| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00859/И |
| Дугаар | 01031 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 01031
| 2017 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2017/01031 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.М д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч 155/2017/00859/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Э.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ц миний бие 2007 онд Ц.Мтой танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 11 дүгээр сарын 11-нд охин Ц.Д төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 03 дугаар сараас хойш салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид амьдарч, өсөж торниж байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Ц.Мийг охины эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.М шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М би Э.Цгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа нь үнэн. Хамтын амьдралын явцад охин Ц.Д төрсөн нь үнэн. Миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Ц.Мид холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э.Ц, хариуцагч Ц.М нарын дундаас 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Ц.Д төрсөн болох нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0000955537-948 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Дийн төрсөн эцгээр Ц.Мийг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.М нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Ц.Д нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Ц.Моос сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Ц.Моос хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Ц.Д нь 4 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Ц.М төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Даваадэмбэрэлд сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг, нийт 99.734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Дийн төрсөн эцэг Хонин онход овогт Ц.М /РМ70031039/ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Ц.Дийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Моос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Моос 99.734 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН