| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Номуулин |
| Хэргийн индекс | 114/2016/0002/З |
| Дугаар | 221/МА2016/0271 |
| Огноо | 2016-04-29 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2016/0271
"Н к" ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нэхэмжлэгч "Н к" ХХК-ийн захирал Ш.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, С.Я нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, "Н к" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.М нь "Н К" ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулаад үүний хэсэг болох үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны 22 тоот гэрээг байгуулж, Дархан-Уул аймгийн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраар баталгаажуулсан юм. 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2 тал тооцоо нийлсэн акт дээр иргэн Т.М 42.000.000 төгрөгийн тооцоотой гарсан бөгөөд энэ мөнгийг төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаад 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 942 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд уг хэмжээний мөнгийг олгохоор шийдвэрлэсэн юм. Захирамжийн дагуу 2015 оны 08 дугаар сарын 20-ний өдөр Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулаад барьцааны хөрөнгө болох Т.Мын өмчлөлийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хорооллын 13 дугаар байрны 65 тоот 3 өрөө байрыг хураан авахаар битүүмжилсэн юм. Гэтэл иргэн Т.М энэхүү байрыг захиран зарцуулах эрхгүй байж дур мэдээд К банкинд 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барьцаанд тавьсан байсан. Улмаар К банк тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаад 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3581 тоот захирамжаар К банкны шийдвэртэй хэргийн шийдвэрийг баталгаажуулах зорилгоор бидний битүүмжилсэн байрыг давхар битүүмжилсэн байсан. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэгч хуулийг зөрчин тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талаарх хуурамч лавлагаа болон шүүхээс битүүмжлэгдсэн байрыг К банкны зээлийн барьцаанд тавьсан ба барьцааны гэрээ байгуулсан байдаг. Энэ талаар Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 013280 дугаартай албан бичгээр уг үл хөдлөх хөрөнгө албадан дуудлага худалдаанд орох үед мэдсэн юм. Ингээд манай компани 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан боловч өдийг хүртэл бид нарт ямар ч албан бичгээр хариу өгсөн зүйл байхгүй байгаа ба бид удаа дараа Улсын бүртгэлийн хэлтсийн ахлах бүртгэгч н.Бат-Эрдэнэтэй уулзахаар очсон боловч байгаагүй учир уулзаж чадаагүй. Энэхүү гомдлын маань хариуг одоо болтол ирүүлээгүй байгаа. Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-ийг зөрчөөгүй бөгөөд мөн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар манай компани шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байгааг анхаарч үзээд бид энэхүү зээлийн гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006888 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 65 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Т.М бүртгэгдсэн байдаг бөгөөд "Н К" ХХК-тай 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 157 дугаар бүхий Худалдааны хамтран ажиллах 22 тоот гэрээг мөн өдрөө манай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байдаг.Энэ гэрээний үүргээ Т.М биелүүлээгүйн улмаас "Н К" ХХК 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. Өнөөдрийн байдлаар манай байгууллагад шүүхийн шийдвэр болон захирамж ирээгүй байгаа. Иргэн Т.М 2014 оны 10 дугаар сард Сум дундын 7 дугаар шүүхийн 942 тоот захирамжийг мэдэж байсан гэж бодож байгаа. Энэ захирамж бол тухайн үед манай байгууллагад ирээгүй. Гэтэл иргэн Т.М нь 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай байгууллагад хандаад мэдүүлэг гаргаад уг байрныхаа талаар лавлагаа авах тухай хүсэлт гаргасан байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэсэн заалтыг иргэн Т.М зөрчсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед уг лавлагаа нь андуурагдаж гарсан байдаг. Гэхдээ тэр лавлагааг засах боломж байсан гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "Н К" ХХК нь барьцааны талаар 2015 оны 08 сард мэдсэн бөгөөд улмаар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Харин Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс гомдлын хариуг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөөгүй учир Захиргааны хэргийн шүүхэд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлээ 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байдаг ба "Н К" ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байдаг юм. Нэхэмжлэгч нь уг хугацааг бүтэн 39 хоног хэтрүүлсэн. Иймд "Н К" ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тус банк 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Т.М, В.Б нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан ба гэрээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Иргэний хууль болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу бүртгээд баталгаажуулсан. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед уг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нь түдгэлзүүлсэн буюу хязгаарласан акт ямар нэгэн байдлаар байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр:Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.7, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 28 дугаар зүйлийн 28.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 18 дугаар зүйлийн 18.1.12, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хороолол, 13 дугаар байрны 65 тоот орон сууцны барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсан хуулийн заалтууд нь тус банкны барьцааны эрхийн бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой зохицуулалт биш бөгөөд хууль хэрэглээний алдаатай шийдвэр болох нь тодорхой байна. Тодруулбал, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-т мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол гэсэн байна. Уг зохицуулалтанд тусгагдсан 3 дугаар зүйлд заасан эрх гэдэгт барьцааны эрх багтахгүй юм. Учир нь 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг хүчингүй болгосноор энэ зохицуулалтанд барьцааны эрх хамааралгүй болсон байна. Түүнчлэн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.12 барьцааны эрхийн улсын бүртгэлтэй хамааралгүй бөгөөд барьцааны эрхийн бүртгэлийг хүчингүй болгох хуулийн хэм хэмжээ биш байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д Энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох.., 171 дүгээр зүйлийн 171.1-д Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй гэж тус тус хуульчилсан байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй энэхүү хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд иргэн Т.М, В.Б нар тус банктай 3006/2013/156 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулсан юм. Түүнчлэн уг зээлийн барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлийн байгууллагад зохих журмын дагуу бүртгүүлж, баталгаажуулсан бөгөөд хүчин төгөлдөр барьцааны эрх болно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Барьцааг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ барьцааны гэрээнд, хэрэв барьцааны эрх хуулиар үүссэн бол барьцаагаар үүрэг хүлээсэн барьцаалуулагч нь өмчлөгч болохыг нотолсон баримт бичигт тус тус бичилт хийх бөгөөд уг бичээст эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэх байгууллагын бүтэн нэр, бүртгэсэн он, сар, өдөр, газар, бүртгэлийн дугаарыг тусгаж эрхийн улсын бүртгэл хийж байгаа албан тушаалтан гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарна гэсэн зохицуулалтаас харахад үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг гэрээнд тэмдэглэгдсэн улсын бүртгэгчийн тамга, дугаараар нотлогдохоор байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч "Н к" ХХК нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан К банк, иргэн Т.М нарын хооронд байгуулагдсан 30062013156 тоот зээлийн барьцааны гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан үл хөдлөх хөрөнгийг хуурамч лавлагаа үндэслэж дахин барьцааны бүртгэл хийсэн, шүүхээс битүүмжлэгдсэн байрыг К банкны зээлийн барьцаанд тавьсан гэж тайлбарлан маргажээ.
Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч "Н к" ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Тодруулбал,
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй, 35 дугаар зүйлийн 35.1-д Давхар барьцааны улсын бүртгэлийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмаар хийнэ гэж зааснаар барьцаалуулагч этгээд барьцааны зүйлийг давхар барьцаалуулахаар хүсэлт гаргасан тохиолдолд бүртгэлийн байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан журмаар үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хийх үүрэгтэй.
Харин барьцаалуулагч барьцааны зүйлийг давхар барьцаалуулсан тухайгаа өмнөх болон дараачийн барьцаалагчид мэдэгдэх, дараачийн барьцааны гэрээнд өмнөх барьцааны улсын бүртгэлийг заах зэрэг үүргээ зөрчсөн эсэх асуудал нь хувийн эрх зүйн маргаанд хамааралтай байх ба улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, энэ талаар захиргааны шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т энэ хуулийн 33.1-д заасан тохиолдолд барьцаалагчийн шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана гэж зааснаар анхны барьцаалагч "Н к" ХХК тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлээ хангуулах эрхтэй бөгөөд К банк, иргэн Т.М нарын хооронд байгуулагдсан 30062013156 тоот зээлийн барьцааны гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн нь анхны барьцаалагч "Н к" ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Хэдийгээр Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 45/5923 тоот лавлагаа нь хуурамч, тухайн үед "Н к" ХХК-ийн Т.Мтай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бүртгэлтэй байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа хэдий ч давхар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй, уг бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар нэг эрх, ашиг сонирхол сэргээгдэхгүй юм.
Нэхэмжлэгч талаас Сум дундын 7 дугаар шүүхийн /хуучнаар/ шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3581 дүгээр Шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарснаар Сум дундын 7 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 942 дугаар захирамжийн дагуу хийгдэж байсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогсч манай эрх ашиг зөрчигдсөн гэж тайлбарлаж байх ба К банкны нэхэмжлэлтэй Т.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 911 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтаар дээрх захирамжийг хүчингүй болгосон байгааг дурьдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т заасан ...захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн... гэдэгт хамаарч байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Н к" ХХК-ийн хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох К банк, Т.М нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "Н к" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, гуравдагч этгээд К банкны давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН