Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/293

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0272/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч С.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000343 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, .............. тоотод суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт М.С,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас К.Табысбек, Н.Цолмон, М.Санждансран нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.С нь К.Т, Н.Ц нартай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1 дүгээр гудамжны 9 тоотод С.Т 273,000 төгрөгийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан болох нь:

 

Хохирогч С.Т “2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гудамжинд 2 эмэгтэйтэй тааралдсан. Утсаа дэлгүүрт тавьчихсан, ахаа миний утсыг аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. Би тухайн үед эрүүл байсан, ингээд 20,000 төгрөг өгсөн. Тэгээд утасны мөнгөө өгчхөөд илүү гарснаар нь нэг шил архи аваад манай найзынд очъё гэсэн, ...Гэрт 3 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Гарах гэхэд гаргахгүй байсан. Миний түрүүвчнээс мөнгийг нь аваад над руу хоосон түрүүвчийг маань эргүүлээд шидчихсэн. Тэгээд арай гэж хаалгыг нь онгойлгоод явсан. Миний түрүүвчинд манай хөгшиний тэтгэврийн 360,000 төгрөг байсан. Оюут гэх хүүгийнхээ хүүхдүүд 10,000 төгрөг өгсөн, 2 эмэгтэйд 20,000 төгрөг өгсөн, надруу дайрсан хүн 20,000 төгрөгийг нь авсан. Би банкнаас 360,000 төгрөг авсан. 60,000 төгрөгийг гэртээ үлдээгээд 300,000 төгрөгийг нь биендээ авч явсан. Надад 273,000 төгрөг үлдсэн байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Н “...15 дугаар сургуулийн тэндээс манай аав ирж явсан. Ингээд ааваас хаагуур яваад удав гэж асуутал сая хэдэн танихгүй хүмүүст дээрэмдүүлчихлээ гэсэн. Тэгэхээр нь юун хүмүүст дээрэмдүүлдэг юм гэсэн чинь тэр танихгүй хүмүүс гэртээ аваачсан гэхээр нь заалгаад яваад очтол биржийн арын нэг урсгалтай замын хажууд нэг айлын гадаа очоод энэ айл гэж зааж өгсөн. Уг айл руу явж байхад дээрэмдсэн гээд байгаа 2 залуу нь гудманд таарахаар нь дагуулаад аавыг оруулж дээрэмдсэн гэх айл руу ороод юу болсон талаар асуухад бүгд би мэдэхгүй гээд байсан. Саравчтай малгайтай махлаг охин Бек гэх нэртэй өндөр залуутай хамт орж ирэхээр нь та нар хөгшин хүний мөнгийг яагаад авдаг юм буцаагаад өг гэсэн чинь хоорондоо маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч С.У “...Г, Т хоёр одоо ганц шил архи авъя гэж тэр өвгөнд хэлсэн чинь нөгөө өвгөн одоо ёстой мөнгө байхгүй, би сая байсан мөнгөөрөө архи авч өгсөн, одоо би чадахгүй, одоо явлаа гээд боссон чинь Г тэр өвгөнд хандаж пизда өвгөн чамд мөнгө байгаа шүү дээ, архи авахгүй юм бол үхсэнээ хийж хүн дагаж ирсэн юм гэсэн. Тэгсэн чинь Т тэр өвгөнийг 2 гараараа боож унагасан чинь С өвгөний халаасыг ухсан, Ц нэг сүх бариад өвгөний хоолой дээр нь тулгаад хурдал өгөхгүй бол хоолойг чинь хэрчинэ гэсэн чинь нөгөө өвгөн за болъёо, би өөрөө та нарт мөнгө өгье, та нар намайг тайван явуулах юм байгаа биз дээ гэж хэлээд түрийвчнээсээ Т, Г хоёрт мөнгө гаргаж өгөөд наад мөнгөөрөө хоол ундны юм аваад тэгээд нэг шил архи ав гэж өгсөн. Тэгээд Г, Т хоёр дэлгүүр гарчихаад ирье наад өвгөнөө гаргаад хэрэггүй шүү гэж С, Ц хоёрт хэлээд гараад явсны дараа С нөгөө өвгөн рүү дахиж сүх барьж дарж унагаад, чи хэнд нь мөнгө өгдөг юм бэ гээд дайрахаар нь би хажуунаас нь одоо боль С болоо юм бишүү байгаагаа өгөөд байгаа юм биш үү гэж хэлсэн чинь нөгөө өвгөн май май, миний түрийвчийг ав, намайг л зүгээр гаргачих гээд түрийвчээ С руу шидсэн. С түрийвчийг нь аваад пизда өвгөн минь би чамаас 5 цаас гуйсан болохоос задгай мөнгө гуйсан юм уу гээд түрийвчнээс нь мөнгө аваад халаасандаа хийгээд май май, энэ түрийвчээ ав гээд нөгөө өвгөн рүү шидсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Гэрч Б.Г“...Ц гэх залуу нөгөө саарал дээлтэй ахыг дарж унагасан. ...айлд очиход С, Т, Ц, М нар байсан юм. Тэгээд бүгдээрээ хамтраад нэг шил архи уучхаад дахин нэг шил архи уух гээд л энэхүү гэмт хэргийг үйлдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 99-100/,

 

Гэрч Т.Г “... тухайн үед манай аав 290,000 төгрөгтэй байсан юм. Яагаад гэвэл тухайн өдөр манай ээж Цэцэгмаагийн тэтгэвэр буусан юм. Тэгээд ээжийн тэтгэврийн мөнгөөр мах авна гээд өөртөө байлгаж байсан юм. Аавын алдсан мөнгө тухайн үед болон түүний дараа ч огт гарч ирээгүй. Манай аав тухайн хүмүүсийг орон гэргүй, ажил төрөлгүй, архичин хэцүү хүмүүс юм байна. Эд нараас би яаж мөнгө авах вэ гээд өрөвдөөд мөнгөө олсон байна гэж ярьж мэдүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/,  

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Иймд М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь “20 гаруй мянган төгрөгийг авахад оролцсон, дараа нь мөнгө аваагүй, маргааш нь эрүүлжүүлэхэд байхад хөгшний хайрцагтай тамхи Цолмонгоос гарч ирсэн, өвгөн Цолмон руу түрийвчээ шидсэн, би 250,000 төгрөг аваагүй” гэж мэдүүлжээ.

 

Дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зүйлчлэлд нөлөөлөхгүй ба уг хэргийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй бусдын эд хөрөнгийг хууль бусаар, илээр авахаар довтолгоон хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Хохирогчийн түрийвчинд хэрэг болсон газар ороход 273,000 төгрөг байсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан тэтгэврийн дэвтэрт бичигдсэн тэтгэвэр олгосон тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 273.000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хууль бус үйлдлийн улмаас С.Төмөртогоод учирсан хохирол 273,000 төгрөгөөс  шүүгдэгч М.С өөрт ногдох 91,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн “Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.С 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.С нь 2020 оны 08 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

М.С нь “шүүхээс оргон зайлсан, шүүх хуралдаанд ирээгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг К.Т, Н.Ц нарт холбогдох хэргээс тусгаарлаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогт М.С-г бусдын эд хөрөнгийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.С-д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.С-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.С-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 10 хоногийг хорих ялын 10 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт К.Т, Б овогт М.С, Б овогт Н.Ц нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008290235 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б овогт М.С-д холбогдох хэргийг тусгаарласан, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг К.Т, Н.Ц нарт холбогдох 1918008290235 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор устгахаар шийдвэрлсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД