Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/532

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч

О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Х.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1905023350677 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 5-нд Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 55 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт ..... дүүргийн ....... дугаар хороо, ......... тоотод оршин суух, ялгүй, ......... дугаарын регистртэй, С овогт Хын А

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Х.А 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ........... тоотод хохирогч О.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Сийн нагац ах нь юм. Түүнийг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Яагаад ийм зүйл болох болов гэхлээр С хааяадаа архи уух, ээжийгээ буюу миний төрсөн эгчийг элдэвээр хэлж, янз бүр болох гэх мэт зүйл ажиглагдаад байсан. Тэгээд л тэр орой миний уур хүрээд Сийг цохьсон. Цохихдоо тэгтэл сүртэй зүйл болоогүй. Үндсэндээ би төрсөн эгчийгээ өмөөрөөд охинд нь хэдэн үг хэлсэн юм.

Миний хувьд Цагдаагийн дээд сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. Гэвч би мэргэжлээрээ бараг ажиллаагүй. БНСУ-д олон жил ажиллаж байгаад ирсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Октябрийн С "... 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим би гал тогооныхоо өрөөнд ээж Дарьжав, нагац ах Аын хамт юм идээд сууж байсан. Ээж Дарьжав төмс шарагч салгаж чадахгүй намайг салгаж өгөөч гэж хэлэхээр нь би наадах чинь эвдэрсэн гэж хэлээд төмс шарагчийг салган крант руу шидсэн. Тэгтэл нагац ах А сандлаасаа босож ирээд чи ээжийнхээ өөдөөс том дуугарлаа гэх шалтгаанаар миний хоолой хэсгийг 2 гараараа боож дээш гэдийлэн нуруу хэсгээр крант руу дарсан. Энэ үед ээж А ахыг салгасан. Би арай хийж өндийж Аын цээж, гарын шуу хэсгийг маажсан. Дахин миний зүүн хөл хэсгээс татсан чинь би газар дээш харан унасан. Энэ үедээ толгойгоороо гал тогооны өрөөний тавилга мөргөсөн. Энэ үед ээж Дарьжав дундуур орж, намайг цаашаа бай, чи алуулна гэж хэлсэн. Үүний дагуу би жижиг өрөөндөө орж цагдаа дуудсан. Намайг ээжтэйгээ муухай харьцлаа гэх шалтгаанаар зодсон. Ээж бид хоёр энгийн яриа өрнүүлж байсан.

А нь миний төрсөн ээж Дарьжавын төрсөн дүү байгаа юм. Миний нагац ах гэсэн үг. Бид хоёрын дунд өс хонзон өр авлага байхгүй” /хх-н 15-17/ гэж,

гэрч Хын Дарьжав "... 2019 оны 5 дугаар сарын 12-13 шилжих шөнө 00-01 цагийн орчим би гэртээ, 3-10 насны 4 зээгийн, дүү А, охин С нарын хамт байсан. Тухайн үед би дүү Аынхаа хамт гал тогооны өрөөнд төмс шарагчны тосыг суллах санаатай байсан боловч болохгүй болохоор нь охин Сийг дуудан төмс шарагчны сетикийг аваад өгөөч гэж хэлсэн чинь охин С наадах чинь эвдэрсэн, авч болохгүй гэж хэлэхээр нь би яаж тостой нь байлгадаг юм бэ гэж хэлсэн чинь охин С жаахан уурлан гэр бүлийн маргаан гарсан чинь А сандалаасаа шууд босож ирэн чи ээжтэйгээ муухай харьцлаа гэж хэлэн Сийн хоолой хэсгээс 2 гараараа багалзуурдан гал тогооны крант руу дээш нь гэдийлгэн дарсан. Би дундуур нь орж салгасан чинь С босож ирэн Аын цээж, гар хэсгийг цохьсон. Тэгтэл дахин Сийг заамдан авч хөлнөөс нь татаж газар дээш харуулан унагасан. Газар унасан хойно нь А дахин Сийн хоолой хэсгээс багалзуурдсан. Би дундуур нь орж салгаад Сийг өрөөнөөс гаргасан. Удалгүй цагдаа нар ирээд авч явсан.

Ээжтэйгээ муухай харьцсан гэсэн шалтгаанаар Сийг Акжаргал зодсон. Харин нь урьд өмнө С А нарын хооронд маргаан зодоон болж байгаагүй. А нь эхнэртэйгээ таарамж муутай гэх шалтгаанаар хэсэг хугацаа болоод л манай гэрт 4-5 хонож байгаад явсан. Хэрэг гарахаас 4-5 хоногийн өмнө А нь эхнэртэйгээ маргалдсан гэх шалтгаанаар манай гэрт ирсэн хонож байсан.

С нь миний бага охин байгаа юм. 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж 1995 онд Нийслэлийн 28 дугаар сургуульд элсэн орж 2005 онд 10 жилээ төгсөн бүрэн дунд боловсролыг эзэмшиж, төгссөн жилээ МУТИС-ийн сургуульд элсэн орон суралцаж байгаад 3 дугаар дамжаанаасаа хүүхэд гаргасан гэх шалтгаанаар гарсан. Түүнээс хойш сургуулиа төгсөж чадаагүй. Оныг нь санахгүй байна Болдсүрэн гэх залуутай гэрлэн 3-10 насны 4 хүүхэд гаргасан. 2017 онд нөхөр Болдсүрэн нь нас барсан. Түүнээс хойш манай гэрт 4-н хүүхдийнхээ хамт амьдардаг болсон. С нь төлөв даруу ааштай, хүн байгаа юм. Нөхөр Болдсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг байсан учраас охин С жаахан архи уудаг болсон. Харин сүүлийн 6 сарын хугацаанд үсчин мэргэжилээрээ ажилд орсноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ больсон.

Харин манай дүү А нь 1964 оны 10 дугаар сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн. 12 хүүхэдтэй айлын дундах хүү нь байгаа юм. Бага насандаа эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. Бага насандаа Нийслэлийн 13 дугаар сургуулийн 10 дугаар ангийг сайн төгссөн. Үргэлжлүүлэн гал хамгаалагчийн ажил хийж байгаад гарсан. Яг оныг нь санахгүй байна. Солонгос улсад олон жил ажилласан. А нь түргэн уур омогтой. Харин архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэггүй” /хх-н 22-24/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “...О.Сийн биед хүзүү, зүүн эгэмд цус хуралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, язралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нуруунд цус хуралт, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн 5746 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 26/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х.Аыг "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Ад ял оногдуулахдаа "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Х.А бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч О.С "... миний бие нь 5 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Х.Ад зодуулсан, үүнийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үҮ’ гэсэн хүсэлт гаргажээ. /хх-н 48, 52/

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.А цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Х.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. С овогт Хын Аыг "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Х.А торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
     
  4. Х.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Ад урьд авсан "хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

О.ЖАНЧИВНЯМБУУ

ДАРГАЛАГЧ,