| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2017/0396/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/357 |
| Огноо | 2017-08-31 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2017/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сайхнаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овгийн Б.Бд холбогдох эрүүгийн 201725031182 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бэсүд овгийн Б.Б, 1987 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Принц иго” ХХК-нд угсралтын мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамж, 491б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИН87012418.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий дагавар охин, 5 настай М.Хтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлан, тарчлаан зодож улмаар 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-491/б тоотод гэртэй зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…ийм хэрэг болсонд их харамсаж байна, миний хувьд ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сайхнаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний хувьд М.Хг багаас нь хардаг байсан, ээжийнх нь нагац эгч байгаа юм. Би 30 жил багшийн ажил хийж байгаа, миний 3 хүүхэд тусдаа гарсан, би нөхөртэйгөө хоёулханаа амьдардаг. М.Хгийн ээж нь хүнтэй суугаад гайгүй л байх шиг байсан. Тусдаа амьдардаг болохоор зоддог гэдгийг нь мэдэхгүй байсан. Одоо охиныг бид авсан, манай гэрт амьдарч байгаа, биеийн байдал сайн байгаа. Цаашдаа энэ асуудлыг дуусгаад өргөж авах талаар хөөцөлдөж эхэлнэ. Одоо гомдол, санал байхгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй хохирогч М.Хнь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай аав намайг зодоод байдаг юм. Намайг дүү Бөмбөөлэйтэй тоглох гэхээр холд гээд байдаг. Бөмбөөлэй уйлахаар намайг загнаад байдаг. Манай аав миний гэдсийг асаагуураар түлсэн, аав өөрөө тамхи татдаг. Тэгээд асаагуураа асааж байгаад унтраачихаад намайг нааш ир гэж байгаад миний гэдсийг түлсэн. Миний гэдэс өвдөөд байсан. Манай аав миний нуруу руу морь цохидог уяагаар цохисон. Тэгээд бас би дүү Бөмбөөлэйтэй сүүдэрт тогльё гэхэд Бөмбөөлэй тоглохгүй гээд байсан. Тэгээд аав намайг хол бай гээд хацар руу цохисон. Аав намайг Бөмбөөлэйтэй тоглох гэхэд хол бай гээд загнаад зодоод байдаг юм. Аав ээжийг байхгүй үед намайг зодоод байдаг. Ээжийг байх үед намайг зоддоггүй. Гэрт ээж байхгүй үед аав надад хоол өгдөггүй, ээж, эмээ ирэхээр л хоол өгдөг. Намайг гэрт байхаар гадаа гар гээд гаргачихдаг. Тэгээд би гадаа зогсож байсан газраа л зогсож байдаг. Тэгээд орой ээж гэртээ ирдэг. Ээжийг ирэхээр гэртээ ордог. Аав өөрөө надад би чамд дургүй гээд байдаг юм...” гэжээ /хх-15-16/.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны төлөөлөгч А.Марал-Эрдэнэ мэдүүлэгтээ: “...Би 2013 онд Бтай танилцаж үерхээд 2014 оны 06 дугаар сард гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан юм. Тэгээд Бтай гэр бүл болох үед Х гэдэг дагавар охинтойгоо очсон юм. Тэгээд гэр бүл болсноос хойш эхний 1-2 жил нөхөр миний дагавар хүүхдэд сайн хандаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийнх нь охин Нандиа төрсөн юм. Тэгээд өөрийнх нь хүүхэд төрсөн үеэс эхлэн том охин Хд сайнаар хандахаа больж гадуурхаж эхэлсэн. Ингээд сүүлийн үед гадуурхах явдал нь улам даамжирах болсон. Миний том охин Хг намайг ажилдаа явсан хойгуур гэрээс хөөж гаргаад гэртээ оруулдаггүй, ямар нэгэн шалтгаанаар уурлах үедээ Хд уураа гаргаж хараалын үгээр дууддаг. Тэгээд би хүүхэд хараахаа болиоч гэж хэлэхэд би угаасаа хэлээд сурчихсан гээд байдаг. Тэгээд том охин Хг үймүүллээ, үгэнд орсонгүй, дүүгээ уйлууллаа гэсэн шалтгаанаар хөл гар руу нь өшиглөх, толгой руу цохих, гартаа тааралдсан зүйлээрээ шидэх, зурагтын удирдлага, гар утас, хүүхдийн гутал зэргээр шидэж биеийг нь онож цохидог. Өнгөрсөн жил 12 дугаар сараас манай нөхөр Б 2 хүүхдээ асарч гэртээ өвөлжсөн юм. Би өөрөө өдөрт ажилтай учир өвлийн улиралд хоёр хүүхдээ Б асарсан юм. 2016 оны 12 дугаар сард ажилдаа яваад ирэхэд Хгийн гэдэс нь хүйс хэсэгтээ түлэгдсэн байсан. Тэгээд яасан талаар нь Бас асуухад санамсаргүй тоглож байгаад халчихсан байсан асаагуурт гэдсээ түлчихсэн гэж хэлсэн. Х болохоор аав миний гэдсэн дээр асаагуураар дараад байсан гэж хэлсэн. 2017 оны 03 дугаар сард ажилдаа яваад ирэхэд Хгийн нурууны ар доод буюу ууц хэсэгт 3 удаа тамхины цогоор түлсэн байсан. Хгээс асуухаар надад юм хэлдэггүй. Тэгээд би Бас нуруу нь яагаад түлэгдсэн юм гэхэд би модоор цохисон гэж хэлсэн юм. Тэгээд Хгээс асуухаар дүүгээ хөтлөөд явж байхад дүү нь унасан чинь уурлаад түлсэн гэж хэлсэн. Хг гудамжнаас олсон морины ташуураар цохисон байсан. Мөн 3 дугаар сард зүүн хөл нь доголоод явж чадахгүй байсан. Тэгээд Хгээс асуухад би гүйж байгаад унасан гээд байсан. Одоо болтол хөл нь доголоод байгаа. Намайг байх үед Хгийн хөл гар руу нь өшиглөж байгаа харагддаг. Тэгээд би хүүхдээ өмөөрөөд хүүхдийнхээ өмнүүр орохоор намайг цохих, тааралдсан зүйлээрээ шидэх үйлдэл хийдэг. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ажлаа тараад ирэхэд архи уучихсан согтуу байсан. Тэгээд би тэр үедээ анзааралгүй гэртээ ороод хоёр хүүхдээ аваад байж байгаад гарсан. Тэгээд гэрийнхээ гадаа хоёр хүүхдийн хамтаар сууж байхад Хгийн хамраас цус гарсан байсан. Тэгээд би чи царайгаа харуулаадах гэхэд хоёр хацар нь хөхрөөд хавдчихсан байсан...” гэжээ /хх-19-20/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7125 дугаар дүгнэлтэд:
“1. М.Хгийн биед хацарт цус хуралт, нуруу, хэвлийд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-29/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-48-49, 37/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий дагавар охин, 5 настай М.Хтэй байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирлан, тарчлаан зодож улмаар 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-491/б тоотод гэртэй зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7125 дугаар дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыгхүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хорих ял оногдуулж, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Сайхнаа нь хохиролд нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгч Б.Б-ыгбусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Цаашид бага насны хохирогч М.Хгийн хууль ёсны асран хамгаалагчийг томилох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг түүний оршин суугаа газрын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, зан үйлээ засах сэтгэл зүйн эмчилгээнд явах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овгийн Б.Б-ыгхүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
5. Бага насны хохирогч М.Хгийн хууль ёсны асран хамгаалагчийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг оршин суугаа газрын Засаг даргад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сэтгэл сэтгэл зүйн сургалтад хамрагдаж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН