Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2016/0270

 

Б.Дын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Дын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 сард Говь-Алтай аймагт болсон төрийн албаны шалгалтад Санхүүгийн хяналт, аудитын албанаас зарласан улсын байцаагчийн орон тоонд холбогдох журмын дагуу шаардлага хангаж бүртгүүлсэн. Тус орон тоон дээр нийт 3 хүн өрсөлдсөн бөгөөд би ганцаараа тэнцсэн. Улмаар ажилд орох хүсэлтээ тус албанд хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөл намайг ажилд томилох тухай бичгийг 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 57 тоот албан бичгээр хүргүүлсэн. Тухайн үед би төрсөн 1 сартай хүүхэдтэй байсан юм. Өөрөө очиж уулзахад чи нялх хүүхэдтэй тул томилох боломжгүй, он гаргаад манайх хүн авна, тэр үед таныг ажилд томилно гэж хэлээд миний өргөдлийн хариуг 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 31 тоот албан бичгээр өгсөн. 2016 он гаргаад би тус албанд ирж уулзахад манайх хүнээ томилсон, шалгуур өөрчлөгдсөн тул дахин сонгон шалгаруулалт зарлана гэсэн. Энэ хариуг сонсоод Төрийн албаны салбар зөвлөлд хандахад 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 04 тоот албан бичгийг тус албанд хүргүүлж хувийг надад өгсөн. Иймд намайг Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн орон тоонд томилохыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Т.Бд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай алба шинээр үүсэн байгуулагдаж Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор Дотоод аудитын дүрэм батлагдаж ажлын байрны тодорхойлолт, ажилтан авах шалгуур үзүүлэлтийг тодорхой зааж өгсөн. Манай албанаас 2015 оны 02 сард нэг байцаагч чөлөөлөгдөж улмаар Төрийн албаны зөвлөлд уламжлан нэг байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулж Б.Д 1 дүгээр байраар гарч ирсэн. Тухайн үед Б.Д төрөөд удаагүй байсан, манай алба ажлын ачаалал их хөдөө явах ажилтай байсан тул томилох боломжгүй, хүүхдээ том болгоод ир гэсэн хариу амаар болон албан тоотоор өгсөн. Тухайн үед ажлын ачаалал их байсан тул нэг хүн авч ажиллуулах зайлшгүй шаардлага гарч Төрийн албаны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 31 дүгээр албан бичгээр нөхцөл шаардлагыг хангасан иргэнийг шууд авч ажиллуулсан. Тус дүрмийн 4.4-т Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтанд хамрагдсан байна гэсэн шалгуур тавьж улсын байцаагчийн эрх олгох болсон байдлыг иргэн Б.Дт хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг хангасан иргэн Улсын байцаагчийн эрхтэй болж Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангуулж, санхүүгийн хяналт шалгалт хийх ёстой. Энэ дүрэм, журам, зааврын дагуу нөхцөл журмыг хангасан хүнийг авах хүсэлтэй байгаа гэжээ.

 

Гуравдагч этгээд Ж.Б шүүхэд урьд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус алба нь Санхүүгийн хяналт, шалгалтын ажил ихтэй, сумдаар томилолтоор явж ажиллах учраас яаралтай хүн авах шаардлага байгаа гэсний дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн анкет бөглөж, холбогдох материалаа хүргүүлэхэд тус албаны шаардлагыг хангаж байна гэсний үндсэн дээр санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч, бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажиллаж байна. Намайг ажилд авах үедээ чи төрсөн хүний оронд ажиллаж байгаа энэ албан тушаал түр гэж хэлээгүй. Миний тухайд 2 удаагийн сонгон шалгаруулалтад орж шаардлагыг хангасан учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б.Дыг Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Т.Бд даалгаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Миний бие 2015 оны 02 дугаар сард гарсан Говь-Алтай аймгийн төрийн албаны зөвлөлийн даргын тогтоол буюу эрх зүйн актыг Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар надад олгогдсон эрхийг минь зөрчиж хүсэлтийг үндэслэлгүй хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2012 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын 129 дүгээр тогтоолын 4.6.1-д санхүүгийн нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, хууль эрх зүйн салбарын мэргэжлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, 4.6.2-т тухайн салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх гэсэн заалтуудыг зөрчин ажлын байранд тавигдах шаардлагуудыг буруу тавьж, шалгалт авсан учир энэхүү шалгалтын үр дүнг хүчингүй болгох ач холбогдолтой байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь итгэмжлэлээр орсон атлаа сүүлд нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр шүүх хуралд оролцсон нь итгэмжлэлийн эрх, үүрэг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний эрх, үүргийг алийг нь сонгож оролцож байгаа нь тодорхой бус байдлаар шүүх хуралдаанд оролцуулсан. Нэхэмжлэгч ажилд томилохыг даалгасан шаардлага гаргасан байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар энэ хүнийг ажлаас үндэслэлгүйгээр татгалзсан албан ёсны шийдвэр гараагүй байхад түүнийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг даалгах анхан шатны шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Намайг ажилд авахдаа чи төрсөн хүний оронд ажиллаж байгаа, энэ албан тушаал түр гэж хэлээгүй. Түр ажлын байр биш учраас би өмнө ажиллаж байсан ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгч, ажлаа хүлээлгэн өгөөд Улаанбаатар хотоос шилжин ирж, тавьсан шаардлага журмын дагуу ажилд орсон. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээс гадна Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаар албан бичгээр Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлын байранд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн боловч хариуцагч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 31 тоот албан бичгээр томилохоос татгалзсан байна.

Хариуцагч нь Б.Дыг албан тушаалд томилоогүй шалтгаанаа Б.Д 1 сартай нярай хүүхэдтэй, тус албаны ажлын ачаалал их, хөдөө, орон нутгаар явах ажил их байдаг гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн дээрх тайлбар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна гэж заасныг зөрчжээ.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Б.Дыг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж, өрсөлдсөн албан тушаалд нь томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 57 дугаар албан бичгээр Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн ажлын байранд томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн тухай мэдэгдсэн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасантай нийцэж байх ба ийнхүү нэр дэвшүүлсэн иргэнийг зохих албан тушаалд томилсон шийдвэр гаргах нь хариуцагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.

Гэтэл хариуцагч Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь дээр дурдсан хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан байх ба энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байх тул шүүх нэхэмжлэгч Б.Дыг Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ээр дотоод аудиторын ажлын байрны шалгуур өөрчлөгдсөн нь уг цаг хугацаанаас өмнө Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тухайн ажлын байранд тавигдах шаардлагаа тодорхойлон захиалга өгсний дагуу 2015 оны 03 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн нэхэмжлэгч Б.Дын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хуульд заасан эрхийг үгүйсгэх үндэслэл болж чадахгүйг дурьдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хууль буруу хэрэглэсэн алдаа гаргаагүй байх тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН