| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2018/0204/Э |
| Дугаар | 9 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 9
Г.Г-т холбогдох
“Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас
шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай”
прокурорын дүгнэлтийг хянах тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд
Прокурор Т.Дэлгэрсайхан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай дүгнэлттэй Г.Г-т холбогдох 1833000780061 хэргийн дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, эрхэлсэн ажилгүй, урьд
-2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5.д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
-2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 1 жил 1 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх ********** регистрийн дугаартай Б- овогтой Г-ийн Г-.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос давж заалдах шатны шүүхэд гаргасан “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтдээ:
...Г.Г- нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг 2-22 тоотод иргэн Ч.С-г телевизор хагаллаа гэх шалтгааны улмаас толгой болон цээжин тус газарт нь цохиж зодсоны улмаас биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5/71 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцээд Г.Г- нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 01 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж одоо хорих ял эдэлж байгаа ялтан болно.
Яллагдагч Г.Г-ийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ иргэн Ч.С-г телевизор хагаллаа гэх шалтгааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2018/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа Г.Г-ийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ч.С-г зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 2 дугаар зүйлийн 2.т “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1.д уг ажиллагааг "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно" гэж зохицуулсан байх бөгөөд дээрх зүйлд тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулаагүй байна...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Г-ийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, 2-р гудамжны 16 тоотод оршин суух иргэн Д.Наранцэцэгийн байшингийн цонхоор нэвтэрч “Самсунг” маркийн телевизор хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 1 жил 1 хоног хорих ялаар шийтгэсэн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2018/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4.т заасан “шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар прокурорын дүгнэлт бичив... гэжээ.
Прокурор Т.Дэлгэрсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Дүгнэлтээ дэмжиж байна... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос яллагдагч Г.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс 159 дугаар захирамжаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байх ба прокуророос шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай 5/17 дугаар тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн хэлтэст буцаажээ.
Үүний дараа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай дүгнэлт бичсэний дагуу Г.Г-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж үзвэл яллагдагч Г.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, 2-р гудамжны 16 тоотод оршин суух иргэн Д.Наранцэцэгийн байшингийн цонхоор нэвтэрч Самсунг маркийн телевизор хулгайлж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 04-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн нь шийтгэх тогтоолоор нотлогдож байгаа бөгөөд Г.Г-ийг иргэн Ч.С-г телевизор хагаллаа гэх шалтгааны улмаас зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурор дээрх 5/71 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн байна.
Иймд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулаагүй орхигдуулсан тул шуүхийн өмнө ял шийтгүүлсэн хэргийн зүйчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж нэг яллах дүгнэлтийн хүрээнд нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудпыг шийдвэрлэхээс өөр боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Г.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх 318 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаалгахаар бичсэн Прокурорын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 41.4 дүгээр зүйлийн 4, 41.4 дүгээр зүйлийн 4.2, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/01 дугаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорт буцаасугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР