| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2018/0358/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 10
А.О-, Д.О- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2018/0358/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор А.Оргилбаяр
Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолтой, А-гийн О-, Д-ийн О- нарт холбогдох, 1818005490338 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч А.Ө-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
- Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт А-гийн О-.,
- Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Д-ийн О-.
- Шүүгдэгч А.О- нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, Үйлчилгээний төвийн “Сатурн” цэнгээний газрын хажууд иргэн А.Ө-ыг найз Д.О-тай маргалдан зодлоо хэмээн нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч Д.О- нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн “Сатурн” цэнгээний газрын хажууд иргэн Б.М-тай маргалдан улмаар хавсарч унаган цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын тохой, шуу, зүүн мөр, дал, чих орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Б- овогт А-гийн О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б- овогт Д-ийн О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч А.О-ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1., 2.д тус тус зааснаар шүүгдэгч А.О-од оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар Д.О-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.О-од мэдэгдэхээр,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О-ад мэдэгдэхээр,
- Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,
- Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч А.Ө- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-, Д.О- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч А.Ө-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нар давж заалдах гомдолдоо:
... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч А.О-ын үйлдлийн улмаас хохирогч А.Ө-ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь 2018.07.06-ны өдрийн 718 дугаартай шинжээчийн дүгнэлтээр А.Ө-ы биед доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал тогтоогдлоо” гэх дүгнэлтээр тогтоогдсон.
Уг гэмтлийг эмчлүүлэхийн тулд 2018.07.07-ны өдөр эрүүний хагалгаанд орж эрүүгээ хадуулсан. Уг мэс ажилбарыг хийх явцад А.Ө-ы шүднээс 3 арааг нь авсан /мэс ажилбарын үеийн гэрэл зургийг хэрэгт хавсаргасан байгаа/ учраас уг 3 шүд нөхөж хиймэл шүд буюу имплант шүд заавал суулгуулах шаардлагатай байна. Үүнтэй холбоотой баримтаа бүрдүүлэн өгч шүд суулгуулах зардал болох 7.500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх гэмтлийг эмчлэх явцад 35, 36, 37 дугаар шүдийг авсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэн нэхэмжпэлийг хангаагүйд гомдолтой байна.
Хохирогч нь имплант шүднүүдээ суулгуулах хүсэлтэй байгаа боловч санхүүгийн боломжгүйн улмаас хийлгэж чадахгүй байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна гэж үзэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2.т гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжпэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.,
Иргэний хуулийн 228.1.д ...Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.... Мөн хуулийн 228.4-т ...Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй... гэж заасан байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг бүрэн гүйцэт тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.
Иймд хохирогч А.Ө-ы эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотойгоор зайлшгүй зардал болох дээрх 7.500.000 төгрөгииг шүүгдэгч А.О-оос урьдчилан гаргуулж төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч А.Ө-ы өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ тайлбартаа:
Давж заалдах гомдлоо дэмжиж байна., хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх А.О-, Д.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч А.Ө- болон түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 39.9 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзлээ.
- Шүүгдэгч А.О- нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, Үйлчилгээний төвийн “Сатурн” цэнгээний газрын хажууд иргэн А.Ө-ыг найз Д.О-тай маргалдан зодлоо хэмээн нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
- Шүүгдэгч Д.О- нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн “Сатурн” цэнгээний газрын хажууд иргэн Б.М-тай маргалдан улмаар хавсарч унаган цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын тохой, шуу, зүүн мөр, дал, чих орчмын зөөлөн эдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн байна.
Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч нарын өөрсдийн болон хохирогч А.Ө-, Б.М-, гэрч Г.Оюунбаатар, Я.Дарханбат, Б.Баярсбаяр нарын мэдүүлэг, хохирогч нарт гэмтлийн зэрэг тогтоосон Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018-07-06-ны өдрийн 718 дугаар., 2018-07-06 ны өдрийн 719 дугаар дүгнэлт, “Дэнта фарм” ХХ-ийн “Саян дент” шүдний эмнэлгийн эмчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх дээрх нотлох баримтанд үндэслэн шүүгдэгч нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл хэмжээний ял оногдуулжээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Ө-д “... доод эрүүний зүүн хэсгийн битүү хугарал үүссэн.., энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.т заасны дагуу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэсэн дүгнэлт...” , / х.хийн 27-р хуудас / түүнчлэн энэ гэмтлийн улмаас хохирогч нь мэс ажилбарт орж үүний улмаас 3 шүд авхуулсан болох нь 2018-07-07 ны өдөр мэс засалд орж байх үед түүний 3 шүдийг нь авч байгаа эмчийн авсан фото зураг., энэ нь хохирогч А.Ө-ых мөн гэдгийг нотолсон баримт нь хавтаст хэргийн 137 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн ********** гэсэн регистрийн дугаартай рентгэн зургаар тогтоогдож байхад нотлох баримт биш гэж үзсэн нь буруу бөгөөд ямар үндэслэлээр нотлох баримт биш гэж үзэж байгаагаа, түүнчлэн хохирогч болон түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ, эх сурвалжаа тодорхойлоогүй байна.
Хохирогч нь шүүгдэгч А.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас гэмтэл авч доод эрүүнд зүүн хэсгийн битүү хугарал үүсч мэс ажилбар хийлгэсэн үүний улмаас 3 шүд авхуулсан., энэ 3 шүдийг хийлгэхэд нэг шүдний үнэ 2.500.000 төгрөг бөгөөд нийт 7.500.000 төгрөгийн зардал гарах болох нь албан байгууллын байршил, үйл ажиллагаа, холбогдох утас, эмнэлгийн логотой, албан ёсны тамга тэмдэгтэй, мөн эмчлэгч эмчийн тэмдэгтэй, “ Дента фарм” ХХК ийн “Саянт дент “ шүдний эмнэлгийн тодорхойлолтоор/ хх.ийн 135., 137., 133.,134-р хуудас/ нотлогдож байгаа учраас энэ баримтыг үндэслэн хохирогч А.Ө- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар “ ...бусдын эрүүл мэндэд хууль бусаар, санаатай гэм хор учруулсан этгээд хохирогчид гэм хор учирсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг...” хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч нь энэ зардлыг шаардлагатай бол урьдчилан төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2.т зааснаар нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд дээрх баримтыг үндэслэн шүүгдэгч А.О-оос хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх зайлшгүй зардал болох мэс ажилбараар хиймэл эрхтэн буюу 3 ширхэг хиймэл шүдний имплант суулгах зардал 7.500.000 төгрөгийг гаргаж хохирогч А.Ө-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргээс үзвэл хохирогч нь мэс ажилбар хийлгэсэн, эрүүгээ хадуулсан одоо эрүүндээ төмөр суулгацтай байгаа нь тухайн үед болсон үйл баримт болон хэрэгт авагдсан мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, “ Саянт дент “ эмлэгийн эмчийн үзлэг хийсэн тодорхойлолтоор тогтоогдож байгаа хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн өвчний түүхийг хэрэгт аваагүй, эрүүнд мэс ажилбар хийсэн эмчээс тодорхойлолт аваагүй байгааг цаашид анхаарах шаардлагатай байна.
Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дүгээр заалтанд шүүгдэгч Д.О-ад оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заахдаа ямар хэмжээгээр, хэдий хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг тодорхой зааж өгөөгүй нь буруу байна.
Иймд хохирогч А.Ө-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын гаргасан ...анхан шатны шүүх шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх, зайлшгүй зардлыг урьдчилан төлөх үүрэгтэй болохыг хуульд тусгайлан заасан байхад нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон тул нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4., 8 дугаар заалтыг:
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар Д.О-ад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай гэж.,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 228 дугаар зүйлийн 228.1., 228.4., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2.д зааснаар шүүгдэгч А.О-оос 7.500.000 төгрөг гаргаж хохирогч А.Ө-д олгож, шүүгдэгч Д.О- төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Б.М- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч А.Ө- нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай ... гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч А.Ө-, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА