Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 01051

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 142/ШШ2017/01051

Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Өнөр хотхон 104-08 тоотод оршин суух, Их номгон овогт О.О-ийн /регистрийн дугаар: ФД83080801/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-4-64 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ДЭ69031802/, Бэсүд овогт С.Ш холбогдох

“8,310,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч С.Ш, хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхбат, гэрч Г, Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие О.О нь 2017 оны 01-р сарын 19- ний өдөр Сэд овогтой Ш-тай зээлийн гэрээ байгуулж 4,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянган/ төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн ба тус өдрөө буюу гэрээг бичгээр байгуулсан. 2017 оны 01-р сарын 19-ний өдөр зээлдүүлэгч миний бие С.Ш-гийн заасан дансанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 4.600.000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн болно. Гэтэл зээлдэгч болох С.Ш нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2 сарын дотор зээлээ төлөх болон зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй өдийг хүрлээ. Иймээс зээлийн гэрээний үндсэн төлбөр хүүгийн хамт 5,520,000 /таван сая таван зуун хорин мянган/ төгрөг, зээлийн гэрээний 5-р зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцсон алданги 2,760,000 /хоёр сая долоон зуун жаран мянга/ төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсан улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг буюу нийт 8,310,000 /найман сая гурван зуун арван мянган/ төгрөг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч болох С.Ш би О.О-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Миний хувьд нэхэмжлэлийн үндэслэл нь худлаа бичигдсэн байна. Миний бие О-аас 4,600,000 төгрөгийг өөрөө зээлж аваагүй. Тэр үед манай ажлын газрын хэсэг хүмүүс Ж-тайм сүлжээнд элсэн орж байсан үе. Бид Ж-тайм сүлжээнд ажиллах талаар ярилцан хүн элсүүлэх шаардлага гарч Даваасүрэн мөнгө зээлэх хүн байна уу гэж асуухад Гэрэлмаа манай бэрийн ангийн хүүхэд хувиараа мөнгө зээлдэг юм гэнэ лээ гэж хэлсэн. Ингээд Даваасүрэн чи тэр хүнээсээ асуугаад өгөөч гэсэн тул Гэрэлмаа бэрээсээ О-гийн утасны дугаарыг авч утсаар ярьж мөнгө авахаар болсон. 3 хоногийн дараа Гэрэлмаа О-тай дахин утсаар ярьж 4,600,000 төгрөгийг авахаар болж Д-ийн данс руу шилжүүлэн хийлгэсэн. О Гэрэлмааг барьцаа өг гэсэн тул маргааш нь миний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Гэрэлмаа бид 2 аймгийн нутгийн удирдлагын ордны конторт нэг хүүхэнд ямар ч гэрээ хийлгүй гарын үсэг ч зураагүй өгөөд явсан. Маргааш нь би Гэрэлмаагаас юу хийдэг, хэн гэдэг хүн бэ гэж асуусан. Тэр үед би мөнгийг нь өгөөд миний ордерыг авч өгөх байх гэж Гэрэлмаад итгэсний үндсэн дээр л өгсөн. Мөнгийг 1 дүгээр сард Даваасүрэн авч өөр хүнд зээлсэн нь үнэн. Гэрэлмаа, Даваасүрэн хоёр О-аас мөнгийг ямар хугацаагаар, хэдэн хувийн хүүтэй авч байгааг би мэдээгүй. Харин зээлийн гэрээг бүр хойно буюу 4 дүгээр сарын 17,18-ны үед О Гэрэлмаа руу удаа дараа ярьсны улмаас Гэрэлмаа бид хоёр О-ийн ажил дээр очсон. О бид хоёртой уулзаад намайг иргэний үнэмлэхээ өгчих гэж авч яваад энэхүү гэрээг үйлдэн гарч ирж надаар гарын үсэг зуруулсан. О-гт миний байрны ордер байсан тул надаар гарын үсэг зуруулсан байх. Даваасүрэн мөнгийг олж өгөх гэж маш их хөөцөлдөж шүүхийн байгууллагаар явсаар өдийн хүрсэн. Бид 3 зээлийн үндсэн төлбөр 4,600,000 төгрөгийг О-т гаргаж өгнө. Бид өөрсдөө Ж-тайм сүлжээнд оруулсан мөнгөө авч чадаагүй хохирогч болоод холбогдох байгууллагад өргөдлөө шалгуулж байгаа гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч С.Ш-ас үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 8.310.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу үндсэн зээл 4.600.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

            Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч зээлдэгчид 4.600.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчид 4.600.000 төгрөгийг эзэмшилд нь шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

             Хариуцагч нь 4.600.000 төгрөгийг өөрөө аваагүй, харин Даваасүрэн гэж хүний ХААН банкин дахь 5091098504 тоот дансанд орсон учраас Даваасүрэн хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь “Даваасүрэн гэж хүнийг танихгүй, түүнтэй гэрээ байгуулаагүй, хариуцагчийн хэлсэн дансанд мөнгийг шилжүүлсэн” гэж тайлбарлаж байгаа ба гэрчээр шүүх хуралдаанд оролцсон Даваасүрэн нэхэмжлэгчийг танихгүй, түүнтэй гэрээ байгуулаагүй гэж мэдүүлж байна. Ийнхүү хариуцагч нь ямар нотлох баримтыг үндэслэн Даваасүрэн, О.О нарын хооронд гэрээ байгуулагдан мөнгийг Даваасүрэн авч үүрэг хүлээсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

             Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр талуудын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар талууд хүү төлөх, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд хариуцагч С.Ш  нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

            Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр мөнгийг шилжүүлэн авсанаар түүнд захиран зарцуулах эрх үүссэн байх бөгөөд цааш нь өөр этгээдэд шилжүүлэн өгсөн нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн хариуцагч 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулаагүй, түүнийг 4 сард нөхөж байгуулсан гэж байгаа боловч энэхүү үндэслэлээ нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадахгүй байна. Харин эвлэрэн зуучлагчид хандахад төлсөн тэмдэгтийн хураамж гэж 30.000 төгрөг нэхэмжилсэнийг хангах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэстэй байна.

            Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Ш-аас 8,280,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147,910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 147,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                      Б.БЯМБАСҮРЭН