Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 01023

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/01023

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-15-37 тоотод оршин суух, /Регистрийн дугаар: ХП63100987/, Тайжи овогт Ж.Ж-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 тоот тушаалын 1.2, 2.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгарьд, гэрч Л.Машбат, Г.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Компанийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 тоот тушаалаар намайг эдийн засагч А.Баярсайханд дарамт үзүүлж, журам зөрчсөн үйлдэл хийхэд хүргэсний улмаас эдийн засагч А.Баярсайхан, нягтлан бодогч Р.Даваа нар нь эмч Ж.Ж-д илүү цагаар ажилласан ажлын хоногийг нь биеэр эдлүүлсэн байхад давхардуулан анхан шатны баримтгүйгээр илүү цагийн хөлсийг тооцон олгож ажил үүрэгтээ хариуцлагагүй хандан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж надад 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие эдийн засагч А.Баярсайхан, нягтлан бодогч Даваа нарт дарамт шахалт үзүүлсэн илүү цагийн цалин нэхсэн асуудал огт байхгүй бөгөөд ийм асуудал огт болоогүй. Иймд хөдөлмөрийн сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байх тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 тоот тушаалын Ж.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ж шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөө хүссэн өргөдлийг бичээгүй бөгөөд миний өмнөөс энэ өргөдлийг өөр хүнээр бичүүлж цохолт хийлгэсэн байна. Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 27-ныг дуустал хугацаанд ажил явдалд оролцсон бөгөөд энэ үед цалинтай чөлөө авч явсан. Энэ чөлөөг дарга Ганчимэгтэй ярилцаад жижүүр эмчээр ажилласан хоногоос тооцохоор амаар  тохирч явсан. Харин илүү цагаар ажилласан хоногоо биеэр эдэлсэнд тооцох яриа огт болоогүй. Миний бие гараар ямар нэгэн өргөдөл бичүүлэн авч миний илүү цаг ажилласан хоногоос 6 хоногийн буюу 48 цагийг биеэр эдэлсэн мөртлөө давхардуулан илүү цагийн хөлс авсан гэж намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалын 2.2 дахь давхардуулан олгосон илүү цагийн хөлс болох 380,400 төгрөгийг надаас суутгах заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Ж шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөө хүссэн өргөдлийг бичээгүй бөгөөд миний өмнөөс энэ өргөдлийг өөр хүнээр бичүүлж цохолт хийлгэсэн байна. Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 27-ныг дуустал хугацаанд ажил явдалд оролцсон бөгөөд энэ үед цалинтай чөлөө авч явсан. Энэ чөлөөг дарга Ганчимэгтэй ярилцаад жижүүр эмчээр ажилласан хоногоос тооцохоор амаар  тохирч явсан. Харин илүү цагаар ажилласан хоногоо биеэр эдэлсэнд тооцох яриа огт болоогүй. Миний бие гараар ямар нэгэн өргөдөл бичсэн, өөр хүнд өрийн нэрээр өргөдөл бичихийг зөвшөөрч бичүүлсэн асуудал огт байхгүй. Гэтэл надад огт мэдэгдэхгүйгээр миний өмнөөс өргөдөл бичүүлэн авч миний илүү цаг ажилласан хоногоос 6 хоногийн буюу 48 цагийг биеэр эдэлсэн мөртлөө давхардуулан илүү цагийн хөлс авсан гэж намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалын 1,2, 2.2 дахь давхардуулан олгосон илүү цагийн хөлс болох 380,400 төгрөгийг надаас суутгах заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ж.Ж-ийн гаргасан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 сарын 17-ны одрийн Б/117 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй лулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. Үүнд:

1.Эрдэнэт сувиллын цогцолбор /ЭСЦ/-ын даргын 2016.05.03-ны өдрийн А/7 дугаар тушаалаар тус цогцолборын их эмч Ж.Ж нь Хөдөлмөрийн чадвар алдалт ХЧА-ын хугацаа сунгах үзлэгийн ажлыг 2016.04.26-2016.05.05-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулан ажиллахдаа нийт 60 цаг илүү цагаар ажилласан. Уг тушаалын 6 дахь заалтад цагийн бүртгэл болон ажлын тайланг үндэслэн илүү цагаар ажилласны хөлсийг тооцон олгохыг цехийн эдийн засагч нарт зөвшөөрсөн байна. Ингээд тухайн сард илүү цагаар ажилласан нийт 60 цагаас Ж.Жавзмаагийг өөрийн хүсэлтийн дагуу 48 цаг буюу ажлын 6 өдрийн чөлөө олгож илүү цагаар ажилласны амралтыг биеэр эдлүүлэн үлдсэн илүү цагийн хөлсийн түүний 6 дугаар сарын цалин тооцож 170,710 төгрөг бодож олгосон нь цалингийн хуудас болон илүү цагийн бүртгэлийн тайлангаар нотлогддог.

2.Ажилтан Ж.Ж-ийн 2016.09 сард илүү цагийн хөлс гэж 380,400 төгрөгийг бодуулж авсан нь түүний цалингийн хуудас болон ЭСЦ-ын эдийн засагч А.Баярсайханы тайлбар, Санхүү бүртгэлийн хэлстийн нягтлан бодогч Р.Даваагийн тайлбараар нотлогддог.

3.Ажилтан Р.Даваа, А.Баярсайхан нар нь Цехийн даргын зөвшөөрөлгүйгээр, санхүүгийн анхан шатны баримтгүй, илүү цагийн хөлсийг олгосон эсэх талаар холбогдох баримтыг магадлан шалгалгүйгээр илүү цагийн хөлсийг давхардуулан олгосон нь зрчлийн тхай акт болон тухайн зөрчлийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Ж.Ж-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Ж-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 тоот тушаалын Ж.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа.

Нэхэмжлэгч Ж.Ж нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нөхрийн төрсөн дүү нас барсан шалтгаанаар чөлөө авсан. Энэ талаар өргөдөл, цагийн бүртгэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоглож байгаа. Гэтэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад 2016.04.22-ны өдрөөс 2016.04.27-ны өдрийг хүртэл хугацаанд ажил явдалд оролцсон, тухайн үеп цалинтай чөлөө авсан гэжээ. Энэ цаг хугацааны хуввьд зөрүүтэй байх ба нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад дурьдсан асуудалд нь уг маргааны зүйл биш юм. Мөн түүний чөлөө хүссэн өргөдлийг өөрөө бичээгүй гэх боловч энэ талаар холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Иймд Ж.Ж-ийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь тухайн хэрэг маргаанд хамааралгүй, үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Ж-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 тоот тушаалын Ж.Ж-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтыг шинжлэн судлав. Ж.Жавзмаагийн 2016 оны 05 сар, 06 сар, 09 саруудын цалингийн тооцоолол / хх.22/, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 91/7 дугаартай тушаал/ хх.23/, ЭСЦ-ын тооцооны техникч Г.Даваагийн тайлбар / хх.26/, Сахилгын шийтгэл ногдуулах тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захиралын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 дугаартай тушаал /хх.27/, Зөрчлийн тухай акт/ хх.28/, Ж.Ж-д илүү цагийн хөлс олгосон тухай асуудлыг авч хэлэлцсэн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын протокол / хх.29-31/,Цагийн бүртгэл /хх.32-34/, Ж.Ж-гын өргөдөл /хх.36/, 5 сард ажилласан эмч нарын илүү цагийн тайлан/хх.37/, Сахилгын шийтгэл ногдуулах тухай Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий захиралд хандсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн № 42/01 тоот албан бичиг / хх.54-56/,Хариуцлага тооцох тухай 2017-01-09-ний өдрийн №116/12-03 тоот албан бичиг, Зөрчлийн акт/хх.58/, Удирдлагын багийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл/хх.57-61/, Эмчийн үзлэгийн бүртгэл, цагийн бүртгэл / хх.72-74/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Хөдөлмөрийн дотоод журам / хх.88-97-р хуудас/ Шинжээчийн дүгнэлт /

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч нь Ж.Ж нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах, давхардуулан олгосон илүү цагийн хөлс болох 380,400 төгрөгийг цалингаас суутгах тухай сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч тушаалын 1.2, 2.2 дахь заалтуудыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Нэхэмжлэгч нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Эрдэнэт сувиллын цогцолборын их эмчээр ажиллаж байгаад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 тоот тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1,131.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.5,8.8.13 дахь заалтыг үндэслэн эдийн засагч А.Баярсайханд дарамт үзүүлж, журам зөрчсөн үйлдэл хийхэд хүргэсэн гэдэг үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэлээр шийтгүүлсэн байна.

            “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмчийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 91/7 дугаартай тушаалаар Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан ажилтнуудын хувь, хугацааг сунгах үзлэгийг 2016 оны 4-р сарын 26-ны өдрөөс 2016 оны 5-р сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд Эрдэнэт сувиллын цогцолборын байранд явуулахаар тогтож, үзлэг хийх эмч нарын нэрс болон гүйцэтгэх ажлын жагсаалтыг баталж,эмчилгээ чанарын хяналтын комиссын гишүүдийг 22 цаг хүртэл илүү цагаар ажиллахыг зөвшөөрсөн байна.

            Үүний дагуу нэхэмжлэгч нь илүү цагаар ажиллаж түүний нийт ажилласан цагийн тооцоог 60 цаг гэж гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байна.

            Нэхэмжлэгч нь 2017 оны 6-р сарын 21-нээс 2017 оны 6-р сарын 28-ны хооронд цалинтай чөлөө хүссэн тул хариуцагч байгууллага энэхүү чөлөөг түүний илүү ажилласан 60 цагийн 48 цагаар нь тооцож 6 хоногийн чөлөө олгосон гэж байгаа бол нэхэмжлэгч 6 сарын 21,6 сарын 28-ны өдрүүдэд ажилласан. Нөхрийн дүү гадаадаас ирээд онгоцноос буунгуут нас барсан учраас энэ талаар утасаар мэдэгдэж чөлөө аваад хот явсан,энэ чөлөөг илүү ажилласан цагаас тооцно гэж яриагүй,цалинтай чөлөө авсан гэж өөр өөрөөр тайлбарлаж байна. Ийнхүү талуудын тайлбар бусад баримтаар нэхэмжлэгч нь  чөлөө авч хот явсан,түүнийг 6 хоногийн чөлөө авсан гэж үзсэн,илүү цаг ажилласаны 48 цагаас бодож тооцсон,үлдсэн 12 цагт нь оногдох 170.710 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон болох нь батлагдаж байна. 

               Тэгвэл нэхэмжлэгч нь 48 цагийг чөлөөнд тооцох ёсгүй байсан, цалинтай чөлөө олгосон тул 48 цагт оногдох 380.400 төгрөгийг авах ёстой байсан гэж үзэж байна. Харин хариуцагч нэхэмжлэгчийг 48 цагийг 6 өдрийн цалинтай чөлөө олгосонд дүйцүүлж тооцож тооцоо дууссан байхад, 380.400 төгрөгийг эдийн засагч А.Баярсайханд дарамт үзүүлж, журам зөрчсөн үйлдэл хийхэд хүргэж дээрх мөнгийг авсан гэж буруутгаж улмаар сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болгожээ. Гэвч нэхэмжлэгч нь эдийн засагч А.Баярсайханыг дарамталж, журам зөрчсөн үйлдэл хийлгүүлэн 380.400 төгрөг авсан гэх үйлдэл тогтоогдоогүй байна.

             Нөгөө талаар байгууллага, аж ахуйн нэгжийн цалин хөлс,нэмэгдэл,урамшуулал бодох олгох ажиллагаа ямар нэгэн хөндлөнгийн нөлөө дарамт шахалтан доор явагдах боломжгүй. Хэрвээ дээрх байдлаар мөнгө авсан бол холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн захиргааны зөрчил эсвэл гэмт хэрэгт тооцогдоно. Хэрвээ тухайн байгууллагын ажил хариуцсан санхүү нягтлан бодох бүртгэл, цалин тооцооны ажилтаны буруугаас цалин хөлс нэмэгдлийг буруу тооцож олгосон бол тухайн ажилтан хариуцах ба Ж.Ж-д илүү цагийн мөнгө 380.400 төгрөгийг олгосонд нэхэмжлэгч буруугүй, дээрх мөнгийг хариуцагч түүний цалингаас суутгаж авсан, хариуцагч түүнд нэгэнт тооцож дуусгавар болсон,олгох ёсгүй илүү цагийн нэмэгдлийг давхардуулан олгосон гэж үзэж байгааг буруутгах боломжгүй байна. Харин энэ үйл баримтыг хариуцагч талаас нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзэж түүнд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул сахилгын шийтгэл ногдуулах тухай “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 дугаартай тушаалын 1-р зүйлийн 1.2 дахь заалтын нэхэмжлэгч Ж.Ж-д 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл онгдуулсан  заалтыг хүчингүй болгож, түүний цалингаас суутгасан 280.140 төгрөгийг буцаан гаргуулах үндэстэй байна.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн СD болон флааш дискэн дээрх бичлэг нь хаана, хэдийд хэрхэн яаж хийсэн, хэн болох нь тодорхойгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй баримт байх тул шүүх шийдвэр гаргахдаа үндэслэл болгоогүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Монгол Улсын Иргэний хэргийг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ын Ерөнхий захирлын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Б/117 дугаар тушаалын 1 дүгээр заалтын 1.2 дахь хэсгийн Ж-д 2017 оны 01 сараас эхлэн 2 сарын хугацаагаар үндсэн цалинг 10 хувиар бууруулах сахилгын шийтгэлийн заалтыг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-наас 280.140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ж-д олгосугай.

2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас 79.259 төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                    Б.БЯМБАСҮРЭН