Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Чад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч Д.Оюунбаатар,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Цандэлэг, шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч Д.Оюунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Чад холбогдох 201726030292 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Гийн Ч, 1975 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ..... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ......тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:.../;

 

Г.Ч нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 27 дугаар байранд оршин суух иргэн Л.Цандэлэгийн гэрт хаш хөөрөг гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурамч цагаан өнгөтэй чулуун хөөргийг 40.000.000 төгрөгөөр худалдаж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Гийн Чыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Чын цагдан хоригдсон 38 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чаас 30.500.000 /гучин сая таван зуун мянга/  төгрөг гаргуулж хохирогч Л.Цандэлэгт олгож, энэ хэрэгт битүүмжилсэн Ц.Буяндэлгэрийн эзэмшлийн 57-28 УНЕ улсын дугаартай, “Тоёота Альфард” загварын автомашиныг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг толгойгүй цагаан өнгийн хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Цандэлэгт учирсан хохирол төлбөрт тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, шүүгдэгч Г.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Л.Цандэлэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би дүү Ө.Төрбатын эзэмшлийн "Тоёота Альфард" загварын автомашиныг буцаан авах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Би 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл шүүгдэгч Г.Ч нь 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр "Тоёота Альфард" загварын автомашиныг Ц.Буяндэлгэрийн өмчлөлд шилжүүлсэн байгаа юм. Тодруулбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө буюу автомашиныг бусдад шилжүүлсэн нь хууль бус тул "Тоёота Альфард" загварын автомашиныг хууль ёсны өмчлөгч Ө.Төрбатын өмчлөлд шилжүүлэх үндэслэлтэй. Ц.Буяндэлгэр, Г.Ч нар нь найз нөхдийн холбоотой бөгөөд намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргахад зориудаар үгсэн хуйвалдаж Ц.Буяндэлгэрийн нэр дээр автомашиныг шилжүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь Ц.Буяндэлгэр 10.000.000 төгрөгийн хөөргөндөө автомашиныг тооцож авсан гэж мэдүүлдэг боловч тэрээр  Г.Чад яг бодитоор 10.000.000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг өгсөн талаар баримт авагдаагүй. Мөн мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүхээс хөөргийг авсан талаар хөдөлбөргүй, эргэлзээгүй талаас нотлох ямар ч ажиллагаа хийгээгүй, эх сурвалжийг магадлаж, асуулгүйгээр шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 539 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Г.Чын залилан мэхэлж авсан "Тоёота Альфард" загварын автомашиныг хууль ёсны өмчлөгч Ө.Төрбатын өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх Г.Чыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оногдуулсан нь хүндэдсэн гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Г.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байсан бөгөөд тэрээр элэгний хатуурлын эцсийн шатандаа орсон, үүний улмаас улаан хоолой, ходоодны венийн судас өргөсөж хагарснаас цус алдаж 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Сөүл” эмнэлэгт улаан хоолойн болон ходоодны өргөссөн хураагуур судсанд боолт хийх хагалгаанд орж, элэгний мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байх шаардлагатай, цус алдах өндөр эрсдэлтэй эрүүл мэндийн хувьд маш хүнд байгаа тул хорих ял эдлэхэд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, амь насанд аюултай байдал бий болох эрсдэлтэй байна. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг хэрэглэх боломжтой байсан боловч хэрэглээгүй, мөн хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Иймд миний үйлчлүүлэгч Г.Чын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Прокурор Ш.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Иргэний нэхэмжлэгч Ц.Буяндэлгэрт "Тоёота Альфард" загварын автомашиныг үлдээсэн нь үндэслэлтэй. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Хууль ёсны хэлцлийн үндсэн дээр автомашин Ц.Буяндэлгэрийн өмчлөлд шилжсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан.  Шүүгдэгч Г.Ч нь мөрдөн байцаалтаас оргон зайлсан тул түүнийг эмнэлэгт хагалгаанд орж, хагалгаанаас гарах үед нь  цагдаа нар баривчилж цагдан хорьсон. Түүнд хагарсан судсыг наах хагалгаа хийсэн байсан бөгөөд цагдан хоригдсоноос хойш өнөөдрийг хүртэл урьдчилан хорих төвийн эмнэлэгт байгаа. Тус эмнэлгийн эмч хянаж, прокурорын хувьд надтай байнга холбогдож байгаа. Эмч нь хэлэхдээ “шүүгдэгч Г.Чын  өвчний байдал хүнд, наалт тавигдвал эмнэлгийн тусламжийг үзүүлж чадахгүй” гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүл мэндийн болон хувийн байдлыг  харгалзан  6 сарын хорих ял оногдуулах санал гаргаж байсан” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

 

Шүүгдэгч Г.Ч нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 27 дугаар байранд оршин суух иргэн Л.Цандэлэгийн гэрт цахиуржин чулуун хөөргийг хаш хөөрөг гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг хөөргийг 40.000.000 төгрөгөөр худалдаж Л.Цандэлэгийг залилсан болох нь:

Хохирогч Л.Цандэлэгийн “...Ч манай гэрт хөөргөө бариад ирсэн...хөөргийг харахад цагаан өнгийн их гарын хаш хөөрөг байсан. Гэхдээ уг хөөрөг нь цагаан өнгөтэй ч гэсэн ягаан өнгийн туяатай, хажуу бөөрөн дээрээ ногоон өнгийн бага зэрэг зураас гарчихсан байхаар нь эргэлзээд асуухад тэрээр “цэвэр хаш хөөрөг жаахан пийсүү оруулгатай байгаа юм” гэж хэлэхээр нь тэрүүхэндээ эргэлзээ төрөөд өнгөрсөн. Ч уг хөөргийг “40.000.000 төгрөгөөр зармаар байна, та худалдаад авчих” гээд гуйгаад байхаар нь түүний данс руу 18.000.000 төгрөг шилжүүлж эхнэр Сарангэрэлийн дүү Төрөөгийн унаж байсан "Тоёота Альфард" загварын автомашиныг 20.000.000 төгрөгөөр бодож наймаа хийсэн...7 хоногийн дараа хөөрөг зардаг Одтой уулзаж нөгөө хөөргөө үзүүлэхэд "наад хөөрөг чинь хулхи хаш хөөрөг, наад нөхөр чинь урт цагааны тэрүүгээр зарах гээд яваад байсан" гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 38-39/,

шүүгдэгч Г.Чын “...Би Цандэлэг гэх хүнд хаш хөөрөг гэж худлаа хэлж энгийн чулуун хөөргийг 40.000.000 төгрөгөөр үнэлж зарсан ...” гэх мэдүүлэг /хх 202-203/,

гэрч Б.Мөнх-Өлзийгийн “...Цандэлэг ахынд байхад нэг залуу орж ирээд цагаан өнгийн толгойгүй хөөрөг үзүүлээд “хаш хөөрөг байгаа юм, мөнгөний хэрэг гараад 40.000.000 төгрөгөөр зарна” гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 40/,

гэрч Г.Бат-Эрдэнийн “...Цандэлэг ахынд байхад нэг залуу орж ирээд цагаан өнгийн толгойгүй хөөрөг үзүүлээд “Монголд эхний 5-д орох цэвэр хаш хөөрөг, 40.000.000 төгрөгөөр зарна” гээд Цандэлэг ахын хаш хөөрөгтэй харьцуулж үзүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх 45/,

Геологийн төв лабораторийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хөөрөг нь цахиуржингаар /кварцит - SiO2/ хийгдсэн байна. Цахиуржин /кварцит/ бол байгалийн чулуу бөгөөд метасоматит хувирлын үр дүнд үүсдэг ...” гэх дүгнэлт /хх 75-76/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон  тогтоогджээ.

 

Шүүгдэгч Г.Ч нь цахиуржин чулуун хөөргийг хаш хөөрөг гэж хуурч, бодит байдлыг нуух замаар Л.Цандэлэгийг төөрөгдөлд оруулж, 40.000.000 төгрөгөөр зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Чыг  бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Г.Ч нь элэгний хатуурал өвчний улмаас улаан хоолой, ходоодны венийн судас өргөсөж, хагарсан судсыг наах хагалгаа хийгдсэн. Одоо Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, байнгын эмнэлгийн хяналтад тусламж үйлчилгээ авч байгаа болох нь тус ангийн нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолт, амбулаторын үзлэгийн карт зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн болон эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан нэг жилийн хорих ялыг зургаан сарын хорих ял болгон, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Ч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэргийн улмаас учруулсан 30.500.000 төгрөгийн хохирлоо төлөөгүй зэргийг харгалзан түүний өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Хохирогч Л.Цандэлэгийн “...Г.Чын залилж авсан "Тоёота Альфард" загварын автомашиныг хууль ёсны өмчлөгч Ө.Төрбатын өмчлөлд шилжүүлж өгнө үү …” гэсэн агуулга бүхий гомдлын тухайд:

Хохирогч Л.Цандэлэг нь шүүгдэгч Г.Чаас 40.000.000 төгрөгөөр хаш хөөрөг худалдан авахаар тохирч /арилжаа хийж/, "Тоёота Альфард" загварын автомашиныг 20.000.000 төгрөгт тооцон Г.Чад өгч, уг тээврийн хэрэгслийг Г.Чын нэр дээр шилжүүлсэн байна /1хх-37/. Г.Ч уг тээврийн хэрэгслийг 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Ц.Буяндэлгэртэй гэрээ байгуулан худалдаж, /1хх-36/ уг хэлцлийн үндсэн дээр тээврийн хэрэгсэл Ц.Буяндэлгэрийн өмчлөлд шилжсэнээр тухайн эд хөрөнгийн өмчлөгч болжээ /1хх-159/.

 

Дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй, Ц.Буяндэлгэр нь тухайн автомашиныг гэмт хэрэг үйлдэх замаар олж авсныг мэдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул автомашины зах зээлийн үнэлгээ буюу 12.500.000 төгрөгийг шүүгдэгч Г.Чаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ” гэж заасантай нийцэж байна.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь хөөрөгний үнэд оролцуулсан автомашиныг 20.000.000 төгрөгт тооцон өгч авалцсан байх боловч энэ үнийг зах зээлийн бодит үнэ гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд хохирогч Л.Цандэлэгийн “...Г.Чын залилан мэхэлж авсан "Тоёота Альфард" загварын автомашиныг хууль ёсны өмчлөгч Ө.Төрбатын өмчлөлд шилжүүлж өгнө үү …” гэсэн, шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч Д.Оюунбаатарын гаргасан “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чд оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН