| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01009/И |
| Дугаар | 01054 |
| Огноо | 2017-10-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 01054
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 142/ШШ2017/01054
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-6-27 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ФМ85061357/, М.М-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг 2-6-27 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ГН85052605/, Д.Б-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: М миний бие 2009 онд Д.Б-тай танилцаад 2010 онд гэр бүл болж 2011 оны 01 сарын 03-нд охинтой болсон юм.Гэрлэсэнээс хойш эхний 1 жил л арай хэрүүл маргаангүй байсан байх, түүнээс хойшхи 6-7 жилийн хугацаанд гэр дотор үргэлж хэрүүл маргаантай, сэтгэл санааны дарамттай эхнэртээ хүчээр дарлагдсан байдалтай амьдарч ирлээ. Эхнэр Д.Б нь маш их хартай үргэлж хэн нэгэнтэй хардана. Миний аав, ээж ойр тойрны бүх хүмүүсийг маш муухай үгээр хараадаг. Хүнийг хүндэлж хайрлах сэтгэлгүй дандаа гомдоодог. Түүний энэ зан байдал нь намайг түүнтэй хамт амьдрах ямар ч хүсэл сэтгэлгүй болгосон. Хоёулаа Солонгос хүртэл явж ажиллалаа. Залуу хүмүүс ямар жаргалтай ажиллаж амьдарч байгааг хараад би өөрийн энэ амьдралдаа гутардаг. Орон сууцтай, ажилтай орлоготой, үр хүүхэдтэй бусдын адил сайхан амьдрах бүрэн боломж байна. Гэтэл түүний дээрэлхүү зан байдлаас болоод манай амьдрал сүйрэлд хүрээд байна. Хамгийн сүүлд намайг балкон дээр түгжээд машины түлхүүр аваад явсан. Маргааш нь намайг гэрээс хөөсөн. Машиныг нэг газар нуусан юм шиг байна лээ. Би одоо аав, ээжтэйгээ амьдарч байна. Өчүүхэн зүйл ялихгүй юмнаас болж маш их уурладаг. Их уурласан үедээ хутга заазуур барьж хүртэл дайрдаг. Би өөрийгөө хамгаалж түлхэж унагаах зэргээр аюултай нөхцөл байдлууд давтагдах шинжгэй болсон. Тэрээр намайг өргөдөлөө өг гэж шаардаад байгаа тул энэ өргөдөлийг гаргалаа. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин хүүхэд учраас охиноо ээжийнх нь асрамжинд байлгана. Байгаа эд хөрөнгөө хуулийн дагуу шийдвэрлүүлж хувааж авна. Бидний гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэвэл ипотекийн гэрээгээр авсан Оюут багийн 2-6-27 тоот арктай 1 өрөө орон сууц, Приус маркийн автомашин байна. Орон сууцыг 2014 онд байр үнэтэй байхад 60 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо зээлийн үлдэгдэл 35 000 000 төгрөг байна. Байрны үнэ ханш унаад арктай 1 өрөө байр хэд болсоныг мэдэхгүй. Шүүхээс шинжээч томилуулж үнэлгээ хийлгээд оногдох хэсгийг нь Баянжаргал болон охиндоо өгч байраа өөрөө авна. Мөн машиныг үнэлүүлж тэнцүү хуваана гэж бодож байна гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Б би М.М-аас гаргасан /Гэрлэлт цуцлуулж өгнө үү, дундын өмч байрны оногдох хувийг Баянжаргал болон охиндоо өгч байраа өөртөө авах, авто машинаа тэнцүү хуваана/ гэсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие М.М-тай 2010 онд гэр бүл болсон ба 2011 оны 01 дүгээр сарын 03-нд охинтой болж сайн сайхан амьдарч байсан боловч, одоо таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байна. Цаашид эвлэрч хамт амьдрах итгэл найдвар алдагдсан учраас гэрлэлтээ цуцлуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин М.М нь охиноо нэгэнт миний асрамжинд байлгах талаар нэхэмжлэлдээ дурьдсан учраас охиндоо хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгохоос гадна хүүхэд аятай тухтай орчинд өсч бойжих шаардлагатай учраас М.М-д орон сууцны үнэлгээгээр тогтоогдсон үнийн оногдох хувийг өгч орон сууцаа охин бид 2 авч үлдэнэ, мөн Приус маркийн автомашиныг гэр бүлийн гишүүд тэнцүү хувааж авах эрхтэй учраас уг автомашиныг орон сууцны нэгэн адил хуваалгах байх гэж би бодож байна гэв.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч М.М, хариуцагч Д.Б бид нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар эвлэрэн тохиролцов.
1.Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар шаардлагыг хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрөв.
2.Гэрийн доторхи эд зүйлийг өөрсдөө ямар нэгэн маргаангүйгээр хувааж авахаар тохиролцов.
3.Орон сууц, машины үнэ 51,000,000 төгрөг болсон тул Б, охин Ц нарт оногдох 34,000,000 төгрөгийн 50 хувь 17,000,000 төгрөгийг хариуцагч Б нь орон сууцны зээлийн төлөлтөөс өөрт ногдох хэсэгт тооцуулж М-д үлдээж, банкны зээлийг М.М төлөхөөр тохиров.
4.Хариуцагч Д.Б нь 2-6-27 тоот 1 өрөө орон сууцыг өмчлөхөөс татгалзаж, М.М-д шилжүүлж өгөхөөр тохиролцов.
5.Нэхэмжлэгч М.М нь Д.Б-д дундын өмчөөс оногдох хэсэг болох 17,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохиров.
6.Приус маркын машин, 2-6-27 тоот орон сууцыг М-д үлдэхээр тохиролцов.
7.Цаашид энэ талаар шүүхэд хандах эрхгүй гэдгийг талууд ойлгосон болно гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
Зохигчид 2009 онд танилцаж, гэр бүл болж 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-311 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбараар, гэрлэгсдийн дундаас охин М.Ц 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, “Гэрэлт мандах” ӨЭМТөвийн тодорхойлолт, М.Ц-ий Г-248 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Охин М.Ц нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр хариуцагч хүүхдийн асарамжийн талаар маргаагүй зөвшөөрч байгаа, бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Орхон аймаг,Баян-Өндөр сум,Оюут багийн 2-6-27 тоот 000193218 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101008601 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцны үнийг 38,100,000 төгрөгөөр Худалдаа хөгжил банкны зээлээр төлөхөөр гэрээ байгуулан М.М, Д.Б нар нь өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Худалдаа хөгжил банкны орон сууцны зээлийн гэрээгээр нотлогдож байна. Монгол Улсын Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэсэн заалтыг үндэслэн зохигчдын эвлэрлийн гэрээг баримтлан гэр бүлийн гишүүдэд адил хуваарилан, хүүхдийг орон байраар хангах үүргийг эцэг, эхийн хэн аль нь хүлээдэг учир Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу Орхон аймаг,Баян-Өндөр сум, Оюут багийн 2-6-27 тоот 000193218 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101008601 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг, 01-78 ОРО улсын дугаартай, Приус маркын суудлын автомашиныг нэхэмжлэгч М.М-ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч М.М-аас 17,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Б-д олгохоор шийдвэрлэв.
Харин гэрлэгчид нь 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Худалдаа хөгжил банктай орон сууцны зээлийн гэрээ байгуулан 38,100,000 төрөгийг 240 сарын хугацаатай хамтран зээлж авсан байх бөгөөд Худалдаа хөгжил банкны тодорхойлолтоор, 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 34,451,002 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байх тул энэхүү зээлийн төлбөрийг гэрлэгчдэд тэнцүү хуваарилан гаргуулах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-ад олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.М, Д.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин М.Ц-ийг эх Д.Б-ын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг М.Мөнхбатаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4,129 дүгээр зүйлийн 129.2-д заасныг баримтлан 01-78 ОРО улсын дугаартай, Приус маркын суудлын автомашин, Орхон аймаг,Баян-Өндөр сум, Оюут багийн 2-6-27 тоот 000193218 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101008601 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууцыг банкны зээлийн төлбөрийн үлдэгдлийн хамт нэхэмжлэгч М.М-ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч М.М-ас 17,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Б-д олгосугай.
4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-лаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.М-ад олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН