Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 01033

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2017/01033

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Г д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2017/00873/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Х.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Б Х.Гтэй 2010 онд танилцаад үерхэж байгаад 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.С төрж 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. 2013 оны 12 дугаар сарын 25-нд хүү Э.Сыг төрүүлсэн. 2015 оны дунд үе хүртэл бидний амьдрал сайхан байсан ба үүнээс хойш зан байдал, үзэл бодол нийлэхгүй үргэлж муудалцах болсон. Энэ нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учир 2016 оны 2 сараас 2017 оны 9 сар хүртэл  тусдаа амьдарч байгаа болно. Иймд хүү Г.С, Э.С нарыг өөрийн асрамжид авах тул эцэг Х.Гэс тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2010 оны 10 сард танилцаж 2011 оны 10 сарын 01-ний өдөр хүү С төрсөн ба 2011 оны 11 сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бага хүү Сг төрүүлсэн. Бид 2016 оны 2 сар хүртэл хамт амьдарсан ба энэ хүртэл хугацаанд би Х.Г олон зүйлийг тэвчиж тэсэж ирсэн ба үүнээс цаашаа би энэ хүний зан аашийг тэвчиж чадахаа байсан. Хүнтэй суухаасаа өмнө би ажил хийдэг байсан бол энэ хүнтэй суусан цагаасаа ажлаа хийж чадахгүйд хүрч хөдөө мал дээр гарч мал маллаж амьдарсан. Архи ууна, ааш авир их муутай, сүүлдээ хэрэлдэж маргалдахаараа надад гарч хүрдэг, цагаан сарын шинийн нэгний өглөө би зодуулж бургасанд хоночихоод өглөө нь гэрлүүгээ алхаж байсан ч удаатай. Хүүхдүүдээ би өөрийнхөө асрамжинд авна. Бага хүүгээ  олчихоод Гд хэлэхэд миний хүүхэд биш гэж элдвээр хэлээд байдаг байсан болохоор нь би өөрийнхөө ээжид үрчүүлсэн. Одоо ээжийн маань нэр дээр үрчлэлт хийгдсэн байгаа учир хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Х.Г нь хүүхдүүдээ өөр дээрээ авна гэж ярьж байгаа боловч хүүхдүүдээ хүмүүжүүлээд сургуулт цэцэрлэгээр явуулж чадахгүй, өөрөө харж асарч чадахгүй, ээжээрээ л асруулах байх. Гэхдээ ээж нь хүүхдүүдийнхээ хүүхдүүд болох олон хүүхэд хардаг. Миний хүүхдүүдийг надаас дээрдүүлж харж чадахгүй. Иймд би том хүү Содномдоржийг өөрийнхөө асрамжинд авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй учир гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв. 

Хариуцагч Х.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Бтэй 2010 онд гэрлэсэн. 2011 оны 10 дугаар сарын 01-нд хүү Г.С, 2013 оны 12 дугаар сарын 15-нд хүү Э.С нар мэндэлсэн. 2015 оны 11 дүгээр сард би эрүүгийн хэрэгт ял шийтгүүлэн 3 жил 5 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн боловч биеэр 8 сарын ял эдэлж Өршөөлийн хуульд хамрагдан хугацаанаас өмнө суллагдсан. Намайг ингэж 8 сар ял эдлэх хугацаанд Э.Б нь бусадтай гэр бүлийн харьцаанд орж тэр ч бүү хэл оршин суух газраа өөрчилж Улаанбаатар хот шилжсэн, хаягийн бүртгэл ч хийлгэсэн байсан. Үүнээс хойш 2011 оны 11-р сараас тусдаа амьдарч байгаа. Бага хүү Э.Сыг 2014 онд Э.Бийн төрсөн ээж Эт хууль ёсоор үрчлүүлсэн энэ үрчлэлт хүчин төгөлдөр байгаа. Харин хүү Г.Сийг би өөрийн асрамжинд авна. Учир нь энэ хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэх ёс суртахуун, хүмүүжил, эдийн засгийн боломж Э.Бт байхгүй. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд танилцаж, 2011 онд гэр бүл болж байсан. 2011 оны 10 сарын 01-нд том хүү Содномдорж, 2013 оны 12 сарын 25-нд бага хүү С нар төрж байсан. Эхэн үедээ амьдрал дажгүй сайхан л байж бид 2015 онд хүртэл хөдөө мал маллаж сайхан амьдарч ирсэн. Э.Бийн төрсөн өдөр болж тэр өдөр би хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж 8 сар ял эдэлж байгаад Өршөөлийн хуулиар суллагдсан. Энэ хугацаанд Э.Б нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж энд амьдрахаа больж Улаанбаатар хот руу шилжсэн байсан. Одоо миний хувьд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдийн асрамжийн хувьд бага хүүг хадам ээж Эрдэнэчимэг үрчилж авсан, би том хүүгээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Хэрэв хүүгээ өөр дээрээ авбал би өөрөө дагнаж харж асарч хүмүүжүүлж чадна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Э.Бийн ярьсан шиг би байнга гар хүрч зоддог байсан гэдэг нь худлаа. Энэ жил гэр бүл тогтворгүй байдлаас болж жаахан архи ууж байсан минь үнэн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Х.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. 

Гэрлэгчид нь 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болж, 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №0128250 Г-160 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.С төрсөн болох нь 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүү Э.С төрсөн болох нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 02 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Сийг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан эх Э.Бийн асрамжид үлдээж эцэг Х.Гэс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Сүхбатыг 2014 оны 06 сарын 20-ны өдөр Бэсүд овогт Дашмягмарын Эрдэнэчимэгт үрчлүүлсэн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 09 сарын 26-ны өдрийн №00/005105 дугаартай Үрчилсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хүү Э.Сын асрамж, болоод тэтгэлэг нэхэмжлэх шаардах эрх нэхэмжлэгч Э.Бт үүсэхгүй юм.   

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Г.Сийг эх Э.Бийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Э.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гэс эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгддөг 70.200 төгрөгийг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.С 6 нас хүрсэн байгаа тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн тал хувь 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Х.Г төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Г.Сид сар бүр төлөх 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг, нийт 99.734 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Мянган овогт Х.Г Э.Б/РЛ87110401/, нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Сийг эх Э.Бийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Г.Сийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Гэс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Х.Гд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Бт тус тус даалгасугай.

5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.462 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Гэс 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бт олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН