Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2017/00118

 

Г банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэртэй, Г банкны нэхэмжлэлтэй, А, Н нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, хариуцагч Н нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1.Хөрөнгө оруулалтын зээлд үндсэн зээл 111303290,57 төгрөг, хүү 14047338,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260489,87 төгрөг, нийт 125611118,77 төгрөг, 2. Шугамын зээлд үндсэн зээл 5860978,02 төгрөг, хүү 404820,35 төгрөг, нийт 6265798,37 төгрөгийг тус тус гаргуулах тухай.   

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч А, хамтран зээлдэгч Н нар тус банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ5810002358 тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээгээр 300.000.000 төгрөгийн зээл, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ЗГ5815100682 тоот шугамын зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийн зээлийг тус тус авсан. 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор иргэн А, Н нарын өмчлөлийн 420,24 м.кв талбайтай, 3 давхар үйлчилгээний барилга, 112 м.кв талбайтай газрын хамт, мөн 214 м.кв талбайтай амины сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 864 м.кв газрын хамт ЗГ-1, ЗГ-2 тоот ипотекийн гэрээ тус тус байгуулан барьцаалсан. Банкны хувьд А, Н нар нь Г банктай байгуулсан зээлийн гэрээний 4.2, 4.2.1, 4.2.7 заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа тул хөрөнгө оруулалтын зээлд үндсэн зээл 111.303.290,57 төгрөг, хүү 14.047.338,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260.489,87 төгрөг, нийт 125.611.118,77 төгрөг болон шугамын зээлд үндсэн зээл 5.860.978,02 төгрөг, хүү 404.820,35 төгрөг, нийт 6.265.798,37 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А  би эхнэр Н-тэй хамтран Г банкнаас хөрөнгө оруулалтын зорилгоор 300.000.000 төгрөг, шугамын зээл болох 30.000.000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Шугамын зээл болох 30.000.000 төгрөгийн үлдэгдэл 6.265.798 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Хөрөнгө оруулалтын зээл болох 300.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 125.611.118 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-нээс 2017 оны 6 дугаар сарын 05-ны хооронд бүрэн төлж Г банкны хохирлыг төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иргэнийхээ хувьд бид Г банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу үлдсэн зээлээ бүрэн төлж дуусгах болно.” гэжээ.

Хариуцагч Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Бид шугамын зээлээ бүрэн барагдуулсан ба хөрөнгө оруулалтын зээл 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хэтрэлттэй байгаа. Г банкны салбарын дэргэдэх Т захын тооцооны төвийн захирал С, эдийн засагч Н нар нь “2016 оны 11 дүгээр сард Та нар одоо 80 сая төгрөг хийхэд зээлийн үлдэгдэл 110,0 сая орчим үлдэнэ. Та нар өргөдөл гаргасны дараа 3,5-4 сая орчимд төлөхөөр гэрээний өөрчлөлт он гарахаар хийж өгнө. Харин одоо оны эцэс болоод манай тус тооцооны төвийн жилийн эцсийн биелэлт, урамшуулал, бидэнд олгогдох олголт багасах гээд ашгаа авч чадахгүй, үр дүнгүй төлөвтэй байна. Тийм учир одоогийн үлдэгдэл төлбөр 111.303.290 төгрөгөө 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 16 сараар хуваарилуулж түр зуурын гэрээ гаргаж гэрээ байгуулна. Он гарангуут өөрчлөлт хийж өгнө” гэж удаа дараа утсаар хэлж, ярьж, гэрт гуйж ирэхэд нь миний бие зөвшөөрөөгүй, зээлийн гэрээнд нь гарын үсэг зураагүй. Учир нь сар бүр 10 гаруй сая төгрөг төлөх маш хүндрэлтэй гэрээ байсан. А арга ядаад итгээд зурахад гэр бүлийн хүрээнд үүнээс болж зөрчил гарсныг нуух зүйл алга. Миний бие зураагүй билээ. Манай хөрөнгө оруулалтын зээлийн хугацаа хэтрэлтэд орсон хүндрэлтэй шалтгааны суурь үндэс энэ байлаа. 

Иймд Г банкны С, Н гэх ажилтнууд өөрсдийн ашиг орлогоо тооцоолж харилцагч биднийг хуурах үйлдэл хийж, хүүхэд хуурсан мэтээр дорд үзэж, банк хоорондох харилцааны үл итгэлцэл алдагдуулах нөхцөл санаатай болон санамсаргүй гэх утгаар үүсгэж, банк харилцагч нарын гэрээг зөрчих гаргалгаа бий болгон үүсгэж, бидэнд сэтгэл санаа, нэр төр, ариун нандин үнэт зүйлсүүдэд их хохирол учруулж байгаа учраас С, Н нарт гомдолтой байгаагаа иргэний шүүхээр дамжуулан гаргаж мэдэгдэж байна. Иймд дээрх 2 ажилтанд арга хэмжээ авч, хариуцлага тооцох хэрэгтэй. 

Манайх зээлийн төлбөрөө огт төлөхгүй гэсэн үндэслэл байхгүй. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулж харилцагч бидний эрх зөрчигдсөнийг анзаарч үзэн үлдэгдэл төлбөр 71.552.115 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 36 сараар сар бүр 3 сая орчмоос давахгүй хэлбэрийн тэгш хуваарилалттай зээлээ төлж дуусгах гэрээг хийх боломжийг иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гаргаж бидэнд туслахыг хүсэж байна.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч А, Н нараас 74501318,77 /далан дөрвөн сая таван зуун нэгэн мянга гурван зуун арван найман төгрөг далан долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан Г банканд олгож, илүү нэхэмжилсэн 57375598 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

Хариуцагч нарын давж заалдах гомдлын агуулга: Г банк нь нэхэмжлэл гаргаж, А, Н нараас 125.611.877 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч мөн банкны харилцагч бид нарт шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл үүссэн шалтгааны эх үүсвэр бол Т захын тооцооны төвийн захирал С, эдийн засагч Н  нарын ашиг сонирхол хэрээс хэтэрч манай гэр бүлд санаатай болон санамсаргүй гэх байдлаар, шалтгаанаар нэр хүнд, сэтгэл зүй, санхүү эдийн засагт хохирол хүндээр учирч байгааг үзэж гомдол гаргаж байна.  Миний бие хамтран зээлдэгч буюу гэр бүлийн гишүүний нэг. Хоёр талын үл ойлголцол, нэхэмжлэл  ЗГ-1 гэрээнд тулгуурлаж байна. ЗГ-1 гэрээг хийх үед миний бие эс зөвшөөрч гарын үсгээ зураагүй. Уг гэрээнд зээлийн үлдэгдэл 111.000.000 орчим төгрөгийг сард 10 сая гаруй орчмоор 16 сард буюу 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл банкны С.Н гэх хоёр ажилтан дур мэдэн хийхээр ирэхэд миний бие татгалзаж зөвшөөрөөгүй. 

Нөхөр А эр хүмүүст итгэж байна. Он гарангуут бидний өгсөн хүсэлтийн дагуу гэрээг өөрчилж сар бүр 3,5-4 саяар эргэн төлөлтийн гэрээг шинэчилж өгнө гэхээр зөвшөөрнө гэж гэрт ирэхээр нь зураад явууллаа, аргаа бараад зөвшөөрлөө гэж байсан. /Оны эцэс 2016 он дуусах гээд банкны салбарын ашиг, урамшуулал авах тул уг гэрээг заавал хийх ёстой гээд удаа дараа ирж гуйж утсаар хэлдэг байсан/. Иймд 5810002358 гэрээ банкны харилцагчдын гэрээний 5.2 дахь заалтыг зөрчиж байна. 

Тийм учраас уг 5810002358 гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж татгалзсанаа илэрхийлье. Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 503 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Иргэн бидний эрх зөрчигдөж байгааг эрхэм шүүх, шүүгчид анхаарч үзнэ гэдэгт итгэж байна. Шударга шүүх нийгэмд тустай.” гэжээ.                                                             

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч Улсын тэмдэгийн хураамжийг шийдвэрлэхдээ алдаа гаргасан байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав. 

Г банк нь хариуцагч  А, Н нарт холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ-1 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээгээр авсан 300000000 төгрөгөөс үлдсэн үндсэн зээл 1113032902 төгрөг, зээлийн хүү 14047338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260489 төгрөг, нийт 125611118 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ581500682 дугаартай шугамын зээлийн гэрээгээр авсан 30000000 төгрөгөөс үлдсэн үндсэн зээл 5860987 төгрөг, зээлийн хүү 404820 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагч  А, Н нар нь Г банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ5810002358 дугаартай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээгээр 300000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ581500682 дугаартай шугамын зээлийн гэрээгээр 30000000 төгрөгийг 12 сарын хугацаатай тус тус  авсан байна.

Зээлдэгч А, Н нар нь  2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс /шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа/ хойш 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ5810002358 дугаартай хөрөнгө оруулалтын зээлд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 51109800 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ581500682 дугаартай шугамын зээлийн үлдэгдэл 6265798 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бүрэн төлж,  хөрөнгө оруулалтын зээлийн үлдэгдэл 74501318 төгрөг үлдсэн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч Г банк нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 817335 төгрөг төлөхөөс 901209 төгрөг төлж 83874 төгрөг илүү төлсөн байхад  тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүйгээр бүхэлд нь улсын орлого болгож, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тус шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Г банкны нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 901.209 төгрөгөөс 817.335 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 83.874 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот данснаас, 530.457 төгрөгийг хариуцагч А, Н нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банканд олгож шийдвэрлэв. Шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан хэсгийг өөрчилж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй тул хангахгүй орхиж, хуульд зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 503 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг тус тус баримтлан Г банкны нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 901.209 төгрөгөөс 817.335 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 83.874 төгрөгийг Төрийн сангийн ******* тоот данснаас, 530.457 төгрөгийг хариуцагч А, Н нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч Г банканд олгосугай.”  гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК 

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ