Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2019/0903

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэл гаргагч: “М Т Э Э” Гишүүдэд үйлчилдэг ТББ.

         Хариуцагч: БЗДЗД.

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн **** тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М Т Э Э” Гишүүдэд үйлчилдэг ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-д "Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шүүхэд гаргана.” гэж заасныг үндэслэн БЗД-ийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн **** тоот “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” албан тоотыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч харъяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

БЗД-иин Засаг дарга нь албан бичигтээ “... дээрх өдрүүдэд уг жагсаал, цуглаан, суулт зохион байгуулагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан уг сургуульд сурч буй хүүхдуүдийн сурч боловсрох эрхийг зөрчих нөхцөл байдал үүсч болзошгүй мөн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт хамаарч байх тул уг жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүйг үүгээр мэдэгдье...” гэж бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.", Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийн талаар заасан бөгөөд 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд буртгэгдсэн улс төрийн нам төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэн" гэж заасан. Бид дээрх хуульд заасны дагуу жагсаал, цуглаан, суулт зохион байгуулах эрхтэй. Уг эрхийнхээ дагуу бид хүүхдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон баталгаатай эдлэх сурч боловсрох эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсч байгаа асуудлаар “******” сургуулийн удирдлага болон төр засгийн холбогдох удирдлагуудад дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлж, суулт, цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлээ Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу БЗД-ийн Засаг даргад гаргасан. Бид уг жагсаал, цуглаанаа “******” сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр, хүүхдүүдийн эрх, ашигт хохирол учруулахгүйгээр, үймээн самуун үүсгэхгүйгээр хуулийн дагуу явуулах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Жагсаал, цуглаан хийх эрхийн баталгааны талаар заасан бөгөөд 6.2-д “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах,... хориглоно,” гэж заасан,

Гэтэл БЗД-ийн Засаг дарга Т.Б нь Үндсэн хууль болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасан иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлаж, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд Жагсаал, цуглаан хийхийг хориглох газрыг заасан бөгөөд 7.1-д “Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно;”, 7.1.1-д “нисэх онгоцны буудал, төмөр замын бух өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;” гэж заасан. Бидний цуглаан, суулт хийх газар нь БЗД, *** хороо, Хүннүгийн гудамж, “******” сургуулийн гадна болон дотор талд бөгөөд дээрх заалтад дурдсан газарт огт хамаарахгүй юм.

Мөн БЗД-ийн Засаг даргын албан бичигт дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан уг сургуульд сурч буй хуүхдүүдийн сурч боловсрох эрхийг төр засгийн зарим удирдлагын зүгээс ноцтой зөрчих бодит нөхцөл байдал үүссэн тул харин ч уг асуудлаар хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж уг цуглаан, суултыг зохион байгуулах гэж байгаа болохоос дээрх хуулийн заалтыг зөрчиж, хуухдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчих нөхцөл байдал огт үүсэхгүй юм.

Бид хуульд зааснаар жагсаал, цуглаан, суулт зохион байгуулах бүрэн эрхтэй, бидний зохион байгуулах гэж буй уг цуглаан, суулт нь өөрсдийн хүүхдүүдийн эрх ашгийг зөрчигдөхөөс хамгаалсан, хуулийн дагуу зохион байгуулагдах бөгөөд ямар нэг хууль тогтоомжийг зөрчиж  болзошгүй үндэслэл харагдахгүй байна.

Иймд бидний хуулиар олгогдсон жагсаал, цуглаан, суулт зохион байгуулах эрхийг хязгаарлаж, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан БЗД-ийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн **** тоот “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д Монгол Улсын иргэн нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.", Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийн талаар заасан бөгөөд 4 дүгээр зүйлийн 1-д “Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй” гэж заасан.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** тоот ‘Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” албан бичигтээ “... дээрх өдрүүдэд уг жагсаал, цуглаан, суулт зохион байгуулагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан уг сургуульд сурч буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчих нөхцөл байдал үүсч болзошгүй, мөн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт хамаарч байх тул уг жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүйг үүгээр мэдэгдье..." гэж бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Жагсаал, цуглаан хийх эрхийн баталгааны талаар заасан бөгөөд 6.2-д “Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд жагсаал, цуглаан хийхэд зориуд саад учруулах,... хориглоно.” гэж заасан.

Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын албан бичигт дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан уг сургуульд сурч буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг төр засгийн зарим удирдлагын зүгээс ноцтой зөрчих бодит нөхцөл байдал үүссэн тул харин ч уг асуудлаар хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж уг цуглаан, суултыг зохион байгуулах гэж байгаа болохоос дээрх хуулийн заалтыг зөрчиж, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчих нөхцөл байдал огт үүсэхгүй юм.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд жагсаал цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг дараах тохиолдолд хориглоно гэж заасан. Манай тохиолдолд 8 дугаар зүйлийн 1-6-д заасан үндэслэл хамаарахгүй.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд Жагсаал, цуглаан хийхийг хориглох газрыг заасан бөгөөд 7.1-д “Дараахь байгууллага оршин байгаа газар энэ хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно;", 7.1.1-д "нисэх онгоцны буудал, төмөр замын бүх өртөө, буудал, нийслэлийн зорчигч тээврийн төв буудал;” гэж заасан. Бидний цуглаан, суулт хийх газар нь Баянзүрх дүүргийн *** хороо, Хүннүгийн гудамж, “******" сургуулийн гадна болон дотор талд бөгөөд дээрх заалтад дурдсан газарт огт хамаарахгүй юм.

 Гэтэл БЗДЗД Т.Б нь Үндсэн хууль болон Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд заасан иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал, цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарлаж, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд бидний хуулиар олгогдсон жагсаал, цуглаан, суулт зохион байгуулах эрхийг хязгаарлаж, үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** тоот ‘Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

          Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******ийн эцэг эх” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй БЗДЗДд холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй” тухай албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй” тухай албан бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан.

Дээрх жагсаал, цуглаан, суулт зохион байгуулагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэний сурч боловсрох эрх, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг тус тус зөрчигдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзсэн.

Учир нь “******ийн эцэг эх” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагаас ирүүлсэн 2019 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай албан бичигт дурдсанаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд буюу бүтэн 1 сарын турш уриа, лоозон, чанга яригч ашиглан уг жагсаал, цуглаан, суултыг зохион байгуулснаар уг сургуульд сурч буй хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх, ашиг хөндөгдөж болзошгүй байна.

Хэдийгээр “******ийн эцэг эх” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага нь ****** сургуулийн сурагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс жагсаал, цуглаан, суулт зохион байгуулах талаар дурдсан боловч уг сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн сурагчид болон “******” сургуулийн сурагчдын аль алиных нь буюу нийт хүүхдүүдийн сурч боловсрох эрх ашгийг хамгаалах үүднээс 2019 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн **** дугаартай “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй” тухай албан бичгийг гаргасан гэдгийг анхаарах нь зүйтэй.

Мөн бүтэн 1 сарын турш уг сургуулийн гадна болон дотор талд эцэг эхчүүд уриа, лоозон, чанга яригч ашиглан цуглаан, суулт зохион байгуулахаар сурагчид сургалтын төлөвлөөгөөр батлагдсан хичээлд суух анхаарал төвлөрөлтөд муугаар нөлөөлж, сурагчид Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн **** дүгээр тушаалаар батлагдсан Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлээ ойлгох боломжгүйд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэж үзсэн. “******” сургуулийн байрны гадаа Дүнжингарав худалдааны төв гэсэн автобусны буудал байдаг ба энэ нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нийслэлийн зорчигч тээврийн буудалд хамаарч байх тул уг заалтын дагуу мөн жагсаал, цуглаан хийх хориглосон газар учир жагсаал, цуглаан зохион байгуулах боломжгүй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахуулах үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу хариуцагчийн зүгээс ****** сургуулийн авто зам нь замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам тул уг замаар зорчих иргэдийн эрх ашиг, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах үүднээс уг жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан болно.

“******” сургуулийн байранд сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа болохоос биш “М  Т э э” гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан асуудлыг нь шийдвэрлэх төрийн эрх бүхий субьектууд уг байранд байдаггүйг анхаарах нь зүйтэй.

Мөн уг сургуулийн барилга нь сургуулийн үйл ажиллагаа явуулж, энэ сургуульд хүүхдүүд сурч боловсрох эрхээ хэрэгжүүлж байгаа газар гэдгийг анхаарч, хэн нэг этгээдийн жагсаал, цуглаан хийх талбар биш гэдгийг харгалзан үзнэ үү.

Иймд уг албан бичиг гарснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй” тухай албан бичиг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гарсан.

Дээрх жагсаал, цуглаан, суулт зохион байгуулагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэний сурч боловсрох эрх, Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг тус тус зөрчигдөх нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзсэн.

Учир нь “М Т Э Э”  гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагаас ирүүлсэн 2019 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай албан бичигт дурдсанаар 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд буюу бүтэн 1 сарын турш уриа, лоозон, чанга яригч ашиглан уг жагсаал, цуглаан, суултыг зохион байгуулснаар уг сургуульд сурч буй хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрх, ашиг хөндөгдөж болзошгүй байна.

Хэдийгээр “М Т Э Э” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь ****** сургуулийн сурагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс жагсаал, цуглаан, суулт зохион байгуулах талаар дурдсан боловч уг сургуулийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн сурагчид болон “******” сургуулийн сурагчдын аль алиных нь буюу нийт хүүхдүүдийн сурч боловсрох эрх ашгийг хамгаалах үүднээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаартай “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй” тухай албан бичгийг гаргасан гэдгийг анхаарах нь зүйтэй.

Мөн бүтэн 1 сарын турш уг сургуулийн гадна болон дотор талд эцэг эхчүүд уриа, лоозон, чанга яригч ашиглан цуглаан, суулт зохион байгуулахаар сурагчид сургалтын төлөвлөгөөгөөр батлагдсан хичээлд суух анхаарал төвлөрөлтөд муугаар нөлөөлж, сурагчид Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан Спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн **** дүгээр тушаалаар батлагдсан Сургалтын төлөвлөгөөнд заагдсан хичээлээ ойлгох боломжгүйд хүрч болзошгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэж үзсэн.

“******” сургуулийн байрны гадаа Дүнжингарав худалдааны төв гэсэн автобусны буудал байдаг ба энэ нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нийслэлийн зорчигч тээврийн буудалд хамаарч байх тул уг заалтын дагуу мөн жагсаал, цуглаан хийх хориглосон газар учир жагсаал, цуглаан зохион байгуулах боломжгүй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5 дахь хэсэгт заасны дагуу аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийнхээ замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчил, иргэдийн санал, гомдлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авахуулах үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу хариуцагчийн зүгээс “******” сургуулийн авто зам нь замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам тул уг замаар зорчих иргэдийн эрх ашиг, замын хөдөлгөөний зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах үүднээс уг жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан болно.

“******” сургуулийн байранд сургалтын үйл ажиллагаа явагдаж байгаа болохоос биш “М Т Э Э” гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан асуудлыг нь шийдвэрлэх төрийн эрх бүхий субьектууд уг байранд байдаггүйг анхаарах нь зүйтэй.

Мөн уг сургуулийн барилга нь сургуулийн үйл ажиллагаа явуулж, энэ сургуульд хүүхдүүд сурч боловсрох эрхээ хэрэгжүүлж байгаа газар гэдгийг анхаарч, хэн нэг этгээдийн жагсаал, цуглаан хийх талбар биш гэдгийг харгалзан үзнэ үү.

Иймд уг албан бичиг гарснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Нэхэмжлэгч “М Т Э Э” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.М Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаар “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Төрийн бус байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр БЗДЗДд хандан тус дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, “******” сургуулийн гадна болон дотор талд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл өглөөний 08 цагаас оройны 19 цагийн хооронд үе шаттайгаар цуглаан, суулт хийхийг бүртгэхийг хүссэн хүсэлтийг гаргасан.

Хариуцагч БЗДЗДас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан хариу өгснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч дээрх албан бичгийг маргаан бүхий актаар тодорхойлж, Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д заасан үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар дурдаж шүүхэд маргасан байна.

Шүүх “М Т Э Э” ТББ-ын хүсэлтийг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн зохицуулалттай нийцээгүй гэж үзэж бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь Жагсаал цуглаан хийх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Жагсаал цуглаан хийх мэдэгдэлд түүний зорилго, эхлэх дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг заана.” гэжээ.

Нэхэмжлэгч Төрийн бус байгууллага түүний төлөөллөөс  гаргасан хүсэлтэд цуглаан, суулт хийх зорилгоо; ”.....тус сургуулийн сурагчдыг зориулалтын анги танхимгүй болгож, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хүүхдүүдийн ....сурч боловсрох эрх нь зөрчигдөх байдал үүсч байгаа асуудлаар сургуулийн удирдлага болон төр засгийн холбогдох удирдлагуудад дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлж суулт, цуглаан зохион байгуулна.” гэж тодорхойлжээ.

Гэтэл Нийслэлийн ерөнхий боловсролын *** дугаар сургууль болон “******” сургуулийг нэг байранд үйл ажиллагаа явуулахаар шийдвэр гаргаж тус сургуульд суралцаж байгаа сурагчдын суралцах орчныг дордуулсан шийдвэр гаргасан гэх төр засгийн холбогдох удирдлагууд энэ сургуулийн байранд үйл ажиллагаа явуулдаггүй байна.

Өөрөөр хэлбэл сургуулийн сурах орчны нөхцөл байдалтай холбоотой гаргасан төр засгийн холбогдох удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж суулт, цуглаан зохион байгуулах байдлаар үзэл бодлоо илэрхийлэхдээ тухайн сургуулийн гадна болон дотор талд хийхээр төлөвлөсөн нь сурагчдын сургалтын төлөвлөгөөгөөр батлагдсан хичээлд суух анхаарал төвлөрөлтөд нөлөөлж, тэдний эрх ашгийг зөрчинө гэсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгахааргүй байна.

Учир нь Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах үндсэн эрхтэй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч цуглаан, суулт хийх хүсэлтдээ оролцогчдын баримжаа тоог заагаагүй ирүүлсэн нь Жагсаал цуглаан хийх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхээргүй байна.

          Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд жагсаал, цуглаан хийхийг хориглосон газруудыг нэрлэн заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн цуглаан, суулт хийх сургуулийн дотор болон гадна тал энэ заалтад хамаарахгүй байна.

          Хэдийгээр нэхэмжлэгчийн цуглаан, суулт хийх газар нь хуулийн хориглосон заалтад хамаарахгүй байгаа боловч тус сургуулийн байранд суралцаж байгаа нийт хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөнө гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

          Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “....цуглааныг Монгол улсын иргэн,......төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй.” ч ийнхүү зохион байгуулж байгаа цуглаан, суулт нь Ерөнхий боловсролын сургуулийн байранд олон хоног сараар үргэлжилж хүүхдийн сурах эрхэд халдах байдлаар хэрэгжих боломжгүй.

           Түүнчлэн хариуцагч “******” сургуулийн байрны ойролцоо “Дүнжингарав худалдааны төв” гэсэн автобусны буудал байрладаг нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглосон газар гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүйн дээр дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд хуулийн дээрх зохицуулалтыг дурдан хүсэлтийг бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй.

          Мөн нэхэмжлэгч “М Т Э Э” ТББ-ын зүгээс өмнө нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай ижил агуулга бүхий нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0791 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

          Ийнхүү дүгнэхэд нэхэмжлэгч ТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан үндэслэлүүдийн хүрээнд хангагдах боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

          1.Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаар “Жагсаал, цуглааныг бүртгэх боломжгүй тухай” шийдвэрийг хүчингүй болгох “М Т Э Э”  ТББ-ын гүйцэтгэх захирал Т.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.НАСАНДЭЛГЭР