Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Иргэдийн төлөөлөгч Ж.Наранзориг,     

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Г.Баярмаа /ҮД:1814/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Я, түүний өмгөөлөгч Ж.Батхүү /ҮД:0331/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Тт холбогдох эрүүгийн 201625031422 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 19-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 08 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө Капитал банкны Толгойтын “Велл март” салбарт хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 14-247 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаяганд амьдардаггүй, одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сургуулийн буудлын Христын сүмийн хашаанд амьдардаг, урьд 1999 оны 04 сарын 09-нд Чингэлтэй дүүргийн шүүхийн 141 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2000 оны 02  сарын 04-нд эдлээгүй үлдсэн 05 сар 09 хоногийг тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХК76081818/

 

Шүүгдэгч А.Т /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 07 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-99 тоотод иргэн Я.Халиуныг “архины мөнгө өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан 28 удаа хутгалж олон тооны гэмтэл шарх үүсгэн танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Төөс мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: Намайг гэрээс үүдэнд бор өнгийн иштэй 10 см гарантай хутгыг аваад гэртээ оруулж тавина гээд өмднийхөө баруун кармаанд ишийг нь доош харуулаад хийчихсэн байснаа жорлон орж бие засчихаад хутгаа тавилгүй тэр чигээрээ Дамбын постны хойно гэр нь байдаг манай эхнэртэй эгч дүүсийн хүүхдүүд болох Янжмаатай уулзахаар явган явсан. Намайг очиход хашааны хаалга нь онгорхой байхаар нь шууд явж ороод хашаанд байх гэрлүү нь очтол үүднийх нь амбаар болон гэрийн хаалга онгорхой байсан. Ээж чинь байна уу гэтэл байхгүй гэж хэлсэн. Би Халиунаагаас архины мөнгө өгчих гэтэл “байхгүй манайх ямар архины мөнгө өгдөг айл юмуу” гээд өөдөөс хэрэлдээд байхаар нь баруун талынх нь орлуу түлхэж унагаатал өндийх гээд босоод ирэхээр нь айлгая гэж бодоод кармаандаа байсан хутгаараа хүзүүнийх нь тэр хавь руу олон удаа хатгасан. Тэрнээс хойш юу болсноо мэдэхгүй байна.  Би хүн алсан, би үхчихээр нь гэрийнх нь хойд талын хашааг даваад гудамжных нь зүүн тал буюу гол талруугаа гудамжийг дагаад гүйсэн. Тэгээд бор өнгийн иштэй хутгаа шонгийн модны далд нуучихсан. Талийгаачийг орноос татаж буулгах үед ногоон цэнхэр өнгийн өмд нь өвдөг хүртлээ шувтарчихсан байсан гэсэн мэдүүлэг. /1 хх 246-247/

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн өдөр би ажлаасаа тараад гэртээ харихад толгой өвдөөд байхаар нь эхнэрээсээ авсан 3000 төгрөгөөр нэг шил архи авч уусан. Би бие засаж байснаа мөн талийгаачийн гудамжинд явж байснаа санаж байна. Манай гэрийн хутга байсан болохоор талийгаачийг алснаа хүлээн зөвшөөрч байна. Надад талийгаачтай маргалдах шалтгаан байгаагүй. Талийгаачийн амь насыг яаж хохироосноо санахгүй байна. Талийгаачийн хашааны хойд талаар давж байхад миний халаасанд цустай хутга байхаар нь газар зоогоод үлдээсэн. Тэгээд би “юу хийчихэв” гэж бодоод буцаж гэрт ороод талийгаачийн хөлнөөс барьж үзэхэд нас барсан байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний 5 хүүхэд болон ээжийг минь бодож улсын яллагчийн санал болгосон хорих ялаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Я мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би Атар Өргөө ХХК-нд тогооч ажилтай юм. 12 цагаар хоёр өдөр ажиллаад 48 цаг амардаг юм. Өчигдөр буюу 2016 оны 07 сарын 20-ны өдөр гэртээ ирж хоноогүй. ...Шөнө над руу 03 цаг 04 минутын үед 3 удаа залгасан байсан юм тэгээд би сэрээд харахад 03 цаг 20 минут болж байхаар нь охин луугаа залгахад гэрийн түлхүүр хаана байгаа бэ гэж асуусан юм тэгэхээр нь би түлхүүр байсан газрыг зааж өгсөн. Тэгээд би дүү Нацагдоржийн гэрт хоночихоод өглөө 10-11 цагийн хооронд байх утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгээд залгахгүй байж байгаад 15 цагийн үед хажуу айлын эхнэр нь над руу ярьж та хаана байна яаралтай гэртээ очоорой, танай гэрт юм болсон юм шиг байна гэсэн. Тэгээд би сандраад хөрш айлын хүүхдийнх нь утас руу нь залгахад Алтангэрэл аваад Халиунаагаас нэлээд их цус гарсан байдалтай гэрийн баганын хажууд шалан дээр хэвтэж байна хурдан хүрээд ирээч та, би орж чадаагүй цагдаа, түргэн дуудчихлаа гэсэн юм. Тэгээд би такси бариад яваад очиход цагдаа нар намайг гэртээ оруулаагүй. ...Төмөр гэж хүнийг танина. 2005 оноос хойш танина. Төмөр манай ээж Адъяадуламын төрсөн ах Цэрэндаваагийн охин болох Оюунтунгалагийн нөхөр байгаа юм. Төмөр манайхаар нээх их орж гараад байдаггүй энэ жилийн хувьд цагаанд сар болон Мартын 8 өдөр ирсэн. Ер нь баяраар л эхнэрээ дагуулж ирдэг юм. Ирэхээс өмнө над руу утсаар ярьж ирдэг. Ирэх үедээ эхнэр Оюунтунгалагийн хамт ирдэг ганцаараа ирж байгаагүй.          Халиунаа Төмөрөөд их дургүй байдаг байсан юм. Төмөрөө ах их муухай хүйтэн харцтай юм, надад ерөөсөө таалагдахгүй гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /1 хх 64, 66/. Би талийгаач охиныхоо оршуулгын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлуудыг нэхэмжилж байна. Нийт 9.685.400 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс 4.800.400 төгрөгийн баримт падаан нь байгаа. Миний хувьд маш их гомдолтой байна гэсэн мэдүүлэг. /1 хх 68/

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилан нийгмийн эд, эс болсон манай гэр бүл нь эх, охин гэсэн хоёр гишүүнтэй байсан. Би ганц охиноороо ирээдүй хийж, сайн сайхныг мөрөөдөн, ажилдаа явахдаа миний гэр орон, тэнд үлдсэн ганц охин маань айлын бараатай, баталгаатай гэж санаа амар ажлаа хийж байтал гэрт нь охиныг маань сүйтгэсэн мэдээ миний гар утсаар ирж, энэ ертөнц дээр орь ганц хүн болон амьдрал минь там болон хөрвөж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу боллоо. Амь амьдрал минь болсон цэцэг цэврүү шиг ганц охиныг минь байх ёстой гэр оронд нь гэгээн цагаан өдөр, айлын хүмүүсийг байсаар байтал 3000 төгрөг зээлсэнгүй гэж дээрмийн сэдэлээр онц хэрцгийгээр 21 удаа хутгалж амь насыг нь хохироож, эхийг нь амьд сүг болгон үлдээсэн энэ хэрэгтэнд өгөх ёстой ялыг нь хөнгөлөлтгүйгээр өгөх ёстой. Үнэн хэрэгтээ би ч бас бие сэтгэлээрээ энэ хэрэгтэнд 21 удаа хутгалууллаа. Юугаар ч нөхөх аргагүй хохирлоо. Энэ хэрцгий үйлдлийн улмаас ямар ч гэм зэмгүй, үерхэдэг найзтайгаа хөтөлцөөд ирээдүйгээ мөрөөдөн тэмүүлж байсан 22хон настай охин алтан амиараа хохирлоо. Энүүнээс илүү хохирол энэ ертөнц дээр байна уу? Эх үр хоёрыг дамнан үргэлжилж байгаа энэ хэмжээлшгүй хохирлыг хэн, хэзээ, яаж зөөллөж, барагдуулах вэ? Хэрэгтэн манайд ирэхдээ Есүсийн сүмд итгэгч элсүүлэхээр, тэр тусмаа хутга халааслан ирсэн байх юм. Тэр сүмийн итгэгчээр олон жил гэр бүлээрээ явсан байна. Үр хүүхэд, гэр бүлтэй энэ хүнд яахаараа хайрт охинд минь зэрлэгээр хандах санаа сэдэл төрөв. Есүсийн сүмийн номлол яагаад энэ хүний сэтгэл зүрхийг зөөллөөгүй вэ. Хүн битгий хэл амьтан алах нүгэл гэж манай Буддын сургаальд заадаг. Ганц хайртай охин минь Есүст итгэгчийн зэрлэг үйлдлээр хохирлоо. Миний хайртай охины минь алтан амийг Есүсийн сүм, А.Т хоёр төлж өгөх ёстой. Энэ төлбөрийг барагдуулж өгөхийг эрхэм шүүхээс хичээнгүйлэн гуйж байна гэсэн мэдүүлэг.

 

Насанд хүрээгүй гэрч Э.А мэдүүлэг: ..Өнөө өглөө буюу 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 09 цаг өнгөрч байхад босоод хоол цайгаа идчихээд манай хашаад байдаг Янжмаа эгчийн гэр лүү очсон юм. ...Тэгээд би өмнө нь хаалгаар нь харахад гэрийн дунд хэсэгт пийшин дээр нь “Coca Cola” ундаа байсан болохоор тэр ундааг авч уух гэж гэрт нь орсон чинь гэрийн зүүн талын орны урд хэсэгт Халиунаа эгч ямар ч хувцасгүй нүцгэн хэвтэж байсан юм. Толгой хэсэгт нь орны дэвсгэр даавуугаар бүтээсэн юм шиг болсон байсан юм. Тэгээд би гүйж гараад аавд хэлээд тэгээд аав түргэн цагдаа дуудсан юм. ...Намайг ороход Халиунаа эгч гэрийн зүүн талын нарийн орны урд чармай нүцгэн ямар ч хувцасгүй, толгой хэсгээрээ цус гарч шалаар урссан байсан юм. Өөр зүйлийн сайн харж чадаагүй айгаад гараад явчихсан юм. Миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг /хх-69-70/. ...Гэрийн хаалгаар ороход зүүн гар талд гэсэн үг Халиунаа эгчийн толгой хэсэг үүд рүү харсан байдалтай доогуураа шалдан хөл нь гэрийн хоймор хэсэг рүү чиглэсэн байдалтай толгойноос нь цус гарсан байдалтай хүүр болон цээж хэсгээр нь ягаан өнгийн цэцэгтэй даавуугаар бүтээчихсэн байсан учраас бие болон нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг харж чадаагүй. Дээгүүр нь бүтээсэн даавуу нь толгой хэсгээр нь цус болж нэвтэрсэн байсан. Гэрийн эд зүйл ундуй сундуй, эмх замбараагүй шалан дээр нь ус асгарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-71/

 

Насанд хүрээгүй гэрч А. мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:  ..2016 оны 07 сарын 21-ний өдрийн 14 цагийн үед найз Анукагийнд очиж тоглохоор 7 буудалд байх гэрт нь очсон. ..Анука хажуу айлынхаа Халиунаа эгчийнх рүү ороод ирье гэж гараад орж ирэхдээ нилээн айсан сандарсан байдалтай Халиунаа эгч ухаан алдчихсан юм шиг байна гэсэн чинь аав нь юу яриад байгаа юм дахиад ороод хараад ир гэсэн чинь Анука ба айгаад байна гээд намайг хамт гаръя гэхээр нь түүнтэй хамт хажуу айл руу нь орж шагайж харахад хажуу айлынх нь эгч газар хэвтчихсэн толгой нь үүд хэсэг рүү дээшээ харсан байдалтай, хөл нь гэрийн хоймор хэсэг рүү ил гарсан байдалтай дээрээс нь хөнжил даавуу бүтээчихсэн толгойн хэсгээс нь нилээн цус гарсан байдалтай нүүрийг нь бүтээсэн байдалтай байхаар нь бид хоёр айгаад Анукагийн аав Алтангэрэл ахад орж толгойноос нь нил цус гарчихсан байна гэж хэлсэн чинь аав нь гарч хараад яанаа алчихсан байна шүү дээ гээд нас барсан эгчийн ээж рүү нь залгаад хэл хүргэсэн. Тэгээд Алтангэрэл ах цагдаа, түргэн дуудсан. Тэгээд цагдаа нарыг ирсэний дараа Халиунаа эгчийн ээж нь гэх хүн ирээд уйлаад байсан. Өөр зүйлийн талаар би мэдэхгүй. Анука бид хоёр яг гэр лүү нь ороогүй айгаад үүднээс нь шагайж харахад гэр нь ундуй сундуй болсон шалаар нь цус асгарсан байдалтай, тэр эгч гэрийн зүүн талд толгой нь үүдэн хэсэг рүү дээш харсан байдалтай нүүр биеийг нь ягаан өнгийн цэцэгтэй хөнжлөөр бүтээчихсэн. Нүүр нь харагдахгүй байсан учраас биед нь ил харагдах гэмтэл шарх байсан эсэх нь харагдахгүй байсан. Тэр эгчийн зөвхөн үс нь харагдаж байсан. Үснийх нь хажуугаар нил цус тогтсон байдалтай хажууд нь ягаан өнгийн цэцэгтэй даавуу овоолсон байсан гэсэн мэдүүлэг /1 хх 71-72/

 

Гэрч Ц.Ою мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Төмөр нь 1976 оны 08 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод Чулуунбазар, Алтанцэцэг гэдэг хүмүүсийн анхны хүү нь болж төрсөн юм байна лээ, дээрээ нэг эгчтэй байсан боловч бага байхдаа нас барчихсан гэж ярьж байсан, хүү талаасаа хамгийн том нь байгаа юмаа, Төмөр нь ээж Алтанцэцэгээрээ овоглодог. ...Анх хамт амьдарч эхлэхэд Төмөр нэг л их дөлгөөхөн хүн л байдаг байсан боловч хэдэн сарын дараа авир нь гарч эхэлсэн, гэрт байсан өнгөтэй өөдтэй зүйлийг авч гараад зарчихдаг байсан тэгээд бие нь муудаад 2010 оноос хойш архи уухгүй байж байгаад 2016 оны эхнээс архи уугаад эхэлсэн. Ер нь бол их огцом зантай, түргэн ууртай, уурлахаараа уур нь мөд гардаггүй, хүүхдүүдтэйгээ тийм таатай харьцаатай хүн биш, хүүхдүүдийнхээ үгийг хүлээж авахгүй, эмэгтэйг нь гичийгээр дуудна, эрэгтэйг нь пиздагаар нь дуудна. Би хүүхэдтэйгээ эвтэйхэн харьц гэж хэлдэг байсан, өөртөө бол хэр хүргэхгүй, өөрийнх нь буруу байхад өрөөлөөс өө хараад байдаг, хүний хийгээгүй хэргийг хийсэн болгож нялцаагаад байдаг. Эрүүл байхдаа уураа барьж чадахгүй чичирч салганаад байдаг архи уусан үедээ тэр ааш нь улам их хурцлагддаг. 2016 оны 07 сарын 21-ний 05 цаг 20 минутын үед гэрээсээ гараад ажилчдын унаандаа суугаад бааз руугаа 06 цагийн үед очоод миний толгой өвдөөд байсан учраас жолоочдоо цаг бүртгэдэг картаа өгөөд эгчийнх нь бие өвдөөд байна өнөөдөр эгчийнхээ картыг дараад өгчихөөч гэж хэлж үлдээгээд Чингэлтэйн автобусанд суугаад гэртээ 08 цаг өнгөрөөгөөд орсон. Тэгтэл 14 цаг 15 минутын үед утас дуугарахаар нь автал манай сүмийн цуглаанд суудаг Оюунчимэг гэдэг эгч залгаад чи ажилдаа явахаасаа өмнө 15 цагт эсийн бүлгийнхээ цуглаанд суугаарай гэж хэлсэн. ...Би нүүрээ будчихаад библээ бариад хажуу талынхаа сүмийн өрөөнд орчихоод цагийн дараа буюу 16 цагийн үед тараад гэртээ ороод цүнхээ авах гээд дээшээ гартал Төмөрөө дээд давхарт хувцасаа тайчихсан хөнжилдөө хэвтэж байсан, би аав чинь хэзээ ирсэн юм бэ гэж асуутал Төмөрөө өндийж босч ирээд миний хөгшин ажилдаа явах гэж байна уу? Нөгөө банкны мөнгө өгсөн үү? гэж асуухаар нь ажилдаа явах гэж байна замаараа банкныхаа зээлийг төлчихнө гэж хэлээд гараад явах гэсэн чинь нааш ир гээд дуудаад байхаар нь яах гэж байгаа юм бэ? гэтэл нэг үнсчихье гэхээр нь зааз гэж хэлчихээд доошоо буусан. Тэгээд гэртээ 18 цаг 50 минутын орчим ирсэн. Намайг гэртээ ороход доод давхарт Төмөр ширээнийхээ зүүн талд, бага охин нь буруун талд нь суучихсан талх идээд байж байсан, өмнө нь нэг стакан байхаар нь би ээждээ ус хийгээд өгчих гэтэл бага охин би энд танд ус хийгээд өгье гээд стаканыг ойртуулсан чинь нил архи сэнгэсэн, би Төмөрт чи гадуур архиа уугаад ирж болдоггүй юмуу яах гэж гэрт архи уугаад байгаа юм бэ? гэж хэлтэл миний өөдөөс юу ч дуугараагүй тэгэхээр нь би шууд дээшээ гараад хэвтээд кино үзсэн. Тэр үед Төмөрөө доор суугаад л байсан, тэгсэнээ Номин-Эрдэнэ гарнаас нь бариад дээшээ гаргаж ирээд шууд унтацгаасан. Тэгтэл 03 цаг өнгөрч байхад хаалга эвдлэх гээд нүдээд балбаад байсан чинь Төмөр доошоо буугаад хаалга онгойлгосон чинь Төмөр Тунгаа намайг цагдаа нар барьчихлаа шдээ гээд орилоод байхаар нь би түрүүлээд буусан чинь баахан энгийн хувцастай хүмүүс ороод ирчихсэн байсан, надад нэг энгийн хувцастай хүн нь бичиг баримтаа үзүүлээд танай нөхрөөс юм тодруулах гэсэн юмаа удахгүй явуулчихна гэж хэлээд гараад явсан. ...Цагдаагийн хувцастай хүмүүс орж ирээд зураг авч байснаа танайх хэдэн заазуур, хэдэн хутгатай вэ? гэж асуухаар нь 3 заазуур, 2 хутгатай, энд байдаг гэж хэлээд хоолны шүүгээний жижиг татуургыг онгойлготол 3 заазуур, 1 хутга нь байсан харин бор иштэй голдоо саарал билүү цагаан ховилтой хутга нь байхгүй байхаар нь нэг хутга нь байхгүй байна гэдгээ хэлсэн гэсэн мэдүүлэг. /1 хх 102-104/

Насанд хүрээгүй гэрч О. мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2016 оны 07 сарын 21-ний 08 цаг өнгөрөөгөөд аав ажлаасаа бууж ирээд шууд унтчихсан, би 7 буудлаас баруун тийшээ байдаг хүүхдийн боловсролын төвийн англи хэлний дугуйланд явдаг юмаа тэр өдөр 10 цагаас дугуйлантай байсан учраас 09 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан ...14 цагийн үед гэртээ орж ирсэн, би 2 дүүтэйгээ хамт бэлэн гоймон идээд доод давхартаа байж байхад аав гаднаас орж ирэхдээ царай нь их сонин цонхийчихсон байсан, тэгсэнээ түмпэнд ус хийж байгаад гар нүүрээ угаачихаад усаа угаадасны хувинд хийгээд ахиж түмпэндээ ус хийгээд дээгүүрээ өмсчихсөн байсан хар өнгийн срочкин цамцаа тайлаад цамцаа угаачихаад ахиад усаа угаадасны хувинд асгасан, тэрнийхээ дараа ахиж ус хийгээд өмдөө угаагаад усаа асгачихаад ахиж ус хийж хөлөө угаасан. Аав хувцасаа угааж дуусаад намайг дээшээ гараад хэцэн дээр өлгөчих гэхээр нь би өмд, цамц 2-ыг нь зэрэгцүүлээд өлгөсөн, 19 цагийн үед ээж ажлаа тарж орж ирээд намайг хоолоо хий гэж хэлээд дээшээ гарч киногоо үзсэн. Аав тэр үед доод өрөөнд архи уугаад сууж байснаа хоол идэнгүүтээ дээшээ гараад унтчихсан. Үүрээр бид нар бүгдээрээ унтаж байхад гэрийн хаалга нүдээд байхаар нь аав бууж очсон, араас нь ээж, том ах 2 доошоо бууж очсон. ...Аав хар өнгийн хувцас өмсчихсөн байсан болохоор цус болсон үгүй нь анзаарагдаагүй, цамцаа тайлахад нурууных нь доод хэсгээр нэг газартаа жижиг хэмжээтэй цус болчихсон байсан, би ааваас яагаад энэ чинь цус болчихсон юм бэ? гэж асуутал ээж чинь маажчихсан юмаа арчаад өг гэхээр нь хөлний алчуур норгож байгаад нурууг нь арчиж өгтөл маажсан сорви байгаагүй зүгээр цус болчихсон байсан. Аав хааяа ажлаасаа бууж ирээд хувцасаа угаадаг, урьд нь цамц угаасан усаараа өмд, оймсоо угаачихдаг байсан, харин тэр өдөр цамцаа нэг усаар, өмдөө нэг усаар тус тусад нь угаагаад байсан, хувцас угаасан ус нь шар хүрэн өнгөтэй байсан гэсэн мэдүүлэг /1 хх 110-111/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹1366 тоот дүгнэлтэнд: Талийгаачид хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр цээж, хэвлийн хөндийд нэвтэрч мөр толгойн багана судас ба зүүн талын гүрээний ерөнхий артерийн бүрэн тасрал, баруун зүүн уушигны гадаргуугийн шарх, өрцийг нэвтэрч элэгийг нэвт хатгасан шарх, баруун талын гүрээний венийн бүрэн бус тасрал, цээжний хөндийд цус хуралт 700 мл, нүүр, хүзүү, цээж, нуруу, зүүн мөр, дал, хоёр гарын сурвуу, баруун гарын бугалга, зүүн гарын шуунд шарх, зүүн бугуй, цээж, зүүн мөр, хамрын угалз, зүүн суганд зулгаралт, хэлүүний тасарсан шарх, хэлүү орчмын язрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийг дээрх дугаарласан болно. Талийгаач нь дээрх №7, 8, 9, 10, 12, 13 дугаартай цээжний хөндийрүү нэвтэрсэн болон өр толгойн багана судас ба зүүн талын гүрээний ерөнхий артерын тасрал, баруун гүрээний вен, уушиг, элэгний хатгагдсан шарх гэмтлийн улмаас хурц цус алдаж нас баржээ. Талийгаачид учирсан №7, 8, 9, 10, 12, 13 дугаартай гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.1.11-т заанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, №6, 16, 19, 20, 22 дугаартай гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, № 1, 2, 3, 4, 5, 11, 14, 15, 17, 18, 21, 23, 24, 25, 26, 27 дугаартай гэмтлүүд болон зүүн бугуй, цээж, зүүн мөр, хамрын угалз, зүүн суганд зулгаралт, хэлүүний тасарсан шарх, хэлүү орчмын язрал гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн цус нь АВ4-р бүлгийн харъяалалтай байна. Талийгаачийн үтрээний арчдас наалдац болон үтрээ умайнаас арчиж авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна. Талийгаачид эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй. Талийгаач нь дээрх үхэлд хүргэх гэмтлийг авсанаас хойш идэвхитэй ухамсартай үйлдэл хийх боломжгүй. Талийгаачид хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжэлгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь шүүх бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна. Талийгаачид учирсан гэмтлүүд нь ойролцоо нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх тул дарааллыг тогтоох боломжгүй ба дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.  гэсэн дүгнэлт /1 хх 120-122/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын ¹935 дугаартай дүгнэлтэнд: А.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.Т нь гэмт үйлдлийн үед өөрийн үйлдэл, үйл ажиллагаа ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. А.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай байна. А.Т нь үйл явдлыг бодитоор тусган мэдүүлэх чадвартай байна гэсэн дүгнэлт /1 хх 210-211/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт ¹935 дугаартай дүгнэлтэнд: А.Т нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг зөв удирдан жолоодох чадвартай байсан байна. А.Т нь гэмт үйлдлийг хийх үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочирон давчидсан гэх баримт шинж үгүй байна гэсэн дүгнэлт /1 хх 213-214/

 

Шүүгдэгч А.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 4/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх 6/, 1999 оны 04 сарын 09-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн ¹141 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1хх 8-10/, Криминалистикийн шинжээчийн 4736 тоот дүгнэлт /1хх 132-151/,  Криминалистикийн шинжээчийн 4572 тоот дүгнэлт /1хх 195-198/,  Криминалистикийн шинжээчийн 4576 тоот дүгнэлт /1хх 200-203/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 935 дүгнэлт /1хх 210-211/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 935 нэмэлт дүгнэлт, /1хх 213-214/, Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн 165 тоот шинжээчийн дүгнэлт, /1хх-2-150/, Шинжээч эмч Т.Чимэд-Очирыг байцаасан тэмдэглэл /2хх 165-166/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-17-35/, Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-37-48/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /1хх-49/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 52-57/, Таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23-57, 58-59/, Эд мөрийн баримтаар тооцож эрүүгийн хэрэгт хавсаргах тогтоол /1хх 60-61/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Т нь 2016 оны 07 сарын 21-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4-99 тоотод иргэн Я.Халиуныг 28 удаа хутгалж санаатай алсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон шүүх хурадаанаар шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Т нь сэжигтнээр тооцогдон өгсөн мэдүүлэгт “архины мөнгө нэхэхэд өгөхгүй байхаар нь хутгалсан” гэснээс өөр ямар шалтгаанаар талийгаачийг алсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлээгүй тул түүнийг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр талийгаачийг алсан гэж үзэх, мөн шүүгдэгч А.Тт нь талийгаачийг 28 удаа хутгалж задлан шинжилгээний дүгнэлтэд дурдсан олон тооны гэмтэл, шарх үүсгэж өвтөн шаналгаж, тарчлаан зовоосон үйлдлийг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж үзлээ.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар бусдыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ягаас шүүхийн хэлэлцүүлэгт 120.000.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь охиныхоо болон өөрийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байна гэх боловч оршуулгын зардал гарсан төлбөр, гэмт хэрэг үйлдэгдсэн гэр орноо шашины зан үйлдийн дагуу шатааж устгасан зэрэг зардал болох 9.685.400 төгрөгийн баримт хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч А.Төөс гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдсэн зэвсэг болох 12 см бор өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг хуулбарлаж авсан Си Ди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Тийн 2016 оны 07 сарын 22-ны өдрөөс 2017 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 255 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 287, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Т танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийг 23 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт оногдуулсан 23 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  цагдан хоригдсон 255 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлйин 88.1.1 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 12 см бор өнгийн бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, камерын бичлэг хуулбарлаж авсан СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төөс 9.685.400 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Яд олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР

           

                          ШҮҮГЧИД                                                      Б.ХАЛИУН

                                                                                                   

   Н.БАЯРМАА