Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 01028

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 142/ШШ2017/01028

Орхон аймаг

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт багийн Толгодын 21-17 тоотод оршин суух, Монгол овогт Г.Н /регистрийн дугаар: ГЮ86081674/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, Баян-Өндөр хотхон 11-06 тоотод оршин суух, Боржигон овогт Н.Э холбогдох “3,700,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: 2015 оны 06-р сарын 12-ны өдөр шилжүүлсэн 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн үлдэгдэл болох 3.700.000 /Гурван сая долоон зуун мянга/-н төгрөгийг ойрын хугацаанд гаргуулж авах хүсэлтэй байна.

Г.Н миний бие 2015 онд Н.Э-т ээж Д.Алтанцэцэгээрээ дамжуулан танилцсан. Н.Э тухайн үед намайг боломжийн ажилд оруулж өгөхөөр тохиролцон эхний ээлжинд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. 2015 оны 6-р сарын 12-нд өөрийн төрсөн эгч болох Гончигдаш овогтой Цэрэндуламын 5150018555 тоот дансаар дамжуулан Н.Э-ийн 5094353686 тоот дансанд 4.000.000/дөрвөн сая/ төгрөг шилжүүлсэн. 2016 оны 4-р сарын 28-нд Эрдэнэт хотод ирээд Н.Э-тэй холбогдоход “Ямар ч байсан нөгөө хүмүүстэйгээ ярилцаад тохирчихсон байгаа. Удахгүй хариу өгөх байх аа” гэж хэлсэн. Ингээд би Н.Э-ийг 2016 оны 5-р сараас 2017 оны 5-р сар хүртэл хүлээсэн. 2017 оны 6-р сард би Н.Э-нд очиж уулзахад “Чиний ажил төрөл чинь бүтэхгүй болсон. Би мөнгийг чинь эргүүлж өгч чадахгүй” гэж хэлсэн. 2016 оны 10-р сард би удаа дараа утсаар холбогдож байж 300,000 төгрөгийг 5150018555 тоот дансаар шилжүүлж авсан. 2017 оны 06 дугаар сараас хойш Н.Э нь утсаа авахаа больсон. Би удаа дараа гэрт нь очиход гэртээ байгаа хэрнээ хаалгаа тайлж өгөөгүй. Иймд Н.Э-гээс 3,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Н  мөнгө төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2018 оны 01 дүгээр сараас төлөх боломжтой. Учир нь хүү Батбилэг нь Солонгос улсад явж ажиллах болсон тул ажлын хөлсөөр нь төлөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Н хариуцагч Н.Э-т холбогдуулан 3,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь 2015 онд хариуцагч Н.Э-т ээж Д.Алтанцэцэгээрээ дамжуулан ажилд оруулах болзолтойгоор 4,000,000 төгрөгийг өгсөн, 2016 оны 10 дугаар сард 300,000 төгрөгийг нь авсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн, мөн Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хариуцагч Н.Э-ээс 3,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгохоор хянан шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасаныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Э-ээс 3,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Н.Э-ээс 74,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.БЯМБАСҮРЭН