөөлөх бичгээ аваад явсан. Гэтэл уг хүмүүс нь одоог хүртэл өөрсдийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй яваад байгаа. Мөн манай байгууллагын нэр дээр торгууль нь ирээд байгаа. Өөр надад нэмж хэлэх зүйлгүй. /хх-ийн 79/ гэх мэдүүлэг,

 

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 7465 дугаартай“...М.Т-ийн биед зүүн талын атгаалын их төвгөрийг дайрсан хөндлөн зөрөө багатай бяцарсан хугарал, зовхи, хамар, гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, хамарт няцарсан шарх гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна " гэсэн дүгнэлт /хх-ийн 48/,

 

Тээврийн Цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 382 дугаартай “Хюндай Аванте 00-00 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Бямбажав овогтой Адъяасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч М.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 112-113,

 

        Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр  тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/

 

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 22-40, 96-97/

 

        Хюндай Аванте 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 61/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 117/ болон зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******- 2019 оны 6 дугаар сарын 15-ны өглөөний 07 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Говь” сауны хойд замд “Хюндай аванте” маркийн 00-00 УНП улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч М.Т-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Тунгалагийн “...Би машин замын урд талын явган хүний замаар баруунаасаа зүүн тийш чиглэлтэй алхаж явж байхад намайг мөргөсөн машин замын хашлага давж орж ирж мөргөсөн....” /хх-ийн 16-17/ гэсэн мэдүүлэг,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7465 дугаартай “М.Т-ийн биед зүүн талын атгаалын их төвгөрийг дайрсан хөндлөн зөрөө багатай бяцарсан хугарал, зовхи, хамар, гуя, шилбэнд цус хуралт, зулгаралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал, хамарт няцарсан шарх гэмтэлүүд тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...”гэсэн дүгнэлт /хх-ийн 48/,

тээврийн цагдаагийн албаны шинжээчийн”...жолооч Адъяасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 112-113/ гэсэн дүгнэлт,

         зам тээврийн осол, хэргийн үзлэгээр  тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 22-40, 96-97/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар *******-гийн мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... “Говь” сауны хойд талын замаар баруунаасаа зүүн тийш чиглэлтэй замынхаа 1 дүгээр эгнээгээр 40-50 километр цагийн хурдтай явж байхад гэнэт зүүн гар талын туслах замаас Альпард маркийн машин гэнэт өмнүүр хөндлөн орж ирэнгүүт нь тоормоз гишгээд рулиэ баруун гар тийш дартал миний машин замын хашлага даваад явган хүний замаар явж байсан эмэгтэй хүнийг машиныхаа баруун урд крылогоор мөргөж зогссон. Тэгээд машинаасаа гараад харахад нөгөө хүн явган хүний замын хажууд хэвтэж байхаар нь босгоод миний машины урдуур дайрсан Альпард маркийн машинд суулгаж өгөөд гэмтлийн эмнэлэг явуулсан.../хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

 

 *******- тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Тунгалагийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь уг гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

*******-гийн дээрхи үйлдлийн улмаас Д.Тунгалагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч *******-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

 Шүүгдэгч *******- хохирогч Д.Тунгалагт нийт 2.933.930 төгрөг төлсөн талаар мэдүүлж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн гэж Д.Тунгалаг мэдүүлж байна.

 

Харин хохирогч Д.Тунгалаг “...цаашид гарах хагалгааны зардал, түрээсийн лангууны төлбөр, олох ёстой байсан ашиг орлогоо нэхэмжилнэ” гэх боловч эдгээртэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй тул энэ шүүх хуралдаанаар шүүх тооцоолон бодох боломжгүй үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” хохирогчийн эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч *******-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

*******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч *******-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан  торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг  хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. *******- автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

        2.Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3.Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

 

         4.Хохирогч Д.Тунгалаг цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  *******-гээс  нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

        7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ