Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/356

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч М.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн М.Бд холбогдох эрүүгийн 1711002460009 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Боржигон овгийн М.Б, 1982 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39-777 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар ХЕ82011017.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны орой 22.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Сийг түлхэж унагаан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Хохирогч Ч.Снь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 15-ны орой 22.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 39-790 тоот гэртээ байхад манай хүүхдүүд гадаа хашааныхаа үүдэнд тоглож байсан юм. Тэгсэн чинь манай хүүхдүүдийг хужаагийн шээс гэх мэтээр доромжлохоор нь би гэрээс гарч очиход манай гудамжны баруун хашаанд байдаг өндөр нуруутай Бгэх залуу байсан. Би чи яахаараа хүүхэд рүү дайрдаг юм бэ гэхэд миний өөдөөс хуц солиор гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэр үед Бцагдаа дуудлаа гээд утсаараа залгасан. Би мөн адил цагдаа дуудсан. Тэгсэн чинь миний зүүн шанаа руу гараа тулгаж байгаад түлхсэн. Би хойшоо түлхэгдээд газар уначхаад босч ирэхэд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон. ...Хойшоо савж унахдаа хоёр гарын тохой хэсгээрээ тулж унасан юм...” гэжээ /хх-8-9/.

              Насанд хүрээгүй гэрч С.Золбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 7 дугаар сарын 15-ны орой би найз Бөмбөөлэй, Билгүүндалай, Эрхэмбаяр, Төгөлдөр, Очир-Эрдэнэ нарын хамт гэрийнхээ гадаа тоглож байхад манай гудамжны дээд талд байдаг өндөр нуруутай ах ирж байсан. Гэрт байхад хашааны гадна хужаагийн шээс, гөлөг гэх мэтээр орилоод байсан. Манай ээж гарч уг хүнтэй хэрүүл маргаан хийсэн. Тэгээд манай ээжтэй хэрэлдэж байгаад манай ээжийн хацар руу нь гараараа түлхээд газар унагаасан. Манай ээжийн зүүн тохой шалбарсан байсан...” гэжээ /хх-13/.  

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 9066 дугаар дүгнэлтэд

“1. Ч.Сийн биед тархи доргилт, зүүн тохойны цус хуралт бүхий  гэмтлүүд тогтоогдлоо. 

2, 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ /хх-22/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29-30/, хохирол хүлээлгэн өгсөн баримт /хх-10/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны орой 22.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Сийг түлхэж унагаан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 215.700 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь нэмж нэхэмжилсэн хохиролгүй болно.

Шүүх шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага буюу хуульд заасан торгох ял оногдуулав. 

Ингэхдээ шүүгдэгч М.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу  2017 оны 7 дугаар сарын 15-ны орой Ч.Сийн биед хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1 /нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг дурдаж байна.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бд оногдуулсан 450 нэгжээр торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-ийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулсан тооцсугай. 

5. Шүүгдэгч М.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН