Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2017/00364/И |
Дугаар | 212/МА2017/00120 |
Огноо | 2017-09-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 212/МА2017/00120
С-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 501 дүгээр шийдвэртэй, С-ийн нэхэмжлэлтэй, Б аймгийн Ц сумын ** дугаар Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.С, хариуцагчийн өмгөөлөгч Я.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 2684677 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлд: “Би Ц сумын ** дугаар хүүхдийн цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллах хөдөлмөрийн түр гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ба тус цэцэрлэгийн шинээр томилогдсон эрхлэгч энэхүү гэрээ үндэслэлгүй хэмээн үзэж 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн намайг ажлаас чөлөөлсөн юм. Энэхүү байдлаар маргаан үүсэж улмаар шүүхэд хандаж 2017 оны ** дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2017/00030 дугаар магадлалаар эцсийн шийдвэр гарч намайг урьд нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон билээ.
Иймд миний ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 11, 12 дугаар сар, 2017 оны 1, 2, ** дугаар сар, 4 дүгээр сараас 5 хоногийн, нийтдээ 5 сар 5 хоногийн цалин 2206342 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 213574 төгрөг, амралтын мөнгө 264761 төгрөг, нийт 2684667 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Б аймгийн Ц сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч М би Баян-Өлгий аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суудаг, С-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Ер нь С-ийн нь тус цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сараас эхлэн галчаар томилогдсон ба тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох хүртэл ажил эрхлээгүй байсан юм.
Ажил олгогч С-ийг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр ёсоор 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон юм. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан тухайн байгууллагад 11 сар биеэр ажилласан нөхцөлд ээлжийн амралтын асуудлыг ярих ёстой. Гэтэл нэхэмжлэгч С нь ажилд ороод 15 хоног хагас дутуу ажиллаад одоо ээлжийн амралтын нөхөн олговрыг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
С нь тус шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг төлүүлэх тухай асуудлыг хөндөөгүй байна. Манай байгууллагын нягтлан бодогч К-ийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасан тооцоогоор ажил олгогчоос С-ийн үндсэн цалинг тооцоо хийхэд байгууллагаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл, нэхэмжлэгчийн цалингаас суутгах ашиг орлогын татварыг хассан ба нэхэмжлэгч С-ийн гарт нь шууд хүлээн авах мөнгийг 1745742 төгрөг байхаар тодорхой дурдсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 501 дүгээр шийдвэрээр:
“1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгээс ажилгүй байсан хугацааны 2034040 төгрөгийг гаргуулан С-д олгож, илүү нэхэмжилсэн 650637 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Нийгмийн даатгалын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг баримтлан нийгмийн даатгалын шимтгэл болох 203404 төгрөгийг даатгуулагч С-ээс, 223744 төгрөгийг ажил олгогч Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгээс тус тус гаргуулан Нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхийг Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгт үүрэг болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгээс 47495 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-д олгосугай.” гэж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Б аймгийн Ц сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгийн эрхлэгч М би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дүгээр сарын 18-ны өдрийн 501 тоот шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх С-ийн нэхэмжлэлтэй Ц сумын Хүүхдийн ** дугаар цэцэрлэгт холбогдох цалин хөлстэй холбоотой маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч С нь 2016 оны 10 дугаар сард анх ажилд орсон ба 2017 оны 04 дүгээр сарын 15-ыг хүртэл ажилгүй байгаад 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр ёсоор тус цэцэрлэгийн сантехникчийн ажилд эгүүлэн томилогдсон. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 22063242 төгрөгийг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргасан. Ажил олгогч нь С-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 1745742 төгрөг олгох нь тус цэцэрлэгийн нягтлан бодогч К-ийн тооцоогоор нотлогдсон боловч анхан шатны шүүх С-ийн цалин хөлсөнд 460600 төгрөг илүү олгуулахаар шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.
Тус байгууллага улсын төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм. Давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч М, өмгөөлөгч Я.Сьезд нар заавал оролцох юм.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
С нь Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх 5 сар 5 хоногийн хугацааны олговорт 2206342 төгрөг, 5 сарын нийгмийн даатгалын шимтгэл 213574 төгрөг, ноогдох ээлжийн амралтын олговорт 264761 төгрөг нийт 2684677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1745742 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, харин нэхэмжлэгч С нь 2017 оны 10 дугаар сарын өөрийн гарт авсан цалингаа нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажил олгогчоос ажилгүй байсан нийт 5 сар 5 ажлын хоногийн олговорт 2034040 төгрөг гаргуулж, хуульд заасан журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг даатгуулагч болон ажил олгогчоос гаргуулан нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговор 650637 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, С нь Б аймгийн Ц сумын хүүхдийн ** дугаар цэцэрлэгт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр галчийн ажилд томилогдсон ба тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/19 дугаартай тушаалаар С-г галчийн ажлаас чөлөөлсөн, улмаар С нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоожээ. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг үндэслэн Ц сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар түүнийг галчийн ажилд томилсон байна.
Ажилтны нэг сарын хөдөлмөрийн хөлсний дунджийг 388317 төгрөгөөр тооцохдоо шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурласан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд түүний ажилгүй байсан хугацаа, ажилтны нэг сарын болон нэг ажлын өдөрт ноогдох дундаж цалин хөлс, ажилгүй байсан нийт хугацааны олговор зэргийг зөв тооцсон, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1.-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй тайлбарлаж хэрэглэжээ.
Хариуцагчийн “460600 төгрөгийг ажилтанд илүү олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, ажилтны ажилгүй байсан хугацаа, түүнд ногдох ажилгүй байсан хугацааны олговрыг анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв тооцож, хариуцагчаас ажилтан С-ийн 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх 5 сар 5 хоногийн хугацааны олговорт 2206342 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, түүний ээлжийн амралтын олговорт 264761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 501 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД Н.ТУЯА
С.ӨМИРБЕК