Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
Хэргийн индекс | 142/2017/01000/И |
Дугаар | 01029 |
Огноо | 2017-10-11 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 01029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-1-79 тоотод оршин суух, Олхонууд овгийн Д.У-ны /регистрийн дугаар ФБ77111607/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Д.Уламсайхан нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Спорт ордны нарийн бичгээр 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 10 сарын 20-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Б/1300 дугаартай тушаалаар ажлаас буруу халагдсан. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн, 142/ШШ2017/00202 шийдвэрээр Д.Уламсайханыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Ийнхүү 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Эрдэнэт үйлдвэр ХХК шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж хоёр шатны шүүхээр хянуулсан бөгөөд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн, 71 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00813 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Б/1300 дугаартай тушаалаар Д.У-ыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас халсан ба шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авахдаа 2017 оны 08 сарын 04-ний өдөр ажилд эгүүлэн авсан. 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 сарын 04-ний өдөр хүртэл 11 сар 3 хоног ажилгүй байсан. Нэг сард ажлын 21.5 хоног байх хуулийн заалтаар тооцвол 21.5 х11=236.5 хоног +3 хоног=239.5 хоног ажилгүй байсан. Д.У-ны 3 сарын дундаж цалин 1 638 688: 21.5=76 218 төгрөг, нэг өдөрт 76 218 төгрөгний цалин болж байгаа. Үүнийг 239.5 хоногоор үржүүлэхэд 18 254 211 төгрөг байгаа ба 18,254,211 төгрөгнөөс анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн 4,801,734 төгрөгийг хасвал 13,452,477 төгрөг гарч байна. Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 13,452,477 төгрөг гаргуулж Д:Уламсайханд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Уламсайханы Эрдэнэт үйлдвэр ХХК-аас ажилгүй байсан хугацааны длинтай тэнцэх олговорт 13 452 477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна.
Д.У нь нэхэмжлэлдээ нэг өдрийн цалинг 76 218 төгрөг гэж нэхэмжилсэн бөгөөд Монгол Улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан. Дундаж цалин хөлс тодорхойлох журамд ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал хамаарна. Харин нэмэгдэл хөлс гэж ажилтан, албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагаагүй буюу зааснаас илүү ажил үүрэг гүйцэтгэсэн, эсвэл үндсэн ажил, үүргээ ердийн бус горимоор гүйцэтгэсэн тохиолдолд ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хэлнэ гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн биеэр ажиллаагүй бөгөөд түүний нэхэмжилсэн нэг өдрийн цалинд үндсэн цалин, нэмэгдэл хөлсийг хамтатган бодож нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Уламсайхан нь хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Нэхэмжлэгч Д.У нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ерөнхий захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/1300 дугаар тушаалаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ны Спорт ордны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт,131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт,Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.9.1, 8.9.4 дэх заалтууд, хөдөлмөрийн гэрээний 4.2,4.4.3 дахь заалтыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалж, эмнэлгийн бичгийг хуурамчаар бүрдүүлсэн ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, улмаар ажилд нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 08 дугаар сарын 04-ний Б/1098 дугаартай тушаалаар эгүүлэн авч ажиллуулсан, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 11 сар 3 хоног ажилгүй байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.У нь Эрдэнэт үйлдвэр ХХК-с ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрхтэй.
Иймд Д.У-ны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор буюу 11 сар 3 хоног ажилгүй байсан хугацааны 1 сард ажлын 21.5 хоног байх хуулийн заалтыг баримтлан тооцвол 21.5х11=236.5 хоног, үүн дээр 3 хоногийг нэмж нийт 239.5 хоногоор ажилгүй байсан хугацааг тооцох, түүний 3 сарын дундаж цалин 1.638.688: 21.5=76.218 төгрөг, нэг өдөрт 76.218 төгрөгийн цалин болж байгааг 239.5 хоногоор үржүүлэн 18,254,211 төгрөг, үүнээс 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 202 дугаар шийдвэрээр олгосон 4,801,734 төгрөгийг хасаж тооцоод 13,452,477 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх ба хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 295,412 /70,200+225,212/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай зүйлийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-наас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 13,452,477 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.У-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 295,412 /70,200+225,212/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН