Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/364

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:         Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Тосонцэнгэлийн Батсүрэнд холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

******************************************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Хилчин хотхоны 6-р байрны гражид С.Энхбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 Тодруулбал, Т.Б нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Хилчин хотхоны 6-р байрны гражид С.Энхбаатарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 19-20 цагийн үед нэг хүн “машинд хулгайч орсон байна, камер шүүгээд өг” гэж хэлэхээр нь би камер шүүхээр Хилчин хотхоны 6 дугаар байрны гражид очсон чинь жижүүрийн өрөөнд нь Хилчин хотхоны оршин суугч Батсүрэн согтуу агсам тавиад байсан. Тэгээд намайг харснаа “чи даварчихсан бацаан, чамд ухамсрын шанаа өгнө” гээд байсан бөгөөд би аргадаад явуулах гэсэн боловч агсам тавиад явуулахгүй байсан. Тэгээд намайг ална тална гээд агсам тавьж байснаа миний ам хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. ...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 60-61х/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13529 дүгнэлтэд: “...С.Энхбаатарын биед баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, уруулд нэвчдэс, баруун дээд 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 1 шүдний булгаралт нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэжээ. /хх-ийн 23х/

 

Гэрч Ж.Мөнгөнтуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би Энхбаатартай хамт байсан. Тухайн өдөр Энхбаатар бид хоёр гражид байж байтал нэг согтуу залуу ирээд Энхбаатарыг элдэв янзаар хэлээд дайраад байсан. Тэгээд Энхбаатар тэр залуутай хамт гражаас гараад уурын зуухны тэнд очоод юм яриад зогсож байсан бөгөөд би тэр хоёроос нилээн зайтай хараад зогсож байтал Энхбаатарыг нөгөө залуу нь нэг удаа нүүр лүү нь гараараа цохиод авсан. Тэгтэл Энхбаатар зөрүүлээд нөгөө залуугийн нүүр лүү нь гараараа цохьсон. Тэгтэл нөгөө согтуу залуу нь Энхбаатарыг ахиад нэг цохьсон. Тэгээд би яваад очсон чинь Энхбаатарын үүдэн шүд нь унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17х/

 

            Шүүгдэгч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө би ажилдаа явсан бөгөөд ажил тараад хэдэн найз нартайгаа гэртээ архи уусан бөгөөд би тасарчихсан байсан. Тэгээд би хэзээ нь яагаад гэрээс гараад явсан гэдгээ санахгүй байгаа бөгөөд Энхбаатар гэх хүн намайг толгойгоороо мөргөхөд би сэргэсэн юм. Тэгээд би зөрүүлээд Энхбаатарыг гараараа нүүр лүү нь нэг удаа цохиод бас нэг удаа толгойгоороо мөргөчихсөн юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-66х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Т.Б нь хохирогч С.Энхбаатарын биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулсанаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №13529 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд  шүүгдэгч Т.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Т.Бгийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26х/

Тээврийн хэрэгслийн лавалагаа /хх-ийн 32х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27х/-аар тогтоогдлоо.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч С.Энхбаатар, шүүгдэгч Т.Б нар нь хоорондоо эвлэрлийн гэрээ /хх-ийн 72/ байгуулсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Бгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Т.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60х/, 35 настай буюу идэвхитэй хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжтой зэргийг нь харгалзан түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

            Шүүгдэгч Т.Б-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Тосонцэнгэлийн Батсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.АЛТАНЦЭЦЭГ