Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1028

 

 

 

 

 

 

 

 

 

2019           12           16                                        2019/ШЦТ/1028

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Ж.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905043811231 дугаартай хэргийг  2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Орхон аймаг, Баян-Өндөр сум ... дугаар баг Бүрэн бүст ... дугаар хороолол ... дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...  дугаар байр ... тоотод түр оршин суух,

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  С-.

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж.С- нь 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ҮДБББ” ХХК-ний ажлын байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Н.Уянгааг маргааны улмаас аяга болон гараараа цохиж баруун зовхи, шанаанд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ж.С- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

          Шүүгдэгч Ж.С- нь 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ҮДБББ” ХХК-ний ажлын байранд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч Н.Уянгааг маргааны улмаас аяга болон гараараа цохиж баруун зовхи, шанаанд цус хуралт, зөөлийн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Н.Уянгын “2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчимд хамтран амьдрагч С- над руу залгаад ажил дээр 1 шил архи аваад хүрээд ирээч гэсэн. Би дэлгүүр орж 0,33 литрийн Экс архи аваад очсон. Намайг ажил дээр нь очиход С- болон С-гийн найз хоёр байсан. Миний авч очсон архийг тэр хоёр хувааж уусан. Би хоол хийж өгсөн. Архиа ууж дуусчихаад Жагааг С- гаргаж өгчихөөд эргэж орж ирээд чи Жагаатай зайл гэж намайг хөөхөөр нь би гутлаа өмсөх гээд тонгойсон чинь миний баруун шанаа, нүүр орчимд С- хоолны төмөр аягаар цохисон. Би явлаа гээд гарах гэтэл миний зүүн гарны бугалга баруун гар луу цохисон. Гараараа хүчтэй базаж татсан. Тэгээд би тэндээс яваад өөрийнхөө ажил дээр очоод цагдаа дуудсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Шинжээчийн  дүгнэлтэнд дурдсан гэмтлийг С- миний биед учруулсан. ... Намайг эмнэлгээр дагуулаад үзүүлээд харуулаад өгвөл гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 17-18 дугаар хуудас/

          “... 2019 оны 10 дугаар сарын 23-наас өнөөдрийг болтол ажлаа хийж энэ хугацааны орлогоо нэхэмжилж байна. Энэ хугацаанд нийт орлого 760.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ зардлыг гаргаад өгвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12902 дугаартай:

          “1. Н.Уянгын биед баруун зовхи, шанаанд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

          Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцсон “... мөнгөлөг саарал өнгийн хоолны аягыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцсугай” тогтоол. /хэргийн 40 дүгээр хуудас/

 

          Ж.С-гийн яллагдагчаар өгсөн “... Миний ажиллуулдаг хоёрдогч түүхий эдийн цэг дээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байж байтал манай найз Жагаа ирсэн. Жагаа ирээд бид хоёр байж байтал манай хамтран амьдрагч Уянга над руу залгахаар нь би чи ирэх гэж байгаа бол 0,33 литрийн Экс архи аваад ир гэсэн. Тэгээд байж байтал 0,33 литрийн архи авчирсан. Авчирсан архийг нь Жагаа бид хоёр хувааж уусан. Уянга энэ хооронд хоол хийж байсан. Архиа ууж дуусчихаад би Жагааг зам руу гаргаж таксинд суулгаж өгчихөөд эргэж орж ирээд тоглоомоор Уянгад хандаж Жагаа та хоёр бие биенээ үздэггүй байж яасан айхтар сүрхий болоо вэ гэтэл Уянга уурлаж бөөн хэрүүл болсон. Тэгээд би унтах гэтэл Уянга гар хөл гэдэс гүзээнээс маажаад байхаар нь би босоод цайтай байсан аягыг аваад Уянга руу цацсан. Энэ үед миний цацсан цайны аяганы ирмэг Уянгаагийн шанаа руу цохисон. Би тэгээд Уянгааг хүчээр түлхэж ажлынхаа байрнаас гаргаад хаалгаа түгжээд унтаад өгсөн. ... Сүүлийн 3 жил Уянга гэж эмэгтэйтэй хамтран амьдарч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-37 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ж.С-гийн өөрийн хамтран амьдрагч болох Н.Уянгийг зодож биед нь гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд шүүгдэгч уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Уянга нь “ ... 2019 оны 10 дугаар сарын 23-наас өнөөдрийг болтол ажлаа хийж энэ хугацааны орлогоо нэхэмжилж байна. Энэ хугацаанд нийт орлого 760.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ зардлыг гаргаад өгвөл гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/ өгчээ.

Хохирогчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны орлого болох 760.000 нэхэмжилж байгаа боловч энэ талаар ямар ч нотлох баримт хэрэгт цуглуулж, бэхжүүлээгүй тул түүний энэ нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.

Харин тэрээр энэ талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

Мөн шүүгдэгч Ж.С- нь хохирогч Н.Уянгад эмчилгээний зардал 150.000 төгрөг төлсөн гэх бөгөөд хохирогч мэдүүлэхдээ “эмчилгээний зардал 150.000 төгрөг өгсөн” /хэргийн 20 дугаар хуудас/ гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.С- баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

Харин эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөлөг саарал өнгийн хоолны аяга 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч  Ж.С-гийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.С-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Ж.С-г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

                

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Ж.С- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Ж.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Н.Уянга нь ажилгүй байсан хугацааны орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөлөг саарал өнгийн хоолны аяга 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ