Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2017/00117

 

Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгчид Н.Туяа, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 500 дугаар шийдвэртэй, Г-ийн нэхэмжлэлтэй, Д-д холбогдох иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч Д, хариуцагчийн өмгөөлөгч С.А нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдээ тэжээн тэтгүүлэх, дундын өмчөөс өөрт болон хүүхдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай.  

 

Нэхэмжлэлд: “Г би Д-тэй 2008 онд  сайн дурын үндсэн дээр гэр бүл болж, 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Д бид хоёрын дундаас өнгөрсөн хугацаанд охин Х , хүү А нар төрсөн. Харин охин Х-г хадам эх З-д 2009 онд хууль ёсоор үрчлүүлсэн тул энэ хүүхдийн талаар маргаангүй. Д бид хоёр гэрлэсэн эхний жилүүдэд сайн сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд Д-ийн ааш зан өдрөөс өдөрт өөрчлөгдөн хувьсаж, намайг байнга сэтгэл санааны дарамтад оруулах, гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж, эмэгтэй хүн миний биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан эрх чөлөөнд минь удаа дараа халдаж байнга зодож жанчих зэрэг асуудал гаргах боллоо. Энэ асуудлаар Д сумын хэсгийн төлөөлөгчид олон удаа гомдол гарган Д-ийн асуудлыг шалгуулж байсан. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд 2017 оны 4 дүгээр сард Д нь миний эрх чөлөөнд халдаж жижгээр танхайрсан учраас Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 65 тоот шүүгчийн захирамжаар 10 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны арга хэмжээ авагдаж, 20 цагийн албадан сургалтад хамааруулахаар болсон.  

Би нөхрийн намайг дарамталсан асуудлыг аав ээж, төрөл садан нараас олон жилийн турш нуун тэвчиж хүүхдийн ирээдүйг бодож уучилж ирсэн боловч нөхрийн маань ааш зангаа өөрчлөөгүй өдий хүрлээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд надад өөрийн гараас 7 удаа цаашид зүгээр явна, дахиж архи уухгүй, гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэхгүй гэж, түүнчлэн сумын хэсгийн төлөөлөгчид 2 удаа бичгээр цаашид зүгээр явна, архи уухгүй гэж амлалт тус тус бичиж байсан. 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр намайг Д утсаар боож эрх чөлөөнд минь халдаж, биед маань гэмтэл учруулж зодож байсан асуудлыг цагдаад өгч шалгуулж байх хооронд тэрээр дахин зөрчил гаргавал би гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй гэж бас баримт хийж өгсөн. Ингээд би нэг өдөр танхай, архичин этгээдийн гарт амь насаа алдах магадлалтай болж байна. Тэрээр сүүлийн үед байнга архи ууж надад дарамт үзүүлж байна. 

Би 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тусдаа хүүтэйгээ хамт амьдарч байна. Миний хүү А төрсөн цагаасаа хойш миний асрамжид байгаа тул би цаашид түүнийг өөрийн асрамжид авахыг хүсэж, хүүхдийн тэтгэлгийг эцэг Д-ээс гаргуулах саналтай байна. Г би төрхмөөс өгсөн хуваарьт хөрөнгөө өөрөө авсан тул маргаан байхгүй.  Харин дундын өмчид байгаа өвлийн байшин, хуучин УАЗ-469 машин, хуучин суудлын жижиг тэрэг, хуучивтар гал тогооны хэрэгсэл, хуучин хөргөгч, хуучин цахилгаан зуух, зочны өрөөний буйдан, гал тогооны ширээ, хуучин тоос сорогч, хувцасны өлгүүр, цахилгаан махны машин, хувин, гал тогооны иж бүрэн аяга, таваг, угаалгын өрөөний толь, индүү, хуучин компьютер, хуучин принтер, хуучин мотоцикл зэрэг дундын өмчийн хүү, бид хоёрт ногдох хэсгийг Д-ээс гаргуулж өгнө үү. 

Иймд Г, Д бидний гэрлэлтийг албан ёсоор цуцалж, хүү А-г эх Г миний асрамжид үлдээж, түүнийг 18 нас хүртэл эцэг Д-ээр тэжээн тэтгүүлэх, хүү бид хоёрын дундын өмчийн ногдох хэсэг болох 15116000 төгрөгийг Дээс гаргуулахыг хүсэж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний эхнэр болох Г-ийн гэрлэлтээ цуцлуулах гэх утгатай гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, Д би нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Г бид хоёр 2008 онд гэр бүл болсон. Том охин Х-г миний аав, ээжид үрчлүүлсэн. хүү А нь Г бид хоёрын асрамжид эрүүл чийрэг зөв хүмүүжилтэй өсөж байна. Бид гэр бүл болсон үеэс эхлэн одоо хүртэл сайхан амьдарч байна. Г-ийн нэхэмжлэлд бичсэнчлэн миний ааш зан өөрчлөгдөөгүй, хувьсаагүй бөгөөд би Г-г байнга сэтгэл санааны дарамтад байлгаагүй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлж, түүний биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж эрх чөлөөнд нь халдаж байгаагүй. Г-ийн өөрийнх нь огт мэддэггүй үгээр, болоогүй юмыг болсон болгож түүний өмгөөлөгчийн санаагаар бичсэн гүтгэлгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Сумын хэсгийн төлөөлөгчид олон удаа арга хэмжээ авахуулж, бас шалгуулж байгаагүй. 

Харин нэг удаа найрт очиж архи ууж ирснийг минь далимдуулан хэсгийн цагдаагийн төлөөлөгчид Г нь намайг муулан, элдвээр гүтгэж мэдүүлснээр би нэхэмжлэлд дурдсан захиргааны арга хэмжээг авахуулсан маань үнэн. 

Би архинд орсон, амьдралаа алдсан этгээд болоогүй. Миний хааяа архи уудаг явдлыг Г тэвчдэггүй бөгөөд энэ байдлаас болж тэрээр байнга хэрүүл өдөж хэрэлддэг. Энэ үедээ өөрөө гэр орныг эвдэн сүйтгэж цагдаад мэдэгдэж сүйд болдог байсан. Ийм байдлаар хэрүүлийг Г нь өөрөө өдөж далимдуулан намайг гүтгэж улмаар цагдаад мэдэгдээд аллаа таллаа гэж явдаг. Архи уусан гэх байдлаар миний үйлдэл байдлыг буруутгаад надад хариуцлага тооцсон. Г нь ингээд нэг өдөр танхай архичин этгээдийн гарт амь насаа алдах магадлалтай байна гэж өмгөөлөгчдөө хэлж бичүүлсэн гэхэд би итгэхгүй байна. Намайг өмгөөлөгч нь хүн биш араатан, бүдүүлэг, танхай этгээд, алуурчин байдлаар санаандаа орсон үгээр бичсэн байна. Шүүх алдсан эндсэн болон араатан тэнэг хоёрын ялгааг харж ялгах байх гэж итгэж байна.

Би Анагаах ухааны чиглэлээр хүний эмч мэргэжлээр төгссөн. Г маань ч хүний эмч мэргэжилтэй. Бид хоёр тус Д сумын Хүн эмнэлгийн салбар буюу Эрүүл мэндийн төвд мэргэжлээрээ ажилладаг. Цалин хөлсөө авч нийтийн жишгээр сайн сайхан амьдарч байна. Бид хоёрт үр хүүхэд байна, гачигдсан дутсан зүйлгүй бөгөөд ирээдүй маань гэрэл гэгээтэй байна.  

Би ганц хоёр удаа найз нөхөд хамт олны хүмүүстэй архи уусан байсан бөгөөд одоо архи уухаа бүр мөсөн больсон. Рамазан сард Ораза мацаг барьж шашны зан үйлийг ч үйлдэж яваа маань ирээдүй, хойч үедээ, гэр бүлээ бодсоны илрэл юм. Би Г болон хүүхдүүддээ маш их хайртай, тэднийхээ төлөө сайн сайхныг нь бүтээж чадна гэж итгэж явдаг. Ганц дутагдал маань архи хааяа уух явдал байсан бөгөөд энэ муу зуршлыг хаясан. Иймд би гэр бүлээрээ сайн сайхан амьдарч чадна гэж шүүхэд амлаж байна. Бидний гэрлэлтийг цуцлах явдлыг гэр бүл өрхийг минь хоёр тийш салгах байдлыг, голомт минь унтарч, хүүхдийг минь өнчрүүлэхгүй байх зэрэг бидэнд гарз хохирол учруулахгүй байхыг шүүхээс холбогдох хуулийн зүйл заалтыг үндэслэн гэрлэлт цуцлахыг гурван сараар түдгэлзүүлж, эвлэрүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. 

Г маань хуваарьт хөрөнгө авсан. Одоо дундын өмчийг авна гэж баахан эд хөрөнгийн нэрийг нэхэмжлэлд дурдсан байна. Зарим нь огт байхгүй зүйлсийг ч бичжээ. Би эхнэр хүүхдүүдээсээ ямар ч эд хөрөнгийг харамлаж хардахгүй. Авна гэснээ авна биз. Гэхдээ гэрлэлт цуцлах, салж сарних хүртэл ч бас хугацаа зай байна гэдийг хэлье. 

Би эд хөрөнгөний талаар хийсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгө үнэлэгч гэгчид нь манай гэр оронд ирж аяга таваг, тогоо шанагыг минь болон бусад хөрөнгүүдийг үзээгүй байж Г болон түүний өмгөөлөгчийн санаагаар бичсэн үнэлгээг баталж өгсөн гэж үзэж байна. Учир нь аливаа эд хөрөнгийг гарал үүсэл, гарсан он, сар эдэлгээнд орсон хугацаа, шинэ, хуучин болон эвдэрсэн, заасан байдлыг тухайн нутгийн зах зээлийн үнэлгээгээр жишиж гаргах журамтай юм. Г нь 15116000 төгрөг болгож үнэлүүлсэн нь тэр новшийн эд хөрөнгийг биш мөнгийг нь надаар тухайлбал цалингаас минь гаргуулахаар бодож өмгөөлөгчтэйгөө тохирч хийсэн заль юм байна гэж би үзэж байна. 

Тэгэхээр эд хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах, шинжээч томилуулах тухай хүсэлтээ гаргаж энэ байдлыг шийдвэрлүүлэх болно. Учир нь Г эд хөрөнгийг өөрийн санаагаар, тооцож үзээгүй үнэлгээчинд үзүүлсэн болгож, гаргасан нийт үнэлгээ 15116000 х 3 = 45348000 орчим төгрөг болсон байгаа юм. Ийм санааны зоргоор мөнгө хөрөнгө нэхэмжлэхийг Г-д ямар зальтай этгээд нь зааж сургаад байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна, эхнэр хүүхдүүдээсээ салмааргүй байна. Гурван сараар эвлэрүүлж өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр: “1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Д, Г нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү А-г эх нь болох Г-ийн асрамжид үлдээсүгэй. 

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг нь болох Д-ээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс Уаз-469 маркийн машин буюу 3500000 төгрөг, хуучин суудлын жижиг тэрэг буюу 2000000 төгрөг, орос улсын хуучивтар гал тогооны олон тасалгаатай шүүгээ буюу 450000 төгрөг, эдэлж байсан хятад улсад үйлдвэрлэгдсэн хөргөгч буюу 350000 төгрөг, Орос улсад үйлдвэрлэгдсэн хуучин цахилгаан зуух буюу 380000 төгрөг, хятад улсад үйлдвэрлэгдсэн хуучин зочны өрөөний буйдан буюу 450000 төгрөг, махны машин буюу 50000 төгрөг, угаалгын өрөөний толь буюу 25000 төгрөг, хувин буюу 5000 төгрөг зэрэг эд хөрөнгүүдийг Дд үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Д сумын 9 дүгээр багт байршилтай, хувийн сууцны зориулалттай өвлийн байшин буюу 14000000 төгрөг, гал тогооны ширээ сандлын иж бүрэн буюу 250000 төгрөг, тоос сорогч буюу 80000 төгрөг, өлгүүр буюу 40000 төгрөг, индүү буюу 25000 төгрөгийн эд хөрөнгийг Д-ээс гаргуулан Г, А нарт олгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Д би Г-ээс гэрлэлтээ цуцлуулахгүй байх тухайгаа бичгээр гаргаж мөн шүүх хуралд ч гэрлэлтээ цуцлуулахгүй гэж хэлж үндэслэлтэй тайлбарласан билээ. Учир нь үр хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. Хүүхэд өнчрөх нь асар их хор уршигтай гэдгийг тайлбарлах шаардлагагүй. Гэрлэгчид бид цаашид сайн, сайхан амьдрах бүрэн боломжтой. Ажил орлого, үр хүүхэд, нэр төр, мэдлэг боловсрол, унаа, мал, ах дүү, төрөл садан, хамт олон найз нөхөд гээд бүх юм байгаа бөгөөд амьдрал маань хангалттай, гачигдах дутагдах зүйлгүй байна. 

Намайг архи уудаг гэх боловч би байнга ууж байгаагүй хааяа уусан архины улмаас маргаан хэрүүл гарсан нь үнэн бөгөөд одоо би архи уухаа больсон. Архины эмчилгээ хийлгэж, эрүүл саруул, сайхан амьдрахаар өөртөө санаа тавьж байна. 

Г нь нэхэмжлэлдээ ч мөн шүүх хуралд ч гэсэн маш их дарамтад байсан, алуулах, талуулах дээрээ хүрч байсан гэсэн нь огт худлаа. Г надтай хамт байхгүй гэж эмнэлгийн байрны нэг өрөөнд орчихсон. Энэ боломжийг хангаж өгч, Гг халамжлан авч өөртөө татан дотносгосон хүн бол Д сумын сум дундын Хүн эмнэлгийн ерөнхий их эмч Х гэдгийг тус сумын бүх ард иргэд, албан хаагчид, хамт олон ажиллагсад бүгд мэдэж байгаа бөгөөд тэдний дотно харьцааг арван хуруу шигээ ярьдаг. Би анхан шатны шүүхэд энэ талын нотлох баримтыг гаргаж ч өгөөгүй. Мөн тайлбарлаагүй шүүх ганц удаа гаргасан зөрчилд минь арай хатуурхалгүй нэг удаа эвлэрүүлж өгөх байх гэж итгэж дээрх байдлыг тайлбарлаж хэлээгүй.

Г-ийн элдэв зан авир, хуурамчаар хэлсэн, бичсэн тайлбар, гүтгэлэг гэх мэтийг нь эр хүний хувьд, хүүхдүүдээ болон ирээдүйгээ бодож уужим сэтгэл гарган уучилна. “хүн нэрээ тогос өдөө” гэдэг. Би өөрөө Г-г гомдоосон үйлдэлдээ түүнээс одоо ч гэсэн уучлалт гуйж, эвлэрэхийг хүсэж байна. Бидэнд сайхан амьдрах боломж байгаа тул энэ боломжийг бид хүүхдээ, бас ирээдүйгээ бодож ашиглахыг санал болгож хүсэж байна.

Шүүхэд дундын хөрөнгөний үнэлгээ буруу зөрүүтэй гарчээ. Тухайлбал, үнэлгээний комисс гэгч нь дундын хөрөнгийг үнэлэхдээ манай гэрт очоогүй, нүдээрээ үзээгүй санаагаараа үнэлгээг нь гаргажээ. Дундын хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй байх тул дахин үнэлүүлэхээр хүсэлт гаргасан. Бодит үнэлгээ гарсан тохиолдолд дундын өмч 3 хүнд зөв хуваарилах ёстой гэсэн утгаар энэ хүсэлтийг гаргасан байтал харамсалтай нь анхан шатны шүүх энэ хүсэлтийг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг бодит, үнэн тал талын байдлыг харгалзан үзэж гаргаагүй гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14-д заасан “Бүх боломжуудыг судлаад эвлэрүүлэх арга хэмжээ авна” гэсэн зүйлийг баримтлан нэг удаа эвлэрүүлэх боломж олгоогүй гэж үзэж байна. 

Иймд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү?Учир нь дундын өмч хөрөнгийн үнэлгээ бүрэн бодит байдлаар гараагүй тул анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг хангуулахыг хүсэж байна. Миний гаргасан хүсэлт хангагдах явцад би Г-тэй эвлэрэх арга хэмжээ авна. Мөн бусад нотлох баримтуудаа бүрдүүлэх болно.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г нь олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөгдөж амьдарч ирсэн нь тогтоогдсон ба түүний нөхөр болох Д нь байнга архи ууж, түүний эрх чөлөөнд халдаж байсан байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихыг хүсэж байна.” гэжээ. 

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

 

Нэхэмжлэгч Г нь хариуцагч Д-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүү А-г өөрийн асрамжид үлдээж, эцэг Д-ээр хүүхдээ тэжээн тэтгүүлэх, дундын өмчөөс өөрт болон хүүхдэд ноогдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Д нь нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна. 

 

Хариуцагч Д-д Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 65 дугаартай шийтгэврээр Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах захиргааны шийтгэл ногдуулж, 20 цагийн албадан сургалтад хамруулахаар захиргааны шийтгэл ногдуулсан бөгөөд уг шийтгэврээс үзэхэд Д нь архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр Г-г айлган сүрдүүлж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан нь тогтоогджээ. Нэхэмжлэгч дээрх үйл баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгосон бөгөөд гэрлэгчид тааламжгүй харилцаатай, тус тусдаа амьдарч байгаа, нөхөр Д нь архидан согтуурч, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, эхнэр Г-г айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т зааснаар Г, Д нарын гэрлэлтийг цуцалж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д зааснаар хүү А-г эх Г-ийн асрамжид үлдээж, эцэг Д-ээр тэжээн тэтгүүлэн, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг хуваарилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах зохицуулалттай тул хариуцагч Д-ийн “анхан шатны шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ аваагүй” гэсэн агуулгатай гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. Түүнчлэн, хариуцагчийн давж заалдах гомдолд “дундын эд хөрөнгийн үнэлгээ бодитой гараагүй, эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй” гэжээ. 

Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баян-Өлгий аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчдын 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан эд хөрөнгийн үнэлгээг хавсаргасан бөгөөд шүүх 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, мөн өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулан, хэргийн материалтай танилцуулсан байна. 

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс “дундын эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх тухай” хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн мөн өдрийн 1981 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 123 дугаар зүйлийн 123.3.-т заасан зохицуулалтад нийцсэн байна. Шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан болох 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хариуцагч талаас шүүхийн журмаар нэмэлт нотлох баримт цуглуулахаар санал гаргах бололцоотой байсан боловч энэ хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж анхан шатны шүүх үзээгүй учраас, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч өөрийн татгалзлаа нотлох үүргээ биелүүлэх боломжит хугацаа байсан, энэ эрхээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нотлох баримтыг бодит байдалд нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэл муутай байна. Анхан шатны шүүх гэрлэгчдийн тодорхой эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, хуваарилсан нь үндэслэлтэй болжээ.

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон  түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

С.ӨМИРБЕК