Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 91

 

2016.08.18 Дугаар-91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         Хэргийн индекс: 156/2016/0063/Э 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         Л.Цэрэндулам,
Улсын яллагч              Я.Сансар,
Иргэдийн төлөөлөгч                    Б.Даваасүрэн    
Шүүгдэгчийн өмгөөлөгч         С.Нарангэрэл,
Шүүгдэгч                 С.Нэргүй нарыг оролцуулан

     Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нэргүйд холбогдох эрүүгийн 201623000123 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1969 оны 02 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймаг Хэрлэн сум 5 дугаар баг Механикжуулалтын 01-01 тоотод оршин суух, 1994 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, 1999 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Боржигон овгийн Сүхбаатарын Нэргүй /РД: ЙЮ69022110/ 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 
Шүүгдэгч С.Нэргүй нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг механикжуулалтын 01-01 тоот хашаанд байх авто засварын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн В.Наранхүүгийн нүүрэн тус газар аягаар шидэж биед нь хөнгөн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.


ТОДОРХОЙЛОХ НЬ: 
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Хохирогч В.Наранхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байхад болов уу цагаа сайн анзаараагүй. Болдсүх ахтай Мандах биллярдын газар хөзөр тоголсон. Болдсүх ах бид хоёр нэг том боргио, 0.75 гр алтан түрүү архийг нэг найзын хамт гурвуулаа уусан. Тэгээд Болдсүх ах дугуй засварын газар руу Хэрлэн сумын 5-р баг руу очсон. Араас нь би орсон. Орсон чинь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 3 оюутан байсан. Ороод би Болдсүх ах таныг хүрээд ир гэж байна гэж хэлэхэд одоохон ахын дүү ийшээ сууж бай гэж хэлсэн. Тэгээд би суух гэтэл суух газар байхгүй цэнхэр усны сав ойролцоо байсан. Тэр гурав усны савны ойролцоо зогсож байсан. Та гурав усны ийшээ холдчих гэж хэлсэн. Тэгээд би цэнхэр өнгийн усны саван дээр суугаад байж байтал нэг танихгүй ах шаазан таваг шиг зүйлээр архи тойруулж байсан. Архи тойруулж байгаад ороод суусан чинь надад өгсөн. Би архинаас уугаагүй уруулаа хүргээд өгсөн. Тэгээд байж байтал дугуй засварын эзэн гэх танихгүй хүн барьж байсан таваг шигээ аягаараа миний нүүрэн тус газар нэг удаа шидсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
 
Гэрч О.Болдсүх мөрдөн байцаалтанд өгсөн:...тэр үед Наранхүү дадлагын 3 хүүхдэд томроод ийшээ номхон зогс гээд байсан. Энэ үед С.Нэргүй ах уурлаад В.Наранхүүтэй маргалдаж чи муу юундаа хүүхдүүдэд томроод байгаа юм бэ гэхэд Наранхүү таньд хамаагүй гэсэн янзтай үг хэлсэн. Тэгсэн чинь Нэргүй ах барьж байсан аягаа Наранхүү рүү шидсэн... Дотор ийшээ загсаад зогс гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/
Хохирогч В.Наранхүү, гэрч О.Болдсүх нарын нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 26-27 тал/, 
Гэрч Г.Отгонгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгээд авчирсан архинаас надад нэг хийж өгснийг уучихаад засварын газарт машин ирсэн гэхээр засвар луугаа явахаар гарсан. Тэгээд ирсэн машиныг хүлээж авчихаад эргээд иртэл Наранхүүгийн нүүр нь бөөн цус болчихсон байсан. 3 оюутан намайг гарснаас хойш ирсэн байх ....гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 тал/
Насанд хүрээгүй гэрч Н.Нууц-эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр найз Талынбүүвэй, Сэргэлэнбат нарын хамт Нэргүй багшийн засварын газрын хашаанд машин засаж байсан юм. Тэгээд засвараа дуусгаад амралтын өрөө рүү ажлаа дууссан гээд хэлэх гээд ортол амралтын өрөөнд Нэргүй багш, Нэргүй багшийн найз гээд нэг ах, мөн замын урд талын засварын газрын 2 ах болон зүс таних залуугийн хамт байсан. Тэгээд бид гурвыг яваад ортол зүс танидаг залуу үүдэнд цаашаа хараад сууж байсан. Тэгээд бид гурвыг хараад баруун гараараа өрөөний хойд хэсэг рүү заагаад “Ийшээ зогс” гэж хэлсэн. Тэгэхээр нь Талынбүүвэй, Сэргэлэнбат бид гурав тэр залуугийн үгийг тоогоогүй юм. Тэгээд би Нэргүй багш руу очих гээд тэр залуугийн хажуугаар гарах гэтэл зүүн гарынхаа тохойгоор миний зүүн гар руу нудраад “ийшээ зогс” гэж надад хэлсэн. Би үгийг нь тоогоогүй. Тэгээд Нэргүй багшийн найз Талынбүүвэйгийн утсаар ярина гээд цуг гараад явсан. Тэгээд ердөө араас нь Сэргэлэнбат бид “ гарсан... тэр зүс таних залуу гадаа машинд дарамталж зодож цохисон зүйл байгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
Шүүх эмнэлгийн 37 тоот дүгнэлт:
 В.Наранхүүгийн биед баруун хацар орчмын хөндлөн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо
 Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэнлийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 48 тал/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62хуу/ зэргийг шинжлэн судлав. 
Шүүгдэгч С.Нэргүйгийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг механикжуулалтын 01-01 тоот хашаанд байх авто засварын газарт В.Наранхүүгийн нүүрэн тус газар аягаар шидэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйлчлэлээр ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэргийн сэдэлт нь танхайн сэдэлтгүй, хохирогч В.Наранхүүгийн бусдыг өдөөн хоргоосон зүй бус үйлдлийн улмаас түүнлүү аяга шидэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь танхайрсан гэх үндэслэлгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин шүүгдэгч нь гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас В.Наранхүүгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 
Шүүгдэгч нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
           ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Нэргүйг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нэргүйг 03 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аяганы хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 
5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Нэргүйд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 


                                        ДАРГАЛАГЧ                       Ц.МӨНХТУЛГА

                                      ШҮҮГЧИД                               Д.ГАНЗОРИГ

     С.НАСАНБУЯН