| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0141/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/32 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч С.Дашбат,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, Ч.Мягмаржав,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 1907000200150 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 3-15 насны 4 хүүхдийн хамтаар ******* тоотод оршин суух, урьд Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ын *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Н.******* 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 01 дүгээр сарын 08- нд шилжих шөнө 00 цагийн орчимд тоотод байрлах гэртээ эхнэр болох Э.ыг харааж доромжилсон гэх шалтгаанаар З.тай маргалдан улмаар гараараа хоолойг нь боож хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдалд оруулан тархийг нь эрс хавагнуулж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тэр орой манай эхнэрийг харааж зүхээд байсан. Би хүзүү рүү нь түлхээд унагасан байсан. Миний буруутай үйлдэл” гэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З. нь шүүхийн хэлэлцүүлэгт:
“Талийгаач нь манай дүү байгаа юм аа. Айлын ганц хүү доороо 2 эмэгтэй дүүтэй. 1998 онд гэр бүлээсээ салаад архины хамааралтай болсон. *******ийнд идэж уугаад явж байдаг байсан гэж сураг дуулдаад байдаг байсан. Гэтэл ийм асуудалд орчихож. ******* нь 4 нялх хүүхэдтэй. Энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Н.******* нь гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цээж рүү нь түлхэнэ гэж бодож байсан боловч хоолой нь таараад бага зэргийн хүчтэй түлхээд унагаасан. Мөн хоолойгоор нь удаан хугацаагаар боосон зүйл гаргаагүй. Харин хоолойных нь урд талаас л гарынхаа алгаар хойш нь нэг удаа түлхээд унагаасан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-34 дүгээр хуудас/
Шүүгдэгч Н.******* нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ах босоод суугаад манай эхнэрийг элдэв муухайгаар харааж янхан банзлаар дуудсан. Тэгснээ манай эхнэрийг янхан банзлыг мэднэ гээд босоод ирэхээр нь та хэзээ манай эхнэрийг янхан банзал байсныг мэддэг юм бэ гээд би бас босоод түүний хоолойны урдаас баруун гараараа цааш нь түлхэхэд талийгаач арагшаа саваад унасан. Тэгээд хэсэг чимээгүй болоод хэвтэхээр нь тасраад унтаад өгч байгаа юм байх гэж бодоод хэсэг хараад байсан чинь ёолоод сонин сонин дуугараад байхаар нь дэргэд нь очоод харахад амнаас нь ягаан өнгийн цэр гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 107 дугаар хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн дүү З.д тодорхой оршин суух хаяг байхгүй, гадуур тэнэж явдаг бөгөөд заримдаа хүрч ирээд хоол унд идээд ганц нэг мянган төгрөг аваад явдаг байсан. Сүүлийн үед бол их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр айлд архи ууж байхдаа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр ******* "Би ахдаа ганц юм авч өгнө" гэж хэлээд ганцаараа манай гэрийн хойно байдаг дэлгүүр лүү явсан юм. Тэгээд ойролцоогоор 10 орчим минутын дараа манай нөхөр ******* 1 шил 0.75 литрийн "Стандарт" нэртэй архи, 1 килограмм гаран задгай уутгүй бууз авч ирсэн. Тэгээд ах манай нөхөр ******* нар хамтдаа авч ирсэн 1 шил архиа хувааж уусан бөгөөд би авч ирсэн буузыг нь жигнэж өгөөд бид нар идсэн юм. Тэгээд манай нөхөр *******, ахын хамтаар архи хувааж уугаад хамтдаа уурхайд ажилладаг байсан үеэ дурсан яриад нэлээн удаа суусан юм. Тэгээд архи уугаад дуусах үед *******, ах хоёр нэлээн муудчихсан байсан юм. Гэтэл гэнэтхэн ах надад хандаж "Би чамайг янхан байсныг чинь мэднэ шдээ" гэж хэлсэн чинь манай нөхөр ******* нь босч ирээд д хандаж "Манай эхнэрийг хаана янхан байсныг нь харсан юм бэ" гэж хэлээд ингэсэн чинь /гараараа нүүрнийхээ хацар хэсэгт цохиж үзүүлэв./ ах хойшоогоо савж унаад манай гэрийн голд байдаг баганыг мөргөөд /баруун шанаа хэсгийг дарж үзүүлэв/ хойшоо шалан дээр унасан юм. Тэгээд ахын амнаас сонин өнгөтэй /яг ямар өнгөтэй гэдгийг нь сайн мэдэхгүй байна/ өтгөн зүйл гарсан юм. Энэ үед мөн ахын чихнээс цус гараад байсан юм. Тэгэхээр нь би айгаад өөрийнхөө 80706757 дугаарын гар утсаар Налайх дүүргийн эмнэлгийн түргэн тусламж руу залгаж "Түргэн" дуудсан юм....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 26-27 дугаар хуудас/
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ажиллаж байхад 2019 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр яаралтай түргэн тусламжийн тасагт гэх өвчтөн хүргэгдэн ирж эмч хүлээн аваад эмчилж байгаад тэр өдрийн 11 цаг 40 минутанд манай тасагт шилжүүлснийг миний бие цаашид эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээр болж өвчний түүхийг нь нээгээд эмчилгээг эхлүүлсэн. Тэр хүнд анхны үзлэг хийхэд ухаангүй, дээд даралт 190, доод даралт 107 буюу даралт өндөртэй, судасны цохилт 101, зүрх судасны үйлчилгээ тогтвортой, амьсгал хэвийн туслах булчингууд оролцохгүй, цээжний хоёр талд амьсгал хэвийн жигд оролцон, цулцангийн ширүүн амьсгалтай, хоол боловсруулах эрхтний талаас арьс салст цэвэр, өнгө хэвийн хэвлийн хэлбэр зөв, тэмтрэхэд булчингийн чангарал илрээгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэвийн байсан. Шээс гуурсаар гарсан, сэтгэцийн байдлын хувьд ухаангүй, хүзүүний чиг зүүсэн чигийг тайлахад хүзүүнд зурагдсан юм шиг хөндлөн зураастай биеийн байдал маш хүнд байсан. Үзлэгээр шалтгаан тодорхой бус ком, артерын даралт ихсэлт хоёрдугаар зэрэг гэсэн онош тавиад эмчилгээг эхлүүлсэн. Артерын даралт буулгах, тархины цусан хангамж сайжруулах, хордлого тайлах, үрэвслийн эсрэг эмчилгээг хийлгэсэн. Тухайн хүний хүзүүнд зураастай байсан тул боолт орсон байж магадгүй гэдэг үндэслэлээр гэмтлийн эмч адрахын зөвлөгөөг авсан. адрах шалтгаан тодорхойгүй, комын байдалтай, архины хордлого уушигны хатгалгаа гэсэн онош тавиад цаашид компьютерын томографикт харуулах гэсэн зөвлөгөө өгсөн. Ингээд тэр өдөр жижүүрийн эмч хянаж хоноод 2019 оны 01 дүгээр сарын 09- ний өдөр нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэгийг тухайн хүнд хийсэн. Үзлэгээр мөн л шалтгаан тодорхой бус комын байдал, хоёр талын уушигны хатгалгаа, артерын даралт ихсэлт 2 дугаар зэрэг гэсэн онош тавиад цаашид компьютерын томографикт толгойг харах, цээжний зураг авах, сүрьеэгийн шинжилгээ болон бусад нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх гэсэн шийдвэр гарсан. Эмч нарын үзлэгээр амьсгалын аппараданд авсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 13-ний өдрүүдэд амьсгалын аппараданд байсан. 2019 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр хүртэл урдах эмчилгээ хийгдэж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр амьсгалын аппараднаас салгаад 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу зөөвөрлөж Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж компьютерын томографикт толгойг үзүүлж хариуг нь аваад улсын клиникийн төв эмнэлэг буюу 1 дүгээр эмнэлэгт авч очоод зөвлөх эмчид өвчтөнийн биеийн байдлыг үзүүлж компьютер томографикийн оношийг үзүүлэхэд өвтчөний тархи эргэж сэргэхгүй, тархи үхэжсэн байна гэсэн онош тавигдаж үндсэндээ жинхэнэ онош тавигдсан. Ингээд 1 дүгээр эмнэлгийн эмч тухайн хүнийг цаашид найдваргүй ямарч эмчилгээ хийгээд нэмэргүй та нар өөрсдөө өвчтөнөө авч яв гэхээр нь буцаагаад эмнэлэг дээрээ авчирсан. Ингээд эмчилгээ хийгдэж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө нас барсан....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг эрэгтэй нь хоймрын хэсэгт ухаангүй хажуу талаараа харсан, бөөлжсөн, хурхирсан байдалтайгаар буюу биеийн байдал нь нэлээн хүнд байдалтай байсан. Үзлэг хийхэд хоолой урдаасаа хойш чиглэсэн боосон байж магадгүй гэмээр нарийн ором гарч улайсан байсан. Миний бодлоор хувцсаар нь хоолойгоор нь боосон байж магадгүй гэж үзсэн. Өвчтөн тухайн үед футволк өмдтэй байсан” гэх мэдүүлэг, /ххийн 47 дугаар хуудас/
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өвчтөн З.ы хоолойд урдаас хойш чиглэсэн дарагдлын оромтой, цээжинд хөхрөлт үүссэн байсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 49 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 21 дүгээр: “1. 2. Талийгаач З.ы биед зүүн чихний дэлбэнд шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн суганы урд хэсэг, зүүн хөхний дотор хэсэг, баруун бугалганы урд дээд хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба мохоо хүчин зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач О /I/ бүлгийн цустай байна. 5. Талийгаач нь амьсгал бүтэлт буюу боолтын улмаас хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдлын улмаас тархи эрс хавагнаж нас баржээ. 6. Талийгаач нь эмнэлэгт эмчлэгдсэн тул согтолтыг тогтоогдохгүй ба химийн шинжилгээгээр согтолтгүй байна.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 53 дугаар хуудас/
Шинжээч эмч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн хүний бие махбодийн онцлог, боолтын хүч, архи уусан байдал, архаг хууч өвчин зэргээс шалтгаалаад хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдалд орно" гэсэн мэдүүлэг, /хх-ийн 65 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 435 дугаар: “1.Шинжээч эмч Ц.ийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргасан 21 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаачийн биед учирсан зүүн чихний дэлбэнгийн шарх, хамрын нуруунд зулгаралт, зүүн суга, зүүн хөхний дотор хэсэг, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй болно. 3. Талийгаач З. нь механик амьсгал бүтэлт буюу боолтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 71 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 701 дүгээр: “1. Талийгаач З. нь механик амьсгал бүтэлт буюу боолтын үед тархины цусны эргэлтийн саатлын улмаас тархины эмгэгшил үүссэн ба 2019.01.14- ний өдрийн Толгойн КТГ-н шинжилгээгээр тархины ховдол тойрсон гүний цагаан бодисын нягтрал жигд буурсан, баруун талын 2.8х1.5 см орчим газар +6/ +18HU бага нягтралтай өөрчлөлттэй, 2 талын дагзны дэлбэнд баруун талд 2.0х2.3см, зүүн талд 2.0х.1.3см энцефаломалатик өөрчлөлтүүд илэрнэ, хажуу ховилууд болон атираа хоорондын субарахнойд зайнууд тархмал жигд бус өргөссөн, хажуу ховдлууд болон 3, 4-р ховдлууд тархмал өргөссөн өөрчлөлт илэрсэн ба Толгойн КТГ шинжилгээ хийгдсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. 2. Талийгаачид Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч талийгаачийг зөв оношилж, зохих журмын дагуу эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байна. 3.4. Талийгаачийг зөв оношилж эмчилсэн ба амь насыг аврах боломжгүй байжээ.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 77 дугаар хуудас/
Шинжээч эмч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Талийгаачид үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.5 /тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэр нь/ дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 78 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-10 р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх н 11-13 р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шийтгэл эдэлж байсан лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.******* нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ноос 01 дүгээр сарын 08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан уулын 5 дугаар гудамжны 11 тоот гэртээ “эхнэр Э.ыг нь янхан банзал гэж доромжиллоо” гэх шалтгаанаар амь хохирогч З.тай маргалдан хоолойг боож алсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “миний буруутай үйлдэл” гэсэн мэдүүлэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр айлд архи ууж байхдаа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ах надад хандаж "Би чамайг янхан байсныг чинь мэднэ шдээ" гэж хэлсэн чинь манай нөхөр ******* нь босч ирээд д хандаж "Манай эхнэрийг хаана янхан байсныг нь харсан юм бэ" гэж хэлээд ингэсэн чинь /гараараа нүүрнийхээ хацар хэсэгт цохиж үзүүлэв./
ах хойшоогоо савж унаад манай гэрийн голд байдаг баганыг мөргөөд /баруун шанаа хэсгийг дарж үзүүлэв/ хойшоо шалан дээр унасан юм.....” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүзүүний чиг зүүсэн чигийг тайлахад хүзүүнд зурагдсан юм шиг хөндлөн зураастай биеийн байдал маш хүнд байсан. Тухайн хүний хүзүүнд зураастай байсан тул боолт орсон байж магадгүй гэдэг үндэслэлээр гэмтлийн эмч адрахын зөвлөгөөг авсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Үзлэг хийхэд хоолой урдаасаа хойш чиглэсэн боосон байж магадгүй гэмээр нарийн ором гарч улайсан байсан.” гэх мэдүүлэг,
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өвчтөн З.ы хоолойд урдаас хойш чиглэсэн дарагдлын оромтой, цээжинд хөхрөлт үүссэн байсан” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн хүний бие махбодийн онцлог, боолтын хүч, архи уусан байдал, архаг хууч өвчин зэргээс шалтгаалаад хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутагдалд орно" гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Талийгаачид үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.5 /тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэр нь/ дахь хэсэгт зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 21 дүгээр, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 435, 701 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Цээж рүү нь түлхэнэ гэж бодож байсан боловч хоолой нь таараад бага зэргийн хүчтэй түлхээд унагаасан. Харин хоолойных нь урд талаас л гарынхаа алгаар хойш нь нэг удаа түлхээд унагаасан. түүний хоолойны урдаас баруун гараараа цааш нь түлхэхэд талийгаач арагшаа саваад унасан...” гэсэн мэдүүлэг нь дээрх шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба хохирогч нь хоолойгоо боолгуулсны улмаас тархины цусан хангамжийн дутагдлын хүнд хэлбэрийн хохирол учирж нас барсан байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хэргийг шүүхэд шилжүүлсэн хүрээнд шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай авагдсан байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.*******т холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Н.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, учруулсан хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хаалттай дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулах саналтай байна”, шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт саналыг тус тус гаргасан байна.
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянан үзээд шүүгдэгч Н.******* нь хохирогч З.ы амь насыг өөрийн үйлдлээрээ хохироосон талаар хүлээн зөвшөөрсөн байх ба Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4,1.7 дахь хэсэгт заасан ”хохирогчийн зүй бус үйлдэл” гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, шүүгдэгч нь оршуулахтай холбоотой гарсан зардал 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.*******ийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цаг буюу 2 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “шүүгдэгчид ямар нэг гомдол санал, нэхэмжлэх хохирол байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 7 / долоон / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 7 /долоо/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******ийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 48 цагийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД Д.ЧИНЗОРИГ
П.БАЯСГАЛАН