| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00932/И |
| Дугаар | 01063 |
| Огноо | 2017-11-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 01063
| 2017 оны 11 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2017/01063 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.О ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Чт холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00932/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгч Х.О, хариуцагч С.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.О нь С.Чтой 2012 онд танилцаж үерхэж байгаад 2007 оны 03-р сарын 26-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин О.Мыг 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, хүү О.Б 2010 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болж бид 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин М, хүү Б нарыгаа өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй гэв.
Хариуцагч С.Ч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2005 онд танилцаж 2007 оны 03 сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас 2007 оны 06 сарын 01-ний өдөр охин М, 2010 оны 04 сарын 04-ний өдөр хүү Б нар төрсөн. Бид 2013 оны 08 сар хүртэл хамт амьдарсан ба эхнэр Х.О нэг гэрлүүгээ яваад эргэж хамт амьдраагүй. Буцаж хамтдаа амьдаръя гэж хоёр гурван удаа гуйж очсон боловч хүлээж аваагүй, өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Би архи хааяа уух нь уудаг л байсан гэхдээ ярьж байгаа шиг нь зодож нүдээд байдаггүй л байсан. Энэ хүн өөрөө л явна гээд явсан тул одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч С.Чт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь №0005206-109 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр охин Ч.М төрсөн болох нь 2007 оны 06 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2010 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү Ч.Б төрсөн болох нь 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлж авсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 08 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрөн охин Ч.М, 2010 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ч.Б нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, хүүхдийн санал зэргийг харгалзан эх Х.Оийн асрамжид үлдээж эцэг С.Чоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ч.М, хүү Ч.Б нарыг эх Х.Оийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.Чоос эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх 70.200 төгрөгийг мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Ч.М нь 10 настай, 2010 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ч.Б 7 нас хүрсэн байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг хүүхэд тус бүрт сар болгон хариуцагч С.Ч төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ч.М, хүү Ч.Б нарт сар бүр төлөх тэтгэлэг 173.500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.082.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөг, нийт 118.462 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х.О, С.Чнарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Ч.М, 2010 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ч.Б нарыг эх Х.Оийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Ч.М, 2010 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Ч.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцвал 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Чоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг С.Чт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.От тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч С.Чоос 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН