Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2019/0366

 

 

2019 оны 06 сарын 12 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0366

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Дүгнэлт гаргагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.н

Хариуцагч: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э

 

Прокурорын дүгнэлт: Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Эийн 006******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох

Шүүх хуралдаанд: дүгнэлт гаргагч хяналтын прокурор М.н, хариуцагч улсын байцаагч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.н шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...иргэн Б.Э-ээс гаргасан гомдлын дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө ... тоотод байрлах К  ХХК-ийн Чу солонгос хоолны рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд зохих журмын дагуу хамруулаагүй, ажлын байранд ажлын тусгай хувцас, хэрэглэл өмсөөгүй зөрчил илэрсэн талаар эрх бүхий албан тушаалтан тэмдэглэлдээ тусгаж бичсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э К ХХК-ийн Чу  солонгос хоолны ресторанд холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар зөрчлийн 190500******* дугаартай хэрэг нээж шалгаад 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр К ХХК-ийн Чу рестораныг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд зохих журмын дагуу хамруулаагүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол;

Хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй гэх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй, Хоолны газрын нийтлэг журмын 7.7.5-д тухайн өдөр үйлдвэрлэсэн хоол, зууш, ундаанаас дээж авч зориулалтын дагуу саванд хийж, 00+40С хөргөгчид 48 цаг хадгалсны дараа дээжийг устгаж, тэмдэглэл хөтөлнө.

Ажлын байранд ажлын тусгай хувцас, хэрэглэл өмсөөгүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөөгүй, Хоолны газрын нийтлэг журмын 7.2-т хоолны газрын ажилтан нь ажлын дүрэмт хувцастай, өөрийн нэр бүхий энгэрийн тэмдэгтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэж заасан.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Эийн 006******* дугаартай шийтгэлийг хүчингүй болгож, холбогдогч К ХХК-ийн Чу рестораны гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулах шаардлагатай байх тул дүгнэлт бичив гэжээ.

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч К ХХК-ийн захирал Б.М  нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан холбогдогчийн эрхээ хэрэгжүүлэн зөрчлийн хэрэг нээх 190500******* дугаар бүхий тогтоолыг эс зөвшөөрч, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.нд гомдол гаргасан.

Үүний дараа хяналтын прокурор М.н намайг дуудаад Энэ хэргийг даргынхаа 14 хоногийг сунгуулаад шийдвэрлээрэй гэсэн. Тухайн үед би холбогдогчийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзээд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Кага ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Хэрэв хяналтын прокурор М.н албан тушаалын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, холбогдогчийн гаргасан гомдлыг албан ёсоор хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.6-д зааснаар, мөн Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтын хүрээнд шийдвэрлэсэн бол ийм асуудал үүсэхгүй, улсын ахлах байцаагчийн чиг үүргийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар торгох байсан.

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К ХХК-ийн Ч ресторанд хяналт шалгалт хийх явцад хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй, ажлын байранд ажлын тусгай хувцас хэрэглэл өмсөж хэвшээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчил илэрсэн нь Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам-ын 1.1-д Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хэрэгжүүлэх дотоод хяналтын зорилго нь Монгол улсын хууль тогтоомж, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандарт болон тухайн иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн горим, дотоод журмын сахин мөрдөлтийн байдалд хяналт тавьж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил, дутагдлыг цаг тухайд нь илрүүлэн арилгах, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлэх замаар хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад оршино гэсэн заалтад багтаж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга, хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж заасныг баримтлан холбогдох арга хэмжээ авсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, дүгнэлт гаргагч, хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан бичгийн нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Эийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 006******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Иргэн Б.Э-ийн гаргасан ...Чу солонгос хоолны газар муудсан тахианы махтай хоол хийж байна гэх гомдлын дагуу Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Э нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус дүүргийн 5 дугаар хороонд байрлах Чусолонгос хоолны газарт шалгалт хийсэн байна.

Улмаар улсын байцаагч Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт рестораны үйл ажиллагаа эрхлэх 852 дугаар гэрчилгээтэй ЧУ  хоолны газар нь хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй, ажлын байранд ажлын хувцас хэрэглэл өмсөж хэвшээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, холбогдох дүрэм, журам мөрдөж хэвшээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар зөрчлийн хэрэг нээсэн байна.

Хариуцагч улсын байцаагч дээрх зөрчлийг шалган шийдвэрлэж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 006******* дүгээр шийтгэлийн хуудсаар К ХХК-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.

Хэрэгт авагдсан 190500******* дугаартай зөрчлийн хэргийн материалаас харвал, К ХХК-ийн гаргасан гэх хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй, ажлын байранд ажлын хувцас хэрэглэл өмсөж хэвшээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулаагүй, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам мөрдөж хэвшээгүй зөрчил тогтоогдсон эсэх талаар прокуророос маргаагүй бөгөөд эдгээр зөрчлийг холбогдогч хүлээн зөвшөөрч байх боловч түүнд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн тохирох зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүй гэх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна гэж зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон зөрчилд тус бүрд шийтгэл оногдуулахаар байхад хариуцагч улсын байцаагч нь К ХХК-ийн хоолны дээжийг зохих журмын дагуу авдаггүй, ажлын байранд ажлын хувцас хэрэглэл өмсөж хэвшээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулаагүй гэх зөрчлүүдийг дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэх нэг үйлдлээр төлөөлүүлж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шийтгэлийг оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагч улсын байцаагч прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч маргахдаа Холбогдогч зөрчлийн хэрэг нээх тогтоолыг эс зөвшөөрч, прокурорт гомдол гаргасан. Үүний дараа прокурор даргынхаа 14 хоногийг сунгуулаад шийдвэрлээрэй гэсэн. Тухайн үед би холбогдогчийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн байна гэж бодсон гэж тайлбарлах боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмыг баримтлана гэж зааснаар дээрх үндэслэл нь улсын байцаагчийн зөрчилд холбогдогчид оногдуулах шийтгэлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Хэдийгээр хариуцагчаас ...холбогдогч К ХХК-ийн захирал зовлон тохиолдсон, торгуулийг төлөх боломжгүй гэж надад тайлбарласан гэх боловч энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд зааснаар холбогдогчийг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Эийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 006******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Зөрчилд холбогдогч дээрх шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг бүрэн төлөөгүй, хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан байх бөгөөд тус шийтгэлийн хуудас хүчингүй болсонтой холбогдуулан хариуцагчаас холбогдогчийн гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, хэсгээр шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Л.Эийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 006******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ