| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0150/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/107 |
| Огноо | 2017-04-03 |
| Зүйл хэсэг | 145.2., 148.2., |
| Улсын яллагч | Ж.БАТЭРДЭНЭ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр
Улсын яллагч: Ж.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Р.Оюунбадам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бөртэ овогт Ганболдын Г.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625020662 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Нархан хотхоны 65-503 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Г.А /регистрийн дугаар ...............
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.А нь давтан үйлдлээр
2016 оны 02 дугаар сарын 22-нд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 326 байрны 15 тоот, хохирогч Т.Тогтохбаярын 1 өрөө байрыг түрээслэх нэрийдлээр ороод мөлхөө стенк, ханын шкаф, угаалгын машин зэргийг бусдад зарж залилан мэхэлж, 840.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 06-нд Хан-Уул дүүргийн 15 хороо, 65 дугаар байрны 10/1 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч У.Билгүүнээс “Самсунг галакси эс 5” маркийн гар утсыг “эгч нь утсаар чинь ярьчхаад өгье” хэмээн хуурч мэхлэх аргаар залилж 1.000.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 13-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар байрны 31 тоотод оршин суух хохирогч Э.Анударийн “Самсунг-6” маркийн утсыг “би таны гар утсаар бүргэд хаалга онгойлгодог хүн дуудах гэсэн юм, утсаа өгөөд нэг яриулаач” хэмээн хуурч мэхлэх аргаар залилж, 1.450.000 төгрөгийн, нийт 3 хохирогчид 3.290.000 төгрөгийн буюу “бага бус” хэмжээний хохирол учруулан залилан мэхэлсэн,
Мөн давтан үйлдлээр:
2016 оны 03 дугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 427 дугаар байрны 85 тоот, хохирогч Ц.Билгүүний гэрээс “Самсунг” маркийн 49 инчийн зурагт, апле брэндийн хөгжим, “Самсунг галакси А5” маркийн гар утас зэргийг хулгайлж, 1.067.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 08-нд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 17 а байрны 3 тоотод оршин суух хохирогч А.Тамирын гэрт нэвтрэн орж, 40 инчийн эл си ди зурагт, ор хөнжлийн даавуу, алчуур, бугуйн цаг, үнэртэй ус, хавар намрын куртик зэрэг эд зүйлийг хулгайлж, 960.000 төгрөгийн,
2016 оны 05 дугаар сарын 17-нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны 23 дугаар байрны 7 тоотод оршин суух хохирогч Б.Энхсувдын гэрээс Шанел брэндийн гар цүнх, даашинз, гоо сайхны хэрэгсэл бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.130.000 төгрөгийн,
2016 оны 06 дугаар сарын 03-нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 11 дүгээр байрны 2-4 тоот, хохирогч Б.Булганхангайгийн гэрээс “Самсунг галакси жи 7” гар утас, “Самсунг таб”, хохирогч Л.Саранцэцэгийн векториа секрет брэндийн зуны гар цүнх, лоус бэйшн брэндийн цайвар өнгийн үүрдэг хар цүнх, майкл корс брэндийн хар өнгийн гар цүнх, нортон брэндийн хавар намрын куртик, савхин куртик, зара брэндийн цэнхэр өнгийн цув, шар өнгийн жилетка, нарны малгай, усны гутал, өсгийтэй гутал, найке брэндийн пүүз, түрийтэй хавар намрын үдээстэй гутал, хүзүүний хос зүүлт, сувдан ээмэг, сувдан зүүлт. жижиг гоёлын зүүлт чимэглэлүүд зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, 5.548.000 төгрөгийн, нийт 5 хохирогчид 8.705.000 төгрөгийн буюу “бага бус” хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлсан,
Мөн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 326 байрны 15 тоот. хохирогч Т.Тогтохбаярын 1 өрөө байрыг түрээслэх нэрийдлээр ороод мөлхөө стенк, ханын шкаф, угаалгын машин зэргийг бусдад зарж залилан мэхэлсэн гэх хэрэгт сэжигтнээр татагдан 2016 оны 04 дүгээр сарын 27-нд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 136 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би тэр өдөр зар мэдээ сонин аваад байр түрээсэлнэ гэсэн зарын дагуу Тогтохбаяртай уулзсан. Тэгээд би мөнгийг нь дараа 7 хоногт өгч болох уу гэсэн чинь болно гээд зөвшөөрсөн тэгэхээр нь би өөрийнхөө тавилгыг би авчирч тавина энд байгаа юмыг та авах уу гэсэн чинь намайг нэг өрөө рүү нь шахаад тавьчих надад хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд Тогтохбаяр маргааш чамайг мөнгөө авчирч өгөхөөр гэрээгээ хийе гэж хэлсэн. Тэгээд Тогтохбаяр явсан Маргааш нь билүү нөгөөдөр нь би зар мэдээ сонин дээрээс хуучин тавилга худалдаж авна гэсэн зарлалын дагуу 2-3 хүнтэй утсаар ярихад тэр хүмүүс ирж үзчихээд авахгүй гээд байсан. Би Нарантуул зах дээрээс ойр зуурын юм авч байхдаа хуучин тавилга зардаг хүнтэй уулзаад, тавилга авах уу гэхэд очиж үзье гэж хэлэхээр нь би дагуулаад очсон чинь бүх зүйлийг нийлүүлээд 60,000 төгрөгөөр зарсан. Тэгээд би түлхүүрийг нь жижүүр дээр үлдээгээд явсан. Хуучин хөргөгч, мөлхөө стенк, ханын шүүгээ зэргийг л 60,000 төгрөгөөр зарсан. Тэдгээр бараанаас мөлхөө стенк болон ханын шүүгээ нь бүр хуучраад эвдэрчихсэн байсан бөгөөд энэ 2-ыг авахгүй хөргөгчийг чинь л 60,000 төгрөгөөр үнэлээд авчихъя гэхээр нь би нөгөө 2-ыг хамт өгчихсөн юмаа.
“…Анударийг би урд таньдаг байсан манай хотхонд амьдардаг найз байгаа юмаа. Тэр өдөр би таксигаар байр руугаа очоод Анударийн гэрт очиж уулзаад надад утсаар ярих шаардлага байна найздаа утсаа өгч байгаач гэж хэлээд Самсунг 6 Эйтч маркийн утсыг нь аваад Баянзүрх дүүргийн Сандей плазагийн замын эсрэг талд хос гутал худалдааны төвийн 1 давхарт гар утас худалдааны газарт байрладаг гар утас засварын газарт 260.000 төгрөгөөр зарсан…”
Билгүүн гээд манай байрны 10 давхарт амьдардаг хүүхэд байгаа юмаа. Тэр өдөр би мөн утсаар ярих хэрэгтэй байна гэж хэлээд аваад явсан. Тэгээд Билгүүний Самсунг А-3 маркийн гар утсыг нь аваад халдвартын автобусны буудлын ард байдаг Их орд гэдэг газрын гар утас худалдааны газарт явуулын хүнд 200,000 төгрөгөөр зарсан.
Би сансрын тунель дээрээс би таксинд гар өргөж суугаад 11 хороолол оръё гэсэн чинь жолооч нь ах нь ажлаараа ороод цагаа бүртгүүлээдэхье тэгээд чамайг хүргээд өгье гэж хэлээд Дарь эх рүү эргэсэн тэгээд буудлын хажуу талын ломбард руу ороод мөнгө аваадахья тэгэхгүй бол бензингүй байна гэж хэлээд нэг алмаз ч билүү барилгын шил зүсдэг юм авч ороод 60,000 төгрөгийн барьцаанд тавиад гарч ирсэн тэгээд 10,000 төгрөгөөр нь бензин хийгээд үлдсэн 50,000 төгрөгийг нь машиныхаа урд талын саравчинд /нарны хаалт/ хийсэн тэгээд цаашаа яваад нэг цэцэрлэгийн гадаа ирээд би цагаа бүртгүүлчихээд гараад ирье гээд дотогшоо орохоор нь би нарны хаалтны араас мөнгийг нь аваад, Эникол гэсэн бичигтэй утсыг нь машиных нь хянах самбарын дээд талд цонх дагуу тавьсан байсныг нь аваад машинаас нь буугаад замын эсрэг талаас такси бариад явчихсан юм.
Би 2016.06 сарын эхээр байх нэг найзындаа хоночхоод өглөө 06 цагийн орим гэрээс нь гараад 120 автобусны арын сандал дээр сууж байсан чинь нэг залуу ирээд танилцъя гээд байсан. Тэр залууг Булганхангай гэдэг бөгөөд эхнэрээсээ салчихсан гээд амьдрал яриад байсан. … жаахан явж байгаад ХУД ийн 4 хороо Вива сити хороололд байдаг гэрт нь очсон тэгээд цай уучхаад өдөр нь би гэрээс нь гарч явсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа би тэр залуугийн гэрт очсон юмаа тэгтэл Булганхангай архи уугаад байхаар нь би явах гэсэн чинь явуулахгүй манай найз ирэхээр явчих аа гээд байсан тэгээд Булганхангайгийн найз нь ирээд бас архи уугаад намайг явуулахгүй байсаар байгаад би тэдний гэрт нь хоночихсон. Гэтэл маргааш нь Булганхангай сэрээд миний гар утас эвдэрчихсэн байна би гар утсаа засуулчхаад ирье тэгээд би чамайг хүргээд өгье гэхээр нь чи ийм согтуу байж яаж явах гэсэн юм бэ гэхэд Тэди рүү автобусаар явчихна машинаа барихгүй гэж хэлээд Самсунг Жи 7 гар утсаа аваад сим картыг нь Самсунгийн утсандаа хийгээд гарсан. Тэгэхээр нь би жаахан байж байгаад араас нь гарсан. Тэгээд гарсан чинь Булганхангай машинаа асааж байхаар нь би нуугдаж байгаад хөдлөөд явахаар нь алхаад явсан. Булганхангайгийн гэрт ямар ч эмэгтэй хүний гоёл зүүлт байгаагүй. Булганхангай худлаа ярьсан байна.
Мөн 2016.03 сард билүү дээ яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Урд нь ажил хэргийн шугамаар танилцаж байсан Билгүүн гэдэг залуутай тааралдсан. Тэгээд Билгүүний гэрт нь би орж хоноод маргааш өглөө нь Билгүүн юманд явахаар нь гэрт нь байсан 40 инчийн зурагтыг, Самсунгийн бугуйн цагтай нь аваад гарсан. Зурагтыг нь зарчихсан. Би сар өдрийг нь санахгүй байна. Таньдаг найз Тамираатай тааралдаад гэрт нь очиж хоносон гэтэл маргааш өглөө нь Тамираа 12 цагийн орчим гараад явсан. Гэрт нь ганцаараа байж байгаад 42 инчийн зурагтыг нь аваад гарсан тэр зурагтаа би Нарантуул захын хажуу талд Баян-Ундраа төвийн дээд давхарт танихгүй хүнд зарчихсан. Надад үнээс өөр хийсэн гэмт хэрэг байхгүй…” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-114, 115/,
Хохирогч Т.Тогтохбаярын “…2016.02.22-ны өдөр би өөрийн эзэмшлийн 28-97 УНК улсын дугаартай тоёота приус 20 автомашинаар халтуур хийгээд явж байтал 100 айлын автобусны буудлаас нэг охин гар өргөхөөр нь би суулгатал хороолол орно гэхээр нь хүргэж өгөх гээд явсан. Тэгээд замдаа тэр охин зарын сонин хараад байр түрээсэлнэ гэсэн зарууд руу яриад байхаар нь би тэр охинд хандаад: - манай нэг найз 3 дугаар сургуулийн ард нэг өрөө байр түрээслэх гэж байгаа гэж хэлтэл өө тийм үү, тэгвэл би тэр байрыг чинь түрээсэлж болох уу гэхээр нь тэгж болно гэж хэлээд тэр охинд өөрийнхөө гар утсыг өгөөд салсан. Маргааш нь Гүнсэнгийн байрны түлхүүрийг аваад тэр охинд байрыг нь үзүүлтэл надад таалагдаж байна. Энэ байрыг чинь 3 сараар түрээсэлж сууя, ашгүй тавилгатай юм байна гээд байранд орсон. Мөнгийг нь маргааш таны данс руу шилжүүлээд хийчихье гэхээр нь би итгээд байрныхаа түлхүүрийг үлдээгээд яваад өгсөн. ... маргааш нь байранд дээрээ иртэл хаалгаа тайлахгүй байсан. Тэгтэл тэр байрны жижүүр эмэгтэй наад айл чинь нүүгээд явсан гэж хэлсэн... орцны жижүүр эмэгтэй манай жижүүрийн байранд нэг ийм түлхүүр шалан дээр байна гээд үзүүлтэл манай гэрийн түлхүүр мөн байсан. Тэгээд би байрандаа ортол хөргөгч, мөлхөө стенк, шкаф, угаалгын машин зэрэг эд зүйл байсныг тэр эмэгтэй авч явсан байсан....тэр эмэгтэй анхнаасаа намайг залилж байсан байна лээ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст х-35, 36/,
Гэрч Д.Болортуяагийн “…манай хүргэн ах Баярнэмэх гэдэг хүний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32 б байрны 15 тоот байрыг түрээслэхээр болсон юм. 2016.02.21-ний өдөр намайг эмнэлэгт хэвтсэн байхад Г.А гэх эмэгтэй зарын дагуу манай нөхөртэй ирж уулзаад байрыг түрээслэхээр болсон байсан. ... түрээсэлснээс хойш 2 хоногийн дараа байх манай юмыг ачаад явсан байсан. Жижүүр эгчээс асуусан чинь засвар хийх гэж байна, тэгээд эд зүйлийг нь гаргаж байна гэж хэлээд 2 настай ах, эгч 2-той нийлээд портер машинд ачаад аваад явсан байсан. ... манай хүргэн ах Баярнэмэх Бүгд Найрамдах Солонгос улсад гэрээгээр ажилладаг бөгөөд гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа. Хэзээ ирэхийг нь би хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-37/,
Насанд хүрээгүй хохирогч У.Билгүүний “…2016.04.06-ны өдөр 17 цагийн орчим би гэртээ ганцаараа байхад манай хаалгыг тогшихоор нь би очиж хаалгаа нээхэд манай орцны 5 давхрын айлын эгч зогсож байсан. 5 давхрын айлын эгч надад би гэрийнхээ хаалгыг хаачихлаа эгчид нь гэрийн түлхүүр байдаггүй хаалгаа онгойлгож чадахгүй байна бүргэд хаалга онгойлгодог хүн дуудаж хаалгаа онгойлгох гэсэн юм, эгчдээ гар утсаа өгч байгаач нэг яриадахъя гэж хэлэхээр нь би өөрийнхөө самсунг галакси эс 5 маркийн гар утсаа өгөхөд тэр эгч миний гар утсыг барьж зогсож байснаа эгч нь доошоо бууж самбараас утас хараадахъя гэж хэлээд миний гар утсыг аваад буусан. Би тэр эгчийг гэртээ 10-20 минут хүлээж байгаад би өөрөө доошоо нэг давхарт очин жижүүр ахаас энд нэг эгч самбараас юм харахаар зогсож байсан уу гэж асуусан чинь сая нэг эмэгтэй үүдэнд 5-10 минут зогсож байгаад гараад явсан гэж хэлсэн. Тэр эгч манай орцны 5 давхарт байдаг Г.А гэдэг эгч байгаа харвал танина...тэр эгч ганцаараа явж байсан...хохирлоо авсан гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-161,162/,
Хохирогч Э.Анударийн “…2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би 2 хүүхэд болон дүүгээ хараад гэртээ байж байсан чинь 15 цаг орчмын үед манай хаалга тогшихоор нь би хаалгаа онгойлгосон чинь манай дүү Энхмөнхийн танил Г.А үүдэнд зогсож байсан. Г.А надад: - Энхмөнх миний ууттай юмыг авч гэртээ орж ирсэн үү гэж асуухаар нь би өөрийн дүү Энхмөнх рүү утсаар залгасан чинь салчихсан байсан. Тэгээд Энхмөнхийн гар утас салгаатай байгааг Г.Ад хэлсэн чинь эгчээ миний ууттай юманд гэрийн түлхүүр байсан юм, би таны гар утсаар бүргэд хаалга онгойлгодог хүн дуудах гэсэн юм утсаа өгөөд нэг яриулаач гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл наанаа зогсож байгаад миний дүү ярьчих гэж хэлээд өөрийн самсунг эс 6 эджи маркийн гар утсаа Г.Ад өгсөн. Тэгээд би хүүхдээ тэвэрсэн байсан болохоор хүүхдээ нөгөө өрөөнд оруулж тавьчихаад үүдэнд ирсэн чинь Г.А миний гар утсыг аваад гэрээс гараад явсан байсан. Би хойноос нь гарсан чинь Г.А байхгүй байсан. Удалгүй ээж гэрт ороод ирэхээр нь би ээжийн гар утсаар нь өөрийнхөө гар утас руу залгасан чинь миний гар утас холбогдох боломжгүй болсон байсан. ..тухайн үед Г.А ганцаараа байсан өөр хүн байгаагүй... Г.А айлд ороод эд зүйл худлаа хэлж авч явсан гэдгийг манай хотхоны хүмүүс бүгд мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-143-145/,
Хохирогч Ц.Билгүүний “…2016.03.23-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаст Ойлын колонкийн зүүн хэсэгт аавын 53-84 УНЭ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус 20 маркийн машинтай зогсож байтал нэг эмэгтэй ирээд явах уу гэж асуусан. ... тэр эмэгтэй надад очих газар байхгүй, аав ээжтэйгээ хэрэлдчихсэн гэж хэлсэн. ..би манайд түр байж байгаад явах юм уу гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 427 дугаар байрны 85 тоот манай гэрт очсон. ...тэр эмэгтэй утасгүй байсан болохоор би өөрийн утсаа үлдээсэн. Ач сургууль дээр очоод өөрийн утас руугаа залгахад дуудаж байгаад унтраасан. Тэгээд мөнгө хэрэгтэй байна гээд байсан болохоор би өөрийн „Энхболд гэх найзаасаа 40.000 төгрөг аваад 2 цаг орчим болоод гэртээ ирэхэд тухайн эмэгтэй 48 инчийн зурагт, ягаан өнгийн ай пад, нано дуу бичигч, хар өнгийн элжи жиплекс маркийн гар утас, шаргал өнгийн самсунг а-5 маркийн гар утас, ногоон өнгийн үүргэвч, орны бүтээлэг, зурагтын холбогч зэрэг эд зүйлийг аваад явсан байсан..., манай зурагт 48 инчийн зурагт байсан юмаа. Би үнэлгээний комиссын дүгнэлттэй танилцсан надад гаргах санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас х-54, 55/,
Гэрч Х.Хишиг-Очирын “…2016.03.24-ний өдрийн 07 цаг 15 минутын орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон 426-108 тоот гэрээсээ гараад ээжийн 48-03 УБС улсын дугаартай тоёота витз маркийн машиныг халаагаад сууж байтал 427 дугаар байрнаас нэг эгч ирээд юм өргөлцөөд зам руу дөхүүлээд өгөөч гэж гуйсан ... тэр эмэгтэй 20 орчим насны, 170 см орчим өндөртэй, туранхай, бор шаргал өнгийн үстэй, саравчтай малгайтай, цэнхэрдүү өнгийн үүргэвч үүрсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтас х-59/,
Хохирогч А.Тамирын “…би Г.Атай 2016 оны 03 дугаар сарын эхээр танилцсан. Манай найз Булгаа Г.Аг дагуулж манай гэрт ирээд танилцаж байсан... 2016.04.08-ны өдөр намайг гэртээ байхад 11 цагийн орчим Г.А ирсэн. ..Г.А надаас 20.000 төгрөг аваад би шүдээ янзлуулах гэсэн юм гээд цугтаа гараад явсан. Гарахдаа орой танайд ирээд хонож болох уу, чи хэзээ харих юм тэр үед чинь би залгая гэсэн. ...23 цагийн орчим гэртээ ирэхэд хаалга хаагаад орхисон, бие засах өрөөний гэрэл асаалттай, зурагт байхгүй, шинээрээ байсан ор хөнжлийн даавуу, эрэгтэй үнэртэй ус, биеийн алчуур, бугуйн цаг, спорт цүнх, хавар, намрын куртик, адидас брэндийн бэлтгэлийн цамц зэрэг эд зүйл байхгүй байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн. Г.Агийн гадуур куртик байсан. Өдөр надтай хамт гарахдаа өмсөж байсан куртик нь яг мөн байсан. Гэрт илүү түлхүүр байсан түүнээс нэгийг нь авсан юм шиг байна лээ. ... 40 инчийн самсунг маркийн зурагт алдагдсан юмаа... үнэлгээг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х 244/,
Хохирогч Б.Энхсувдын “…2016.05.17-ны өдөр манай найз Ганболд овогтой Г.А миний түрээслэн амьдарч байсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны 23 дугаар байрны 7 тоот гэрт намайг гадуур гарсны дараа үлдээд миний араас очъё гэж хэлсэн. ...23 цаг хүртэл гэрийнхээ гадаа очоод хүлээсэн. ... Г.А ирэхгүй болохоор гэрийнхээ хаалгыг хөшиж эвдээд ороход манай гэрээс бэлэн 100.000 төгрөг, шанел брэндийн гар цүнх, миний хэрэглэж байсан нүүрний будагнууд эйч энд эм брэндийн богино даашинз болон бусад хувцаснуудыг өмсөөд явчихсан байсан. .. цүнхээ 1.000.000 төгрөгөөр үнэлнэ.., ... миний алдсан цүнхийг үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна зургийг авч ирж дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байна...2012 онд манай ээж Австри улсаас 4000 еврогоор авч ирж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х 62/,
Хохирогч Б.Булганхангайгийн “…2016.06.02-ны өдөр өглөөний 07 цагт Хан-уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын орчимд гэртээ харих гэж машинтайгаа явж байтал зам дээр нэг эмэгтэй гар өргөж байсан. Тэгээд зогсоод тэр эмэгтэйг авсан чинь Вива Сити хорооллын зураг авдаг студид ажилладаг гээд Вива сити явсан...тэгээд манай студи онгоогоогүй байна, цалингаа эндээс авах ёстой байсан гэж хэлээд манай гэрт студи онгойтол хүлээж байя гэсэн. ...миний самсунг жи 7 гар утсыг засаад өгье манайх Теди худалдааны төв дээр засварчин хийдэг гэж хэлээд аваад явсан. 2016.06.03-ны өдөр 12 цагт тэр эмэгтэй манай гэрт ирээд студээс цалингаа авахаар ирлээ, утсыг чинь засуулчихлаа гээд хүрээд ирсэн. Тэр үед би дөнгөж босоод хоол хийгээд байж байсан. Тэгээд манай гэрт ороод байж байснаа миний утсыг аваад нэг хүнтэй, “Ариука байна, та түрүүний янзалсан гар утсаа нэг халзан шивээстэй залууд өгөөд явуулчих, би эндээс явуулчихъя гэж нэг хүнтэй яриад байсан. Тэгэхэд худлаа яриад байсан юм шиг байсан. Тэгээд надад та Теди худалдааны төв дээр очоод 7 номерын лангуун дээр очоод гар утсаа авчих, би танай гэрт хүлээж байя гэж хэлсэн. ...7 номерын лангуун дээр очиход гар утас засаж байсан хүн нь тийм зүйл мэдэхгүй, надад хэн ч тийм гар утас өгөөгүй, тийм зүйл яриагүй гэж хэлсэн. Тэгээд ойролцоогоор 30 минутын дараа гэртээ хүрээд ирсэн чинь тэр эмэгтэй манай гэрийн эд зүйлсийг хулгайлаад явчихсан байсан. Самсунг жи 7 гар утас, уг гар утас нь гэмтэлтэй. самсунг таб 10.1, эхнэрийн эд зүйлс хувцас хунарыг хулгайлсан...Г.А хэрэг гарахын урд өдөр миний самсунг жи 7 гар утсыг засуулаад өгье гэж хэлдээд авч явсан... манай эхнэрийн ямар эд зүйл байсан талаар би сайн мэдэхгүй...миний хувьд гомдол санал байхгүй. ..Саранцэцэгийн алдсан эд зүйлээс хохирлоо барагдуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст х-193/,
Хохирогч Л.Саранцэцэгийн “…2016.05.24-нд Солонгос улсруу явсан. Миний векториа секрет брэндийн зуны гар цүнх, лоус бэйшн брэндийн цайвар өнгийн үүрдэг хар цүнх 1 ширхэг, майкл корс брэндийн хар өнгийн гар цүнх 1 ширхэг, нортон брэндийн хавар намрын куртик, савхин куртик 1 ширхэг, зара брэндийн цэнхэр өнгийн цув 1 ширхэг, Солонгосоос авсан хар цув 1 ширхэг шинээрээ байсан, Америкаас авсан шар өнгийн жилетка 1 ширхэг, 2 ширхэг нарны малгай, Америкаас авсан усны гутал 1 ширхэг, зара брэндийн 2 ширхэг өсгийтэй гутал, найке брэндийн пүүз 1 ширхэг, түрийтэй хавар намрын үдээстэй гутал 1 ширхэг, урт түрийтэй хавар намрын гутал 1 ширхэг, ер нь миний бүхий л хувцас өмд, дээл зэрэг манай гэрт байсан бүх хувцсыг аваад явсан. 2 ширхэг монетон бөгж, 1 ширхэг хүзүүний хос зүүлт, 1 ширхэг сувдан ээмэг, 1 ширхэг сувдан зүүлт, жижиг гоёлын зүүлт чимэглэлүүд байсан би яг ямар, хэдэн ширхэг байсныг санахгүй байна. Диор брэндийн 2 ширхэг үнэртэй ус, эмэгтэй хүний нүүрний косметик, гоо сайхны хэрэгслүүд байсан... яг нэг бүрчлэн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст х-197/,
Гэрч М.Өнөржаргалын “…Г.А нь миний том охин байгаа юм.... 2016 оны 03 дугаар сард намайг ажил дээрээ байхад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс явж байна танай охиныг Г.А гэдэг үү гэхээр нь манай том охин байгаа юм яасан юм гэхэд танай охин Г.А нь нэг хүний 2.5 сая төгрөгийн үнэ бүхий махны цахилгаан хөрөөг залилан мэхэлж авсан гэж хэлээд манай хэлтэс дээр шалгагдаж байгаа. Танай хүүхэд хаана байна гэхээр нь мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс нэг байцаагч миний гар утас руу залгаад Г.Аг асуусан юм. Тэгж ярихад нь Г.Аг гадуур тэнэж хүний эд зүйлийг хулгайлж, залилангийн гэмт хэрэг үйлдэж байгааг нь мэдсэн. ...манай охин батлан даалтад гарчхаад маргаашаас нь мөн адил байцаагчтайгаа уулзахгүй оргон зугтаасан байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр 22-ны өдөр би Г.Аг хайж яваад Онон гээд зочид буудалд байрлаж байхад нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн албан хаагч нарт баригдсан. Тэгээд хэргийг нь шалгаж байгаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Г.Аг ганц худгийн урьдчилсан хорих төвд 72 цаг баривчилсан. Би охиныгоо засраад хүмүүжих байх гэж бодоод хүсэлт гаргаж, батлан даалтаар авахаар болж, төрсөн дүү Мөнх-Эрдэнийн хамт Г.Аг батлан дааж авсан. Тэгээд батлан авсан өдрөө гэрлүүгээ авч явсан боловч тэр оройноо гэрээсээ гараад зугтаасан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтас х-70/,
Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /1-р хавтас х-10, 12/, Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас х-124, 131, 152, 164, 2-р хавтас 7-8, 73,/, зураг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хавтас х-119-121/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-22-23, 183-184/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас х-25, 26, 185-187, 241, 242, 2-р хавтас х-38-40/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-45, 90, 123, 124, 186/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /226, 246/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хавтас х-51/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хавтас х-81/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтас х-82/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хавтас х-120-124/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2-р хавтас х-125-130/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Г.А нь давтан үйлдлээр:
2016 оны 02 дугаар сарын 22-нд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 326 байрны 15 тоот, хохирогч Т.Тогтохбаярын 1 өрөө байрыг түрээслэх нэрийдлээр ороод мөлхөө стенк, ханын шкаф, угаалгын машин зэргийг бусдад зарж залилан мэхэлж, 840.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 06-нд Хан-Уул дүүргийн 15 хороо, 65 дугаар байрны 10/1 тоотод оршин суух насанд хүрээгүй хохирогч У.Билгүүнээс “Самсунг галакси эс 5” маркийн гар утсыг “эгч нь утсаар чинь ярьчихаад өгье” хэмээн хуурч мэхлэх аргаар залилж 1.000.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 13-нд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар байрны 31 тоотод оршин суух хохирогч Э.Анударийн “Самсунг-6” маркийн утсыг “би таны гар утсаар бүргэд хаалга онгойлгодог хүн дуудах гэсэн юм, утсаа өгөөд нэг яриулаач” хэмээн хуурч мэхлэх аргаар залилж, 1.450.000 төгрөгийн, нийт 3 хохирогчид 3.290.000 төгрөгийн буюу “бага бус” хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан болох нь дээр дурьдсан хохирогч Т.Тогтохбаяр, Э.Анударь, насанд хүрээгүй хохирогч У.Билгүүн, гэрч Д.Болортуяа нарын мэдүүлгүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Г.Агийн сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,
Мөн давтан үйлдлээр:
2016 оны 03 дугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 427 дугаар байрны 85 тоот, хохирогч Ц.Билгүүний гэрээс “Самсунг” маркийн 49 инчийн зурагт, апле брэндийн хөгжим, “Самсунг галакси А5” маркийн гар утас зэргийг хулгайлж, 1.067.000 төгрөгийн,
2016 оны 04 дүгээр сарын 08-нд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 17 а байрны 3 тоотод оршин суух хохирогч А.Тамирын гэрт нэвтрэн орж, 40 инчийн эл си ди зурагт, ор хөнжлийн даавуу, алчуур, бугуйн цаг, үнэртэй ус, хавар намрын куртик зэрэг эд зүйлийг хулгайлж, 960.000 төгрөгийн,
2016 оны 05 дугаар сарын 17-нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны 23 дугаар байрны 7 тоотод оршин суух хохирогч Б.Энхсувдын гэрээс Шанел брэндийн гар цүнх, даашинз, гоо сайхны хэрэгсэл бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж, 1.130.000 төгрөгийн,
2016 оны 06 дугаар сарын 03-нд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын 11 дүгээр байрны 2-4 тоот, хохирогч Б.Булганхангайгийн гэрээс “Самсунг галкси жи 7” гар утас, “Самсунг таб”, хохирогч Л.Саранцэцэгийн векториа секрет брэндийн зуны гар цүнх, лоус бэйшн брэндийн цайвар өнгийн үүрдэг хар цүнх, майкл корс брэндийн хар өнгийн гар цүнх, нортон брэндийн хавар намрын куртик, савхин куртик, зара брэндийн цэнхэр өнгийн цув, шар өнгийн жилетка, нарны малгай, усны гутал, өсгийтэй гутал, найке брэндийн пүүз, түрийтэй хавар намрын үдээстэй гутал, хүзүүний хос зүүлт, сувдан ээмэг, сувдан зүүлт. жижиг гоёлын зүүлт чимэглэлүүд зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 5.548.000 төгрөгийн, нийт 5 хохирогчид 8.705.000 төгрөгийн буюу “бага бус” хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь дээр дурьдсан хохирогч Ц.Билгүүн, А.Тамир, Б.Энхсувд, Б.Булганхангай, Л.Саранцэцэг, гэрч М.Өнөржаргал, Х.Хишиг-Очир нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹2632, ¹05/426 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Г.Агийн сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар,
мөн түүний батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 136 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн болох нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн 2016.05.20-ны өдрийн 80/3-2205 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016.09.25-ны өдрийн 5/898 тоот албан бичиг, Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий газрын 2016.05.27-ны өдрийн 03/3828 тоот албан бичиг, “Ял өөрчилж сонсгох тухай” прокурорын тогтоол, шүүгдэгч Г.Агийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдсон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Агийн хохирогч Т.Тогтохбаяр, Э.Анударь, насанд хүрээгүй хохирогч У.Билгүүний нарын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг,
мөн хохирогч Ц.Билгүүн, А.Тамир, Б.Энхсувд, Б.Булганхангай, Л.Саранцэцэг нарын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг,
батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 05 дугаар сарын 27-ноос 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 136 хоног мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Аг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан байна.
Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр зүйлд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн алинд нь ял шийтгүүлээгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хэрэг тус бүрт нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж, хэрэг тус бүрт оногдуулсан ялыг хамгийн хүнд ялтай зүйлийн ялын дээд хэмжээний дотор заримыг нь нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.
Шүүгдэгч Г.А нь хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлсөн байх бөгөөд хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Агийн дээрх үйлдэл ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүх шүүгдэгч Г.Ад ял шийтгэл оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж шүүх үзэв.
Мөн шүүгдэгч Г.Агийн ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, куртик 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Ад буцаан олгож шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт 111 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Аг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд,
мөн бусдыг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд,
мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2.Шүүгдэгч Ганболдын.Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн, Г.Агийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Агийн цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1 ширхэг куртикийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Ад буцаан олгосугай.
7.Эрүүгийн 201625021689 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР