Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 01045

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2017/01045

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Орхон аймаг, Жаргалант сум, Жаргалант багийн 5-15 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ТГ84100230/, Боржигон овогт С.Э-д холбогдох Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 2,912,852 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: С.Э нь 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зоорь барих зориулалтаар 2,000,000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн ашиглалт эргэн төлөлтийн талаар аймгийн аудитын байгууллагаас удаа дараа албан шаардлага ирж төлбөрийг барагдуулах талаар сумын ЗДТГ-аас мэдэгдэл өгч хуваарьт төлөлтөндөө орохыг шаардан ажилласан. Иймд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 1,241,710 төгрөг, хүү 95,412 төгрөг, алданги 1,575,730 төгрөг нийт 2,912,852 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас нэхэмжилсэн 2,912,852 төгрөгийн үндсэн зээл болох 1,241,710 төгрөгийг 2018 оны 10 дугаар сардаа багтааж барагдуулна. Хүү болон алдангийг төлөх боломжгүй.Учир нь төлөх орлогогүй. Хавар, намрын ногооны орлогоор төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сан хариуцагч С.Э-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлд 2,912,852 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч С.Э нь Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зоорь барих зориулалтаар 2,000,000 төгрөгийг сарын 0,25 хувийн хүүтэй жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн, зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна хоногийн 0,1% торгууль төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, 34 тоот зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан тухайд болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээл хүү шаардах, хариуцагч зээл, гэрээгээр тогтоосон хүүг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 1,241,710 төгрөг, хүү 95,412 төгрөг, алданги 1,575,730 төгрөг, нийт 2,912,852 төгрөг нэхэмжилж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн зөвшөөрч байна.

Хариуцагч С.Э-оос үндсэн зээлийн үлдэгдэл 1,241,710 төгрөг, хүү 95,412 төгрөг, нийт 1,337,122 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид тооцож нэхэмжилсэн 1,575,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч нь 2,000,000 төгрөгийн зээлийг 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд төлж дуусахаар гэрээгээр тохирсон байх ба хариуцагч үндсэн зээлийн төлбөрөөс 758,290 төгрөг төлсөн байдал, тайлбарыг үндэслэн алданги гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Харин үндсэн зээл, хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн байх тул үндсэн зээлийн үлдэгдэл 1,241,710 төгрөг, хүү 95,412 төгрөг, нийт 1,337,122 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч С.Э-оос улсын тэмдэгтийн хураамж 36,344 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасныг баримтлан зохигч талын эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч СЭ-оос 1,337,122 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Орхон аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,575,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчийн С.Э-оос улсын тэмдэгтийн хураамж 36,344 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЯМБАСҮРЭН