Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/301

 

2018.03.01

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг, 

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ч.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тайж овогт Чагнаагийн Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0016 10188 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Тайж овогт Чагнаагийн Ч.Б, 1979 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хархорин зах дээр гутал  засвар ажиллуудаг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо ********** тоотод оршин суух хаягтай,

-урьд 2000 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 240 дугаар тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, РД:/***************/,

Шүүгдэгч Ч.Б нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 3а хэсэг Улиастайн 3029б тоотод 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Ариунтуяаг архи ууж гадуур тэнэлээ хэмээн зодож  биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй, улсын яллагчаас сонсгосон 450 нэгжийн торгуулын ялыг 6 сарын хугацаанд төлөх боломжтой” гэв.

Хохирогч Б.Ариунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 19-нд ажлаа тараад найз нартайгаа пиво уугаад гадуур явж байгаад 22 цагийн үед гэртээ орж ирэхэд хардаж, хэрэлдэж муудалцаад толгой руу цохьсон. 2 гар руу цохиж зодсон...” гэх мэдүүлэг. /хх-12/,

Яллагдагч Ч.Б мэдүүлэхдээ: “...Эхнэр ажлын газрын хүмүүстэйгээ архи уугаад согтуу машинаас бууж ирсэн. 2 хоног уулаа та нар болоо юм бишүү гэж хэлээд ор гэхэд одоо орлоо гэхээр нь уур хүрээд эхнэрээ баруун хацар руу нь 2 удаа алгадаад хэрэлдээд сууж байтал дүү Обоо орж ирээд эгчийгээ аваад явсан...” гэх мэдүүлэг. /хх-10/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №476 тоот дүгнэлтэд: 

  1. Б.Ариунтуяагийн биед зүүн хөмсөг, баруун хацар, баруун гарын 4, 5-р хурууны зулгаралт, баруун нүдний доод зовхи, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун булганы цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо
  2. Баруун бугалганы цус хуралт нь хуучивтар, бусад гэмтлүүд нь шинэ буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-16/,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 3а хэсэг Улиастайн 3029б тоотод 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Ариунтуяаг архи ууж гадуур тэнэлээ хэмээн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Ариунтуяа нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тайж овогт Чагнаагийн Ч.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Бг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Бд хувийн баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР